Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 67

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Сүхболдод холбогдох эрүүгийн 1704000180002 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                Т.Сүхболд нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Korea Air” ХХК-нд усалгаачин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суух, 2007 оны 12 сарын 3-ны өдөр Багануур дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овгийн Төрбатын Сүхболд /РД:УЮ87101717/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.Сүхболд нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Д.Баттөмөртэй “таксины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Сүхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2017 оны 7 сарын 13-ны орой 23 цагийн үед Багануур дүүрэг 4 дүгээр хороо Байдлагын 5 дугаар гудамжны 9 тоот руу хохирогч Баттөмөр нь таксигаар хүргүүлсэн. Баттөмөр нь таксины 3000 төгрөгний оронд архи уучих, мөнгө байхгүй гэснээс болж бид хоорондоо хашаанд дотор маргалдсан. Тэгээд Баттөмөр цаашаа явж байсан намайг эргээд харахад нэг мод бариад ирж байсан. Тэгэхээр нь би намайг модоор цохих гэж байна гэж бодоод түүнийг түлхэж унагаад зугтаад явсан. Би эхнэртэйгээ хамт явж байсан. Би хохирогчид 500.000 төгрөгийн эмчилгээний зардал төлөхөөр харилцан тохирсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

                             

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баттөмөрийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 9 тоот өөрийн гэртээ найз Одко, Төвшөө нарын хамтаар 2.5 литрийн 3 том савтай пиво ууцгаасан. Тэгээд би орой нь 23 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гарч Байдлаг руу явдаг автобусны буудал дээрээс такси бариад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байр луу найзаасаа мөнгө авахаар очтол манай найз гэртээ байхгүй болохоор нь нөгөө таксигаараа гэртээ хүргүүлсэн. Гэрийн гадаа очиход таксины жолооч 3000 төгрөг гарсан гэхээр нь тухайн үед би мөнгөгүй байсан учраас маргааш ирээд авчих гэсэн чинь тийм юм байхгүй гээд уурласан. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад би таксинаас буугаад хашаагаа онгойлгоод хашааруугаа орсон чинь нохой оруулахгүй гээд хаалга таглаж тавьдаг мод байрнаасаа хөдөлчихсөн байхаар нь буцаагаад хийх гээд уг модыг аваад хашааны хаалга руу буцаад эргэтэл таксины жолоочийн хажууд сууж явсан Сүхболд гэх залуу өөдөөс ирээд намайг түлхээд унагаасан. Би унахдаа барьж явсан модоо нүүрэн дээрээсээ алдсан. Тэгээд Сүхболд ч шууд хашаанаас гараад явсан, тэгэхээр нь би гэртээ ороод байж байтал миний нүүр хавдчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний зүүн талын хацар яс зөрүүгүй хугаралтай байна гэсэн. Өөрөөр гэмтэл бэртэл байхгүй. Сүхболдын хувьд намайг мод бариад явж байхыг хараад өөрийг нь цохих гэж байна гэж бодсон юм уу намайг хойш нь түлхэж унагаахад би барьж байсан модоо нүүрэн дээрээ алдаж гэмтсэн. Өөрөөр Сүхболд бид хоёр биенийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, Сүхболд миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож наториатаар баталгаажуулж гарын үсэг зурсан, надаас уучлалт гуйсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхчимэгийн мэдүүлсэн:”...2017 оны 7 дугаар сарын 13-ны өглөө манай дүү над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ утас руу залгатал манай дүү Баттөмөр хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь очоод юу болсныг асуусан чинь намайг таксины жолооч зодчихлоо гээд зүүн талын хацар нь хавдчихсан байж байсан. Таксинд явдаг Улаанаа гэдэг ах модны тайрдасаар цохьсон гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн №09шэ/185 дугаартай дүгнэлтэд: ”Д.Баттөмөрийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүндэвтэр хохирлын зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 15/,

 

Эвлэрлийн гэрээнд “шүүгдэгч Т.Сүхболд нь хохирогч Д.Баттөмөрийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч, гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 27/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “14.5 сантиметр диаметртэй, 58 сантиметр өндөртэй модны тайрдасыг эд мөрийн баримтаар тооцсон” гэсэн тогтоол /хх-н 8/

 

Т.Сүхболд нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлт /хх-н 8/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/185 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

     Шүүгдэгч Т.Сүхболд нь  2017 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 5 дугаар гудамжны 9 тоот хашаан дотор иргэн Д.Баттөмөртэй “таксины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж улмаар хохирогчийг мод тэврээд явж байхад нь түлхэж унагаан түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “Баттөмөрийг мод тэврээд ирж байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод түүнийг түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.Баттөмөрийн мэдүүлсэн “мод аваад хашааны хаалга руу буцаад эргэтэл таксины жолоочийн хажууд сууж явсан Сүхболд гэх залуу өөдөөс ирээд намайг түлхээд унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-12/, гэрч Б.Мөнхчимэгийн “манай дүү Баттөмөр таксинд явдаг Улаанаа гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 09 шэ/185 тоот актын “Д.Баттөмөрийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хүндэвтэр хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 15/, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нарын дунд таксины мөнгөний асуудлаас болж хэрүүл маргаан үүсч улмаар шүүгдэгч нь хохирогч Сүхболдыг түлхсэн, хохирогч нь газар ойчихдоо тэвэрч явсан модоо нүүрэн тус газартаа унагаасны улмаас түүний биед хүндэвтэр хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Т.Сүхболд нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандаж, улмаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдов.

      Иймд Т.Сүхболдыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад “хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины мөнгөө төлөөгүй үйлдэл” нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

Прокуророос яллагдагч Т.Сүхболдыг хоёр зуун дөчин нэгэн /241/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасныг яллагдагч зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Т.Сүхболд нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаар хохирогчтой эвлэрч, тохирсон талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 27 дугаар хуудас/

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.Сүхболдыг хоёр зуун дөчин нэгэн /241/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино. Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 67/

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Төрбатын Сүхболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Төрбатын Сүхболдыг 241/ хоёр зуун дөчин нэгэн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Т.Сүхболдод мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар Т.Сүхболдоос хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Баттөмөрт олгосугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Сүхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14.5 сантиметр диаметртэй, 58 сантиметр өндөртэй модны тайрдасыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Баттөмөрт буцаан олгосугай.
  8. Т.Сүхболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА