2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/905

 

 

 

 

 

 

 

2026       04          03                             2026/ШЦТ/905

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч О.Анужин,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********** овогт О-ийн Ад холбогдох эрүүгийн 2509 02047 2041 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ХМШЗ/223 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/53 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиж, уг ялаа эдэлж байгаа.

******** овогт О-ийн А /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АСТхудалдааны төв орчим 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ө.Огийн халааснаас ай фоне 16 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Аг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 02047 2041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ө.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Эд зүйлд эрэн сурвалжлалт зарлаж, эрэн хайх ажиллагаа явуулсан баримтууд /хх-ийн 14-17-р хуудас/,

Дамно үнэлгээ хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1087 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-29-р хуудас/,

Хяналтын камерын бичлэг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-45-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн 2509 02047 2041 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч О.Анужин: “... О.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АСТхудалдааны төв орчим 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ө.Огийн халааснаас ай фоне 16 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгч нар: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АСТхудалдааны төв орчим 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ө.Огийн халааснаас ай фоне 16 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АСТаас 12 цаг 10 минутад гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М барилгын үүдэнд ирээд халаасанд хийсэн байсан гар утсаа шалгахад байхгүй болсон. Би гар утсаа куртканы баруун карманд хийсэн байсан юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Айфоне 16 про макс загварын цагаан өнгийн, 256 багтаамжтай, өнгөгүй кейстэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утас юм. Би гар утсаа Теди гар утас худалдааны төвөөс 2024 оны 05 дугаар сард 4,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг,

“Дамно үнэлгээ” ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний алдагдсан эд зүйлсийг 3,575,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч О.А нь хохирогч Ө.Огийн гар утсыг авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч О.А нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.

 

Тодруулбал О.А нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч О.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эд хөрөнгөд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч О.А нь хохирогчид 3,575,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.А нь хохирогчид учирсан хохирол болох 3,575,000 төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч О.Агээс 3,575,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Од олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч О.Анужин: “...Шүүгдэгч О.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АСТхудалдааны төв орчим 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ө.Огийн халааснаас ай фоне 16 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,575,000 (гурван сая таван зуун далан таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.А: “... Хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ зорчих эрх хязгаарлах ялтай байсан. Энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй. Өөрөө таксинд явж ар гэрийнхээ амьдралыг авч явдаг. 5 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй нөхцөл байдал байгаа. Мөн мөрийтэй тоглоом тоглодог болсноос болоод хулгай хийсэн гэж ярьдаг. Иймд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хүсэж байна...” гэх дүгнэлтийг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч О.Агийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгон 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 сар 24 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.А нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ад урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                            

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт О-ийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг найм /8/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 8 сар 24 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агийн цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх хорих ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агээс 3,575,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Од олгуулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР