Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 69

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 1704000580013 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  Д.Эрдэнэбаатар нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Багануур” ХК-ийн ТАМЗАХ-д засварчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 2 тоот орон сууцанд оршин суух, Буянт-Овоо овгийн Дагдондогийн Эрдэнэбаатар /РД:КЮ71031571/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Д.Эрдэнэбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага-Гүний 5 дугаар гудамжны 12 тоотод иргэн Д.Нямцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хамар ясны шинэ хугарал, хэнгэрэг хальс цооролт, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний орой би ажлын газрынхаа Номинчулуун, Улам-Өсөх хоёртой хамт Нямцэрэнгийн гэрт очсон. Тэднийд очиход Нямцэрэн 2 найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар авч очсон 1 шил архиа хувааж уугаад сууж байтал Нямцэрэн над руу дайраад хэрүүл өдөөд байхаар нь хоёулаа гараад уулзъя гэсэн. Гараад араас толгой руу нэг юмаар цохихоор нь эргэж хараад нүүр рүү нь 2 удаа цохиод, чих рүү нь алгадчихаад чи яаж байгаа юм бэ зүгээр ярьчихгүй гэж хэлчихээд би яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 21 дүгээр хуудас/

           Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Нямцэрэн намайг чи хаанахынх юм, Багануурынх биш биз дээ, хаанаас ирсэн юм, гэх зэргээр доромжлоод өдөөд байхаар нь хоёулаа маргалдаад яахав гараад уулзая гээд гэрээс нь дагуулаад гарсан. Тэгсэн араас юмаар цохисон, би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд хоёр цохиж, нэг алгадчихаад яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед манай найз Отгонжаргал над руу утасдаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэсэн. Уламбаяр, Отгонжаргал 2 нэг шил архи аваад манай гэрт ирсэн. Тэгээд тэрийг уугаад сууж байтал Отгонжаргал найз Содхүү гэгчийг дуудаад бид нар ууцгаасан. Тэгээд байж байтал орой Номио, Баатараа, Улмаа гэх 3 залуу ирээд хамт архи ууцгаасан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд л Улмаа гэх залуу нь намайг цохиод байсан. Сүүлд ирсэн 3 залуу гурвуулаа Багануур ХК-д ажилладаг гэсэн. Би ямар ч гэсэн Баатараатай нь ам зөрөөд сууж байхад Улмаа нь босож ирээд намайг цохиж байсныг санаж байна. Тэгээд тэд нар яваад өгсөн. Би гэртээ унтсан. ...Би 2 жилийн өмнө машинд мөргүүлсэнээсээ хойш зарим юмаа мартдаг болсон. 2017.08.12-ны өдрийн өглөө мэдүүлэг өгөхдөө ямар ч буруугүй хүнийг зодсон мэтээр өгсөн байна. Одоо санаад байхад Баатараа гэдэг залуутай нь муудалцаж, маргалдаж хоорондоо зодолдсон. Би эхлээд Баатарааг дагз руу нь хавтгай чулуугаар цохьчихсон. Тэгээд Баатараа надтай барьцалдаж аваад миний нүүр рүү 2 удаа цохиод зүүн талын чих рүү 1 удаа алгадсан. Тэгээд эвлэрээд буцаад гэр рүү ороход Содхүү, Баатараа бид хоёрт хандан та хоёр битгий муудалцаад бай, Нямцэрэн чиний хамраас цус гарчихсан байна шүү гэхээр нь би цусаа хараад уур хүрээд шүүгээнээс хутга авах гээд гүйсэн чинь Улам-Өсөх гэх залуу намайг хорьж орон дээр дарж хэвтүүлсэн. Тэгээд л Баатараа, Улам-Өсөх, Номинчулуун, Уламбаяр, Отгонжаргал нар гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд унтсан. Тэгээд өглөө сэрэхэд Уламбаяр манайд ирчихсэн надтай хамт унтаж байсан. Тэгээд би өглөө босоод уурандаа цагдаад ирж мэдүүлэг өгсөн...”  мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Уламбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад найз Отгонжаргалын хамтаар Нямцэрэнгийн гэрт очсон. Бид хоёрыг Нямцэрэнгийн гэрт очиход Нямцэрэн гэртээ ганцаараа байсан. Бид хоёр очихдоо 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи авч очсон. Тэгээд бид 3 тэр архиа уугаад сууж байтал манай найз Содхүү гаднаас 1 шил архитай орж ирээд бид 4 архиа уугаад дуусаж байтал манай 10 жилийн ангийн хүүхэд болох Номинчулуун ажлын газрынхаа 2 хүнтэй хамт орж ирсэн. Тэр 3 ирэхдээ 1 шил Алтанчингис гэх нэртэй архитай ирсэн. Тэгээд л би тэр архийг хувааж ууж байгаад талд нь орж байхад тасраад уначихсан байсан. Нямцэрэн бид 2 хамт сэрсэн. Нямцэрэн чих дүнгэнээд байна Номинчулуунтай ирсэн 2 хүний нэг нь цохьчихсон гэж хэлээд утсаар яриад гэрээсээ гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Шинжээчийн 09шэ/208 дугаартай дүгнэлтэд: “...Д.Нямцэрэнгийн биед хамар ясны шинэ хугарал, хэнгэрэг хальс цооролт, баруун болон зүүн нүдний доод зовхи, дээд уруул завьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, хохирогч Д.Нямцэрэн нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээ, /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

      Д.Эрдэнбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага-Гүний 5 дугаар гудамжны 12 тоотод иргэн Д.Нямцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хамар ясны шинэ хугарал, хэнгэрэг хальс цооролт, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...эргэж хараад нүүр рүү нь 2 удаа цохиод, чих рүү нь алгадчихсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/208 дугаартай “...Д.Нямцэрэнгийн биед хамар ясны шинэ хугарал, хэнгэрэг хальс цооролт, баруун болон зүүн нүдний доод зовхи, дээд уруул завьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Д.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Д.Эрдэнэбаатарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч хохирогч нар “...Д.Эрдэнэбаатар нь Д.Нямцэрэнд учруулсан хохирол болох эмчилгээний зардал 700.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгч түүнийг хохиролгүй болгосон учир харилцан тохиролцож эвлэрсэн...” гэсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 24, 42 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 42 дугаар хуудас/, хохирогч Д.Нямцэрэнгийн “...Хохирогч Д.Нямцэрэн миний бие 2017.09.11-ний өдрийн 11 цагт болох шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй. Учир нь миний хохирлыг Д.Эрдэнэбатаар барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Эрдэнэбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирлын мөнгө төлсөн болох нь шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрийг төлж эмчилгээний зардалд 700.000 төгрөг бэлнээр өгч, талууд эвлэрсэн гэж бичгээр үйлдэн шүүхэд ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Буянт-Овоо овгийн Дашдондогийн Эрдэнэбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буянт-Овоо овгийн Дашдондогийн Эрдэнэбаатарыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2017 оны 10 сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.Эрдэнэбаатарт тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь хохирол 700.000 төгрөгийг хохирогч Д.Нямцэрэнд төлсөн болохыг дурьдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Д.Эрдэнэбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ