Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0669

     2023            09          08                                      128/ШШ2023/0669

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: Байгалийн цогцолборт газар ашиглуулах гэрээнд заасан зориулалтын  дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр болон хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй маргаж, хугацаа сунгахыг, гэрээ байгуулах үүрэг болгохыг даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн А/357 дугаар тушаалын Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг  дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эрхийн гэрчилгээг 2022 оноос 2027 он хүртэл 5 жилээр сунгахыг даалгах, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулахыг үүрэг болгохыг даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Б******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан аялал жуулчлалын зориулалттай маргаанд хамаарах газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-277 дугаар тушаалаар Б******* ХХК ашиглах эрхийг шилжүүлэн 5 жилийн хугацаагаар авснаар, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгогдож, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргатай байгуулжээ.

2.2. Улмаар газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, энэ тухай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22/640 тоотоор мэдэгджээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч “зэргэлдээ орших аж ахуйн нэгжүүдийн газартай давхцал үүссэнийг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан, давхцлыг шийдвэрлэж газрын хил заагийг тогтоож өгөөгүй, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч хариу өгөөгүй, аялал жуулчлалын цогцолборын зураг хийлгэсэн,барилгын ажил эхлэхээр хашаа барих гэхэд газрын давхцалтай бусад этгээдүүд эсэргүүцэл үзүүлсэн, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргаж буй бол,

3.2. Хариуцагч шийдвэрийн үндэслэлээ “2015 онд авсан газар ашиглах эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болсон, 2022 оны 8 дугаар сарын 04-нд газар дээр нь очиж үйл ажиллагаа явуулаагүй байгааг баталгаажуулсан, газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн санал хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн” гэж тайлбарлажээ.

3.1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  тайлбартаа: “Б******* ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 8.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 5 жилийн хугацаатай авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015/259 дугаартай гэрчилгээ олгосон. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гэрээг Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг дарга байгуулсан. Тус газар манай компани амралт, аялал жуулчлалын зориулалттай иж бүрэн цогцолборыг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар зураг төслийн “Т*******” компанитай гэрээ байгуулан, 110 000 000 төгрөг төлж аялал жуулчлалын цогцолборын зураг хийлгэсэн. Б******* ХХК нь 2016 оны 1 дүгээр сард 16/02, 5 дугаар сард 16/014, 2017 оны 3 дугаар сард 17/010 дугаартай албан бичгүүдээр дээрх газар нь тус компанитай зэргэлдээ орших аж ахуйн нэгж, байгууллагын газруудтай давхцаж олгогдсон байх тул гэрээний 4.2-т заасны дагуу газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтоож, давхцлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Улмаар уг ажлыг эхлүүлэхээр барилгын ажлын талбайд хашаа барих  гэхэд бусад газар нь давхцаж байгаа байгууллагуудаас эсэргүүцэл гарсан учраас тухайн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Б******* ХХК газрын гэрчилгээ хүчинтэй байх хугацааны төлбөрийг цаг тухайд нь төлж, тооцоо нийлж байсан бөгөөд харин гэрчилгээний хугацаа дуусаад сунгуулах хүсэлт гаргаад шийдвэрлээгүй учраас төлбөрийг гэрчилгээ сунгатал хүлээсэн болно. Энэ байдал нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд газрын давхцлын асуудлыг шийдвэрлээгүй тул тус газрыг зориулалтын дагуу ашиглаж, аялал жуулчлалын цогцолбор барих үйл ажиллагаа эхлүүлж чадаагүй тул өөр баримт байхгүй болно.

Газар олгосон гэрчилгээ нь 2015-2020 он хүртэл 5 жилийн хугацаатай байсан. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуульд зааснаар гэрчилгээ сунгах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргасан. Өргөдлөө өгч хүсэлтээ гаргахаас өмнө Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, энэ хүсэлтийн дагуу гэрээ байгуулсан. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь дэмжих “гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй, төлбөрийг хийсэн” гэх бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 06 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлж байсан. Сунгах хүсэлтээ өгөөд явж байхад тэр үед корона вирусийн ид дэгдэлтийн үе байсан. Цахимаар авч эхэлнэ гэж хэлээд аваад үлдсэн. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хүлээж авсан мэргэжилтнүүд нь, дээд удирдлага, сайд нь солигдсон. Хариуцах хүнгүй болж эхэлсэн. 2021 оны 06 сард би дахин хүсэлт өгсөн. Дахин хүсэлтээ өгч хойноос нь хөөцөлдөөд явж байхад хамгийн сүүлд н.М гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн “танайх одоо тушаал дээр гарын үсэг зурах үлдсэн байгаа. Ийм шатандаа явж байгаа “ гэсэн бичиг надад үзүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэнэт “ийм тушаал гарсан. Танай газрыг цуцалсан” гэж хэлсэн. “Ямар үндэслэлээр цуцалсан, яагаад мэдэгдээгүй юм бэ” гэхэд “та тэрийг харсан биз дээ. Ер нь хоёр үндэслэл байдаг юм. Нэг нь газрын төлбөр төлөөгүй. Нөгөө нь хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн. Би үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт би хоёр жил дараалан яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, хамгаалалтын захиргаанд газрын давхцлыг шийдвэрлүүлэх, гэрээний хугацаа сунгуулах хүсэлтээ өгч, энэ газрын маргааныг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан. Гэвч үүнийг шийдвэрлэж өгөөгүй. Удирдлагууд нь үл ойшоосон байдалтай явсаар байгаад сүүлд нь ийм асуудалд хүрсэн. Газрын төлбөрийг 2018 он, 2020 онд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тооцоо нийлээд акт үйлдэж, газрын төлбөрийг бүрэн төлсөн байж газрын гэрчилгээг сунгуулах ёстой. Тооцоо нийлсэн акт авсан. 2020 оноос хойш ямар ч газрын төлбөрийг төлөөгүй. Гэрчилгээ ч хүчингүй болсон байсан. Хугацаа дууссан байсан.” гэв.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Үйл ажиллагаа явуулах, тухайн газарт аялал жуулчлалын цогцолбор газар барих гээд кампанитай гэрээ байгуулж, хашаагаа хашаалах гээд очтол тухайн газар дээр өөр кампаниудын газартай давхцаж, маргаан үүссэн. Маргаан үүсэж, хашаа хатгуулахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж энэ үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагад үүнийг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй мөртлөө газар олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй. Мөн газрын төлбөрийн асуудал яригдаж байгаа. Газрын төлбөрийг анх гэрчилгээ олгосон өдрөөс хойш хуулийн дагуу цаг хугацаанд нь төлж ирсэн. Тооцоо нийлсэн акт байгаа. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гэрчилгээ сунгасан асуудал, үүнтэй холбоотой хүндэтгэх үзэх шалтгаан үүссэн байхад тэр асуудлыг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүй, ийм байдлуудаар хууль бус учраас энэ газрын эрхийг хүчингүй болгосон тушаалын “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газрын гэрчилгээг 5 жилээр буюу 2027 он хүртэл сунгуулах, газар ашиглах эрхийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан.

Энэ кадастрын давхцал талаарх нотлох баримт зөрүүтэй байгаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн зураг, нэхэмжлэгчийн хувийн компаниар хийлгүүлсэн зураг, анх гэрчилгээнд хавсаргаж өгсөн зураг нь яг тогтоох боломжгүй байсан. Үйл ажиллагаа явуулах гэж хашаа барих гэхээр цэгүүд нь давхцаж, тэрийг шийдвэрлүүлж өгөөгүй.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албатай тооцоо хийж, 2020 онд төлөгдөөгүй төлбөр 0 гэж гарсан байгаа. Акт байгаа. Хэдийгээр өмнөх баримтууд дээр үлдэгдэлтэй гэж гарч байгаа боловч. 2022 оны хагас жилийн үлдэгдэл 0 гэж бид нарын судалгаа гаргасан баримтад байгаа. 2020 оноос өмнөх төлбөрийг төлсөн. 2020 оноос хойш гэрчилгээ сунгагдаагүй учраас тэр төлбөр гарсан.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний А/357 дугаартай газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаал гарсан, гэтэл 2020 онд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан. Гэрчилгээний хугацаа сунгуулах гээд хүсэлтээ өгч байсан бөгөөд шийдээгүй эс үйлдэхүй гаргасан. Тухайн үедээ газрын гэрчилгээ сунгаагүй талаар тайлбарлаад нотлох баримт гаргаад энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй хоёр жилийн дараа дуусгавар болгосон талаар шийдвэр гарсан. Тийм учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал хуульд нийцээгүй. Иймд нэхэмжлэлийг хангах өгөхийг хүсэж байна.” гэжээ.

3.2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-277 дугаар тушаалаар Горхи -Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 8.6 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд 2020 онд газар ашиглах хугацаа нь дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх”, мөн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Нэхэмжлэлд дурдсанчлан 2020 оноос Коронавирус /КОВИД-19/ цар тахал дэлхий даяар тархаж, хэд хэдэн удаа хөл хорио тодорхой хугацаагаар тогтоосон нь Газрын төлбөрийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээний хугацаа дууссан аж ахуйн нэгжүүдийн судалгааг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаар албан бичгээр Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд Б******* ХХК нь “газрын төлбөр төлдөггүй” гэсэн тайлбартай байв. Мөн Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь очиж үйл ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, зургаар баталгаажуулсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 22/361 болон 22/529 дугаар тус тус албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/357 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалтын хувьд газрын төлбөрөө 2020 оноос хойш төлөөгүй гэдгээ нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрч, тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын хувьд “зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй”, анх газрыг 2015 онд авсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Газрын давхцалтай байсан гэх асуудлыг ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол газар давхцалгүй. Тодорхой хэмжээний цэг дээр, кадастрын хэлтсийн зургаар цэгээ буруу авсан байхыг үгүйсгэхгүй. Тэрийг засах шаардлагатай гэх бичиг нь хавтаст хэрэгт авагдсан. Ихэнх газар нь давхцалгүй, тодорхой хэмжээний давхцалгүй байхад үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналын дагуу газрыг цуцалсан. Мөн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөрийн актаар газрын төлбөрөө бүрэн төлөөгүй нь тогтоогдоно. Хугацаа сунгуулах 2020 оны 05 дугаар сарын 25-ны хүсэлтийг Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас 05 дугаар сарын 26-ны өдөр дэмжсэн санал ирүүлсэн, манайх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр тухайн үедээ буцаасан.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэг. Нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг  дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

1. Энэ тушаалаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, газар ашиглах эрх олгосон төрийн захиргааны төв байгууллага уг эрхийг дуусгавар болгосон энэ шийдвэрээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дээрх үндэслэл бүрдсэн талаарх 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг[1] үндэслэн гаргасан байна.   

Тусгай хамгаалалттай уг газрыг өмнө ашиглах эрх Б******* ХХК-д 4 га хэмжээгээр олгогдсон, энэ хугацаанд мөн зориулалтын дагуу ашиглаагүй байсныг 2015 онд ийнхүү хамаарал бүхий[2] Б******* ХХК-д 8.6 га болгон шилжүүлсэн, нэхэмжлэгч компани мөн газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд 2015-2020 онд уг газарт аялал жуулчлалын зориулалтаар ямарваа үйл ажиллагаа явуулаагүй, хариуцагч байгууллагаас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь очиж үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгасан, хашаа бариагүй, аялал жуулчлалын зориулалттай ямарваа үйл ажиллагаа явуулаагүй байсныг фото зургаар бэхжүүлсэн[3] байдаг. Мөн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр энэ байдал тогтоогддог[4].

Тус компани амралт, аялал жуулчлалын зориулалттай барилгын загвар зураг төсөл боловсруулах гэрээ 2016 онд байгуулсан байх ч эрх бүхий байгууллагаар батлагдаагүй[5] зураг төслөөр газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

2. Нэхэмжлэгчийн тухайд газраа ашиглаж чадаагүйд бусад этгээдийн ашиглах эрхтэй газартай давхцал үүссэнээс шалтгаалсан хэмээн хүндэтгэн үзэх шалтгаанаар тайлбарладаг ч мэдээллийн сангийн кадастрын зураг болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэдээллээр[6] нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 8.6 га газрын зүүн хойд үзүүрт хилийн заагт зурвас байдлаар давхцалтай, энэ нь 8.6 га газрын хувьд ашиглах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүй байна. 

Нэхэмжлэгчийн О******* ХХК-иар 2018 онд хийлгэсэн кадастрын зургаарх газрын баруун талд 24.3 м.кв, баруун урд талд 39.7 м.кв давхцал нь мэдээллийн сангийн зургаар[7] үгүйсгэгдэж байх бөгөөд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж хооронд энэ талаар маргаан үүсээгүй байдаг.

Б******* ХХК нь 2016 оны 1 дүгээр сард 16/02, 5 дугаар сард 16/014, 2017 оны 3 дугаар сард 17/010 дугаартай албан бичгүүдээр газар нь тус компанитай зэргэлдээ орших аж ахуйн нэгж, байгууллагын газруудтай давхцаж олгогдсон, газрын хэмжээ, байршил, хилийн заагийг тогтоож, давхцлын асуудлыг шийдвэрлүүлэх агуулгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандсан байдаг.  Хариуцагч байгууллага энэ талаар хариу өгөөгүй байх ч нэхэмжлэгч дээрх хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй маргаагүй, нөгөө талаас мэдээллийн сангийн зургаар зүүн хойд зурвас хэсгээс өөрөөр бусад аж ахуйн нэгж, иргэний газартай давхцалгүй байгаа тул ийнхүү хариу өгөөгүйд захиргааны байгууллагыг буруутгахааргүй, энэ нь газраа зориулалтын дагуу ашиглаагүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

3. Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газар ашиглуулах гэрээгээр тодорхойлох боловч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүйгээс газар ашиглуулах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр /гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2020 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл тогтоосон/ байгуулж, газрын төлбөрийг 1 жилд 10,320,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд газрын төлбөрийг газрын бүсчлэлээрх суурь үнээс тогтоон 1 жилд 10,320,000 төгрөгөөр төлүүлж байсанд захиргааны байгууллагыг буруутгахааргүй, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газар ашиглаж байгаа аж ахуйн нэгж Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэх заалтад нийцсэн, нэхэмжлэгч газрын төлбөрийн хэмжээний талаар маргаагүй болно. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл газар ашиглагч нь 2015, 2016, 2017 онд газрын төлбөр төлөөгүй, тодруулбал 2015 онд 4,300,000 төгрөгийн, 2016 онд 10,320,000 төгрөгийн, 2017 онд 10,320,000 төгрөгийн газрын төлбөрийн ногдол үүссэнийг төлөөгүй, 2018 онд 10,320,000 төгрөгийн ногдол үүссэнээс 7,740,000 төгрөгийг төлж, тухайн жилийн төлбөрөөс л 2580,000 төгрөгийн үлдэгдэл, 2019 онд 10,320,000 төгрөгийн,  2020 онд 8,772,000 төгрөгийн төлбөрийн ногдол үүссэнийг төлөөгүй байх бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 10-нд дуусгавар болсноос хойш 2021 онд ногдол үүссэн 8,772,000 төгрөгийн төлбөрөөс 1,000,000 төгрөг, 2022 онд ногдол үүссэн 5,937,532 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. Эндээс харахад нэхэмжлэгч компани газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан 2015-2020 оноос 2015-2017 оны газрын төлбөр төлөөгүй, 2018 онд дутуу төлсөн, 2019-2020 онд төлбөр төлөөгүй[8] байна.

Иймээс нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэх хариуцагчийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцжээ. 

4. Нэхэмжлэгч компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-277 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглах эрхийг  шилжүүлэн авч 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон  2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс тооцоход 2020 оны 7 дугаар сарын 10-нд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа  дуусгавар болж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан эрх зүйн үр дагавар үүссэн байх тул хариуцагчаас шийдвэрээ газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар биш, газар ашиглах эрхийг дуусгавар болгох агуулгаар гаргасан нь зөв болжээ.

Хоёр. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эрхийн гэрчилгээг 2022 оноос 2027 он хүртэл 5 жилээр сунгахыг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулахыг үүрэг болгохыг даалгах шаардлагын тухайд.

1. Газар ашиглагч Б******* ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яамны нэг цэгийн үйлчилгээнд, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20/22 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд,  2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт тус тус гаргасан, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20/381 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт “хүсэлтийг дэмжсэн” санал хүргүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт яамны ирсэн  бичгийн бүртгэлд бүртгэгдэж, шийдвэрлэсэн байдал хэсэгт “тушаалын төслийг боловсруулан удирдлагуудад танилцуулж гарын үсэг зуруулах процессийн ажил явагдаж байна” гэж тэмдэглэгдсэн байдаг.

Гэвч газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд хариуцагчийг буруутгахааргүй, учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагад олгогдсон сонгох боломжийн хүрээнд байгаа бөгөөд захиргааны байгууллагаас сонгох боломжоо хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, өөрт олгогсон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан акт, татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхэд л шүүх дүгнэлт хийнэ. Газрын төлбөрөө төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдалд газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах эрхийг хууль бусаар хөндөөгүй байна.  

2. Иймд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй тул, нөгөөтэйгүүр 2020 оны 7 дугаар сарын 10-нд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа  дуусгавар болж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан эрх зүйн үр дагавар үүссэн тул “газар ашиглах эрхийг 2022 оноос 2027 он хүртэл 5 жилээр сунгахыг, гэрээ байгуулахыг хамгаалалтын захиргаанд үүрэг болгохыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Гурав. Хариуцагч захиргааны байгууллага 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы 204/6826/ дугаарт “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгжийг жагсаалтаар гаргаж, цуцлах үндэслэлийн талаар тайлбар гаргах сонсох ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл явуулах мэдэгдэл нийтэлсэн, уг жагсаалтын 1-д Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг шийдвэрт заасан үндэслэлээр тусгасан, ийнхүү 21-ээс дээш тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг өдөр тутмын сонин буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын Б******* ХХК-ийн газар ашиглах эрхийг  дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эрхийн гэрчилгээг 2022 оноос 2027 он хүртэл 5 жилээр сунгахыг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гэрээ байгуулахыг үүрэг болгохыг даалгах” нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

[1] Хэргийн 125-126, 172-173 дугаар хуудас

[2] Хэргийн 67-68, 72-73 дугаар хуудас

[3] Хэргийн 48 дугаар хуудас

[4] Хэргийн 104-119 дүгээр хуудас

[5] Хэргийн 177 дугаар хуудас

[6] Хэргийн 87-88, 124 дүгээр хуудас

[7] Хэргийн 91, 124 дүгээр хуудас

[8]  Хэргийн 83 дугаар хуудас