Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/73

 

                  

У.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,      

хохирогч Б.У,

шүүгдэгч У.Г,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108000001439 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Уийн Г, 1989 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, /РД:-/;

             урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ялыг биелүүлсэн;

            Шүүгдэгч У.Г нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын гадаа 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Уын толгой, нүүрэн тус газарт цохиж зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, язарсан шарх, завж, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч У.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцон 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Уын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг, хоол хүнсний зардал 357.960 төгрөг, нийт 1.557.960 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ггээс 2.077.033 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ут олгож, хохирогч Б.У нь дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, холбогдон гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.Ггээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие болсон явдалд маш их гэмшиж, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн зүгээс нотлох баримттай болон нотлох баримтгүй хохирлын мөнгө нэхэмжилсэн ч шүүхээс эмчилгээний 2.077.033 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хохирлыг төлнө. Би дахин гэмт хэрэгт огт холбогдохгүй. Би ам бүл зургуулаа, 4-өөс 12 насны 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эхнэр У нь “Тяньши” компанид хүний нөөцөөр ажилладаг. Миний бие “Ланд Бридж” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тээвэр зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд сарын 1.200.000 төгрөгийн цалин авдаг. ...Би солонгос хэлтэй бөгөөд ажлын хажуугаар хувиараа орчуулга хийдэг.

Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний амьдралд хүндээр тусч байгаа тул торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би 48 цаг ажиллаад 48 цаг амардаг ба амрах үеэрээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, ар гэрийн ажлаа зохицуулдаг. Эхнэр маань ажлын 5 өдөрт 8 цагаар ажилладаг тул миний бие нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэхэд ажлаасаа чөлөө авахад хэцүү байдалтай байна. Ажлаасаа халагдчихвал миний ар гэрийн амьдрал хэцүү нөхцөлд орох хүндрэлтэй байдал үүсэх болно. Миний бие цалингийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан ба сарын 550.000 төгрөгийг төлдөг. Эхнэр маань сарын 800.000 төгрөгийн цалинтай, зээлгүй. Би жинхлэхээр бол сарын 1.500.000 төгрөгийн цалинг 2022 оны 1 дүгээр сараас эхлэн авдаг болно. Иймд миний үр хүүхдүүдийн маань ирээдүйг бодолцож, ар гэрийн ахуй амьдралын хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж, хохирогчтой уулзаж уучлалт гуйж, өөрийнхөө амьдралыг ойлгуулж байсан болон хохирогчийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдсэнд талархаж байна. Тус хэргийг үйлдэгч У.Г нь жилийн жилд удаа дарааллан энэ хэргийг давтан үйлдэж олон иргэдийн эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө санхүү, цаг хугацаа, айдас, амьдралын хэвийн байдлыг өөрчилж өөрийн зугаа цэнгэл, баяр жаргалаа болгож яваад харамсалтай байна. Мөн надаас уучлалт гуйсан, хохирлоо төлнө хэмээн худал бичиж байгаад гайхаж байна. Шүүх хуралдаан явагдаж байхад шүүгчдэд “5 хоноод хохирлоо төлнө” гэсэн мөртлөө одоо болтол төлөөгүй ба хэлсэн амлалтад нь би итгэхгүй байна. Хэзээ ямар хэлбэрээр төлөх нь тодорхой бус байна. Миний бие одоогоор сайн бус байгаа. Хагалгаа, эмчилгээ хийлгэх мөнгөө хүнээс хүүтэй зээлээд одоог болтол төлөөгүй явж байна. У.Ггийн гомдлоор тэрээр эхнэр, хүүхэд, амьдрал ахуй нь хохирч байгаа хэлбэрээр бичиж байна. Хохирогч хүн хохиролгүй, гомдолгүй, амьдрал ахуй, гэр, орон байр, ажил хөдөлмөр байхгүй мэтээр ойлгогдож байна. Хохирогч би түүний ашиг сонирхол, зугаа цэнгэл биш. Миний ойлгож байгаагаар У.Г нь хүмүүсийг зодчихоод торгууль төлж яваад байж байх хүсэл сонирхолтой. Цаашид олон хүний эрүүл мэнд, амьдрал ахуй, мөнгө санхүүг хохироож тоглолт хийх хүсэл сонирхлын зарчимтай гэж харагдаж байна. Тэр хүн надад нэг төгрөг ч төлөөгүй, нэг ч удаа залгаагүй, нэг ч удаа биеийн байдлыг минь асуугаагүй. Ямар шалтгаанаар яаж гомдол гаргаж байгаад би маш их гайхаж байна. Миний ойлголтоор ял шийтгэлээ хөнгөрүүлж, хохирлын мөнгийг төлөхгүй зугтаах санаатай гэж бодож байна. Тухайн хэрэг гарахад хэргийн газраас зугтаан алга болж, улмаар эрэн сурвалжлагдан олдож баригдсан. Мөн хохирогч би одоог болтол ажилгүй, машин унаж орлого олох боломжгүй, байр, орон сууц, эрүүл мэнд, амьдрал ахуйгаа авч явах боломжгүй байна. Түүнчлэн, У.Ггийн гомдлоор амьдрал нь хүндрэн хэцүүдэж, хохирогч Б.У нь зүгээр, жаргалтай явж байгаа мэт харагдаж байна. Тэр хүн над руу нэг ч удаа яриагүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1165 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал, хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч У.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч У.Ггийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч У.Г нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын гадаа 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Уын толгой, нүүрэн тус газарт цохиж зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, язарсан шарх, завж, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Уын “…Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ны шөнө танил хүнийг Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын уулзвар дээр хүргэж өгчихөөд гэр лүү такси барихаар алхаж байтал гэнэт цагаан өнгийн “Toyota prius 30” загварын 57-14 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, 30 орчим насны 175-180 орчим өндөр, цагаан цамцтай үл таних эрэгтэй хүн үг хэлэх сөхөөгүй дайран эхлээд гараараа нүүр хэсэг рүү 3-аас 4 удаа, дараа нь гартаа юм барьчихсан миний толгойн ар дагз хэсэг рүү цохисон. Тухайн үед миний толгой маш их өвдөж, манаралтын байдалд орж газарт уначихсан байсан. Миний бие бөөрний хагалгаанд орж байсан учир хагалгаагаа даран хэвтэж байсан. Гэтэл тэр эрэгтэйн эхнэр нь цаанаас ирэн нөхөртөө хандан “наад хүн чинь биш өөр согтуу хүмүүс байгаа” гэх зэргээр орилсон бөгөөд эхнэр нь цааш яваад өгсөн. Тэгээд үл таних залуу эхнэрийнхээ араас яваад хэсэг ярилцсаны дараа буцаж над дээр ирэн миний хувцаснаас чирэн машин руугаа оруулах гэж байсан. Тэгэхдээ “машинд орж байгаад ярилцъя хөгшөөн, андуурсан байна” гэж хэлж байсан. Тэгээд машинтай залуу зугтаагаад явснаас 20 орчим минутын дараа цагдаагаас хүмүүс ирсэн. …Намайг зодсон У.Г гэх залуу миний хохирол, нөхөн төлбөр барагдуулсан асуудал байхгүй, яаралтай эм тарианыхаа мөнгийг гаргуулан авмаар байна. Одоо миний зүгээс гаргасан зардал 2.500.000 орчим төгрөг гарсан байгаа. Нийтдээ 5.000.000 орчим төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна, яаралтай хохирлоо барагдуулмаар байна. …” /хх 8-9,11/,

гэрч М.Угийн: “…Би айсандаа өөрийн нөхөр болох Гд гар утсаараа захидал илгээж араас хүн дагаад байна гэж хэлсэн. Манай нөхөр удалгүй “Мираж” нэртэй зочид буудлын замын эсрэг талд үеэл дүү Гансүхийн автомашинтай ирсэн. Тэгсэн тэр үед 21 дүгээр хорооллын орчим буюу ертөнцийн зүгээр хойд зүгээс эрэгтэй хүн мөн ирж байсан. Манай нөхөр миний араас дагасан хүн гэж тэр хүнийг бодоод шууд зодоод эхэлсэн. Би нөхөр Гд зодож байгаа хүн нь биш гэж хэлсэн. Тэгсэн нөгөө зодуулсан хүн нь “би хагалгаанд орсон хүн” гэж орилоод байсан. Би нөхөртэйгөө маргалдсан байсан болохоор шууд найзынхаа гэр лүү яваад өгсөн. Манай нөхөр бол тэр зодуулсан хүн нь хамтдаа “Мираж” зочид буудлын гадаа үлдсэн. ...” /хх 14-15/,

У.Ггийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би өөрийн унаж явсан цагаан өнгийн “Toyota prius 30” загварын 57-14 УАК улсын дугаартай автомашинаа “Мираж” нэртэй зочид буудлын эсрэг талд байрлуулаад манай эхнэрийн хажууд явж байсан эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэгт 5 удаа цохисон. Тэр хүн надад хэлэхдээ “би хагалгаанд орсон хүн, чи хүн андуураад байна” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр тэр хүнийг “намайг дагасан хүн биш” гэж хэлж байсан. Би их уурласан болохоор өөрийгөө зогсоож дийлээгүй. ...” /хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Уын биед баруун нүдний ухархай дотор, доод ханын гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, язарсан шарх, завж, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 8914 дугаартай дүгнэлт /хх 30-32/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд У.Ггийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч У.Г нь хохирогч Б.Уыг өөрийн найз охин М.Уг дагасан гэх хүнтэй андуурч нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Ггийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч У.Ггийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ