Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 484

 

Д.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаар магадлалтай, Д.М-т холбогдох 1702000770082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших, Б.Гэршихбөртэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 3 дугаар хэсэг гудамж, 38-23 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Д-н М.

Д.М- нь 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Харгана гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 1,185,909 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.М-ыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.М-т мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М- оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 -д зааснаар шүүгдэгч Д.М-аас 159,000,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, Б.Өлзий-Орших нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших гаргасан гомдолдоо “... Шүүх Д.М-т хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч 159.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Д.М- нь 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харгана” гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 1.185.909 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо бүрэн барагдуулан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

Прокуророос хүсэлтийг хүлээн авч хуульд заасан нөхцөл тогтоогдсон гэж үзэж хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулан “2 жилийн тэнсэн харгалзах" ял шийтгэхээр санал гаргаж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг хэрэгт томилолтоор оролцсон улсын яллагч Д.Нямдэлэг нь эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахаар амаар санал гаргасан. Үүнийг нь анхан шатны шүүх дэмжиж саналын дагуу шийдвэрлэсэн байна. Манай үйлчлүүлэгч Д.М- болон миний зүгээс уг санал нь үндэслэлгүй бөгөөд зөвшөөрөхгүй байна гэж тухай бүрийн хуралд байр сууриа илэрхийлж байсан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана.”, мөн хуулийн 17.4 зүйлийн 6 дахь хэсэг “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана”-ийг тус тус зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх санал гаргаж яллагдагчид танилцуулахдаа эрүүгийн хариуцлага буюу ял, албадлагын арга хэмжээг алийг нь эсвэл хамтад нь хэрэглэхийг нарийн зааж, яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулахаар хуульчилсан байна.

Иймд улсын яллагч Д.Нямдэлэгийн амаар гаргасан эрүүгийн хариуцлагын санал нь бичгээр албажиж гараагүй, хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Харин хавтаст хэрэгт авагдсан улсын яллагч У.Солонгын яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан, хуульд нийцээгүй прокурорын амаар гаргасан саналыг үндэслэн нэмэлтээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж зааснаас үзвэл шүүхийн шийдвэрүүд нь прокурорын бичгээр гаргасан, хуулийн шаардлага хангасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаас үзвэл шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичгээр гаргасан саналын хүрээнд тэнсэх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна. Харин эмнэлгийн чанартай болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах эсэх талаар хуульчлаагүй байна.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар баримтлалгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэж буй мэт үзэж мөн хуулийн 7.2 дугаар зүйлийг баримтлан шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийг зөвшөөрөхгүй байхад прокурорын хуульд нийцээгүй амаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд хэргийг прокурорт буцаалгүйгээр шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн болон ялын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урдьчилан сэргийлэх зэрэг байдаг.

Шүүгдэгч Д.М- нь анх удаагаа гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болохыг хавтаст хэрэгт хангалттай тогтоосон байдаг. Гэвч их хэмжээний хөрөнгө болох 159,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуулийн болон ялын зорилгод нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Д.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн холбогдсон хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналтын прокурор У.Солонгод хандан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гарган прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн үзэж тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал болох 2 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оногдуулахаар яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7 дугаар талд “Шүүгдэгч Д.М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв” гэж тусгасан атлаа тогтоох хэсгийн 3 дугаарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М- оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай” гэж, 7 дугаарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Д.М-аас 159,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус заажээ. Үүнийг Давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлтэй хэмээн үзэж хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” хэмээн заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 -д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаас үзэхэд шүүхээс Д.М-т үүрэг хүлээлгэх эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан байна. Гэтэл шүүх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь илт хууль буруу хэрэглэсэн болох нь харагдаж байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны явцад томилолтоор оролцсон Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэг нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг нэмж оногдуулах санал гаргасан боловч тухайн нөхцөлд шүүгдэгч Д.М- болон өмгөөлөгч Б.Гэршихбөртэ миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4-т “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”-ийг шүүх хянаад хэрэв энэхүү нөхцөл байдал хангагдаагүй гэж үзвэл 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүхээс хэргийг буцаах шийдвэр гаргах нь зөв юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3- т заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү” гэв.     

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож, үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон байна. Прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр гаргасан саналын тухайд ялын талаар шүүгдэгчтэй тохиролцсон атлаа албадлагын арга хэмжээний талаар тохиролцоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа өмгөөлөгчийн гомдлыг хэрхэн няцааж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй байна. Магадлал хуульд нийцээгүй байх тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших, Б.Гэршихбөртэ нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Харгана гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 1,185,909 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Д.М-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх эд зүйлийн үнийг гаргуулахаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр тээврийн хэрэгслүүдийн үнийг тооцооллын алдаа гаргаж 159,000,000 төгрөг гэж буруу тогтоосон байгааг зөвтгөж, шүүгдэгч Д.М-аас 159,400,000 төгрөгийг гаргуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших, Б.Гэршихбөртэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Дээрх тооцооллын алдааг ийнхүү зөвтгөн тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, шүүхээс оногдуулсан ял шийтгэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 159,400,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзий-Орших, Б.Гэршихбөртэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР                        

                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН