| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00183/И |
| Дугаар | 156/ШШ2024/00229 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00229
2024 05 06 156/ШШ2024/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00183/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ................................ оршин суух, Боржигон овогт Г.А.
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.А. нь 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд туслах ажилтан, машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А. нь 1964 онд Хэнтий аймагт төрсөн. 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд туслах ажилтан, машинистаар тус тус ажиллаж байсан. Г.А-ийн дээрх хугацаанд ажиллаж байсан хугацаа нь баталгаажаагүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон авч байсан цалингийн түүвэр нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Г.А-ийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Г.А-гаас Б.Д-д олгосон итгэмжлэл (хх-ийн 3 тал),
2. Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
3. Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
4. Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1989 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт (хх-ийн 8-9 тал),
5. Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн завсрын ангийн даргын 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт (хх-ийн 10-12 тал),
6. Монгол-Зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгтгэл Бор-Өндөрийн уурхайн 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаартай тушаалын орчуулга (хх-ийн 13-14 тал),
7. Монгол-Зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгтгэл Бор-Өндөрийн уурхайн 1994 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай тушаалын орчуулга (хх-ийн 15-17 тал),
8. Монгол-Зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгтгэл Бор-Өндөрийн уурхайн 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 487 дугаартай тушаалын орчуулга (хх-ийн 18-20 тал),
9. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаартай тодорхойлолт (хх-ийн 21 тал),
10. Хүсэлт гаргагч Г.А-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22 тал),
11. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02/1271 дугаартай ...НАХЯ сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0119 дүгээр ангид алба хаагаад Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагдаж ирсэн гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал),
12. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8/118 дугаартай ...Хурхын сангийн аж ахуйн 1985-1988 оны санхүүгийн баримтад Г.А.д холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал),
13. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №246418 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25-29 тал),
14. Хүсэлт гаргагч Г.А.ийн нэр дээрх Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30 тал),
15. Гэрч Д.Д.ын шүүхэд өгсөн ...Г.А. нь 1985 онд цэргийн албанаас халагдаж ирээд Хурхын сангийн аж ахуйн эмээлийн цехэд туслах ажилтнаар ажилд орж 1988 оныг хүртэл ажилласан. Тухайн үед Хурхын сангийн аж ахуйн даргаар Ч гэдэг хүн ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 43 тал),
16. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-шавар будагч, ажилладаг байгууллага-Барилга засвар сантехникийн анги, ажилд орсон-1988 он, эрхэлдэг ажил-барилгачин (хх-ийн 45 тал) гэж,
17. Гэрч Д.Б.ын шүүхэд өгсөн ...Г.А. нь 1988 оны 8 дугаар сараас Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга засварын ангид барилгын ажилтнаар ажилд орж, 1992 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга засварын анги нь 1992 оны 2 дугаар сард хувьчлагдаж Оч хоршоо болсон... гэх мэдүүлэг (хх-ийн 46 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Г.А.н 1985-1988 онд Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1988-1992 Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид норомчноор, 1992-1997 онд Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8/118 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.А.тай хамт ажиллаж байсан гэх Д.Д., Д.Ба. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Д.Д. нь Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд, гэрч Д.Б. нь Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Дэ.н нэр дээрх Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 209 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Д.Б.ын нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.
Хавтаст хэргийн 13-20 дугаар хуудаст Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлийн Бор-Өндөрийн уурхайн орос хэл дээрх тушаалууд авагдсан бөгөөд тус тушаалуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх тул хэрэгт баримтаар үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Г.А.н 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул уг хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 1995 оноос эхлэн иргэн бүрийн нэр дээр нэрийн данс нээгдсэн бөгөөд хүсэлт гаргагч Г.А-ийн 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд ажиллаж байсан байдлын талаарх бичилт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаарх бичилт нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт /хх-ийн 25-29/ бичигдэж, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Г.А.г 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйд туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэлд Бор-Өндөрийн уурхайд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА