| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00140/И |
| Дугаар | 156/ШШ2024/00230 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00230
2024 05 06 156/ШШ2024/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00140/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х А Ц Г ,
Гуравдагч этгээд: Хэнтий аймгийн ........................ оршин суух, О.Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гуравдагч этгээд О.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х А Ц Г нь согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн ...................... тоотод оршин суух Б.О. нь 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүү О.Н.ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн О.Н.ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
2. Гуравдагч этгээд О.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээнд явлаа гэхэд миний бие эмчилгээг нь дийлэхгүй. Би өнгөрсөн хавар осолд ороод дэлүүгээ авахуулсан, элэгний тал байхгүй, нойр булчирхайн тал байхгүй, ходоодыг маань бас тайрсан. Эмчилгээ хийлгэлээ гэхэд тэр хүчтэй эм тариаг би дийлэхгүй. Би архины эмчилгээнд явмааргүй байна, архинаас гарч чадна гэдгээ амлаж байна. Өөрөө архинаас гарч чадна, эхнэр хүүхдүүд дээрээ очоод сайхан амьдарна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд Б.О.ийн өргөдөл, Хэнтий аймгийн Ц.Г-н 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 51/1012 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, Хэнтий аймгийн Ц Г 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудас, 000260716 дугаартай Хэнтий аймгийн Ц Г улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн О.Н-н Х А Ц Г т гаргаж өгсөн баталгаа, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн О.Н-ийн Х А Ц Г т гаргаж өгсөн баталгаа, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн НХЖХ Тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ч-ын бичсэн Илтгэх хуудас, О.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Ц Г-ын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, 2023.10.09-ний өдрийн Захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэл зэргийг баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х А Ц Г нь О.Н.ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тус тус зохицуулсан байх тул Х А Ц Г нь нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Шүүхээс тус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, О.Н-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд О.Н нь согтууруулах мансуурах донтой болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлт /хх-17/-ээр тогтоогдсон байна.
Гэвч тэрээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.О-ийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн гуравдагч этгээд О.Н өөрийн биеийн байдлаа гэрчлэхээр цамцаа сөхөж харуулахад харагдах байдлаар хагалгааны том шарх, соривтой, биеийн ихэнх хэсэгт тууралт өгсөн байдалтай харагдав.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ...захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдон харилцааг зохицуулахад оршино гэж заасан.
Хэрэгт цугларсан захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хайлтын системээс гаргасан материалаас /хх-ийн 24-29/ үзэхэд Л.Н нь 2011 оноос эхлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэн, архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа боловч 2022 оноос хойш эрүүлжүүлэгдээгүй, зөрчилд холбогдоогүй байдлаас нь дүгнэхэд тэрээр байнгын архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Мөн гуравдагч этгээд О.Н нь 2022 оноос хойш архидан согтуурч гэр бүлдээ амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил гаргахгүй байгаа болох нь албадан эмчилгээнд хамруулахыг хүсэж хүсэлт гаргасан этгээд буюу гэрч Б.О-н ...би О.Н-ий ээж, Цагдаагийн газраас О.Н г нэгдсэн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээнд хамруулья гэхэд нь тэг гээд хэлчихсэн юм. Тэрээр архи уудаг байсан одоо бие нь дийлэхээ больсон. Одоо хааяа нэг уухаараа орж ирээд унтаад өгдөг. Түүнд архины албадан эмчилгээ таарахгүй болсон. Тэрээр бие муутай гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн О.Н г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Хэнтий аймгийн Ц Г-ын О.Н-ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ц Г нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА