2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/967

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч З.Бат-амгалан /СХД/,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С*******овогт А******* Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэнэ гэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *******, Баянзүрх дүүргийн *******од бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 69-р сургуулийн ард байрлах нийтийн байрны 6 тоотод түр оршин суух, урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С*******овгийн А******* Б*******, регистрийн дугаар /*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь зохиомол байдлыг зориудаар бий болгон фейсбүүк цахим орчинд "Mobile legend" тоглоомын аккаунт зарна хэмээх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч Т.О*******Д.Х******* нарыг хуурч 550,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй "Хаан” банк дахь 5*******тоот дансаар шилжүүлэн авч залилсан, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Э.Э*******ийг Сонгинохайрхан дүүргийн *******тоот гэртээ байхад нь фейсбүүкээр "мобайл леженд аккаунт зарна" зар оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5******* тоот дансаар 180,000 төгрөгийг шилжүүлэн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Т.Г*******ийг Сонгинохайрхан дүүргийн *******, Содон хороололд байхад нь фейсбүүкээр "мобайл леженд аккаунт зарна" зар оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5******* тоот дансаар 250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ч.Ц*******г Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт байхад нь 2 фейсбүүкээр "мобайл леженд аккаунт зарна" зар оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5******* тоот дансаар 150,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.А*******г Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Кристал таун 804-703 тоот гэртээ байхад нь фейсбүүкээр "мобайл леженд аккаунт зарна" зар оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5******* тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ө.А*******г Сонгинохайрхан дүүргийн *******, Содон хорооллын *******тоот гэртээ байхад нь фейсбүүкээр "баталгаат аккаунт зарж байгаа" зар оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5******* тоот дансаар 80,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдэж, 7 иргэнд нийт 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......Тэр үед буруу замаар орсон. Хоол ундны мөнгөгүй болоод ийм үйлдэл хийсэн. Өөр үйлдэл надад байхгүй.  Би ажилд орсон, аванзаа аваад хохирлоо бүгдийг төлсөн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч ************** нь“......” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч ************** нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж фейсбүүк цахим орчинд "Mobile legend" тоглоомын аккаунт зарна хэмээх хуурамч зарыг байршуулан:

- насанд хүрээгүй хохирогч Т.О*******Д.Х******* нараас 550,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй "Хаан” банк дахь 5*******тоот дансаар шилжүүлэн авсан,

-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******тоот хохирогч Э.Э*******ээс  шилжүүлсэн 180,000 төгрөгийг Хаан банкны 5******* тоот дансаар авсан,

- 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Т.Г*******ийг Сонгинохайрхан дүүргийн *******, Содон хороололд байхдаа шилжүүлсэн 250,000 төгрөгийг Хаан банкны 5******* тоот дансаар авсан,

- 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Ч.Ц*******г Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт байхдаа  шилжүүлсэн 150,000 төгрөгийг Хаан банкны 5******* тоот дансаар авсан,

-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.А*******г Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Кристал таун 804-703 тоот гэртээ байхдаа 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 100,000 төгрөгийг Хаан банкны 5******* тоот дансаар авсан,

 -2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ө.А*******г Сонгинохайрхан дүүргийн *******, Содон хорооллын *******тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 80,000 төгрөгийг Хаан банкны 5******* тоот дансаар авч,  7 иргэнд нийт 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Т.О*******Д.Х******* нарын цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан гомдол: “... Төрмөнх овогтой О******* (*******) Долгорсүрэн овогтой Х******* (*******) бид хоёр онлайнаар 550,000 төгрөгөөр аккаунт худалдаж авахаар Б******* гэх хүний 5******* дансанд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 01 цаг 15 минутад шилжүүлсэн билээ. Улмаар Б******* гэдэг хүн Фейсбүүк чатаа хааж блоклосон ба одоогийн байдлаар холбогдох боломжгүй болсон. Иймээс бид хоёр цахим залилангийн хохирогч болсон байна. Бид хоёр гомдолтой байгаа тул уг хүнийг хууль ёсны дагуу шалгаж тогтоогоод, бид хоёрыг хохиролгүй болгож өгнө үү.” гэх гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал),

 

2. Насанд хүрээгүй хохирогч Т.О*******гийн: “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед би өөрийн найз Х*******аагийн гэрт хоол хийх гэж очсон юм. Би тэдний гэрт фейсбүүк ухаж байж байгаад гар утасны Мобайл леженд тоглоомын аккаунт хүнээс худалдаж авдаг юм уу гэж бодоод энэ санаагаа найз Х*******д хэлсэн. Харин Х******* уг саналыг сонсоод тэгвэл миний мобайл леженд аккаунтыг бартер хийвэл арай хямдхан бас сайн аккаунт авч чадах юм биш үү гэсэн санал гаргасан. Бид хоёр нийлж аккаунт авахаар болоод Х*******аа өөрийн фейсбүүкээрээ “MOBILE LEGENDS: Mongolia official group" нэртэй групп доторх пост уншиж байгаад 550,000 төгрөгөөр мобайл лежендийн аккаунт зарна гэж ханз үсгээр бичсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч оруулсан байсан. Тухайн хэрэглэгч рүү Х*******аа чат бичээд надад ийм аккаунт байгаа гээд өөрийн аккаунтынхаа зургийг дараад явуулсан. Тэр хоёр тохиролцож чадаагүй учир Х*******аагийн аккаунтыг тулахаа болиод 550,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон, тухайн хүн данс асуутал Хаан банкны 5*******тоот дансыг өгсөн. Би өөрөөсөө 400,000 төгрөг гаргасан, харин Х*******аа 150,000 төгрөгийг гаргасан. Тэгээд би ээжийн Капитрон банкны 3******* тоот дансаараа 2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цаг 16 минутад Хаан банкны 5*******тоот данс руу 550,000 төгрөг шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа 5-10 минутын дараа Х*******ааг фейсбүүкээр блок хийсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаад өргөдөл гаргаж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

3. Насанд хүрээгүй хохирогч Д.Х*******ы: “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө би Орхон аймгийн Б*******сум, ******* гэртээ найз Т.О*******гийн хамт амарч байхдаа фейсбүүк цахим сүлжээнд “Мобайл леженд" зарна гэсэн утга бүхий пост байхаар нь тухайн фейсбүүк эзэмшигчтэй би өөрийн фейсбүүк чатаар холбогдож хэдэн төгрөгөөр аккаунт зарж байгаа талаар асуутал 550,000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нь би өөрийн найз Т.О*******тэй ярилцаж тухайн аккаунтыг худалдаж аваад мөнгө нэмээд зарж борлуулахаар тохиролцоод миний мөнгө хүрэлцэхгүй байсан тул би өөрийн Мопрау аппликейшны ******* данснаас 150,000 төгрөгийг Т.О*******гийн ээжийнх нь Капитрон банкны 3******* тоот данс руу “mni hairt and” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд манай найз Т.О******* өөрт байсан 400.000 төгрөг дээрээ миний шилжүүлсэн 150.000 төгрөгийг нэмээд нийт 550.000 төгрөгийг фейсбуук-д зар байршуулсан ул таних хүний чатаар ирүүлсэн Хаан банкны Алтанцэцэг Б******* эзэмшигчтэй 5*******тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд найз Т.О******* бид 2 худалдаж авсан Мобайл леженд тоглоомын аккаунтын нэвтрэх нэр, нууц кодыг авах гэтэл миний болон найзын фейсбүүк хаягийг блок хийгээд алга болчихсон юм. Тухайн хүнд шилжүүлсэн 550,000 төгрөгийн 150,000 төгрөгийг би гаргасан. Харин манай найз Т.О******* 400,000 төгрөгийг гаргасан юм. Надад нийт 150,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь тал),

 

4.Насанд хүрээгүй хохирогч Т.О*******гийн хууль ёсны төлөөлөгч С.Х*******аагийн "Капитрон" банк дахь ************** тоот харилцах дансны хуулга: "Хаан" банк дахь **************гийн эзэмшлийн 5*******тоот данс руу 550,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. (Нэгдүгээр хавтаст хэргийн 109 дэх тал),

 

5. Хаан банк дахь **************гийн эзэмшлийн 5*******тоот дансны  хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11, 115 дахь тал),

 

6.Хохирогч Э.Э*******ийн “...Би 2024 оны 06 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******гэртээ байхдаа фейсбүүк цахим сүлжээнд "Мобайл леженд" аккаунт зарна гэсэн утгатай пост оруулсан байхаар нь чатаар холбогдож аккаунт худалдан авахаар болоод би тухайн фейсбүүк эзэмшигчийн чатаар явуулсан Хаан банкны Алтанцэцэг Б******* эзэмшигчтэй 5******* тоот дугаарын данс руу өөрийн Голомт банкны 1******* тоот данснаас 180,000 төгрөг "НОBIN 80061039" rэх гүйлгээний утгатай шилжүүлээд чатаар худалдаж авсан "Мобайл леженд" аккаунтын нэвтрэх нэр, нууц кодыг асуутал намайг блок хийж өөртэйгөө харилцах боломжгүй болгосон. Тэгээд би тухайн фейсбүүк эзэмшигчтэй дахин холбоо барьж чадаагүй, өөрийгөө залилуулсан талаар мэдсэн..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дэх тал),

 

7.Хохирогч Э.Э*******ийн эзэмшлийн Голомт банкны 1******* тоот дансны хуулга: "Хаан" банк дахь **************гийн эзэмшлийн 5******* тоот данс руу 180,000 төгрөг шилжүүлсэн талаар (1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал),

 

8. Насанд хүрээгүй хохирогч Т.Г*******ийн "... Би 2024 оны 07 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк цахим сүлжээнд "Мобайл леженд" аккаунт зарна гэсэн утгатай пост оруулсан байхаар нь чатаар холбогдож аккаунт худалдан авахаар болоод би тухайн фейсбүүк эзэмшигчийн чатаар явуулсан Хаан банкны Алтанцэцэг Б******* эзэмшигчтэй 5******* тоот дугаарын данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4******* тоот данснаас 250,000 төгрөгийн "Г******* Тогтохбаатар" гэх гүйлгээний утгатай шилжүүлээд чатаар худалдаж авсан "Мобайл леженд" аккаунтын нэвтрэх нэр, нууц кодыг асуутал намайг блок хийж өөртэйгөө харилцах боломжгүй болгосон. Тэгээд би тухайн фейсбүүк эзэмшигчтэй дахин холбоо барьж чадаагүй." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-171 дэх тал),

 

9.Насанд хүрээгүй хохирогч Т.Г*******ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4******* тоот дансны хуулга: "Хаан" банк дахь **************гийн эзэмшлийн 5******* тоот данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн талаар (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),

 

10. Насанд хүрээгүй хохирогч Ч.Ц*******гийн "...Би 2024 оны 07 сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк цахим сүлжээнд "Мобайл леженд" аккаунт зарна гэсэн утгатай пост оруулсан байхаар нь чатаар холбогдож аккаунт Худалдан авахаар болоод би тухайн фейсбүүк эзэмшигчийн чатаар явуулсан Хаан банкны Алтанцэцэг Б******* эзэмшигчтэй 5******* тоот дугаарын данс руу өөрийн Голомт банкны 1******* тоот данснаас 150,000 төгрөгийг "FREY KUN ACCOUNT" гэх гүйлгээний утгатай шилжүүлээд чатаар худалдаж авсан "Мобайл леженд" аккаунтын нэвтрэх нэр, нууц кодыг асуутал намайг блок хийж өөртэйгөө харилцах боломжгүй болгосон. Тэгээд би тухайн фейсбүүк эзэмшигчтэй дахин холбоо барьж чадаагүй. Би гомдолтой байна, 150,000 төгрөгөө нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 193-196 дахь тал),

 

11.Насанд хүрээгүй хохирогч Ч.Ц*******гийн эзэмшлийн Голомт банкны 1******* тоот дансны хуулга: "Хаан" банк дахь **************гийн эзэмшлийн 5******* тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн талаар (1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал),

 

12. Хохирогч А.А*******н "... Би 2024 оны 07 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Кристал таун 804-703 тоот гэртээ байхдаа фейсбүүк цахим сүлжээнд "Мобайл леженд" аккаунт зарна гэсэн утгатай пост оруулсан байхаар нь чатаар холбогдож аккаунт худалдан авахаар болоод би тухайн фейсбүүк эзэмшигчийн чатаар явуулсан Хаан банкны Алтанцэцэг Б******* эзэмшигчтэй 5******* тоот дугаарын данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4******* тоот данснаас 50,000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 100,000 төгрөг "Алтангэрэл А*******" гэх гүйлгээний утгатай шилжүүлээд чатаар худалдаж авсан "Мобайл леженд" аккаунтын нэвтрэх нэр, нууц кодыг асуутал намайг блок хийж өөртэйгөө харилцах боломжгүй болгосон. Тэгээд би тухай фейсбүүк эзэмшигчтэй дахин холбоо барьж талаар мэдсэн. Би 100,000 төгрөгөө нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал),

 

13. Хохирогч А.А******* эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4******* тоот дансны хуулга: "Хаан" банк дахь **************гийн эзэмшлийн 5******* тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн талаар (1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал),

 

14. Хохирогч Ө.А*******н "...2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн *******, Содон хороолол *******тоот гэртээ амарч байхдаа фейсбүүк үзэж байтал "Mobile legend Mongolia" гэсэн пейж хуудсан дээр гадаад нэртэй фейсбүүк хаягаас "Batalgat Account zarch bga shu" гэсэн пост байхаар нь би хувь чат бичиж хэдэн төгрөгт зарах талаар асуутал 80,000 төгрөг гэж байсан. Тэгээд би худалдаж авахаар болоод түүний явуулсан Хаан банкны 5******* Б******* Алтанцэцэг гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5******* дугаарын данснаас 80,000 төгрөг шилжүүлээд хэсэг хугацааны дараа худалдаж авсан аккаунтынхаа нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн е-майл хаягаар авах гэтэл тухайн фейсбүүк эзэмшигч намайг блок хийгээд өөртэй нь харилцах боломжгүй болгосон байсан. Тэгээд би өөрийгөө залуулсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би шилжүүлсэн 80,000 төгрөгөө буцааж авмаар байна.." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал),

 

15.Хохирогч Ө.А*******гаас хэрэгт хавсаргуулсан фейсбүүкээр харилцсан бичвэрийн хуулбар, Хаан банк дахь **************гийн 5******* тоот данс руу 80.000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэх хуулга (2 дугаар хавтаст хэргийн 7-16, 17-19 дэх тал),

 

16. "Хаан" банк дахь яллагдагч **************гийн 5******* тоот дансны дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 26-27, 45-47 дахь тал),

 

17. Хаан банк дахь **************гийн эзэмшлийн 5*******, 5******* тоот дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 17-18, 52-54, 2 дугаар хавтаст хэргийн  48-51, 52-54 дэх тал),

 

18. Шүүгдэгч **************гийн: "... Би тухайн үед гадаад нэртэй хуурамч фейсбүүк ашигладаг байсан бөгөөд "Batalgat Account Zarch bga shu" гэж пост оруулаад надтай чатаар холбогдсон хүмүүст өөрийн нэр дээрх дансны дугаараа явуулаад мөнгийг нь авдаг байсан. Тэгээд мөнгө авсныхаа дараа надтай харилцсан фейсбүүкийг хаягийг блок хийгээд өөртэйгөө харилцах боломжгүй болгодог байсан. Би энэ үйлдлийн аргаар хэд хэдэн хүнийг хуурч мөнгийг нь өөрийн нэр дээрх хаан банкны данснууд руу авч өөрийн хувийн хэрэгцээ болон түрээсийн байрны мөнгө, хоол унданд зарцуулаад дуусгасан. Би одоо 5******* гэсэн данснаас бусад данс болон гадаад нэртэй хуурамч фейсбүүк хаягаа устгасан байгаа. Би бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хэргээ түргэн шийдүүлэх хүсэлттэй байна. Би хэн нэгэнтэй хамтарсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137, 160, 2 дугаар хавтаст хэргийн 3-5, 104-105 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.

Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин  халдлагын зүйл нь  мөнгө, бараа, материаллаг  үнэт зүйлс ... байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч ************** нь цахим хэрэгсэлд гадаад нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээж, улмаар уг хаягтаа "Batalgat Account Zarch bga shu" гэсэн зарыг байршуулснаар тухайн зүйлийг хайж, сонирхож байсан хүмүүс болох дээрх нэр бүхий 7 хохирогч нь түүнтэй харилцаж эхэлсэн байх ба тэрээр эдгээр хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар худал мэдээллээ өгч, улмаар хохирогч нараас мөнгө шилжүүлэн авсан даруй хохирогч нарыг хаягийг устгадаг, блоколдог арга барилтай, нөгөө талаас хохирогч нар нь таньж мэдэхгүй хүнтэй холбогдож шүүгдэгчийн худал мэдээлэлд нь итгэн мөнгө шилжүүлсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь нийт 6 удаагийн үйлдлээр 1,310,000 төгрөгийг хохирогч нараас шилжүүлснийг өөртөө авч хууль ёсны шударга өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж хохирол учруулсан уг үйлдлийг “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

            Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.О*******д 400,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Д.Х*******д 150,000 төгрөгийн, хохирогч Э.Э*******эд 180,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Т.Г*******ид 250,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Ч.Ц*******д 150,000 төгрөгийн, хохирогч А.А*******д 100,000 төгрөгийн, хохирогч Ө.А*******д 80,000 төгрөгийн буюу нийт 1,310,000 төгрөгийн хохирол учирсан.

            Шүүгдэгч ************** нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх нэр бүхий хохирогч нарт хохирлын мөнгийг төлж барагдуулсан, хохирогч нар сэтгэцэд учирсан хор  уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй. (2 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал)

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногт төлүүлэх тухай” дүгнэлтийг,

            Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /...ОСНААГ-т засварчнаар ажиллаж байгаа, гэмшиж буй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С*******овогт А******* Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ