Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/79

 

                           

Г.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Аод холбогдох 2105010301498 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ггийн А, 1969 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, орцны ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо - түр оршин суудаг гэх, /РД:ЧИ69061912/,

Баянгол дүүргийн шүүхийн 1993 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 жил, 2 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 2 хоног баривчлах ял тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 5 дугаар 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 байрны 00 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Отэй гэр бүлийн маргааны улмаас маргалдан, байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ггийн Аыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Аыг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Дээрх хуулийн зүйл, хэсгийг хэрхэн хэрэглэх талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” журамласан ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх ойлголт нь ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх хуулийн зохицуулалт юм. Иймд шүүгдэгч Г.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, оногдуулан, уг оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж, тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 792 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “2002 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, хохирогч Р.Оийн “...Аыг сэрээсэн чинь надаас тамхи нэхээд байхаар нь би ... “байхгүй” гээд гарах гэтэл “олоод ир” гээд ширээн дээр байсан аягатай цайг аваад цацахаар нь би босоод гэрээс гарах гэтэл миний хойноос цамцны захаас татаж газарт унагаагаад өшиглөсөн. Тэр үед манай охин гаднаас орж ирээд аав руугаа “та яахаараа дандаа ингээд ээжийг зодоод байдаг юм, ээж бид хоёр дандаа таны гарын шүүс болж чадахгүй шүү” гэтэл “чи эцгийнхээ өөдөөс юм хэллээ, хэзээ чи ийм том байсан юм” гээд араас нь үстэж унагаагаад, үснээс нь гараараа ороож барьж байгаад толгой руу нь 2, 3 удаа гараараа цохисон. Тэгээд би салгах гээд дийлээгүй байж байхад охин гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн. ...А ер нь өдөр болгон архи ууж, ихэвчлэн согтуу байдаг. Тэгээд согтсон үедээ надаас болон хүүхдүүдээсээ архи нэхэж дарамтлан, айлган сүрдүүлдэг. ...А ... архи уусан үедээ охин болон намайг байнга “гичий, янхан” гэж дуудаж, хэл үгээр харааж, доромжилж, архи нэхээд, архи тамхины мөнгө нэхэж, архи олоод ир гээд гэрээс гаргаж хөөдөг. ...Энэ байдал 2006 оноос хойш ер нь үргэлжилж байгаа. ...2009 оноос эхлэн цагдаад мэдэгдэж эхэлсэн. ...Тэгээд согтуу үед нь цагдаа дуудаад өгчхөөр маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд охин бид хоёрыг хэл үгээр хараагаад, намайг цагдаад өгчихлөө гээд зоддог. ...Тэгээд би СӨХ-д ажиллаад олсон орлогоо Аын торгуулийг өгдөг байсан. Яагаад гэвэл А “чи намайг цагдаад өгсөн, энэ чиний хийсэн хэрэг, чи өөрөө өр төлбөрөө өг” гээд намайг хараагаад “хүүхдүүдийг ална” гэж айлган сүрдүүлээд надаар торгуулийн мөнгийг төлүүлдэг. ...Архи уусан үедээ өдөр бүр “ална” эсвэл “цонхны чинь доор гал асаагаад 3 хүүхдийг чинь угаартуулаад алчихна шүү” гэж айлгаж заналхийлдэг. Би болон манай том охин Ариунцэцэг, Ариунбилэг, Алтаншагай нарыг үргэлж хэл амаар доромжилдог. Тэгээд Аыг архи уугаад ирэхээр манай хүүхдүүд айгаад хөдөлж чаддаггүй. Хөдлөөд дуу гаргах гэхээр хүүхдүүдээ “ална шүү, дуугарч болохгүй” гээд охиныгоо “янхан, гичий” гээд харааж зүхээд байдаг. Сүүлийн 2 сар орчим манай охин ааваасаа айгаад гэртээ ирэхээ болиод гадуур найз нөхдийнхөөрөө хонодог болсон. ...Өмнө би охинтойгоо Аоос зугтаад 2010 онд хамгаалах байранд орж байсан. Тэгээд хамгаалах байрнаас гарсны дараа А мөн миний ардаас мөрдөж хөөгөөд олоод ирсэн. Атой 2005 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй. ...” /хх 22-24/, гэрч Д.Оийн “...О нар орц цэвэрлээд ажиллаж, 12 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. ...Намайг ажилд орсны дараа удаа дараа архи ууж, эхнэр хүүхдүүдээ зодоод байсан. ...Мөн эхнэр хүүхдээ байнга хэл амаар доромжлоод эхнэрээ “архи олж ир” гэж зодож цохиод цагдаагийн байгууллагад 5-аас 6 удаа эхнэр нь дуудлага өгч бариулж байсан боловч шүүхээр ороод торгуулийн ял аваад гараад ирдэг. Тэр мөнгийг нь эхнэр цалингаасаа төлдөг байсан. ...Сүүлийн үед илүү их архи уудаг болж, шөнө орой болохоор агсам согтуу тавиад эхнэр нь ажлаа дуусгаад гэртээ орохоор архи олж ир гээд гэр орноосоо хөөгөөд гэрийнхээ хаалгыг онгойлгоод муухай орилж хашхираад хүүхдүүдээ айлгаж уйлуулаад байдаг. ...Архи уухаараа эхнэр хүүхэд рүүгээ дайраад чанга чанга дуугараад орилж хашхичаад байдаг. ...Охиноо бол “янхан, гичий” гээд аймаар хэл амаар харааж доромжилж загнадаг. ...” /хх 22-24/, гэрч Ч.Очирпүрэвийн “...Манай хажуугийн 00 тоотод 3 хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёр СӨХ-ийн үйлчлэгч хийж амьдардаг байсан. Тэнд амьдардаг эхнэр нөхөр хоёр байнга хэрэлдэх нь сонсогддог байсан. ...Нөхөр нь байнга л архи уучихсан байж байдаг. ...Эхнэр охин хоёроо харааж загнаад гичий, балайгаар нь дуудаад байдаг байсан. ...” /хх 46-47/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Дээрхээс үзвэл, хохирогч Р.Оийн “...Тэр үед манай охин гаднаас орж ирээд аав руугаа “та яахаараа дандаа ингээд ээжийг зодоод байдаг юм, ээж бид хоёр дандаа таны гарын шүүс болж чадахгүй шүү” гэтэл “чи эцгийнхээ өөдөөс юм хэллээ, хэзээ чи ийм том байсан юм” гээд араас нь үсдэж унагаагаад, үснээс нь гараараа ороож барьж байгаад толгой руу нь 2, 3 удаа гараараа цохисон. ...” гэж, мөн бусад гэрчүүд “шүүгдэгч Г.А нь эхнэр, хүүхэд рүүгээ чанга дуугаар орилж, хашхирч загнадаг, охиноо “янхан, гичий” гэж хараадаг” гэж мэдүүлснээс үзэхэд Г.А нь гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлддэг байж болзошгүй нөхцөл байдал байх тул уг асуудлыг тодруулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Аод холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа нь нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй байхад анхан шатны шүүх энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг илтэд хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай бөгөөд шүүх энэ шаардлагыг хангасан нөхцөлд Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх учиртай.

Гэтэл шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А “...Гэм буруу дээрээ маргаж байгаа...” /хх 148/ гэж гэм буруугийн талаар маргаж мэдүүлсээр байхад уг асуудлыг шүүхээс хянаж үзэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд зайлшгүй харгалзан үзвэл зохих асуудлын нэг нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх явдал бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэл болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар тодруулж, нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/792 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Аод холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Г.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

           ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

           ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ