Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/72

 

    

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Уянга, 

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч С.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох 2111005000702 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Гын Б, 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт -од оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд - гэртээ фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээ ашиглан, шууд бичлэг хийж, ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, бусдаас нэг тоглолтын 10.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5731038200 дугаар бүхий дансаар шилжүүлэн авч нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Гын Бг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, энэ хэргийн улмаас цагдан хорих хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.891.500 төгрөгийг шүүгдэгч Г.Бгаас албадан гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч С.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь эхний байцаалтаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан ба гэм буруу дээр маргадаггүй. Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Бг “...ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, 5.891.500 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн. ...” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан /хх-55/ “Хаан” банкны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга хоорондоо зөрүүтэй байдаг. Тохиолдлын байдлаар сонгон доорх хоёр өдрийн дансны хуулгыг дансанд үзлэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байгаа эсэхийг үзэхэд хавтас хэргийн /хх-33/ дугаар хуудсанд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 70 удаагийн гүйлгээгээр 1.700.000 төгрөгийн орлого орсон нь дээрх үзлэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байгаа боловч 18 удаагийн гүйлгээгээр 1.290.000 төгрөгийн зарлага гарсан байхад 13 удаагийн гүйлгээгээр 1.081.000 төгрөгийг зарлага гэсэн нь 200.000 гаруй төгрөгийн зөрүү, хавтас хэргийн /хх-49/ дугаар хуудсанд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гүйлгээг нэг бүрчлэн түүж тооцоход 63 удаагийн гүйлгээгээр 1.761.500 төгрөгийн орлого орж, 18 удаагийн гүйлгээгээр 1.110.000 төгрөгийн зарлага гарсан байхад дээрх тэмдэглэлд “61 удаагийн гүйлгээгээр 1.485.000 төгрөгийн орлого орж, 16 удаагийн гүйлгээгээр 1.080.000 төгрөгийн зарлага гарсан” гэсэн нь орлого 276.500 төгрөгөөр дутуу, зарлага нь 20.000 төгрөгөөр дутуу бичигдсэн байна. Зөвхөн хоёр өдрийн гүйлгээ гэхэд ийм зөрүүтэй байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын тооцоо зөрүүтэй 5.891.500 төгрөгийн ашиг олоогүй гэдгийг нотлох баримтад үндэслэж хэлсэн боловч шүүх анхаарч үзэлгүй “...Г.Б нь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдэж нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдож байна. ...” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлын тооцоог он, сар, өдрөөр нь бүрэн тооцож гаргасан. 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд хийсэн нийт гүйлгээг шүүгдэгч Г.Бгийн Хаан банкны дансны хуулгаар тооцож гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд - гэртээ фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээ ашиглан, шууд бичлэг хийж, ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, бусдаас нэг тоглолтын 10.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5731038200 дугаар бүхий дансаар шилжүүлэн авч нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч В.Сын “...Өөрийнхөө гар утсаар фейсбүүкийнхээ мэдээллийг шалгаж байтал покер буюу техас тоглоом тоглуулж байгаа лайв шууд бичлэг явж байсан юм. Тэгээд би шууд бичлэг рүү ороход 6 хүний суудалтай өөрийнхөө дансыг доор нь биччихсэн “аз ёндоогоо үзээрэй” гээд нэг эмэгтэй тоглуулж байхаар нь би чат бичээд “суудал байна уу” гэхэд “суудал байгаа доор бичсэн байгаа данс руу мөнгө явуулаад орж ирээд суудалдаа суугаарай” гээд байхаар нь би 5731038200 тоот данс руу эхлээд 20.000 төгрөг интернет банкаар шилжүүлээд ser ochir 2 гээд гүйлгээний утга дээр нь бичиж явуулаад шууд бичлэг рүүгээ орох гэсэн чинь гацаад орохгүй байсан. Удахгүй миний данс руу 20.000 төгрөг буцаагаад мөнгийг маань явуулчихсан байсан. Тэгээд би фейсбүүкийнхээ мэдээллээ дахин шалгаад байж байтал нөгөө бичлэг явж байхаар нь данс руу нь 30.000 төгрөг шилжүүлж тоглоод хожигдсон. … /хх 21-22/,

гэрч Б.Хгийн “...Тэгээд би бичлэг рүү нь ороход 6 хүний суудалтай нэг эмэгтэй хүн “аз ёндоогоо үзээрэй” гээд дансаа биччихсэн байсан. Тэгээд би тоглох гээд уг данс руу нь 10.000 төгрөг шилжүүлсэн. Нэг удаа тоглоод хожигдоод гараад явчихсан. …” /хх 23/,

гэрч Х.Бын “...Лайваар шууд покер тоглож байсныг санаж байна. Тэгээд би бас тоглож үзэх санаатай 5731038200 тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн юм. Гүйлгээний утга дээр нь “Baaska 5” гэж хийсэн санагдаж байна. Тэгээд би тоглоогүй орхиод гарсан юм. Тэгээд хэзээ хийснийг нь санахгүй байна буцаалт гээд 5731038200 тоот данснаас 30.000 төгрөг орж ирсэн. Фейсбүүк дээр ганц эмэгтэй л яриад байсан хамт хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. ...” /хх 28-29/,

Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл покер буюу техас тоглоомыг ганцаараа тоглуулсан. ...Би нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон ба тухайн мөнгийг банк бусад машины зээл гээд 14.000.000 төгрөгийн өртэй байсан учраас өгсөн, бас өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /хх 105-106/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Бгийн Хаан банкны 5731038200 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-98/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдсон, шүүгдэгч Г.Бгийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Бгийн фэйсбүүк мэдээллийн технологи буюу олон нийтийн сүлжээ ашиглан, шууд бичлэг хийж, ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, бусдаас тодорхой хэмжээний мөнгө авч тоглуулан ашиг олсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч С.Батжаргал “...Г.Бгийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр “нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би нийт 5.891.500 төгрөгийн ашиг олсон...” гэсэн мэдүүлэг /хх 105-106/, түүний дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр дээрх гэмт хэргийн улмаас түүний дансанд нийт 26.416.000 төгрөгийн орлого олсон ба үүнээс 19.624.500 төгрөгийг “az, yondoo, orlogo” гэх утгаар, 900.000 төгрөгийг “butsaalt” гэх утгаар тус тус шилжүүлэн 5.891.500 төгрөгийг бусдад буцаан өгөлгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, ашиг олсон болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч С.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ