Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/68

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  Д.******* нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй дээд боловсролтой, олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 1 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******гийн *******/РД:*******/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Майлд-Хаус баарны гадна иргэн Л.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь дээд уруулын язарсан шарх, зулгаралт, баруун хөмсгөнд шарх, баруун үүдэн шүдний ганхалт, баруун чихний дэлбээнд зулгарт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний 21 цагийн үед бид нар ын гэрээс гараад Майлд-Хаус бааранд очъё гэж ярилцаад салаан дарга *******, ахлах ахлагч , , , Хэрлэнчимэг нар болон гэр бүлийн хүмүүсийн хамт баарны кароакед очсон. Би кароакед байхдаа 00 цагийн үед баарны хаалганы дэргэд тамхи татаад ганцаараа зогсож байхад манай найз Азаа найз охинтойгоо мөн хохирогч ******* түүний найз Ган-эрдэнэ нарын хамт баар руу орох гэж миний хажуугаар гарахаар нь би Ган-Эрдэнийг дүү яасан том залуу болоо вэ, цэргийн албаа сайн хаасан уу гэж асуухад юм хэлэхгүй баар руу яваад орсон. Тэгэхээр нь би араас нь ороод харахад тэд нар ширээнд очоод суухаар нь ширээнд нь очоод Азаатай юм ярьчихаад д хандаж ахын дүү гараад ир гэхэд хохирогч ******* ер нь чи муу яагаад байгаа юм бэ, гээд сандалаасаа босоод ирэхээр нь чи муу харин яах гээд байгаа юм бэ, гаръя гээд баарнаас гараад зүүн гар тийш эргээд харанхуй буланд би хохирогч *******ын толгой руу гараараа цохиод бид 2 барьцалдаж аваад газар унаад ноцолдож байгаад ******* миний дээр гараад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би доороос нь хүчээр босоход хохирогч ******* намайг шилдэж дараад боссон. Тэгэхээр нь би *******ыг буланд түлхэж шахаад энгэрээс нь татаж байгаад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэж дүүтэйгээ “Майлд-Хаус” баарны гадаа юм яриад зогсож байтал бид хоёрыг муудах гэж байна гээд буруу ойлгосноос болж тэй маргалдсан. ... Хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Ган-Эрдэнийн хамт ******* дүүргийн 1 хороонд байрлах, “Майлд-Хаус” баар руу найзыгаа хайгаад ороход үүдэнд 25 орчим насны нэг ах хөндлөн зогсоод байсан. Тэр хүний хажуугаар манай найз гараад дотогшоо орох гэтэл найзын хүзүүний ар хэсгээс базаж аваад чи намайг яахаараа танихгүй болчихдог юм, яахаараа надтай мэндлэхгүй хажуугаар явж байгаа юм гэсэн. Тэр үед найзынхаа араас түлэхээд, тэр хүнээс салгаад баар руу орсон чинь араас ирээд манай найзын хацар руу цохиод чи ямар том болчихсон юм гээд уурлаад байсан. Манай найз би таныг харсангүй гэсэн. Тэр үед би гайхаад хараад байж байтал над руу гэнэт чи юугаа гайхаад хараад байгаа юм гээд миний өмдний баруун талаас зуураад баарнаас гарсан. Тэгээд намайг дагуулж явсаар байгаад баарны гадна хашааны хаалганы харалдаа очоод гэнэт эргэж хараад миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. тэгэхэд араас ирээд болгиод салгасан чинь миний дүү дуугүй энийг бариад зогсож бай гээд гадуураа өмсөж явсан хувцсаа тайлж бариулаад миний өмдний ар тал хэсгээс дахиад бариад бүр цаашаа харанхуй хэсэг рүү авч яваад миний цамцны урд тал хэсгээс заамдаж авахаар нь та яагаад байгаа юм бэ, манай найзыг яагаад дээрэлхээд байгаа юм гэсэн чинь, та нар ахыгаа *******т мэдэхгүй болчихсон юм уу, та нар яахаараа намайг танихгүй болчихдог юм гээд тэр ахтай ноцолдож байгаад газарт унагаад дээр нь гарсан чинь тэр ах хүчээрээ дийлээд босоод ирсэн. Тэр үед намайг гараараа нүүр рүү цохих үед би доошоо тонгойсон чинь нүүр хэсэг рүү дахиад хөлөөрөө цохих шиг болсон. Тэгээд газар гэдрэг хараад унасан чинь миний дээр гараад ирсэн. араас нь гүйж ирээд салгасан...”  мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед “Майлд-Хаус” нэртэй баар руу орсон.  Тухайн үед баарны үүдэнд ******* гэдэг залуу өөр хүмүүсийн хамт зогсож байхаар нь хажуугаар нь гарах гэтэл ******* миний хүзүүний ар хэсгээс бариад ахыгаа танихгүй байна уу гэхээр нь би *******ын урд явж байсан болохоор тэд нарын дундуур гараад шууд баар руу тоохгүй орсон. Тэгээд бааранд ороод байж байтал араас ******* орж ирээд та нар ямар болчихсон юм гээд томроод гадагшаа гаръя гээд манай найз бид хоёртой гадагшаа гарсан. Тэгээд хашааных нь хаалганы харалдаа очоод муудалцаад байхаар нь болиулах гэтэл ******* надад дуугүй энийг бариад байж бай гээд гадуур хувцсаа өгөөд *******ыг дагуулаад харанхуй хэсэг рүү явсан. Би араас нь очсон чинь манай найзын уруул сэтэрчихсэн, цус гарчихсан байсан. Намайг ******* алгадаад надад томроод байсан чинь ******* тэрнийг харснаас болоод муудалцсан. ******* бааранд анх ороод ахыгаа танихгүй байна гээд ууралснаас болоод энэ асуудал эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Шинжээчийн 09шэ/219 дугаартай дүгнэлтэд: “...Л.*******ын биед дээд уруулын язарсан оёдолтой шарх, зулгаралт, баруун хөмсгөнд шарх, баруун үүдэн шүдний ганхалт, баруун чихний дэлбээнд зулгаралт тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.*******гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/хх-ийн 32 дугаар тал/

Шүүгдэгч Д.*******, хохирогч Л.******* нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээ, /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

      Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, “Майлд-Хаус” баарны гадна иргэн Л.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь дээд уруулын язарсан шарх, зулгаралт, баруун хөмсгөнд шарх, баруун үүдэн шүдний ганхалт, баруун чихний дэлбээнд зулгарт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...Хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/219 дугаартай “...Л.*******ын биед дээд уруулын язарсан оёдолтой шарх, зулгаралт, баруун хөмсгөнд шарх, баруун үүдэн шүдний ганхалт, баруун чихний дэлбээнд зулгаралт тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Д.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч хохирогч нар “...Эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг Д.******* 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, Л.******* нь эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авахаар зөвшөөрч бид харилцан эвлэрсэн...” зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 36, 43 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогч Л.*******ын “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлтэй тул шүүх хуралдаанд оролцохгүй, харилцан тохиролцож эвлэрсэн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирлын мөнгө төлсөн болох нь шүүгдэгч хохирлын мөнгө төлсөн баримт /800000 төгрөг/ шүүхэд ирүүлсэн, мөн прокурорын гаргасан хохирол бүрэн төлсөн “...Хохирогч Л.*******ын 88216291 гэсэн гар утас руу залгаж хохирлын мөнгө авсан эсэх талаар асууж тодруулахад Д.*******гаас дансаар 800.000, бэлнээр 200.000 төгрөг авсан. Гомдол саналгүй гэсэн болно...” гэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.*******д тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Д.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ