Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0672

 

   

 

 

 

 

  2023          09           11                                    128/ШШ2023/0672

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* Ба******* /РД:Ч*******/                                      

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Маргааны төрөл: ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ба*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Н*******, Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/316 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаалаар “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцүүлэхэд хэрэгжилт хангалтгүй байсан” үндэслэлээр тус яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ба*******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нь “Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах сайдын төлөвлөгөөгөөр хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажлыг яамны Хуулийн хэлтсийн дарга хариуцсан, би уг ажлыг хариуцаагүй ч хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсан, хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажил хэрэгжээгүй нь ганц мэргэжилтний хариуцлагаас шалтгаалахгүй, тогтоолын биелэлтийг хангуулах хүрээнд хариуцсан ажлаа хангалттай гүйцэтгэсэн, тушаал гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй, шөнийн цагаар, албажаагүй тушаалын төсөл танилцуулж ажлаас халсан нь хууль бус” гэж маргаж,

3.2 Хариуцагч тушаалын үндэслэлээ “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаас өмнө өргөн мэдүүлэх чиглэл өгсөн, энэ ажлын хэрэгжилтийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн хариуцсан ч хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлээгүй тул харьяа мэргэжилтнээ удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэж тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарладаг.

3.1.1 Нэхэмжлэгч Д.Ба*******  шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байна. 2004 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хэсгийн ахлагч, орчны бүс, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2013 оноос Байгалийн цогцолборт газрын дарга, 2017 оноос Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, 2020 оноос Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, 2021 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. 2022 онд Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар томилогдож ажилласан. Мөн ажиллах хугацаандаа хэд хэдэн төслийн захирлаар ажилласан. Миний бие 2004 оноос хойш өнөөдрийг хүртэлх  хугацаанд шатлан дэвших зарчмаар ажилласан.

Миний бие 83 хувьтай 2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингөөр үнэлэгдэж, сайн үнэлгээг авч, 2022 онд ч энэхүү үнэлгээгээ давуулан ажиллаж, өнөөдрийг хүртэл ажилласан. Миний бие Тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт заасан 1-4 дүгээр зорилтын хүрээнд үндсэн эрхлэх болон туслах эрхлэх үйл ажиллагааг алдагдуулалгүй ажиллаж байсан.

Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэл, ажил үүргээ гүйцэтгээгүй гэх шалтгаан нь Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022.11.23-ны өдрийн хурлаар "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай" тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцүүлэхэд хэрэгжилт хангалтгүй байсан гэсэн үндэслэлийг дурдаж ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй.

Учир нь "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай" тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын биелэлтийг би зөвхөн хариуцдаггүй бөгөөд уг тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор миний бие болон хариуцсан мэргэжилтнүүд Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022.11.23-ны өдрийн хурлаар тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын хэрэгжилтийн тухай танилцуулгыг албан ёсоор танилцуулсан байдаг.

Улсын Их Хурлын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022.11.23-ны өдрийн хурлаар УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг батлуулаагүй, төслийг нь оруулж ирээгүй бол "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай" тус байнгын хорооны 2022 онь 8 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж үзнэ гэсэн тайлбарыг хэлсэн. Үүнд уурссан сайд хуулийн төслийг боловсруулсангүй гэж бухимдаж, намайг ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулсан.

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай" тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөөний 1 дүгээр зүйлд Хэрэгжүүлэх ажил хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх байсан. Энэхүү ажлыг намайг хийгээгүй гэж буруутгах нь ор үндэслэлгүй, сайдын баталсан төлөвлөгөөгөөр уг ажлыг Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газрын шинжээч, мэргэжилтэн зэрэг хүмүүсийн нэрийг зааж, боловсруулах үүргийг өгсөн. Гэтэл намайг уг үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа нь өөрөө төлөвлөгөөгөө зөрчсөн, ажлын байрын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг шаардаж, хууль бусаар намайг халах зорилгоор миний эрхэлж байсан ажлыг хууль бусаар авсан үйлдлийг гаргасан.

Иймд хууль зөрчөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хийж байсан ажил, албан тушаалыг маань авах зорилгоор ийм увайгүй үйлдлийг гаргасан гэж үзэж байгаа тул үүнтэй эвлэрэхээс татгалзаж, Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

ТАТХ-ийн 61 дүгээр зүйлд Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана гээд 61.1.4-т "албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулах", мөн 62 дугаар зүйлийн 62.1-т "Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана" гээд 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" баталгааг хангалгүйгээр тушаалыг гаргасан.

Төрийн албаны тухай хуульд 7 дугаар зүйлд 7.1-д "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална" 7.1.2-г "мэргэшсэн, тогтвортой байх", 7.1.3-д "улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх", 7.1.7-д "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" гэж заасан боловч Төрийн нарийн бичгийн дарга уг зарчмуудыг  умартаж, хууль бус шийдвэрийг гаргасан нь тул ТАТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д "төрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах" эрхийнхээ дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Энэхүү хууль бус тушаалтай холбогдуулж 2022.12.15-ны өдөр гомдол гаргасан боловч, Төрийн албаны зөвлөлийн 2023.01.02-ны өдрийн 01/01 тоот албан бичгээр гомдлын үндэслэлийг хяналгүйгээр, шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг илэрхийлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулахдаа хяналт шинжилгээний дүгнэлт огт гаргаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрөө тушаалын төсөл боловсруулж, хэвлэмэл хуудсаар албажуулаагүй зөрчлийг шуурхай хуралд уншсан. Ингэхдээ ажлын бус цагаар буюу 20:00 цагт танилцуулж ажлаас халсан. Сонсох ажиллагаа хэмээн хууль бус, нотолгоогүй, үндэслэлгүй гэх зүйлийг танилцуулж, тайлбар аваагүй, мөн баримтаар нотлогдоогүй.

Улсын Их Хурлын байнгын хорооны ажлын хэсэгт болон тухайн өдрийн хуралд оролцогч нарын нэрсийн жагсаалтад миний нэр байгаагүй. Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт энэ тогтоолын биелэлтийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын Байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар н.Оюун-Эрдэнэд үүрэг болгосон байсан.

Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолын хүрээнд нийт 13 ажлыг гүйцэтгүүлэх үүрэг болгосноос уг хурлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар оруулаагүй. Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газарт хилийн зааг тогтоох, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг газрын нэгдмэл сангийн нэгдсэн цахим системд оруулж, бүртгэх ажлууд удаашралтай байна гэдгийг н.Ганболд гишүүн сануулсан. Байнгын хорооны гишүүдтэй Засгийн газрын ордонд хэд хэдэн удаа уулзалт хийж, хөдөө орон нутагт удаан ажилласан. Тухайн үед биднийг сайн ажилласан гэдгийг н.Батчимэг гишүүнээр ахлуулсан Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Дээрх үйл баримт нь намайг халах үндэслэл биш. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг 10 гаруй жил боловсруулж ирсэн боловч ямар нэг шийдэлд хүрээгүй байсан. Харин уг төслийг эрчимжүүлж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Хууль зүйн дотоод хэргийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран батлуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 01/1937 дугаартай албан бичгээр хилийн цэсийг батлуулахаар хүргүүлсэн боловч газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй газартай, мөн иргэдийн газартай давхцалтай, давхцалыг арилгах шаардлагатай гэх үндэслэлээр буцаасан тул яамдуудаас дахин санал авах талаар тайлбарласан.

Байнгын хорооны хурал 17:00 цагийн үед тарахад сайд өнөөдөр шуурхай хурал зарласан гэж хэлсэн. Шуурхай хурал үргэлжилж байхад 19:00 цагийн орчимд Төрийн нарийн бичгийн дарга дуудаж байна гэхээр нь очиход Төрийн нарийн бичгийн дарга, н.Гоцбаяр, хуулийн хэлтсийн дарга 3 сууж байсан бөгөөд сонсох ажиллагаа хийнэ гэсэн. Улмаар би тайлбараа өгч энэ нь надад хамааралгүй шүү дээ гэх тайлбарыг өгсөн. Хуулийн төслийг өргөн барихад Газрын тухай хуулийг хүчин төгөлдөр болсны дараа хэлэлцүүлнэ гэж хэлээд буцаасан. Учир нь газартай холбоотой харилцааг зохицуулдаг учраас гэсэн. н.Бямбадорж мэргэжилтэн та хоёрыг ажлаас халлаа гэснээ андуурсан байна гээд намайг халсан.

Улсын Их Хурлын байнгын хорооны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөнд миний бие дааж хэрэгжүүлэх ажил огт байгаагүй, хамтарч хийх ажлууд байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн даргаар яамны Хуулийн хэлтсийн н.Ц******* дарга ажиллаж байсан. Миний бие ажлын хэсгийг ахалж байгаагүй.

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2018 оны 05 дугаар сард удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож 83.6 оноогоор тэнцэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар томилсон. Хавтаст хэрэгт төрийн албаны шалгалт өгсөн материалууд болон төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хуудас зэрэг баримтууд байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг зөрчиж түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаагүй ба 2022 оны 06 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын байрны захилга өгч шалгалт зарласан боловч Төрийн албаны зөвлөлөөс бүртгэл явуулж, шалгалт авахаар зарласныг ямар нэг шалтгаангүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн албаны зөвлөлд бичиг хүргүүлэн цуцлуулсан. Тиймээс намайг шалгалт өгөөгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан гэсэн нь үндэслэлгүй. Миний бие тусгай шалгалт өгсөн, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Албан тушаалд томилохдоо алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/224 дугаартай тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, ямар үүрэг даалгавар өгч, ямар хугацаанд биелүүлээгүй болох нь тодорхойгүй, мөн баримт бичгийг шалгаж гарын үсэг зурах шаардлагыг зөрчсөн гэж 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/295 дугаартай тушаалаар цалингийн хэмжээг нэг сарын хугацаатай 50 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Ажлын хариуцлага алдсан гэдэг нь дээрх хоёр үндэслэлгүй авсан арга, хэмжээг хэлж байна гэж ойлгосон. Энэ хоёр сахилгын шийтгэлийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

3.1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/316 дугаар тушаалын үндэслэлийн хувьд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай тус байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцүүлэхэд хэрэгжилт хангалтгүй байсан үндэслэлээр  Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Ба*******ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. 2022 оны 08 дугаар тогтоолын биелэлтийг Д.Ба******* ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүргээрээ хариуцаж байгаагүй. Байнгын хорооны тогтоолыг хэрэгжилтийг хариуцах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хуулийн хэлтсийн дарга, тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын шинжээч, мэргэжилтнүүд хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажлыг хариуцахаар заасан. Гэтэл төлөвлөгөөгөөр хариуцаагүй, Д.Ба*******ийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээгээгүй үүргийг нялзааж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан. Гэтэл Д.Ба******* нь ямар үүргээ биелүүлээгүй, ямар хуулийг зөрчсөн талаар нэг ч тайлбаргүй. Хариуцагчийн хэлж байгаа тайлбарт энэ талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл албан үүргээ огт биелүүлээгүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. 2022 оны 08 дугаар тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх нь хэний үүрэг вэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Д.Ба*******ийг үүрэг биш бөгөөд Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хуулийн хэлтсийн дарга, тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын шинжээч, мэргэжилтнүүд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг юм.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд чөлөөлөх, халахыг хуулиар хориглож байгаа. Д.Ба******* Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Үр дүнгийн гэрээгээр 83.6%-иар үнэлэгдсэн. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүйгээр тус шийтгэлийг оногдуулсан.

Д.Ба******* нь тушаал гаргах  эрхтэй албан тушаалтан биш бөгөөд хэн нэг компанийн газар ашиглах эрхийг сунгасан асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас тушаал гаргаж, түүнд нь буруутгагдаж Авлигатай тэмцэх газраас шалгаж, улмаар эрүүгийн шүүхээр хянан шийдвэрлэгдээд давж заалдах шатны шүүхийн магадлалаар төрийн албанд 2 жилийн хугацаанд эргэж орох эрх хассан шийтгэл оногдуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим болон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэх шаардлагыг хангахгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 23 дугаар зүйл болон 46 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн гэх боловч Д.Ба*******өөс ямар ч тайлбар аваагүй. Тус тушаалыг шөнийн 20:00 цагаас 22:00 цагийн хооронд гаргаж танилцуулсан байсан. Тиймээс сонсох ажиллагааны зарчим алдагдсан тул тус тушаалыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.” гэв. 

3.2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар ярья. Тус тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Ингэхдээ Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмыг баримталсан. Д.Ба*******өд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаас өмнө мэдүүлэхийг үүрэг болгосон байхад хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтоос үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх үүрэгтэй.

Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолын төлөвлөгөө гарсан. Хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэг ажлын хэсгийн даргаар хуулийн хэлтсийн дарга н.Ц*******, ажлын хэсгийн гишүүдээр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хариуцахаар заасан. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад тавигдах тусгай шаардлагад “удирдан зохион байгуулах”, нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах, алба хаагч нарт албан үүргийг тэнцвэртэй хуваарилах гэж заасан. Тэгэхээр ажлын хэсгийн дарга нь н.Ц******* гэх боловч Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хариуцаж байгаа учраас газрын дарга нь тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар мэргэжилтэн, албан тушаалтандаа тодорхой хэмжээний чиг үүрэг өгч, хяналт тавих үүрэгтэй байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах нь ямар ч улс төрийн шинжгүй.

Төлөвлөгөөнд хуулийн төслийг өргөн мэдүүлэх ажлыг хариуцсан албан тушаалтан нь шинжээч н.М, н.Б гэх Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын албан хаагчид бөгөөд газрын дарга нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй мэргэжилтнийг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах байсан. Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангалтгүй гэж байгаа болохоос хийгээгүй гэж хэлээгүй. Хэрэгжилт хангалтгүй гэдгийг Байнгын хорооны хурлын 23 дугаар тэмдэглэлд тусгагдсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөлд яамдуудаас санал авагдсан байсан. Харьяа яамнуудаас санал авчихсан учраас Улсын Их Хурлын байнгын хороогоор хэлэлцэгдсэн байсан. Тэгэхэд хангалтгүй байгаа учраас дахин санал авах шаардлагатай гэсэн. Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолд 13 ажил хийхээр тусгагдсан байгаагаас 1-4 хүртэлх ажил хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх гэдэг Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын төлөвлөгөөнд мэргэжилтэн, шинжээч хоёр хариуцахаар байгаа. Хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаал зорилго, зорилтод нь харьяа албан тушаалтнаас удирдлагаар хангахаар заасан, энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэж ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан.

2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний 6.1 дэх хэсэгт хуулийн төслийн хүрээнд хэдэн удаа уулзаж, хэдэн ажил хийж гүйцэтгэлээ гэсэн байгаагаас харахад газрын дарга Д.Ба******* хуулийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх байсныг харуулж байгаа юм. Хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй талаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай байнгын хорооны хурлын тэмдэглэлээс харагдана, тиймээс уг хүнийг ажил, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлт гаргасан. Өмнө нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  сануулах, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн хэмжээг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан тул халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед өмнөх сахилгын шийтгэлүүдийг Д.Ба******* нь хүлээн зөвшөөрч байсан, маргаагүй, тушаал одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймээс маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлээс харахад Д.Ба******* өөрөө оролцсон гэхдээ гарын үсэг зурагдаагүй байсан. Тиймээс сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын тайлбараас тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй “уг албан тушаалд түүнийг томилсон шийдвэрийн хууль зүйн үндэслэл, өмнө нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэл” болон “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, тэр хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлагатай захиргааны тусгаарласан хэрэгт хамаарах албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нөхцөл байдлыг энэ хэрэгт шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаатуулан дүгнэхгүйг дурьдах нь зүйтэй.

Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.8, 37.1.15-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үндэслэлээр буюу “Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцүүлэхэд хэрэгжилт хангалтгүй байсан” үндэслэлээр тус яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ба*******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тодруулбал нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 “дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх”, 37.1.8 “хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.15 “дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

Тэгвэл дээд шатны албан тушаалтны ямар шийдвэрийг биелүүлээгүй,  дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангахтай холбоотой ямар үүргээ биелүүлээгүй болохыг дүгнэвэл,

1. Тушаалын үндэслэлд заасан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 13 чиглэл бүхий арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан, уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын төлөвлөгөөг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд баталсан,

Хариуцагч нь “Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолоор чиглэл болгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаас өмнө өргөн мэдүүлэх ажлын хэрэгжилт хангалтгүй байсан, уг ажлыг хариуцсан харьяа доод шатны албан тушаалтныг удирдлага зохион байгуулалтаар хангаж, үүрэг чиглэл өгч ажиллаагүй нь Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ба*******өд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэл болсон” хэмээн тайлбарласан, энэ хүрээнд сонсох ажиллагааг хийсэн, өөрөөр хэлбэл Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолоор 13 ажил чиглэл болгож, түүний хэрэгжилтийг Байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэний[1] “хуулийн төслийг өргөн мэдүүлэх” ажлын хэрэгжилт хангалтгүй байсанд нэхэмжлэгчийг буруутгасан.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон, энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах сайдын баталсан төлөвлөгөөний 1.1-д хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, 1.2-т хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авч нэгтгэх, 1.3-т хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, 1.4-т хуулийн төслийг 2022 оны намрын ээлжит чуулгаснаас өмнө өргөн мэдүүлэх үүргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 26-ны дотор хариуцан гүйцэтгэхийг Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга /Б.Б*******/, Хуулийн хэлтсийн дарга /С.Ц*******/, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын шинжээч /М.М/, мэргэжилтэн /Т.Б*******/ нарт үүрэг болгосон байна. 

Төлөвлөгөөний хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулах ажлын хэсгийг сайдын 2022 оны А/132 дугаар тушаалаар байгуулж, ажлын хэсэг 4 удаа цахим хурал, 2 удаа танхимын уулзалт, 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хуулийн төслийг эцэслэн боловсруулсан, хуулийн төслийн үзэл баримтлалыг Барилга, хот байгуулалтын сайдтай хамтран баталсан, яамдуудаас дахин санал авахаар хүргүүлсэн[2], ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг сайд, ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн хэлтсийн дарга Байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд танилцуулсан[3] байна.

Үүнээс гадна Байнгын хорооны 8 дугаар тогтоолоор чиглэл болгосон бусад 12 ажлын хэрэгжилтийг яам сайдын баталсан төлөвлөгөөний дагуу хангаж ажилласны дотор нэхэмжлэгч Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ба******* төлөвлөгөөний 2 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг дахин нягтлах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх”,  3 дахь заалтаар “УИХ-ын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, тусгай хамгаалалттай газруудын хилийн цэсийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд оруулж бүртгэх ажлыг зохион байгуулах”, 4 дэх заалтаар “тусгай хамгаалалттай газар нутгийн төлөв байдал, нөөц даацын судалгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг шинэчлэх”, 5 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нөхөрлөл, ... –д тодорхой болзолтойгоор хариуцуулан хамгаалалтыг сайжруулах”, 6 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгож, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх”, 7 дахь заалтаар “газар ашиглах гэрээг дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд гэрээг цуцлах, эрхийг хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгох”, 8 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын  тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх”, 9 дэх заалтаар “хамгаалалтыг сайжруулах, сүлжээг өргөтгөхтэй холбогдуулан хамгаалалтын захиргаадын чиг үүргийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудлыг шинэчлэн тогтоох”, 10 дахь заалтаар “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх”, 11 дэх заалтаар “тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчиж газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн асуудлыг судалж шийдвэрлэх”, 12 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж буй нутгийн иргэдийн өвөлжөө хаваржааны газрыг гэрчилгээжүүлэх, аж ахуйгаа эрхлэх нөхцөл боломжийг нь хангах”, 13 дахь заалтаар “тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах нийтлэг шаардлага стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэх” ажлыг хариуцан тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн[4] байна.  

Дээрхээс дүгнэвэл, Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын 1 дэх заалт дахь “хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг өргөн мэдүүлэх” ажлыг төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчид буюу Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргад хариуцуулаагүй, мөн түүнийг хуулийн төслийн ажлын хэсэгт томилоогүй атал энэ ажлын хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэмэгдэл баталгааг зөрчжээ.

2. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтоор тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцахаар албан тушаалын зорилго, зорилтод тусгасан ч шууд харьяалах удирдуулах албан тушаалтанд буюу тухайн нэгжийн мэргэжилтэнд  хариуцуулсан ажлын хэрэгжилт хангалтгүйд газрын даргыг шууд буруутгах, улмаар “дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй,  дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангахтай холбоотой үүргээ биелүүлээгүй” гэж үзэх, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй.

3. Хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх ажил нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдах хууль санаачлагчаас хийгдэх олон талын оролцоог хангах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийт, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах, судалгаа шинжилгээнд үндэслэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалж, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх,  бусад хууль тогтоомжтой уялдуулах, холбогдох яамдуудаас санал авч нэгтгэх замаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үе шаттай бөгөөд тогтоол, төлөвлөгөөнд заасанчлан 2-3 сар, 1 улиралд хэрэгжих ажил биш тул, нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах шаардлагаар одоог хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа тул энэ ажлын хэрэгжилт хангалтгүй байсанд яамны нэгжийн даргыг буруутган хариуцлага хүлээлгэх үндэслэл болгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаанд халдсан хууль бус шийдвэр гэж шүүх үзлээ.

4. Нэхэмжлэгчийг өөрөөр албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцагч нотолж маргаагүй бөгөөд тэрээр 2021 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр 87.9, 2022 оны хагас болон жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээр 83.8 буюу В үнэлэгдэж, урамшуулал олгогдсон[5] байгаагаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл хүлээлгэх “албан үүргээ биелүүлээгүй” гэх өөр үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг байнгын хорооны хурлаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцсэн байх бөгөөд мөн өдөр яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд Д.Ба*******өд хариуцлага тооцох асуудлаар сонсох ажиллагаа хийсэн, уг ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулсан байх тул сонсох ажиллагааны тэмдэглэлд тэрээр гарын үсэг зураагүй нь энэ ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.8, 37.1.15-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэх, албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг сахилгын шийтгэлээр төрийн албанаас халсан Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Ба*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 231-247 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 13-14, 55, 181

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 233 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 13-31, 188-205 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 101-104, 2 дугаар хавтсын 13-45, 46-48 дугаар хуудас