Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0757

 

 

 

  2023         10           12                                     128/ШШ2023/0757

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК, /РД:6702988/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Баярсайхан,

Хариуцагч: “Монголын хөрөнгийн бирж” ХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ нарын хоорондын хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журамд заасан үйлчилгээний хөлстэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Ү.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК/хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдсан/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор “Хамтын хаалттай хөрөнгө  оруулалтын сангийн  нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталсан байх ба тус журмын  6.2.2-т   “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн  1%” гэж зохицуулжээ.

            1.2. “Мандал ирээдүйн өсөлт хамтын Хөрөнгө оруулалтын сан” ХХК-ийн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 22/069 тоот албан бичгээр, “Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/80 тоот албан бичгүүдээр үйлчилгээний хураамжийг хэт өндөр тогтоосныг багасгах талаар тус тус хүсэлт гаргасан.

1.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/4258 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д “... хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг хэт өндрөөр буюу 1 хувиар тогтоосон нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 10 дахин их байх бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо өсөхгүй байх, зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагчдын идэвх сонирхол буурах, улмаар хувийн хэвшлээс нийтэд санал болгосон үнэт цаас гаргахтай холбоотой зардал, өртгийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. ... иймд үйлчилгээний хөлсний хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бууруулах арга хэмжээг зохион байгуулах”-ыг чиглэл болгосон.

1.4. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан журамд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус тогтоолын 1 дэх хэсгийн 1-д “Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэснийг “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч: 6.2.2.1 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%, 6.2.2.2 20-50 тэрбум  хүртэлх үнийн дүнд 0.375%, 6.2.2.3 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25%”” гэж өөрчилсөн.

1.5. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-иас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2. Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

1.6. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-аас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д холбогдох, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

1.7. “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас 2021 оны 08 дугаар сарын 11, 2022 оны 09 дүгээр сарын 22, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний үлдэгдэл 450,000,000 төгрөгийг төлөх нэхэмжлэхүүдийг “Мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан” ХХК-д хүргүүлсэн.

1.8. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Нэг. Урьдчилсан шийдвэрлэх журам биелүүлсэн тухайд:

Манай компани нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахаар Компанийн тухай хуульд заасан журмын дагуу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэл хийлгэх, зохих баримт бичгийг бүрдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас гаргасан дүрэм, журмуудтай танилцаж, анх бүртгүүлэхээр тус байгууллагад хандсан болно. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2019  оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталж, уг журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтаар “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” байхаар журамлан тогтоожээ.

Энэхүү журамд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд нь сангийн нэгж эрхийг бүртгүүлэхдээ нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувийг үйлчилгээний хөлсөнд төлөхөөр хатуу тогтоосон нь илт эдийн засгийн үндэслэлгүй гэж үзэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д “үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх”, 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хороо хууль тогтоомжтой зөрчилдсөн дүрэм, журмыг бүхэлд нь, эсхүл тэдгээрийн зарим заалтыг өөрчлөх даалгавар өгч болно”, 75 дугаар зүйлийн 75.2-т “Өөрийгөө зохицуулах байгууллагын үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд Хороо шалгалт хийнэ”, мөн зүйлийн 75.4-т “Өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Хороо дараах арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 75.4.2-т “даалгавар өгөх” гэж тус тус заасныг үндэслэн “нэгж эрхийн үнийг бүртгүүлэх үйлчилгээний хөлс 1 хувь байхаар журамласан заалтыг эс зөвшөөрч, уг хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ эрх ашгаа хамгаалуулахаар нэгдэж, гишүүн нь болсон “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарын нэр дээр 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 116 тоот албан бичгээр, Монголын Хөрөнгийн бирж-д 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 118 тоотоор, манай хөрөнгө оруулалтын менежментийн компани болох “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-иар дамжуулан 2021 оны 06 дугаар сарын 16-ны 21/015, 8 дугаар сарын 16-ны өдрийн 21/069, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очирт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21/140 тоот албан бичгүүдээр удаа дараа хүсэлт гаргасны дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-иас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/465 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн хариуг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2030 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн дагуу “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС”-аас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21/203 тоот албан бичгээр Үйлчилгээний хураамжийг хүчингүй болгуулах талаар хандахад Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/4258 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай чиглэл өгсөн боловч хэрэгжүүлээгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2.“Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” гэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд "Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 зүйлийн 6.2.2 дахь заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор:

1. Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч:

6.2.2.1. 20 тэрбум хүртэлх үнийн дүнд - 0.5 хувь,

6.2.2.2. 20 - 50 тэрбум хүртэлх үнийн дүнд - 0.375 хувь,

6.2.2.3. 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд - 0.25 хувь гэж өөрчлөлт оруулан Санхүүгийн Зохицуулах Хороогоор баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан.

"Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК-ийн зүгээс "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 зүйлийн 6.2.2 дахь заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор:

1. Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч:

6.2.2.1. 20 тэрбум хүртэлх үнийн дүнд - 0.5 хувь,

6.2.2.2. 20 - 50 тэрбум хүртэлх үнийн дүнд - 0.375 хувь,

6.2.2.3. 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд - 0.25 хувь гэж өөрчлөлт орсон тул дээрх өөрчлөлт орсон журмын заалтын дагуу нэгж эрхийн бүртгэлийн хөлсийг төлөх тухай хүсэлтийг ... оны ... сарын ..-ны өдрийн ... тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 22/069 тоот албан бичгээр гаргасан боловч хариу мэдэгдэлгүй эс үйлдэхүй гаргасан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хоёр. Энэхүү маргаан нь захиргааны шүүхийн харьяаллын болох тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно" гээд мөн зүйлийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа" гэж тус тус заасан байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна" гэж, мөн зүйлийн 3.4-т “Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, ... зохицуулна" гэж заасан байна.

Эдгээр заалтуудаас үзвэл үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч олон нийтэд "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, нийтээс тус компанийн үйлчилгээг нь авдаг гэдгийг тодорхойлсон байна.

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 1.2-д "Энэхүү журмыг Биржийн нэгж эрхийн бүртгэлд бүртгэгдсэн, бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан, түүнийг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон бусад эрх бүхий албан тушаалтан, аудитор, хуульч, хөрөнгийн үнэлгээчин болон холбоотой бусад этгээд дагаж мөрдөнө" гэж заасан нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болохыг тогтоосон байна. Иймд нэхэмжлэгчээс энэхүү хэм хэмжээ тогтоосон журам нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт мөн гэж үзсэн болно.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална" гэж заасан байна. Хуулийн энэ заалт нь үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн тогтолцоог эрсдэлгүй байлгах, үр ашигтай байлгах үзэл санаа /концепци/-г зарчим болгон тогтоосон болно.

Монгол Улс нь 1991 онд улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулснаар хөрөнгийн зах зээлийн эхлэл тавигдсан ба энэхүү харилцаа манай улсын хувьд хөгжлийнхөө дөнгөж эхлэл шат буюу 30 дахь жилд яваа бөгөөд 2017 оноос хойш хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд оролцох ойлголт сайжирч, идэвх нь нэмэгдэх хандлагатай болсон. "Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан" нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хамгийн том хөрөнгө оруулалтын сан гэж одоогоор тооцогдож байна.

Хөрөнгийн зах зээл үүсгэн байгуулагдсанаас хойш одоог хүртэл хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн зөв зохистой харьцаа бүрэлдэхгүй байсаар ирсэн бөгөөд энэ салбарын зохицуулалт одоогоор хангалттай төлөвшөөгүй байгаа тул төрийн зохицуулалт шаардлагатай, төрөөс дэмжлэг үзүүлэх салбар мөн билээ. Ийм ч учраас хууль тогтоогч нараас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй" байхаар хуульчлан тогтоож өгсөн байна.

Дээрх хуулийн заалтаар Хөрөнгийн биржид үйлчилгээний хөлс тогтоох эрхийг олгосон боловч тус байгууллага нь энэхүү эрхийг аливаа хязгааргүйгээр эдлэх ёстой гэсэн ойлголт огт биш гэдэг нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үзэл баримтлалаас харагдах болно.

Энэ ч учраас "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 1 дүгээр хавсралтаар хувьцаа болон бонд бүртгүүлэхэд төлөх бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 0,1 хувь, нийтдээ 50,000,000 төгрөгөөс ихгүй байхаар "анх тогтоосон” байдаг.

Энэхүү журам нь Үнэт цаас гаргагчийн анх удаа болон нэмж гаргасан хувьцаа, өрийн хэрэгслийг Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэх бүртгэлийн ангилал, шалгуурыг тогтоох, үнэт цаасыг нийтэд танилцуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой журам юм.

Хариуцагч "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь тодорхой хууль зүйн болон бусад эдийн засаг, санхүүгийн үндэслэл, шаардлага шалтгаангүйгээр 2019 онд "Хамтын хаалттай Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг шинээр батлахдаа сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1 хувь болгож нэмэгдүүлснээр өөрийн хуульд заасан эрхээ эдэлж байгаа мэт боловч эдийн засгийн тооцоо, судалгаа, үндэслэлгүйгээр үйлчилгээний хөлсийг нэмж тогтоосноор хөрөнгийн зах зээлд оролцогч компанийг эдийн засгийн хувьд илт хохироосон, алдагдалд хүргэж болзошгүй зохицуулалт болсон.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үнэт цаас” гэдэгт дараах санхүүгийн хэрэгсэл хамаарахаар заасан. Үүнд:

1. хувьцаат компанийн хувьцаа /цаашид "хувьцаа" гэх/;

2. компанийн өрийн хэрэгсэл;

3. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;

4. хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх;

5. хадгаламжийн бичиг;

6. хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;

7. үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/;

8.үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэрэг байхаар заасан.

Гэтэл МХБ нь хувьцаа ба бондын хураамжийг 0,1 хувь буюу 50 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж тогтоосон боловч сангийн нэгж эрхийг 1 хувь байхаар тогтоосон нь шударга бус байсан ба хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөж, хохироох нөхцөлд хүргэсэн. Хувьцаа, бонд, сангийн нэгж эрх болон аливаа үнэт цаасыг бүртгэх үйлчилгээ нь үнийн дүнгээс үл хамаарсан нэг л үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүртгэж, материал бүрдүүлэх зэрэг цөөн хэдхэн ажиллагаа явагддаг юм. МХБ нь ийм буруу журам гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь сая журмаа өөрчилснөөр нотлогдоно.

Манай хөрөнгө оруулалтын сан нь 7,000 орчим нэгж эрх эзэмшигчтэй ба эдгээр иргэдээс санд төвлөрүүлсэн 50,000,000,000 /Тавин тэрбум/ төгрөгөөс арилжааны шимтгэл хэлбэрээр 376,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд "Монголын хөрөнгийн бирж " ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэсэн заалтын дагуу нэгж эрх бүртгүүлэхэд төлөх хураамж 500,000,000 төгрөгийг нэмж төлсөн тохиолдолд нийт иргэдийн төвлөрүүлсэн сангийн хөрөнгөөс 876 сая төгрөгийг шууд төлбөр хураамж нэрээр "Монголын хөрөнгийн бирж “ ТӨХК суутган авч санг эхнээс нь алдагдалд хүргэх сөрөг үр дагавартай тул дээрх журмын заалтыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар "Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан" ХХК Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт бүхэлд нь өөрчлөлт оруулан одоо мөрдөж ажиллаж байна.

Манай компанийн зүгээс шинээр мөрдөгдөж байгаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт орсон дээрх журмын заалтын дагуу нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс төлөх талаар "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр илт шударга бус, хэт өндөр үнэ бүхий 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 тогтоолын хавсралтад зааснаар хөлс төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын Зургаа дугаар зүйлийн 6.2.2.Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэсэн журмын заалтын дагуу үйлчилгээний хөлс төлсөн тохиолдолд нэгж эрх эзэмшигч хөрөнгө оруулагч 7000 орчим иргэний эрх ашигт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд шууд оролцогч манай компанийг эдийн засгийн хувьд алдагдалд оруулж болзошгүй юм.

Дээрх үндэслэлээр "Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг "Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна”  гэв.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компани нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхны нэхэмжлэлийн шаардлага бол  Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн эрхийн бүртгэлийн хураамжийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн Нэгж эрхийн бүртгэлийн хураамжийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс гарахыг Монголын хөрөнгийн бирж хувьцаат компанид даалгах шаардлага гаргасан. Энэ шаардлагын дагуу анхан шатны шүүхээс хэлэлцээд хариуцагчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд хүчингүй болж шийдвэрлэсэн. Үүний дараа магадлалд дурдсанаар Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан.

Үүнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчид хувьцаат компанийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийг хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох. Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн нэгж эрхийн хураамжийг Монголын хөрөнгийн бирж төрийн өмчид хувьцаат компанийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүх төрлийн хураамжийн төслүүдийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан журмаар хураахыг Монголын хөрөнгийн бирж компанид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол маргаж байгаа хураамжийн хувь хэмжээ хэт өндөр байгаа болон давамгай байдалтай хуулийн этгээд болох Монголын хөрөнгийн бирж компанитай гэрээ байгуулахаас өөр хохирол байгаагүй талаар анх гарсан нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан. Тухайн үед Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сангийн нийт эрхийг бүртгэх хуулиар эрх олгож үйл ажиллагаагаа явуулж байсан аж ахуйн нэгж нь монголын хөрөнгийн бирж давамгай эрх бүхий хувьцаат компани байсан. Бидний зүгээс тухайн зөрчлийг зөвшөөрч бүртгэх үйл ажиллагаа явуулах ямар нэгэн боломж байхгүй учраас ингэж бүртгүүлсэн.

 Нэгж эрхийг бүртгүүлсний дараагаар бүртгэлийн үйлчилгээний хураамж нь 500 сая төгрөг болсон нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг доголдуулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироох магадлалтай байсан тул 2021 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдөр хүртэл хугацаанд захиргааны хэргийн шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлэж байна. Энэхүү журам үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахыг үүсгэн байгуулсан хуулийн этгээд нь сангийн нэгжих эрхийг бүртгүүлэхдээ нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн нэг хувийг үйлчилгээний үндсэн нэг тохиолдолд төлөхөөр хатуу тогтоосон эдийн засгийн үндэслэлгүй гэж үзсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод байдлыг хангах зарчмыг баримтлан гэж заасан. Хуулийн энэ заалт нь үнэт цаас хөрөнгийн зах зээлийн тогтолцоог өрсөлдөхгүй, өөрчлөлтгүй байлгах санаа нь концессын зарчимд тогтсон байдаг. Энэ жагсаалтад Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаартай тогтоолоор баталсан Үнэт цаасны нөхцөлийн журмын 1 дүгээр хавсралтаар хувьцаа болон бонд бүрдүүлэхэд төлөх бүртгэлийн үйлчилгээний хөлс төлсөн 0,1% хувь нийтдээ 50 саяаас ихгүй байхаар авагдсан байдаг.

Гэтэл Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь хувьцаа болон бондын хураамжийг 0,1% буюу 50 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж тогтоосон боловч сангийн нэгж эрхээ нэг хувь гэж дээшээ лимитгүй тогтоосон нь үндэслэл бүхий биш гэж үзэж байна. Үнэт цаасны тухай хуульд хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүгдийг нь үнэт цаас гэж үзнэ гэж заасан. Энэхүү журам нь үнэт цаас гаргагчийн анх удаа болон нэмж гаргасан хувьцаа өөрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэх, бүртгэлийн ангилал, шалгуурыг тогтоох, үнэт цаасыг нийтэд танилцуулах үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зааглаж зохицуулах журам юм. Хариуцагч компани нь хууль зүйн болон бусад эдийн засаг, санхүүгийн үндэслэл, шаардлага, шалтгаангүйгээр 2019 онд хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн журмыг шинээр батлахдаа сангийн нэгж эрх бүртгэх бүртгэлийн хураамжийг нэг хувь болгож нэмэгдүүлснээр өөрийн хуульд заасан эрхээ эдэлж байгаа мэт боловч эдийн засгийн тооцоо судалгааг үндэслэлгүйгээр үйлчилгээний хөлсийг нэмж тогтоосноор хөрөнгийн зах зээлд оролцож компанийг эдийн засгийн хувьд илт хохироосон гэсэн алдагдал төөрөгдөлд оруулж болзошгүй зохицуулалт болсон.

Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь 7 мянга орчмын нэгж эрх эзэмшигчтэй ба эдгээр иргэдээс 50 тэрбум төгрөгөөс арилжааны шимтгэл хэлбэрээр 376 сая төгрөгийг төлсөн бөгөөд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6 дахь 2.2-т заасан нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг бүртгүүлсэн үнийн дүнгийн нэг хувь гэсэн заалтын дагуу нэгж эрх бүртгүүлэхэд төлөх хураамж 500 сая төгрөгийг нэмж төлсөн тохиолдолд нийт иргэдийн төвлөрүүлсэн сангийн хөрөнгөөс 876 сая төгрөгийн шууд төлбөр хураамж нэрээр Монголын хөрөнгийн бирж суутган авах сөрөг үр дагавартай тул дээрх журмын заалтыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргана хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын хөрөнгийн бирж ХК журмын 6.2.2 дахь хэсэгт бүхэлд нь өөрчлөлт оруулж ажиллаж байгаа.

 Манай компанийн зүгээс шинээр бүрэлдэж байгаа 2021 оны 12  дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт орсон дээрх журмын заалтын дагуу үйлчилгээний хөлсийг төлөх талаар Монголын хөрөнгийн бирж компанид удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүйгээр илт шударга бус Монголын хөрөнгийн бирж компанийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт орж хүчингүй болсон 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2010/07 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээний хөлс шаардаж байгаа нь илт хууль бус юм. Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны ажиллагаа явагдаж байх хугацаанд Монгол улсын их хурлаас Захиргааны ерөнхий хуулийн 60.4 дэх хэсэгт хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2022 оны хуулиар оруулсан тул энд заасны дагуу хүчингүй болсон журмын холбогдох хэсгийг буцаан хэрэглэх нь хууль бус юм гэж үзэж байна. Дээрх асуудалд Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК болон Монголын хөрөнгийн хийж ТӨХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар тогтоолын 2.2 дахь заалтад бүртгэлийн хураамжид нь хууль бус болохыг тогтоолгох нийт эрхийн бүртгэлийн үндэсний хөлсийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хуваарь хураахыг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“1. Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

“Монголын хөрөнгийн бирж” нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтад заасан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хуулийн этгээд юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо, түүний Маргаан таслах зөвлөл нь үнэт цаасны зах зээлд гарсан маргаантай асуудлыг тэргүүн ээлжид шийдвэрлэдэг.

Гэтэл “Мандал ирээдүйн өсөлт” ХХОС нь нэхэмжлэлд дурдсан асуудлаараа 2022 оны 08-р сарын 16-ны өдрийн дугаар 22/80 тоот албан бичгээр СЗХ-ны Үнэт цаасны газарт хандсан байна, СЗХ-ны Үнэт цаасны газар нь үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаанд төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлдэг ажлын алба бөгөөд түүнд зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй болно.

Иймд "Мандал ирээдүйн өсөлт" ХХОС нь "Монголын хөрөнгийн бирж"-ийн үйлчлүүлэгч, нөгөө талаар үнэт цаасны зах зээлд оролцогчийн хувьд нэхэмжлэлд дурдсан асуудлаараа хуульд заасан захиргааны урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий СЗХ-ны Маргаан таслах зөвлөлд хандаагүй байна.

2. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар:

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1-д зааснаар үнэт цаасны 17 зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Дурдвал:

(1) Үнэт цаасны брокер, (2) диллер, (3) андеррайтер, (4) хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, (5) үнэт цаасны итгэмжлэн удирдах, (6) үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, (7) үнэт цаасны арилжааны тооцооны, үнэт цаасны кастодианы (9) Үнэт цаасны арилжаа эрхлэх (10) үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх гэх мэт.

Дээр дурдсан 17 үйл ажиллагааг СЗХ-оос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах ба төрийн өмчит хуулийн этгээд эсхүл хувийн хэвшлийн байгууллага аль аль нь эрхлэн явуулах боломжтойн зэрэгцээ үүнд өмчийн хязгаарлалт тогтоогоогүй.

Эдгээрийн зөвхөн нэг үйл ажиллагаа нь "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК- ийн явуулж буй үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2 арилжаа эрхлэх байгууллага СЗХ-оос тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

- "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК (төрийн өмчит компани)

- "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (хувийн хэвшлийн байгууллага)

Эндээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан "үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг" гэх захиргааны байгууллагын шинж хариуцагч "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн хувьд тогтоогдохгүй байх ба, ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй өмчийн өөр хэлбэрийн бирж мөн зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна.

Өөрөөр хэлбэл "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь хувийн эрх зүйн салбар буюу үнэт цаасны зах зээлийн харилцаанд бусад хувийн хэвшлийн зарим байгууллагатай өрсөлдөн ажилладаг байгууллага юм.

"Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг төрийг төлөөлж Монгол Улсын Сангийн яам хэрэгжүүлж, МХБ-ийн ТУЗ-ийг Сангийн яамнаас томилогдсон этгээдүүд хэрэгжүүлдэг.

МХБ-ийн хувьцааг төр эзэмшдэг боловч эрх зүйн байдлын хувьд нь үнэт цаасны арилжаа эрхлэгч бусад хувийн хэвшлийн байгууллагаас илүү эрх хэмжээ эдэлдэггүй ба бусад үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын адил Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналт, зохицуулалтад үйл ажиллагаагаа явуулдаг.

Төрийн өмчит "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон хувийн хэвшлийн "Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК яг адилхан эрх зүйн статустай байгууллага юм.

Төр аливаа компанийн хувьцааг эзэмшдэг байснаараа тухайн компани захиргааны байгууллага гэж тооцогдохгүй.

Жишээ татвал: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкнууд дунд төр хувьцааг нь эзэмшдэг Төрийн банк үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төрийн банк нь бусад хувийн хэвшлийн банкнуудын адил Монгол банкнаас тусгай зөвшөөрлөө авч, хувийн эрх зүйн харилцаанд оролцож байна. Төрийн банкнаас зээлдэгч нартаа зориулан гаргасан зээлийн журмууд нь захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй.

Түүний нэгэн адил МХБ-ээс зөвхөн өөрийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд зориулан журам баталсан нь нийтээр дагаж мөрдөх гадагш чиглэсэн үйлчлэлгүй, дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий акт тул захиргааны хэмжээний акт гэж тооцогдохгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасан "үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг" гэх захиргааны байгууллага биш бөгөөд зөвхөн манай хөрөнгийн биржид бүртгүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх "Хамтран хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн эрхийн бүртгэлийн журам" нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт биш гэж үзэж байна.

3. "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-өөс баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын эрх зүйн үйлчлэлийн тухайд:

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг МХБ-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор баталсан байдаг.

Тухайн журмын үйлчлэх хүрээ нь зөвхөн өөрийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд чиглэсэн, бүх нийтээр дагаж мөрдөх гадагш чиглэсэн эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэхэд чиглээгүй, дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий акт тул Монгол Улсын захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй юм.

Дээр дурдсанчлан Монгол Улсын үнэт цаасны зах зээлд 17 төрлийн зохицуулалттай үйл ажиллагаа байдаг бөгөөд уг зохицуулалттай этгээдүүдийн үйл ажиллагаа буюу:

(1) Үнэт цаасны брокер, (2) диллер, (3) андеррайтер, (4) хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, (5) үнэт цаасны итгэмжлэн удирдах, (6) үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх гэх мэт эдгээр үйл ажиллагаа эрхлэгч нь бүгд өөр өөрийн харилцагч, үйлчлүүлэгч нарт чиглэсэн дотоод дүрэм журамтай.

 Эдгээр байгууллагуудын дүрэм журам нь тухайн зохицуулалттай этгээдийн зөвхөн өөрийнх нь харилцагч үйлчлүүлэгчийн хүрээнд мөрдөгдөх дотогшоо чиглэсэн үйлчлэл бүхий хэм хэмжээний акт тул Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байдаг.

4. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журамд заасан бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж батламжилсан талаар:

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3 дахь хэсэгт "Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй" гэж заасан. Үүний дагуу МХБ-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг батлахдаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоож, журмыг СЗХ-нд хүргүүлсэн байдаг.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62.1 дэх хэсэгт зааснаар "Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага" нь СЗХ бөгөөд мөн хуулийн 49.1.4-д СЗХ нь МХБ-ын дүрэм, журмыг батламжлахаар заасны дагуу СЗХ уг журмыг хүлээн авч, батламжилсан болно.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч "Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үйлчилгээний хөлс тогтоох эрхээ хязгаарлалтгүйгээр эдэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална" гэж заасныг баримтлалгүйгээр сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1%-иар тогтоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

5. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-өөс баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын өөрчлөлтийн талаар:

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэх үйлчилгээний хөлсийг Засгийн газрын бодлого, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд нийцүүлж боломжит хэмжээнд бууруулах байр суурьтай байдаг бөгөөд ийм ч үүднээс "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, гүйцэтгэх удирдлагын зүгээс үйлчилгээний хөлсний хувь хэмжээг бууруулах асуудлыг эрх бүхий субъект болох ТУЗ-д удаа дараа оруулж хэлэлцүүлж байсан болно.

Үүний дагуу Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэгт “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% байна” гэж заасан хувь хэмжээг дараах байдлаар бууруулан МХБ-ийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан болно. Үүнд:

Тус журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэг “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25%” тус тус байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг байхаар нэгж бүртгэлийн үйлчилгээний хөлс өөрчлөгдсөн.

6. “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-тай үүсгэсэн харилцаа, гэрээний талаар:

 “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулж, тус биржийн бүртгэлд бүртгэгдсэн.

Өөрөөр хэлбэл “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаартай тогтоолоор батлагдсан үйлчилгээний хөлс мөрдөгдөж байх үед МХБ-д бүртгэгдсэн, бүртгэлийн гэрээ байгуулсан тул тухайн үед хүчинтэй байсан журмын дагуу бүртгэлийн үйлчилгээний хөлсийг тооцон төлөх үндэслэлтэй юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан бүртгэлийн гэрээний 2.1.2-т зааснаар бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь МХБ-ийн журамд заасан 1 хувь гэх үйлчилгээний хөлс, хэмжээг урьдчилан мэдэж, ойлгож, харилцан зөвшөөрч бүртгэлийн гэрээ байгуулсан.

ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний хувь хэмжээ өөрчлөгдсөн нь гагцхүү батлагдсан үеэсээ хүчин төгөлдөр болох ба батлагдахаас өмнөх хугацаанд ухарч үйлчлэхгүй.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн ТУЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-с бүртгэх үйлчилгээний хөлсийг хураах талаар шийдвэр гаргасан тохиолдолд бид эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, зохих ёсоор шийдвэрлэх боломжтой юм.

Дээр дурдсан нөхцөл байдалд үндэслэн “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

3.2 Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн эрх зүйн байдлын талаар товч танилцуулъя. Хариуцагч Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг. Энэ салбарын хувьд төрийн зохицуулах гол байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо гэж явдаг. Монголын хөрөнгийн бирж бол анх Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар орохдоо 100% төрийн өмчид хувьцаат компани байсан. Хувьцааг Монгол Улсын Засгийн газар төлөөлж Сангийн яам эзэмшдэг байсан. Өнгөрсөн жил хөрөнгийн биржээр санал болгосон. Одоо бол хувьцааны хувьд 66 хувийг Сангийн яам эзэмшиж байгаа. 34 хувийг олон нийт эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч олон нийтийн олон хувьцаа эзэмшигчтэй гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа учраас Монголын хөрөнгийн бирж мөн адил 34 хувийг Монгол Улсын ард иргэд эзэмшдэг 66 хувийг Сангийн яам эзэмшдэг. 100 хувь төрийн өмчид компани байхаа больсон.

Энэ маргаанд Монголын хөрөнгийн биржийн зүгээс анх орохдоо захиргааны хэргийн маргаан мөн үү гэдэг дээр тайлбар өгч мэтгэлцэж явсан. Үүн дээр давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж байсан. Үүн дээр магадлалд дурдсан байдаг. Холбогдох хуулийн зохицуулалтыг харах юм бол энэ маргаантай холбоотой харилцаа бол ганцхан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль байгаа юм.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар арилжаа эрхлэх байгууллага буюу хариуцагч Монголын хөрөнгийн бирж ямар эрх үүрэгтэй тухайн үнэт заасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо ямар эрх үүрэгтэй оролцох талаар тусгайлсан хуулиар зохицуулсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар талуудын хооронд гарсан маргааныг эхний ээлжид Санхүүгийн зохицуулах хорооны маргаан таслах зөвлөл шийдвэрлэхээр байгаа. Хавтаст хэргийг харах юм бол нэхэмжлэгчийн зүгээс хэзээ ч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байсан зүйл байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанд гаргаж байсан хүсэлт байдаг. Хариуцагчийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар тусгайлсан зохицуулсан харилцааны хувьд захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаагүй гэдэг тайлбар гаргаж байна.

Хоёрдугаарт энэ хэрэг маргааны тухайд урьд өмнө нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үйл баримт байгаа. Энэ хэрэг дээр нэг л журмын асуудал яригддаг. Монголын хөрөнгийн биржээс 2019 онд баталсан хураамжтай холбоотой асуудал юм. Энэ хураамжийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо манай журмыг хүлээж аваад батламжилсан. 2021 оны 12 сард хураамжтай холбогдох өөрчлөлт оруулж хураамжийг хэмжээг багасан. Одоо бол нэхэмжлэлийн гол шаардлага юу вэ гэхээр хуучин байгаа журмаар хураамж авах нь одоогийн шинэ баталсан журмаар авах ёстой гэж маргаж байгаа. Цаг хугацааны хувьд Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК нь өмнөх 2019 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын хүчинтэй байх хугацаанд манайд бүртгүүлээд бүртгэлийн гэрээ байгуулсан. Тийм учраас тухайн журмын дагуу төлөх ёстой. Өнөөдөр бол төлсөн байх ёстой. 2021 оны 12 сард өөрчлөлт оруулсан журам бол Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн бүртгүүлсний дараа сүүлд батлагдсан журам юм. Тэгэхээр уг нь бол төлсөн байх ёстой байтал төлөхгүй явсаар байгаад 2021 оны 12 сард манай журамд өөрчлөлт оруулсан гэтэл танайх хуучин журмаар одоо төлнө гэдэг асуудал яриад байгаа. Хариуцагчийн зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр захиргааны хэргийн шүүхэд журам хооронд хувь хэмжээний асуудлыг танайх ийм хувь хэмжээгээр төлөх ёстой байна гэдэг шийдвэр гаргах эрх хэмжээ байгаа юу гэдгийг анхаарч үзнэ үү. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг харахаар 63.8-д үүнтэй холбоотой тусгайлсан эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд хуулиар олгосон. 63.1.18-д үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас тогтоосон үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх гэж заасан. Хороонд тусгайлсан заасан байгаа асуудлыг шууд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж нэхэмжлэл гаргаж байгаа асуудал өөрөө хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг дээр давж заалдах шатны шүүх тодорхой хэлж байгаа. 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгч компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар нэг хувь төлнө гээд гэрээнд  тусгайлан заасан. Тэгэхээр энэ гэрээний эрх зүйн үр дагавар энэ нь одоо хүчинтэй болох юм уу хүчингүй гэж үзээд байгаа юм уу үүн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ч тодорхойгүй байгаад байгаа юм. Давхар иргэний эрх зүйн асуудал үүсчихсэн байна. Захиргааны хэргийн шүүхээр шууд шийдвэрлэх ийм хууль эрх зүйн боломж харагдахгүй байгаа юм.

Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлага дээр нэг хувь тогтоосон хураамж анхнаасаа эдийн засгийн үндэслэлгүй энэ хураамжийг төлснөөр сан шууд одоо үйл ажиллагаа явуулах төлбөрийн чадваргүй болох ийм эрсдэлтэй гэдэг ийм агуулга бол дурдаад байгаа юм. Үүн дээр тайлбар хэлэхэд хөрөнгө оруулалтын сан ялангуяа 50 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын сан бол 7 хоногийн дотор ч юм уу өдрийн дотор шууд үүсгэн байгуулагддаггүй.  Сан үүсгэн байгуулахын тулд эхлээд зах зээлийн судалгаа хийдэг хууль эрх зүйн судалгаа хийдэг үүнтэй холбоотой бизнес төлөвлөгөө гаргаж танилцуулга хийж санхүүгийн тайланд тооцоо буюу маш олон процессыг дамждаг. Тэгэхээр энэ сан үүсгэн байгуулахаасаа өмнө МХБ-д нэг хувийн үйлчилгээний шимтгэл төлөх юм байна гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Ямар баримтаар нотлогдох вэ гэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос сая гаргуулсан нотлох баримтууд байгаа. Түүн дотор нэхэмжлэгчийн нэгж эрхийн танилцуулга байдаг. Тухайн нэгж эрхийн танилцуулгыг санд үүсгэн байгуулаад МХБ-д 500 сая төгрөгийн хураамж төлөх юм гэж танилцуулга дээрээ тусгагдсан байгаа юм. 2 дугаарт бизнес төлөвлөгөө гаргасан энэ бизнес төлөвлөгөөний сан дараагийн 5 жил ямар ашиг орлоготой ажиллах вэ ноогдол эрх эзэмшиж байгаа хүмүүстээ ямар хэмжээний хураамж  ноогдол ашиг өгөх юм энэ сантай холбоотой ямар зардал гарах вэ гэдэг бизнес төлөвлөгөөг бас тусгайлан заачихсан. Энэ бизнес төлөвлөгөөнд сан үүсгэн байгуулахдаа хуулийн үйлчилгээний зардал гэж төлдөг. Стадион, банкны зардал, хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээний зардал МХБ-д төлөх хураамж гээд бүх зардлууд бизнес төлөвлөгөөнд тусгачихсан МХБ-д 500 сая төгрөгийн зардал төлнө. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хүсэлт ийм хэмжээний ашиг орлоготой ингэж ажиллана гэсэн бүх санхүүгийн тооцоолол бас гаргачихсан байна.  Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ 50 тэрбум төгрөгийн иргэдээс татан төвлөрүүлж байгаа сан бол анхнаасаа энэ хэмжээний хураамж төлөөд цаашдаа ийм байдлаар явна гэдэг санхүүгийн тайлан тооцооллоо өөрсдөө гаргаад бизнес төлөвлөгөөгөө гаргаад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө аваад манайд хандчихсан мөртөө одоо энэ хураамжийг төлөх юм бол бид ийм болох гээд байна гэдэг энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт ер нь бол нэгж эрхийн танилцуулга болон бизнест хөдөлгөөнд  зааснаар зөвхөн манайд биш өөр нэлээн хэдэн газруудад ийм хэмжээний хураамж төлөөд явж байгаа ийм асуудлууд байгаа. Сая МХБ-ээс танайд захиргааны хэргийн шүүхээс тодорхойлолтоор өгсөн гэрээн дээр хүртэл өөр байгууллагад жил бүр нэг хувийн үйлчилгээний хөрөнгө төлөөд л явж байгаа. Тэгэхээр МХБ гээд ТӨХК-д нэг хувь төлөх гэхээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болчхоод байдаг өөр компанид болохоор төлөөд яваад байдаг ийм асуудал болоод тайлбар үндэслэлгүй бодит байдлын хувьд ч тэр хууль зүйн хувьд ч тэр хүлээн зөвшөөрөхөд боломжгүй гэж үзэж байна” гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Ү.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д холбогдох хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Нэхэмжлэгч хариуцагчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байна. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-иас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж ХХК-ийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т заасан хувиар хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгүүлэх үйлчилгээний хураамжийг нэг хувийг төлөхөөр хатуу тогтоосон нь эдийн засгийн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас бидний гомдлын дагуу үйлчилгээний хураамжийн хэмжээг багасгасан тул багасгасан хувь хэмжээгээр үйлчилгээний хөлсийг төлөх ёстой” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нийтийн эрх зүйн маргаан болох тухайд:

2. “Монголын хөрөнгийн бирж” ХК нь хэдийгээр ашгийн төлөө хуулийн этгээд боловч Үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д заасанчлан тухайн биржийн арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл хөтлөх, 4.1.28-д заасанчлан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг зохицуулалттай этгээд байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг ... нийтийн эрх зүйн байгууллага”-д тооцогдох тул тухайн биржээс үнэт цаасны бүртгэлийн үйлчилгээний хөлсийг нэхэмжилсэн шийдвэр нь захиргааны актад тооцогдоно.

3. Нэхэмжлэгч “Мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан” ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/80 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт “үйлчилгээний хураамжийг хэт өндөр тогтоосон” талаар хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангасан гэж үзэхээр байна.

4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандсан, уг байгууллагаас “Үнэт цаасны зах зээлийн маргаан таслах зөвлөлийн үйл, ажиллагааны журамд заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлээгүй боловч гомдлыг хангасан агуулга бүхий чиглэлийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

5. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” талаарх тайлбарыг үл харгалзан хэргийг хэлэлцэж, маргааныг эцэслэн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэл үндэслэлгүй тухайд:

6. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК/хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдсан/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталсан байх ба тус журмын  6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” байхаар зохицуулжээ.

            7. “Мандал ирээдүйн өсөлт ” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх” чиглэлээр анх байгуулагдаж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай “Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г байгуулжээ/1хх 112-117 дахь талд/.

8. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 224 дүгээр тогтоолоор “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн байгуулж буй Мандал ирээдүйн өсөлт хаалттай хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт баримт бичгийг, 257 дугаар тогтоолоор тус сангийн нэгж эрхийн танилцуулгыг тус тус бүртгэж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Мандал ирээдүйн өсөлт хамтын Хөрөнгө оруулалтын сан” ХХК-д үнэт цаасны зах зээлд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ/2хх 34-37 дахь талд/.

8. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх 257 дугаар тогтоолоор бүртгэгдсэн ““Мандал ирээдүйн өсөлт ”-ийн нэгж эрхийн танилцуулгадаа “санг байгуулах, хөрөнгө босгохтой холбоотой нэгж удаагийн шинж чанартай зардал, үүний дотор Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ийн бүртгэлд 500 сая төгрөг 2021 оны 6 болон 7 дугаар сард гарах”-аар төлөвлөсөн байна.

9. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдээс ““Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дах заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

9.1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2019/07 тогтоолоор батлагдсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам” нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн байх тул хариуцагчаас хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журамд заасан хэмжээгээр бүртгэлийн хураамж төлөхийг шаардсаныг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй.

9.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтын хөрөнгө оруулалтын санг анх байгуулахдаа Монголын хөрөнгийн биржийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжид 1 хувийн хураамж төлөхөө мэдэж, төлөвлөсөн байсан бөгөөд уг хураамжийг төлөхөөр гэрээ байгуулж, биржид бүртгүүлсний дараа хураамжийн хэмжээг эс зөвшөөрч маргасан байх тул хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас төлөөлөн удирдах зөвлөлийн 2019/07 тогтоолоор батлагдсан батлагдсан журамд заасан хэмжээгээр хураамж төлөхийг шаардсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “үнэт цаас болон бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг хөрөнгийн биржээр арилжихад зохих үйлчилгээг үзүүлэх” эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна.

9.3. Хэдийгээр “Мандал ирээдүйн өсөлт хамтын Хөрөнгө оруулалтын сан” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/4258 тоот албан бичгээр “... хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг хэт өндрөөр буюу 1 хувиар тогтоосон нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 10 дахин их байх бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо өсөхгүй байх, зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагчдын идэвх сонирхол буурах, улмаар хувийн хэвшлээс нийтэд санал болгосон үнэт цаас гаргахтай холбоотой зардал, өртгийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. ... иймд үйлчилгээний хөлсний хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бууруулах арга хэмжээг зохион байгуулах”-гэсэн чиглэлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д өгсөн, улмаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг хураамжийн хэмжээг хэлэлцэж 2019/07 тогтоолоор журам батлах үед 50 тэрбум төгрөгийн хамтын хөрөнгө оруулалтын сан гарна гэсэн хүлээлт байгаагүйгээс хураамжийн хэмжээ ялгаваргүйгээр тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч нэгж эрхийн бүртгэлийн хураамжийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь журмын зохицуулалтыг буцааж хэрэглэх үндэслэл болохгүй.

9.4. Өөрөөр хэлбэл, “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 16 дугаар тогтоолоороо нэгж эрхийн бүртгэлийн хураамжийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн боловч энэхүү бууруулсан хувь хэмжээ нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш байгуулагдсан хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлд хамаарах тул 16 дугаартай тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд бүртгэгдсэн нэгж эрхийн бүртгэлтэй холбоотой үйл баримтад хамаарахгүй юм.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгүүлэх үйлчилгээний хураамжийг нэг хувийг төлөхөөр хатуу тогтоосон нь эдийн засгийн үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргах боловч “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%”” гэж зохицуулсан нь эдийн засгийн үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүхээс дүгнэлт хийх эрх хэмжээгүй.

11. Мөн дээрх журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т “энэ хуульд заасны дагуу хөрөнгийн бирж батлахаар заасан дүрэм, журмыг болон тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу Хороогоор батламжлуулах”-аар нарийвчлан зохицуулсан, үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 537 дугаар тушаалаар уг журмыг батламжилсан байх тул уг журмын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх боломжгүй.

12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагчаас бидний гомдлын дагуу үйлчилгээний хураамжийн хэмжээг багасгасан тул бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан” хэмээн тайлбарлан маргах боловч журмын 6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” гэж заасныг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаагүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шийдвэрлүүлээгүй байх тул энэ үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн хувь хэмжээгээр хураамж төлүүлэхийг даалгах үндэслэлгүй юм.

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Иймд “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан ХХК-ийн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус болохыг тогтоолгох, тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг тус тус баримтлан “Мандал ирээдүйн өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан” ХХК-иас “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдуулан гаргасан ““Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар хувьцаат хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т заасан хуваарь хураахыг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

                                                      ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ