Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 215

 

Ж.Т-н нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргад 

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай,   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0920 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0194 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээд Л.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гуравдагч этгээд П.А нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч Ж.Т-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0920 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ж.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0194 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ж.Т-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ж.Т-н гомдлын агуулгад: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтод 400 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Миний бие уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох зуслангийн байшинг И.Ж-с 2005 онд шилжүүлж авсан бөгөөд байшингийн доорх газрыг хууль журмын дагуу авсан шударга эзэмшигч юм. Гэтэл шүүхээс И.Ж нь маргаан бүхий зуслангийн байшинг эзэмших, өмчлөх эрх үүссэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4. Учир нь анх маргаан бүхий газар дээр 1978 онд зуслангийн байр барих улсын циркийн даргын тушаал гарч жүжигчин И.Ж дээрх зуслангийн байшинд гарч амьдарч байснаас үзэхэд улсын цирк болон И.Ж нар нь маргаан бүхий газар дээр цаг хугацааны хувьд түрүүлж бодитоор эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримт, циркийн ахмад жүжигчдийн тодорхойлолтоор нотлогддог.

5. Түүнчлэн шүүхээс давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан гэсэн хугацааны хувьд: Гадаадад эмчилгээнд явсан, төрсөн дүүгийн охин болох Г.Г-д итгэмжлэл үйлдэж үлдээсэн зэрэг үйл ажиллагааг шалган үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Шүүхэд гомдол гаргах цаг хугацаа хоцорсон боловч Сүхбаатар дүүргийн газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж газар дээр нь үл хөдлөх хөрөнгө газрыг өмчилж өгч давхар гэрчилгээ гаргасанд гомдолтой байна.

6. Маргаан бүхий газрыг анх эзэмшиж байсан жүжигчин И.Ж нь одоо амьд сэрүүн амьдарч байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, уг маргааныг дахин шалгахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч Ж.Т нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Л.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь анх 2005 онд маргаан бүхий газрыг эзэмшихэд саад үүссэн, бусад этгээдээс уг газрыг эзэмших үйлдэл гаргаж байсныг мэдсэн атлаа тухайн цаг хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атлаа 12 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй, шүүхэд маргах эрх дуусгавар болсон, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

9. Нэхэмжлэгчийн “анх маргаан бүхий газар дээр 1978 онд зуслангийн байр барихаар Улсын циркийн даргын тушаал гарч, жүжигчин И.Ж дээрх зуслангийн байшинд гарч амьдарч байснаас үзэхэд улсын цирк болон И.Ж нар нь маргаан бүхий газар дээр цаг хугацааны хувьд түрүүлж бодитоор эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримт, циркийн ахмад жүжигчдийн тодорхойлолтоор тогтоогдсон” гэх гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн И.Ж-с “шилжүүлэн авсан” гэх байшин нь одоо уг газарт байхгүй, нэхэмжлэгч бодитоор эзэмшиж ашиглаагүй учраас үл хөдлөх хөрөнгө ашиглалтаас гарч, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө дагаж, түүний орчмын газар эзэмших эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж байсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа “циркийн ажилчид түрүүлж эзэмшсэн” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, маргаан бүхий газрыг эзэмших захирамж Циркийн ажилчдын нэрээр гараагүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

10. Гомдлын 5 болон 6 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, уг маргааныг дахин шалгахаар буцаалгах” тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа “гадаадад эмчилгээнд явсан, төрсөн дүүгийн охинд итгэмжлэл үлдээсэн” гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуулийн үндэслэл биш байна. Хэрэгт нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар авагдсан, уг баримтаас үзэхэд 2010-2012 оны хооронд хилээр гарсан, орсон тэмдэг дарагдсан байх бөгөөд энэ нь 2005-2010 он, 2012-2017 оны хооронд хугацааг хүндэтгэх шалтгаантай байсанд тооцох баримт биш, нөгөө талаар бусдад итгэмжлэл олгосон асуудал нь нэхэмжлэгчид хамааралтай, уг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагааны үр дагаврыг нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэйг дурдах нь зүйтэй. 

11. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0194 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ