| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2107000000231 |
| Дугаар | 2022/ДШМ/80 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/80
Б.Сад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
хохирогч Э.Б,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан;
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сад холбогдох 2107000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Бийн С, 2000 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа баар ажиллуулдаг гэх, ам бүл 5, хадам эцэг, эх, эгч, хүүхдийн хамт - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Болор" амралтын газрын орчимд байрлах гэр амралтад Э.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараар болон унь модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 181 бүхий шийтгэх тогтоолтой танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан болох талаар шүүхээс шүүгчийн туслах огтоос мэдэгдээгүй. Шүүх хуралдаан дээр миний бие хохирлын баримт гаргуулах хүсэлттэй байсан бөгөөд өөрийн эрүүл мэндийн эмчилгээний төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжлэн авах хүсэлтэй байсан. Шүүгчийн туслахын зүгээс миний холбоо барих 86116384 бүхий дугаарт албаны болон хувийн дугаараас залгаж шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй. Зөвхөн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа надгүйгээр хийсэн шүүх хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолоо гардуулах зорилготойгоор залгасан. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн, 12.1-3-д "шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх", 12.1-6-д "Өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудан ирүүлнэ." буюу хохирогчид хурлын тов мэдэгдэх, түүнтэй холбоотойгоор мэдэгдэх хуудсыг гэрийн хаягаар хүргүүлэх ажиллагааг шүүхээс хийгээгүй учраас хохирогчийн шүүх хуралдаанд оролцох саналаа гаргах эрх, өөрийн хохиролтой холбоотой тайлбар мэдүүлэг өгөх эрх, хохирол, хор уршгийг арилгуулахаар төлбөрийн баримт гаргаж нэхэмжлэл гаргах эрхийг хаасан, ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс хохирлыг минь барагдуулчих юм бол гомдол санал байхгүй талаараа илэрхийлж байсан. Угтаан бол шүүгдэгч надад хохиролд гээд нэг төгрөг ч өгөөгүй атал шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний хувьд нийт 13 удаагийн оёдол хийлгэсэн бөгөөд одоог хүртэл оёдол хийлгэсэн шарх маань бүрэн эдгээгүй буюу дөнгөж шарх нь аньж эхэлж байхад надад учирсан хохирлыг бүрэн төлөөд дуусгасан мэтээр шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Нөгөөтэйгүүр 13 оёдол тавигдсан гэмтэл яагаад хөнгөн гэмтэл болсон талаар огтоос ойлгохгүй байна. Түүнийг нь хяналтын прокурор шалгах, тогтоох үндсэн үүргээ ч гүйцэтгээгүй гэж бодож байна. Чухамдаа миний хувьд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл хомс болохоор зарим хүсэлтийг гаргаагүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мөрдөгч, хяналтын прокурорын зүгээс хохирогчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, сэргээн эдлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөрчигдсөн эрхийг үнэн зөв тогтоох үүрэгтэй албан тушаалтнууд анхнаасаа миний хохирсон хэрэгт сэтгэлгүй, хууль журмынхаа дагуу ажиллаагүй гэж үзэж байна. Өнөөдрийн надад учирсан толгой тус газарт учирсан гэмтэл маань урт хугацааны дараа эдгэж байгаагаас үзвэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын "2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу тур хугацаагаар сарниулсан;" заасан заалтаас үзвэл миний гэмтэл эдгэсэн хугацааг тооцоолоод үзэхэд яагаад ч гэмтлийн хөнгөн зэрэг биш байгаа гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний тархи хөндүүр, хаяа толгойгоор өвддөг болсон зэргээс надад учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зөв гарсан эсэхэд эргэлзэж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотойгоор нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг тусгаагүй нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндөж, эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасан эрхийг эдлэх боломжтой эсэхийг огтоос дүгнээгүй зэргээс үзвэл хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хааж боож шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эцэст нь хэргийг шалгасан мөрдөгч, хяналтын прокурорын зүгээс хохирогчийн эрх ашгийг хөсөр хаяж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн эс үйлдэхүй, мөн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, надад холбогдох эрх үүрэгтэй талаарх мэдээллийг өгөөгүй эс үйлдэхүй, шүүх хуралдааныг хохирогчийг оролцуулахгүйгээр хийж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс миний утас руу хоёр удаа дуудлага хийсэн байдаг. Би тэр утсыг нь аваагүй. Намайг буцаагаад залгасан гэдэг. Гэхдээ би утсаар залгаагүй. Иймд давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. ...” гэж заасан. Хохирогч ирээгүй нөхцөл байдлыг энэ хуульд зааснаар харгалзан үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Мөн гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудлууд яригдсан. Гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор мөрдөгчөөс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн биед болон бусад шаардлагатай баримтад үзлэг хийсний үндсэн дээр 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэхүү баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байгаа гэсэн гомдлыг гаргасан байна. Хохирогчийн хохиролтой асуудлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан цаашид хохирол холбоотой нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:
Хохирогч Э.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдах ёстой.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэж эхлэхээр товложээ. /хх 60-61/
Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай “шүүх хуралдааныг “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 50 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болохыг ... мэдэгдэв. ...” гэсэн баримт /хх 63/ үйлдэж, хохирогч Э.Бд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж, үүнээс өөр хуралдааны товыг мэдэгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд энэ хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хянан хэлэлцэж болохоор байна.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэ нь дан ганц хэргээ шүүлгэж байгаа шүүгдэгчид олгогдсон эрх гэж үзэх болохгүй юм.
Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх нь хүн бүрт хуулиар тэгш олгогдсон боломж учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.
Иймд хохирогч Э.Бд шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул “...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй...” гэсэн агуулга бүхий түүний гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангаагүй талаарх зөрчил тогтоогдов.
Прокуророос Э.Батсүхийг 2021 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Болор" амралтын газрын орчимд байрлах гэр амралтад Э.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараар болон унь модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Б.С нь “...Миний бие бусдын биед халдаж хохирол учруулсан үйлдэлтэй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, иймд надад холбогдох хэргийг хялбаршлуулан шийдэж өгнө үү. ...” /хх 47/, хохирогч Э.Бгийн “...Миний бие ямар нэгэн гомдол саналгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие шүүх хуралд суух боломжгүй. ...” гэсэн хүсэлтүүд гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол /хх 48-49/ гаргасан байх ба уг тогтоолдоо “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргээр Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. ...” гэжээ.
Дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр бичсэн шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтүүд нь илтэд нэг хүний бичгийн хэвтэй бичигдсэн байхад прокуророос түүнийг хянаж үзэлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх тухай тогтоол гаргасан нь хэргийн талаар хохирогчийн зүгээс гомдол саналгүй болсон байна гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журмыг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана:” гэсний 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 1.2-т “...6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх;”, 2 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.”, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:” гэсний 4.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;”, 6 дахь хэсэгт “... энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж, мөн хуулийн Гучин гуравдугаар бүлэг /Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа/-ийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэсний 6.7-д “яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;” 7 дахь хэсэгт “...6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримтыг, хэрэв тийм баримтгүй бол хохирогчтой сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтийг хавсаргах шаардлагатай бөгөөд прокурор эдгээр нөхцөл, шаардлагууд хангагдсан эсэхийг хянасны эцэст яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэх учиртай.
Гэтэл прокурор мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Б.Сын авчирсан “хохирогч Э.Бгийн гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хохирогчоос асууж, тодруулалгүйгээр хангаж, хохирогчийн гомдол санал арилаагүй, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдал эргэлзээ төрүүлэхээр байхад уг асуудлыг хянаж үзэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай шалган, шийдвэрлэх ажиллагаа болохын хувьд нэг талаас хохирогч, яллагдагчтай эвлэрч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ялыг хөнгөрүүлэх, нөгөө талаас хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээхэд нэн чухал ач холбогдолтой.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үзвэл зохих асуудлын нэг нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байх явдал бөгөөд хэрэв хохирогч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үүнтэй санал зөрсөн эсхүл хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд прокурор хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх, шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хохирогч Э.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ уг хэргийн хохирогчийг оролцуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Сад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ