Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 62

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Цогбадрахад холбогдох эрүүгийн 1704000090004 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Д.Одгэрэл

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 Г.Цогбадрах нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Гансүхийн Цогбадрах /РД:УВ89041111/

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.Цогбадрах нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Мандал” хүнсний дэлгүүрийн гадна эр эмийн хардалтын улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Маралын толгой, нуруу хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Цогбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2017 оны 7 сарын 1-ний өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг Мандал хүнсний дэлгүүрийн орчим өмнө нь үерхэж байсан найз охин болох Маралтай маргалдах явцдаа түүний гараас нь татаж газар унагааж, ганц хоёр удаа алгадсан. Марал нь Зоригоо гэх залуутай Мөнгөнморьтод явж байсныг нь сонсоод бид хоорондоо маргалдсан. Би Маралаас уучлалт гуйж эвлэрсэн бөгөөд түүнд эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Цогбадрах намайг чимээгүй бай гээд дух хэсэгт гараараа цохиход нь би газар унасан. Газар унасан толгой дээрээс дахин 2-3 удаа цохьсон. Мөн намайг гудамжаар чирсэн” гэх мэдүүлэг /хх-н 34/,

Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Манай хүү Цогбадрах нь найз охинтой болсон гээд нэг охин дагуулаад ирсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 3-ны өдрийн №09шэ/175 дугаартай дүгнэлтэд: ”Н.Маралын биед тархины доргилт, баруун гарын хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 17/,

Насанд хүрээгүй хохирогч Н.Марал нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг хүлээн авсан талаарх баримт  /хх-н 10/,

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Өлзийбүрэн нарын “хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй” талаарх хүсэлт /хх-н 37/

Г.Цогбадрах нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/175 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

     Шүүгдэгч Г.Цогбадрах нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал” хүнсний дэлгүүрийн гадна урд нь үерхэж байсан найз охин болох насанд хүрээгүй Н.Маралыг бусадтай хардасны улмаас түүнийг алгадах, газар унагаан гараас нь татаж чирэх зэргээр зодсоны улмаас биед нь тархины доргилт, баруун гарын хуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Маралыг алгадаж, гараас нь татаж чирсэн” гэсэн мэдүүлэг болон хохирогч Н.Маралын “...Цогбадрах миний дух руу гараараа цохиж, гудамжаар чирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 34/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 7 сарын 3-ны өдрийн 09 шэ/175 тоот актын “Н.Маралын биед тархины доргилт, баруун гарын хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогч Н.Маралыг бусадтай хардаж, тэдний хооронд хэрүүл маргаан үүсчээ. Шүүгдэгчийн цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Г.Цогбадрах нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандаж, улмаар хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

      Иймд Г.Цогбадрахыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг эр эмийн хардалтаас үүссэн гэж үзлээ.

Прокуророос яллагдагч Г.Цогбадрахыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх санал гаргасныг яллагдагч зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Мөн Г.Цогбадрах гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардал 200.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 10, 37/

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Цогбадрахыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Гансүхийн Цогбадрахыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Гансүхийн Цогбадрахыг 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 10 дүгээр сарын 20-ны дотор биелүүлэхийг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Г.Цогбадрахад мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цогбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Г.Цогбадрахад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

           ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА