Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00233

 

2023 05 06 156/ШШ2024/00233

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00169/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ................оршин суух, Боржигон овогт Ш.И.

Хариуцагч: Хэнтий аймгийн ............. оршин суух, Хэрээд овогт Б.О.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Ш.И нь хариуцагч Б.О д холбогдуулан гэм хорын хохирол 1,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ш.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биед иргэн Б.О нь гэмтэл учруулж, эмнэлгийн байгууллагаар 10 хоног хэвтэж эмчлүүлж, эм, тариа, сорвины тосоо өөрийн зардлаар авч байсан ба хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан билээ. Миний биед гэмтэл учруулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/264 тоот тогтоол гарсан. Энэ хэргийг шийдвэрлэх үед миний ажиллаж байсан Хэнтий Ус ХХК нийгмийн даатгалын шимтгэлийг маань бүрэн төлж дуусаагүй байсан. Мөн хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхойгүй байна гэх шалтгаанаар ажилгүй байсан хугацааны 1,500,000 төгрөгийн цалинг шүүгдэгч Б.О гаас гаргуулах боломжгүй гэсэн. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эмчилгээний зардал 500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 650,000 төгрөгийг Б.О гаас гаргуулж өгнө үү. Одоогоор миний бие ажилгүй, эхнэр ажилгүй, аж амьдрал хүнд байна гэжээ.

3. Хариуцагч Б.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,150,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Ш.И нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.О нь 1,150,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.И ын хариуцагч Б.О д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,150,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.И ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь 1,150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Хариуцагч Б.О гийн 1,150,000 төгрөг төлөх тухай тайлбарыг нэхэмжлэгч Ш.И нь хүлээн зөвшөөрсөн болно.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Б.О нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 зааснаар нэхэмжлэгч нь 1,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.О гаас 1,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөгийн тал хувь болох 16,075 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.И ын нэхэмжилсэн 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ш.И нь 1,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.О гаас 1,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөгийн тал хувь 16,075 /арван зургаан мянга далан тав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА