Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0059

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би “М” ХХК болон “Г” ХХК-аас, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” А/205 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчилсөн тайлбартаа:

 

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” А/205 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас даргаас  2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/671 дүгээр “Утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг ирүүлсэн ба уг захирамжийн 3 дах заалтаар маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн  А/205 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн  байна гэж үзлээ. 

            Мөн нэхэмжлэгчээс “Хариуцагч нь М” ХХК, “Г ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актыг хүчингүй болгосон  байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үндэслэлээр  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

            Дээрх байдлаар хариуцагч аймгийн Засаг дарга  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “М” ХХК болон “Г” ХХК-ийн “Баян-Өлгий  аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” А/205 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч   хүлээн зөвшөөрснийг баталж, М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдсэн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

                                            ШҮҮГЧ                                         С.ЕРКЕШ