Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 65

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 1704000060007 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  Н.Пүрэвдорж нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, ам бүл 1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 8 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Найдансүрэнгийн Пүрэвдорж/РД:УГ85041812/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Н.Пүрэвдорж нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний орой Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 34 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Ө.Эрдэнэхүүтэй эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүнийг зодож баруун чамархайн хэсэгт шарх, доод үүдэн шүдний ганхалт, зүүн хацар, баруун мөр, баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлний шагайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын дотор салст, зүүн хацар, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн үед Адъяадуламын гэр лүү очих гээд нэхий авдаг ченж нарын залуусын бранкын гудамжаар машинтай явж байхад Адъяадуламын найз эмэгтэй Нэргүйтэй таарсан. Тэгэхэд Нэргүй ганцаараа явж байсан. Нэргүйгээс Адъяадуламыг асуухад гэртээ байгаа манай нэг найзтай байгаа. Манай найз Багануурт хонох газаргүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нэргүйд танихгүй эрэгтэй хүн яах гэж үлдээсэн юм бэ? гэхэд Нэргүй гуйгаад байхаар нь тэнд үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд Нэргүйгийн хамт Адъяадуламын гэрийн гадаа очоод би машинаас буугаад Адъяадуламын гэрлүү ороход Нэргүй машинаас буугаад миний машины дэргэд үлдсэн. Тэгээд би Адъяадуламын гэрийн хаалгийг татахад хаалганых нь замган түгжээ нь мултарсан. Хаалга нь цоожтой байсан эсэхийг мэдээгүй хүчтэй татахад хаалга нь онгойсон. Тэгээд гэрт нь ороход Адъяадуламын унтлагын өрөөнөөс танихгүй эрэгтэй хүн чармай нүцгэн гарч ирэхээр нь чи муу юу хийж байгаа юм бэ? гэхэд тэр согтуу залуу чи муу хэн юм бэ? гээд над руу дайрахаар нь би тэр залуугийн цээж рүү гараараа түлхэхэд тэр залуу хойшоо зуухны хажуу руу унасан. Тэгэхээр нь би гараад явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний шөнө найз хүүхэн Адъяадуламын гэрт очсон. Тэнд Эрдэнэхүү гэх залуу байсан. Адъяадулам нь Эрдэнэхүүг танихгүй байж тэнд байхаар нь би яахаараа танихгүй айлд байдаг юм бэ гээд хэрүүл хийж, зодоон болсон....” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ө.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед ганцаараа “Киссо” бааранд нилээн согтуу ороод ширээнд зүгээр сууж байгаад босож бүжиглээд буцаад ширээнд сууж байхад өөр ширээнд архи пиво уугаад сууж байсан танихгүй гурван эмэгтэй намайг ширээндээ урьсан. Тэгээд би ширээнд очоод суухад Адъяадулам гэх эмэгтэй нь чи пиво аваад өгөөч гэхээр нь би Адъяадуламд 10.000 төгрөг өгөхөд Адъяадулам пиво захиалаад бид нар пиво ууж бүжиглэсэн. Тэгээд шөнө баар хаагаад Адъяадулам Нэргүй хоёр намайг гэрт чинь хүргэж өгье гээд бид нар баарнаас гарсан. Тэгээд би баарнаас гараад нилээд согтсон байсан нэг сэргэхэд танихгүй айлд сууж байсан. Нэргүй гэх эмэгтэй намайг явъя гээд байхаар нь би явж чадахгүй чадваргүй байна гэхэд Нэргүй энэ манай дүүгийн гэр байгаа юм та түр энд амарчих гэж хэлсэн. Түүнээс хойш ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байгаа юм. Хэнд хэрхэн зодуулсан тухайгаа санахгүй байгаа. Миний баруун чихний дээд талд буюу чамархай хэсэг хуйх язарсан толгой хавдсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Хамар хөндүүрлэж өвдөөд байгаа. Юм идэж чадахгүй эрүү өвдөөд байгаа. Зүүн соёо суларсан. Зүүн гарын булчин, бугуй зэрэг язарсан. Хэвлий хөндүүрлэж өвдөөд байгаа...”  мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч З.Адъяадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед би утсаар найз эмэгтэй Нэргүйг дуудаж  бид 2 “Киссо” бааранд орж 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архи 4 шил пиво уусан. Тэгээд би нилээд согтсон байсан учир болсон үйл явдлыг огт санахгүй байгаа. Маргааш өглөө нь гэрт хүмүүс хэрэлдэж маргалдаад байхаар нь сэргэхэд Пүрэвдорж, Нэргүй нэг танихгүй эрэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдаад байх шиг байсан би тухайн үед архи гараагүй байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байгаа. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Нэргүй цагдаа дуудсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Н.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 04-ний орой найз эмэгтэй Адъяадуламын хамт “Киссо” баарны нийтийн кароакед орж пиво уугаад сууж байхад шөнө кароаке хаах цаг нь болох гэж байхад танихгүй настай эрэгтэй хүн манай ширээнд ирээд суухаар нь Адъяадуламыг таньдаг юм байх гэж тухайн үедээ бодсон. Тэр эрэгтэй Адъяадуламтай хууч хөөрөөд их л дотно хоорондоо үнсэлцээд мөн босож бүжиглээд байсан. Тэгээд баар хаах болоод заалны гэрлээ асаагаад бид нар 03 цаг өнгөрч байхад баарнаас гарцгаасан. …Адъяадулам гэртээ ороод согтоод унаад өгөхөөр нь би тэр танихгүй эрэгтэйгийн хамт Адъяадуламыг өргөөд том өрөөнийх нь орон дээр гаргаж унтуулаад тэр танихгүй эрэгтэй хүнийг та одоо яв манай найзын нөхөр нь ирнэ гэхэд тэр танихгүй эрэгтэй хүн надад очих газар байхгүй би хөдөөний хүн би хэсэг унтаж байгаад өглөө эрт явья гээд зуухны дэргэд хувцастайгаа газар хэвтэхээр нь би явлаа гээд гараад явсан. …Пүрэвдорж өөрийнхөө машинтай явж байгаад надтай таараад надаас Адъяадуламыг асуухаар нь гэртээ унтаж байгаа гэхэд Пүрэвдорж хэнтэй байгаа юм бэ гэхээр нь манай хамаатны ах байгаа гэж худлаа хэлсэн. Адъяадуламын гэрийн гадаа очоод Пүрэвдорж хаалгыг нь тогшиход нөгөө танихгүй эрэгтэй хүн хаалга тайлж өгсөн. Тэгэхэд тэр танихгүй эрэгтэй хүн чармай нүцгэн байсан. Тэгэхэд Пүрэвдорж тэр танихгүй эрэгтэй хүний нүүр лүү гараараа цохиход тэр эрэгтэй хүн зуухны хажуу руу унахад Пүрэвдорж тэр эрэгтэй хүний дээр нь дэвсээд байсан. Тэгээд би Пүрэвдоржийг хориглоод дийлээгүй. Пүрэвдорж мөн Адъяадуламын толгой руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би Пүрэвдоржийг чи одоо боль гар хэрэв зүгээр байхгүй бол цагдаа дуудлаа гэхэд Пүрэвдорж тэр танихгүй эрэгтэй хүнийг гарнаас нь чирээд гаргасан. Тэгээд өөрөө гараад явсан. Тэр танихгүй эрэгтэй хүн гадаа хэвтээд байхаар нь та бос таныг би эмнэлэг дээр хүргэж өгье гээд нойлын цаасаар нүүрнийхэн цусыг арчиж усаар угааж өгсөн. Тэр танихгүй эрэгтэй хүний толгой хагарч нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Шинжээчийн 09шэ/180 дугаартай дүгнэлтэд: “...Ө.Эрдэнэхүүгийн биед баруун чамархайн хэсэгт оёдолтой шарх, доод үүдэн шүдний ганхалт, зүүн хацар, баруун мөр, баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлний шагайн хэсэгт зулгаралтуудтай, зүүн нүдний дээд доод зовхи, доод уруулын дотор салст, зүүн хацар, баруун гарны бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн  хохирлын зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Пүрэвдоржийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/хх-ийн 29 дүгээр тал/

Шүүгдэгч Н.Пүрэвдорж, хохирогч Ө.Эрдэнэхүү нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээ, /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Н.Пүрэвдорж нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний орой Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 34 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Ө.Эрдэнэхүүтэй эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүнийг зодож баруун чамархайн хэсэгт шарх, доод үүдэн шүдний ганхалт, зүүн хацар, баруун мөр, баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлний шагайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын дотор салст, зүүн хацар, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хүний хэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...Би 2017 оны 7 дугаар сарын 4-ний шөнө найз хүүхэн Адъяадуламын гэрт очиход Эрдэнэхүүг танихгүй байж тэнд байхаар нь би яахаараа танихгүй айлд байдаг юм бэ гээд хэрүүл хийж, түлхэж унаган гэмтээсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/180 дугаартай “...Эрдэнэхүүгийн биед баруун чамархайн хэсэгт оёдолтой шарх, доод үүдэн шүдний ганхалт, зүүн хацар, баруун мөр, баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлний шагайн хэсэгт зулгаралтуудтай, зүүн нүдний дээд доод зовхи, доод уруулын дотор салст, зүүн хацар, баруун гарны бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, гэрч хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хэл амаар доромжилж таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Пүрэвдорж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Н.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Н.Пүрэвдоржийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч хохирогч нар “...Н.Пүрэвдорж нь А.Эрдэнэхүүд учирсан хохирол болох эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн...” зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 38, 43-44 дүгээр хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Ө.Эрдэнэхүүгийн “шүүх хуралдаанд оролцохгүй, өөр ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.Пүрэвдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй бид эвлэрсэн” гэснийг дурдаж эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Найдансүрэнгийн Пүрэвдоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Найдансүрэнгийн Пүрэвдоржийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Н.Пүрэвдоржид тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдоржоос гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Эрдэнэхүүд олгосугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Н.Пүрэвдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ