Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0675

 

 

 

 

 

 2023          09          11                                        128/ШШ2023/0675

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х*******а даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Тариат овогт Б*******гийн Т******* /РД: *******/,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдох,

Гуравдагч этгээд: Д*******гийн А*******, 

Маргааны төрөл: барилгад давхар нэмэх зөвшөөрлийн баримт бичгүүдтэй тухайн барилгыг хэсгээр өмчлөгч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******, Д.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг,

1.2. Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гуравдагч этгээд Д.А******* маргаанд хамаарах Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол Нарны зам гудамж, 89 тоот хаягт байрлалтай 4 давхар барилгыг бариулсан, тэрээр 1 дүгээр давхрын зарим хэсгийг, 2, 3 дугаар давхрыг гэр бүлийн хамт өмчилдөг.

2.2. Нэхэмжлэгч Б.Т******* Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 89 дүгээр байрны 1 дүгээр давхарт 70 м.кв агуулах, 4 дүгээр давхрыг 300 м.кв-аар үйлчилгээний зориулалттай талбайг 2015 онд иргэн Д.А*******оос худалдаж авч, өмчилсөн.

2.3 Д.А******* барилгын дээр 2 давхар нэмж өргөтгөл барихаар хүсэлт гаргаж, Хот байгуулалт, хөгжлийн газар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өргөтгөлийн барилгад олгож, өргөтгөлийн барилгын эх загвар зургийг баталж,

2.4. Барилгын хөгжлийн төв 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт гаргаж,

2.5 Хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

2.6 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 дугаартай дүгнэлтээр Д.А*******ын барилгын өргөтгөлийн үйл ажиллагааг зогсоосон.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: “... аливаа барилгын даац, давхрын асуудал нь Барилгын тухай хуульд зааснаар инженер техникийн ажлын шийдлээсээ шалтгаалж бага, дунд, өндөр, онцгой гэсэн шатлалтай байдаг ба миний өмчилж буй оффис бүхий барилга нь бүхэлдээ бага төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байгаа, давхар нэмэх тохиолдолд дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар болж байгаа, үүгээрээ барилга угсралт гэлтгүй төвөгшил тус бүрээрээ сантехник дулаан, цахилгаан, холбоо дохиолол, цэвэр бохир ус, дотор, гадна салбар шугамуудын хүртээмжийн байдал нь өөрчлөгдөнө.

Үүнээс дараах сөрөг үр дагаврууд бий болно. Тодруулбал, давхар нэмэх тохиолдолд газар хөдлөлт, хүчтэй салхилах гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл, мөн ердийн ашиглалтын явцад бий болох суултанд нэмж ачаалал өгөх, цаашлаад анхны хийц бүтэцтэй холбоотой барилгын суурь дийлэхгүй болох, ачаалал нэмэгдэх гэх мэт эрсдэлийг барилгын өмчлөгч нар үүрэх эрсдэлтэй болно.

Миний хувьд уг барилгын 1 болон 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын норм, дүрмийг зөрчиж барихаар эхлүүлсэн төмөр рам суурилуултаас нь хамаарч миний өмчилж буй хамгийн дээд давхар болох 4 дүгээр давхрын цонх, хананд эвдрэл, цуурал гарч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд хохирол учирсан болно.

Барилгын хөгжлийн төвөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1256/2020 дугаартай Магадлалын нэгтгэсэн дүгнэлт нь хууль зөрчиж олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зурагт үндэслэн олгогдсон байх бөгөөд үүнийг миний бие дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 89 дүгээр байр нь нийт 5 өмчлөгчтэй, өөрөөр хэлбэл уг барилга нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар өмчлөгч бидний дундын өмч болно. Иймээс уг дундын өмчид аливаа хэлбэрээр өөрчлөлт оруулах, тодруулбал давхар нэмэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэн өмчлөгч тус бүрээс санал авах ёстой. Гэтэл миний өмчлөлийн эд хөрөнгөд дураараа халдаж, үл хөдлөх эд хөрөнгө дээр маань надаас огт зөвшөөрөл авалгүйгээр давхар нэмэхээр зэхэж буй иргэн Д.А*******ын үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд уг хууль бус үйл ажиллагаа дэмжиж барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас магадлалын нэгдсэн дүгнэлт гаргаж өгсөн нь үндэслэлгүй байна.

Барилгын хөгжлийн төв нь Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу барилгын зураг төсөлд магадлал хийхдээ Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг баримтлах ёстой. Гэтэл уг давхар нэмэхтэй холбоотой асуудлаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/2744 тоот албан бичигт “...Галын аюулгүй байдлын норм хангагдахгүй байна. Иймд тус барилгыг одоогийн хүчин чадал, зориулалтынх нь дагуу ашиглахыг зөвлөж байна” гэсэн байтал давхар нэмэх барилгын ажлын зураг нь аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна гэж экспертийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй.  Мөн барилгын бүтээцийн материалыг шинжлэх, тооцоолох дүгнэлт гаргах мэргэжлийн лабораторигүй компани болох “Ган харш” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ШИФР ГХ-01/2020 дугаартай “Барилгын бүтээцийн тооцооны тайлан”-г үндэслэж магадлалын дүгнэлт гаргаж байгаа нь тус барилгын өмчлөгч миний аюулгүй байдалд нөлөөлөх, хор хохирол учирч болох эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Төрийн захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “ ...урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлд “...тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч дээрх ажиллагааг огт хийлгүй барилгын өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн магадлалын дүгнэлт гаргасан.

Иймд Б.Т******* миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ хамгаалуулахаар, хууль зөрчиж олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар /эскиз/ зураг, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1256/2020 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “...Бидний зүгээс хоёр үндэслэлээр маргаж байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар хамгаалагдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх үндсэн эрхэд иргэн Д.А******* халдаж, төрийн захиргааны байгууллагаас хуурамч бичиг бүрдүүлж, зөвшөөрөл гаргуулсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Барилгын норм, дүрэм, барилгын баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагаас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөвшөөрөл олгох хянан шалгах үйл ажиллагаанд уг хуулийн 7.1.1-7.1.3 дахь хэсэгт заасан зарчмыг харгалзан үзэж, шалгаж зөвшөөрөл олгоогүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироож байна гэж үзэж байна” гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... Иргэн Д.А******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам 89 дугаартай хаягт байрлах Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 захирамжаар олгогдсон 1548 м.кв газар дээр баригдсан 4 давхар барилгын давхрын хэмжээг нэмэгдүүлэх шинээр Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт ирүүлсэн. Улмаар Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хүсэлтийг шийдвэрлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГМБЗХ2019/08-005 дугаартай 15.65х27.0 метр хэмжээтэй тухайлсан зураг төслөөр 2 давхар нэмэх Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. 2020 онд загвар зургийг батлуулсан байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр үндэслээд нийт эдэлбэр газрын барилгажих талбайг норм дүрмийг хангуулаад баталдаг. Даалгавар нь барилгын загвар зураг батлахад өгч байгаа зөвлөмж, тэрний дагуу загвар зураг батлаад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн шаардлагыг хангасан учраас олгосон.

Иргэн Д.А******* нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2021 оны 050/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон болно. Улмаар барилгын давхар нэмэх ажил 2021 оны 09 дүгээр сараас эхэлсэн бөгөөд эхэлсэнтэй зэрэгцэн Д.А*******ын гэх 4 давхар барилга нь хэд хэдэн өмчлөгчтэй болох нь тогтоогдож, тухайн өмчлөгч иргэнээс барилгын ажлыг эсэргүүцсэн барилга бариулахгүй талаар гомдол, өргөдөл ирүүлсэн байдаг.

Тус иргэд, өмчлөгч нарын гомдлыг үндэслэн тус газраас иргэн Д.А*******од олгосон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3620 дугаартай “Барилга ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн болно.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Тухайн барилгад давхар нэмэх асуудал нь 2021 оны 09 сард эхэлсэн тухайн үед иргэн Б.Т*******аас удаа дараа гомдол гаргаж хариу тайлбар хүргүүлж байсан, ингэснээр тухайн маргаан бүхий захиргааны актыг мэдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... төлөвлөсөн барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 тоот захирамж, Газар эзэмших эрхийн 000678814 дугаартай гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгүүдэд үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1256/2020 дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг гаргасан.

Тус төвд тухайн барилга байгууламж хэд хэдэн өмчлөгчтэй эсэх талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болно. Барилгын тухай хуульд зааснаар Хот байгуулалт, хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм.  Иймээс иргэн Д.А******* эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн ГМБЗХ2019/08-005 дугаар архитектур  төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан загвар зургийг шүүхээс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга дээр давхар нэмэх боломжгүй болох тул магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй.

Тус төв нь Барилгын тухай хуулийн 25.1, 34.1.4, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолд зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан нь тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...өмчлөгч тус бүрээс санал авах ёстой” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэл болохгүй юм. Маргаан бүхий дүгнэлтийн хавсралт “Магадлалын дүгнэлт”-ийг Барилгын тухай  хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар томилогдсон эксперт эрх, хэмжээнийхээ хүрээнд гаргасан бөгөөд хараат бус, бие даасан байдлаар гаргасан экспертийн дүгнэлтийг тус төвөөс өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй юм. Энэ тохиолдолд магадлалын нэгтгэсэн дүгнэлт нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хариуцагч бус этгээд байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.5. Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Иргэн Д.А******* нь Хот байгуулалт, хөгжлийн газрын чанар аюулгүй байдлын хэлтсээс барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт судалгааны дүгнэлтүүдийг үндэслээд 2019 онд хүсэлтээ гаргасан. Д.А*******ын өмчлөлийн барилга дээр давхар нэмэх боломжтой юм байна гэж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Хот байгуулалт, хөгжлийн газраас “барилгын зурагт магадлал хийх шаардлагатай” гэх албан бичиг хүргүүлсний дагуу Барилгын хөгжлийн төвөөс  2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр магадлал хийлгэж, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Иргэн Д.А******* нь хэн нэгэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, холбогдох бүх зөвшөөрлийг авсан.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байгаа боловч Архитектур төлөвлөлтийн  даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах үндэслэл нь тодорхой биш байна. Нэхэмжлэлийн агуулгаас харахаар Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчөөд байна. 2015 онд худалдаж авсан байршил сайтай, үзэгдэх харагдах байдал нь чөлөөтэй байсан учраас тав тухтай байдлын харгалзан үзэж сонгон авсан гэсэн. Одоо энэ хэвээрээ байгаа Б.Т*******ын тав тух алдагдаагүй, өмчлөх эрхэд нь хэн ч халдаагүй. Давхар нэмэхтэй холбоотой асуудал дээр Б.Т*******ын зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Анхны барилга бол оршин суугчдын зөвшөөрөл, санал хүсэлтийг нь авч өгсөн. Гэтэл давхар нэмж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Барилгын тухай хуулийн 1-д “барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.” гэсэн зорилгыг зааж өгсөн. Нэхэмжлэгч талаас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д заасныг ярьдаг. 7.11-д бусад өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг шалгасны дараа зөвшөөрөл өгөх ёстой байсан гэж маргаад байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад жишээ аваад байгаа зүйл нь хэрвээ дахин төлөвлөлтийн орон сууцанд 21 айл байвал 21 айлаасаа санал аваад нураагаад дахиж барих асуудал эсвэл давхар нэмэх асуудал дээр ингэдэг шүү дээ гэж яриад байгаа юм. Энэ Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийг тодруулж асуугаад байсан. Тухайн барилгын газар эзэмшигч нь Д.А*******, тийм учраас Барилгын тухай хуульд заасан шаардлагын дагуу өргөтгөлийн зураг техникийн бүрдүүлэлттэй холбоотой бүх баримт бичгүүд, холбогдох зураг төслүүдийг хуульд заасан шаардлагын дагуу биелүүлээд тухайн зургуудыг эцсийн байдлаар экспертүүдээр ороод баталгаажуулсан. Энэ экспертүүд нь барилгыг нэмэхэд ямар ч аюул байхгүй, бусдын эрх, ашгийг зөрчихгүй гэж эцсийн байдлаар мэргэжлийн  түвшинд тогтоож байгаа юм. Тиймээс сүүлд өгсөн хүчин төгөлдөр барилгын зураг, ажлын зураг бүх зүйлүүдийг уншихаар металл карказ нь  хөнгөн карказаар хийсэн барилга байна. Тэгэхээр хөнгөн карказаар нэмээд 2 давхар нэмээд барихад ямар нэгэн байдлаар газар хөдлөлт,  хөрсний суулт холбогдох аюул учрахуйц зүйл байхгүй гэдгийг экспертүүд баталсан зураг байгаа. 

Нэгэнтээ барилгын эзэмшигч, өмчлөгчийн үүргийг Д.А******* өөрөө хүлээж байгаа. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг амьдрал баялаг зөрчигдсөн гэж үзвэл цонх хагарсан, хана цуурсан гэж байгаа бол тухайн асуудал дээр өмчлөх эрхэд халдаж байна, өмчийг устгаж гэмтээж байна гэж үзвэл Иргэний хуульд зааснаар дүгнэлт гаргуулаад шаардах эрх нь нэхэмжлэгчид байгаа. Түүнээс биш нэхэмжлэгч тухайн барилгын гадаргуу, дээвэр, дээврийн гадна талын талбайг эзэмшээгүй. Барилгын тухай хуулийн 46, 25, 28-т заасан шаардлагыг гаргах эрхтэй этгээд нь Д.А******* юм.

Тийм болохоор хууль ёсны өмчлөгч, эзэмшигч Д.А******* нь хуульд заасан шаардлагын дагуу бүх зөвшөөрлүүдээ аваад давхар нэмэхэд бусдад аюулгүй гэдгийг мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр  буюу экспертүүд гарган батлаад өгсөн. Эдгээр үйл баримтууд болон хуульд заасан үндэслэлүүдийг үндэслээд дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Маргаанд хамаарах Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол Нарны зам гудамж, 89 тоот хаягт байрлалтай 4 давхар барилга 2010 онд баригдсан, уг барилгын захиалагч Д.А******* нь барилгын 1 дүгээр давхрын зарим хэсгийг болон 2, 3 дугаар давхрыг гэр бүлийн хамт өмчилдөг[1], харин 1 дүгээр давхарт 70 м.кв агуулах, 4 дүгээр давхрыг 300 м.кв-аар бүхэлд нь үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгч  Б.Т******* 2015 онд иргэн Д.А*******оос худалдаж авч, өмчилсөн[2] байх тул барилгыг 2 давхар нэмж өргөтгөснөөр өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хийц бүтээц, ашиглалтын хэвийн байдалд нөлөөлөх эсэхтэй маргах эрх, ашиг сонирхол байна гэж үзлээ.   

 Хоёр. Д.А******* нь 4 давхар уг барилгыг дээш 2 давхраар нэмж барих хүсэлт гаргах гаргаснаар Хот байгуулалт, хөгжлийн газар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[3] өргөтгөлийн барилгад олгож, өргөтгөлийн барилгын эх загвар зургийг[4] баталж, улмаар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт[5] гаргаж, Хот байгуулалт, хөгжлийн газар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[6] олгож, барилгын дээш 2 давхраар өргөтгөх барилгын ажлыг эхэлснээр энэ маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч нь “барилгын бусад өмчлөгч болох өөрөөс нь зөвшөөрөл аваагүй, барилгын хийц, даацад сөргөөр нөлөөлж өмчлөлийн 4 дүгээр давхрын хананд цууралт өгч, цонх хагарсан, дээш 2 давхар нэмж барих нь уг барилгын бага төвөгшлөөс дунд төвөгшилтэй болж инженерийн байгууламжийн ачаалал нэмэгдэнэ” гэх үндэслэлүүдээр тухайн барилгад дээш 2 давхар нэмж барих өргөтгөлийн барилгын зөвшөөрөл болох Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

 Гурав. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагч нараас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар дээрх маргаан бүхий актууд болох барилгын зөвшөөрлийн баримт бичгүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын тайлбарт дурдсанчлан тухайн барилга нь хэд хэдэн өмчлөгчтэй, бусад өмчлөгчөөс ирүүлсэн гомдлоор барилгын зөвшөөрлийн баримт бичгийг шалгах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3620 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн[7], өөрөөр хэлбэл бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол барилгад давхар нэмж барьснаар зөрчигдөх эсэхийг, барилгын бүтээцийн хийц, даацад, инженерийн байгууламжийн ачаалалд нөлөөлөх эсэхийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар шалгаж дуусаагүй[8] байна.

2. Өмнө нь Б.Т*******ын гомдлоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн болон эрчим хүч, дулаан, эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр давхар нэмэх өргөтгөлийн барилгын баримт бичиг болон газар дээр нь шалгалт хийж, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 дугаартай дүгнэлтээр[9] “уг барилгад Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс хийгдсэн барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт, судалгааны дүгнэлтэд[10] “давхар нэмэх боломжтой эсэх, анхны бүтээцтэй ижил материалаар эсвэл хөнгөн хийц бүтээцээр давхарлаж болох эсэх талаар дүгнээгүй, ачаалал хэдэн хувиар нэмэх боломжтой зэргийг дүгнэлтэд тусгаагүй” нь Барилгын тухай хуулийн 14.1.2 дахь “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” заалтыг хангахгүй, зэргэлдээ барилгуудаас барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай галын норм ба дүрэм хангахгүй гэж” гэж дүгнээд Д.А*******ын барилгын өргөтгөлийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.

3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар барилга байгууламжийг өргөтгөх буюу хэмжээг нэмэгдүүлж, үндсэн бүтээц ... өргөтгөх боломжтой ч энэ барилгын хувьд мөн хуулийн 14.1.2 дахь “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” заалтыг хэрхэн хангуулсан, барилгын анх батлагдаж баригдсан загвар зургаар давхрыг 2 давхраар нэмж болохуйц даацтай батлагдсан, баригдсан эсэх, 2020 оны загвар зургийг үүнд нийцүүлсэн эсэх нь шүүхэд тодорхойгүй байна. Барилгын зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтэд барилгын бүтээцийн эксперт энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал,

4. Барилгын зураг төслийн магадлалд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан “барилгын үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэх”-д хийх дүгнэлт хамаарна.  

5. Уг барилгын зураг төсөлд барилга бүтээц, барилга архитектур, халаалт, агаар сэлгэлт, дотор цэвэр, бохир ус, гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиоллын зураг төслийн бүрдэл тус бүрээр магадлал хийж гаргасан экспертүүдийн дүгнэлтээр магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтэс баталсан.

Гэтэл энэхүү магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг дээрх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчдын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 дугаартай дүгнэлтэд дурдагдсан “давхар нэмэх боломжтой эсэх, анхны бүтээцтэй ижил материалаар эсвэл хөнгөн хийц бүтээцээр давхарлаж болох эсэх талаар дүгнээгүй, ачаалал хэдэн хувиар нэмэх боломжтой зэргийг тусгаагүй” гэх Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн “барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт, судалгааны дүгнэлт”[11]-ийг үндэслэн 6 давхар болгон өргөтгөхөөр боловсруулсан зураг төсөлд хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “давхар нэмэх боломжтой эсэх, барилгын хийц бүтээцийн даац, ямар материалаар хийгдэх, инженерийн байгууламжийн хувьд ачаалал даах эсэх”-ийг барилгын төлөв байдалд мэргэжлийн байгууллага хийсэн хэмжилт, судалгаанд дүгнээгүй байхад уг хэмжилт, судалгааг үндэслэж барилгын зураг төсөлд барилга бүтээцийн дүгнэлтийг[12] эксперт хийж, уг дүгнэлтийг магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулжээ. 

5. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр олгосон 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнээс үзвэл уг барилга “дунд төвөгшилтэй” ангилалд хамаарахаар болсон бөгөөд, ийнхүү төвөгшил буюу “барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал” ахиснаар барилга бүтээцийн хувьд ашиглагдаж буй барилгын ган карказан материалаар, эсхүл түүнээс хөнгөн хийц бүтээцээр давхарлах нь барилгын даацын чанар, аюулгүй байдал хангах эсэхийг мэргэжлийн этгээдээс дүгнээгүй байх тул үүнийг шүүх дүгнэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзлээ.

6. Барилгын зураг төслийн “барилга бүтээц”-ийн экспертийн дүгнэлтэд[13] байгаль цаг уурын ерөнхий өгөгдлийг цасны ачаа, салхины ачаа, газар хөдлөлөөр тодорхойлсон, үер усны ерөнхий өгөгдлийг дүгнээгүй байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө[14], Давхарлах барилгын схем зургаас[15] үзвэл тухайн барилга байршлын хувьд Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүсээс гадна хэдий ч голын энгийн хамгаалалтын бүсэд багтсан байх тул давхар нэмж өргөтгөхөд барилгын даацын хувьд үер усны ерөнхий өгөгдөл, цаашлаад хөрсний  нөлөөлөл бий эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохгүйгээр зураг төсөлд магадлал хийж, үүнийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгосныг шаардлагад нийцсэн гэх боломжгүй, үер усны ерөнхий өгөгдөл, үүнээс үүсэх хөрсний нөлөөлөл, энэ нь барилгын бүтээцийн даацад хэрхэн нөлөөлөхийг шүүх шинжлэн судалж дүгнэхгүй.     

7. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-03070/671 дугаартай дүгнэлт нь барилгын даац бүтээцийн талаар биш болохыг дурьдах нь зүйтэй.

Дөрөв. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн гарсан барилгын эх загвар зураг нь захиргааны актын шинжийг агуулсан талаар давж заалдах шатны шүүх тогтоолоор дүгнэсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр 4 давхар барилгыг дээш 2 давхраар нэмж өргөтгөхөд барилгын үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаж буй эсэх нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт хийсний эцэст дахин шинэ акт гаргах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзэж байх тул Д.А*******ын барилгын өргөтгөлд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас баталсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дээрх нөхцөл байдлыг нэмж тодруулан дүгнэлт хийсний эцэст өргөтгөл хийхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан шийдвэрийг гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаанд хамаарах архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, барилгын зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болохыг буюу эрх зүйн үйлчлэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагаар Д.А*******ын барилгын өргөтгөлд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас баталсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт хийсний эцэст дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 07 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт хүчингүй болохыг буюу эрх зүйн үйлчлэлгүй болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 188 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 126 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 82-84 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 85-86 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 159-162 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 80-81 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 128 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 129, 130 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 246-250 дугаар хуудас

[10] Хэргийн 3 дугаар хавтсын 1-10 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 41-50 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 6 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 174-175 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 227, 228 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 162 дугаар хуудас