Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00819

 

“Аюулгүй зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

С.Үлэмжийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 944 дүгээр магадлалтай,

“Аюулгүй зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн нэхэмжлэлтэй

“Төгс зам” ХХК-д холбогдох

Торгуульд 316 007 125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн төлөөлөгч Д.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх “Төгс зам” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 595/227-АU тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж бараагаа ОХУ-ын Евробитум компанид захиалан хүлээн авсны дараагаар “Төгс зам” ХХК нь тодорхойгүй шалтгаанаар худалдан авахаас татгалзсан. Иймд гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн болох 900 000 төгрөгийг хариуцагч “Төгс зам” ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргаснаа нэмэгдүүлээд уг гэрээний хавсралт №1-ээр 500 тонн битумыг 1 тонн 635 ам.доллароор худалдан авахаар тохирсон. Зохигчдын байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын Монгол Улс руу бүтээгдэхүүний ачилт хийгдэж байх явцад “Төгс зам” ХХК гэрээнээс татгалзсан. “Төгс зам” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор “Аюулгүй зам” ХХК нь тус хавсралтад заасан гэрээний үнийн 50 хувьтай тэнцэх 631 957 350 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гэрээнээс татгалзаж байгаагаа “Аюулгүй зам” ХХК-д удаа дараа мэдэгдсэн. “Аюулгүй зам” ХХК-ийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Аюулгүй зам” ХХК дөнгөж байгуулаад удаагүй байсан болохоор үйл ажиллагааг нь дэмжье гэж бодоод гэрээг байгуулахдаа эдгээр заалтуудыг өөрчилье гэсэн санал тавьсан ч хүлээж аваагүй. Гэрээний дагуу үүрэг үүсээгүй. Бид нэг кг ч битум худалдаж аваагүй. Манай компани нэг ч төгрөгийн битум аваагүй, ямар ч хохирол учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай компанийн эсэргүүцэж байсан заалтын дагуу мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01837 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Төгс зам” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Аюулгүй зам” ХХК-ийн “бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлөгдөөгүй үнийн дүн болох 316 007 125 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Аюулгүй зам” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 343 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 944 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/01837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан...” гэснийг “...232 дугаар зүйлийн 232.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Аюулгүй зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Аюулгүй зам” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 737 986 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалын үндэслэлээ гэрээнд барааны нэр, нийлүүлэлтийн нөхцөл, тоо ширхэг, үнэ, төлбөр тооцоог гэрээний хавсралтаар тохиролцохоор заажээ. Гэрээний хавсралтаас үзвэл бараа болох замын хар тос /битум/-ны хэмжээг 500 тонн, 1 тоннын үнийг 635 ам.доллароор тохиролцсон, хариуцагч нь бараа хүлээн авахаас татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Гэрээний 2.3-т “Хавсралтаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан барааны ачилтад төлөвлөсөн хэмжээнзэс худалдан авагч татгалзвал, худалдан авагч нь худалдагчид хавсралтын дагуу худалдагч талд төлөөгүй эсвэл нэхэмжлээгүй хэмжээт барааны үнийн дүнгээс 50 хувийн торгууль төлнө.” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай нийцэхгүй. Учир нь торгууль төлөх талыг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй этгээд байхаар урьдчилсан нөхцөлийг хуульд тодорхойлсон бөгөөд хариуцагч гэрээнээс татгалзсан нь торгууль төлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээнээс татгалзсан нь түүний буруугаас болсон гэх тохиолдолд хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд энэ талаар баримтгүй байх тул нэхэмжлэгч нь торгууль шаардах эрхгүй байна.”гэж дүгнэсэн. Хууль болоод зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдагч талд төлөөгүй эсвэл нэхэмжлээгүй хэмжээт барааны үнийн дүнгээс 50 хувийн торгууль төлөх үндэслэлгүй гэж үзсэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна. “Төгс зам” ХХК нь гэрээний хавсралт-1-д 500 тонн тутмын 1 тонн 635 ам.доллароор худалдан авахаар тохирсноор “Аюулгүй зам” ХХК нь ОХУ-ын харилцагчдаа битум худалдан авах захиалга өгсний дагуу ОХУ-аас Монгол Улс руу бүтээгдэхүүний ачилт хийгдэж байх явцад “Төгс зам” ХХК гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсантай холбоотойгоор тус хавсралтад заасан гэрээний үнийн 50 хувьтай тэнцэх 631 957 350 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Аюулгүй зам” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 316 007 125 төгрөг болгон багасгасан. Компаниудын хооронд байгуулагдсан харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №595/227-AU тоот нийлүүлэлтийн гэрээний 2.3-т “Хавсралтаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан барааны ачилтад төлөвлөсөн хэмжээнээс Худалдан авагч татгалзвал, худалдан авагч нь худалдагчид хавсралтын дагуу худалдагч талд төлөөгүй эсвэл нэхэмжлээгүй хэмжээт барааны үнийн дүнгээс 50 хувийн торгууль төлнө. Энэ тохиолдолд Худалдагч нь худалдан авагч талд мөнгөн дүн гарган өгч, үүнийг нэхэмжилсэн өдрөөс эхлэн банкны ажлын 3 өдрийн дотор төлөх үүрэгтэй. Худалдан авагчийн мөнгөн хөрөнгө Худалдагчийн дансанд байгаа тохиолдолд Худалдагч торгуулийн төлбөр болгон авах эрхтэй байна” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн байна. Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь анзаар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг олгосон. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан тул хуулийн болон гэрээнд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. “Аюулгүй зам” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх зорилгоор ОХУ-ын “Евробитум” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №22/1709-РМ дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх №222/1709-РМ-ийн нэмэлт гэрээ №1, мөн тус гэрээний хавсралт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн нийлүүлэлтийн үнэ ба нөхцөлийн тохиролцоо №9 протокол байгуулсан. уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч тал гэрээний хариуцлага гуравдагч этгээдийн өмнө хүлээж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

“Аюулгүй зам” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэж, гэрээнээс татгалзсан “Төгс зам” ХХК-аас торгууль 316 007 125 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Талуудын байгуулсан гэрээний 2.3-т заасан “Хавсралтаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан барааны ачилтад төлөвлөсөн хэмжээнээс худалдан авагч татгалзвал, худалдан авагч нь худалдагчид хавсралтын дагуу худалдагч талд төлөөгүй эсвэл нэхэмжлээгүй хэмжээний барааны үнийн дүнгээс 50 хувийн торгууль төлнө.” гэсэн тохиролцооны агуулгыг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ. Торгууль хүлээлгэх урьдчилсан нөхцөл нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй  үүргийн зөрчил байхыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан байна.

Гэрээнээс татгалзсанд нэг тал нь буруутай бол гэрээний нөгөө талд хохирол төлөх үүрэг үүсэхийг хуульд заасан байхад буруутай эсэхээс үл хамаарч татгалзсан л бол хариуцлага хүлээлгэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т нийцэхгүй юм.

Зохигчдын гол маргааны зүйл нь гэрээнээс татгалзсанд хариуцагч буруутай эсэх асуудал тул гэрээгээр бараа нийлүүлэгдсэн байх боломжгүй, энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл ч болохгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч “Төгс зам” ХХК үүргээ зөрчсөн, гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэх байдал тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх  гэрээний 6.1, 6 дугаар зүйл, гэрээний хавсралт №01 баримтад тусгагдсан талуудын тохиролцоонд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Гэрээний зүйлийн тоо хэмжээ, үнийг талууд гэрээний хавсралтаар тохирсон боловч гэрээнд зааснаар худалдагч талаас нэхэмжлэх ирүүлсэн, хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүссэн, ачааг тээвэрлэхээр болсон  үйл баримт тогтоогдоогүй байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы гомдол үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 944 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 737 986 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА