Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02015

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2024/02015 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, РД-..... ..... овогт .....

Хариуцагч:Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .ба...йрны .... тоотод оршин суух, РД-....., ......н овогт ....,

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг болон нэмэлт зардлын 5 435 380 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., хариуцагч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ нь .........д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2022 оны эхээр .......... дотно харьцаатай болсон ба 2022 оны 8 дугаар сард БНСУ руу магистрын зэрэг хамгаалахаар явсан.БНСУ-ын Сөүл хотод Солонгосын Иргэний нисэхийн их сургуульд удирдлагын магистраар 2022 оны 8 сараас хойш суралцаж байгаад 2023 оны 1 дүгээр сард би эх орондоо ирсэн ба ..............гэрт нь 1 сар гаруй амьдарсан.Би БНСУ руу буцаад хичээлдээ явах байсан, явахаасаа өмнө ......... бид хоёр Баянзүрх дүүрэгт байрлалтай эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлж би жирэмсэн гэдгээ мэдсэн.Улмаар өвлийн амралт дуусаж би БНСУ руу хичээлдээ явсан.......... миний араас ирнэ гээд энд үлдсэн боловч намайг явснаас хойш сар гаруйн дараа холбогдохоо больсон ба ......... согтуу үедээ над руу ярихдаа хүн итгэхийн аргагүй юм ярьдаг байсан. ......... өөр эмэгтэйг жирэмсэн болгосон гэх ба тэр эмэгтэйтэйгээ хамт амьдрах болсон мөн хүүхэд нь төрлөө гэх зэргийн мэдээ надад ирдэг байсан.Би эх орноосоо хол мөн жирэмсэн, оюутан байсан учир маш их стресст орж жирэмсэн байсан учир эрүүл мэнд муудаж тээж байгаа ураг болон миний амь насанд ч аюултай болж хүүхдээ эх орондоо ирж төрүүлэхээс өөр араггүй байдалд хүрсэн. Миний магистрын сургалт 100 хувь тэтгэлэгтэй богино хугацааны сургалт байсан.

Би жирэмсэн эрүүл мэндийн шалтгаанаар цаашид суралцах боломжгүй болоод тэтгэлгээ цуцалсан.Би ЗТХЯ-д Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба заавал магистрын зэрэг хамгаалж ажилдаа эргэж орох гэрээг байгууллагатайгаа байгуулж магистрын сургалтад хамрагдаж явсан.

Миний охин 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, охиноо төрүүлээд хүүхдийн эцэг болох .........д хэлсэн боловч охиндоо нэр өгөөгүй ба өөрөөрөө овоглох талаар надад хариу мэдэгдээгүй.Одоо охин 3 сар хүрч байна. Охин ........... эцэг ............... мөн болохыг тогтоож, сар бүр эцгээс нь охиныг тэжээн тэтгүүлэхээр тэтгэмж гаргуулна.

Мөн ........ нь 2023 оны 1 сард ........гээс жирэмсэлсэн ба 2023 оны 2 сараас БНСУ-д магистрт үргэлжлүүлэн сурахаар явсан ба жирэмсний 7 сартай үед жирэмсэн эх орондоо буцаж ирсэн.Жирэмсэн байх хугацааны зардалд БНСУ-д эмнэлгийн үйлчилгээ авч хүүхэд эрүүл төрөхөд шаардлагатай үзлэг оношилгоог хийлгэх эм тариа хийлгэж байсан ба Монголд ирээд хүүхдээ төрүүлэхээс өмнө жирэмсний хяналтад орж*******г төрүүлсэн.Амирланг төрүүлснээс хойш ........ хүүхдэд огт тэтгэмж өгөөгүй бөгөөд эцэг хүний хүлээх үүргийг биелүүлэхгүй байгаа тул 10 870 177 төгрөгийн 50 хувь болох 5 435 380 төгрөгийг ........гээс гаргуулж нэхэмжлэгч ........д олгож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би ........тай нэг байгууллагад хамт ажилладаг найз нөхдийн холбоотой байсан, Солонгос улс руу явахад нь би ганц бие байсан учраас харилцаагаа дотно болгосон, 2023 оны 1 дүгээр сард Монголд ирэхэд нь уулзсан, явахынхаа өмнөх өдөр жирэмсэн болсноо хэлээд хамт эмнэлэгт үзүүлсэн.Тухайн үед миний хүүхэд гэдэгт итгээгүй учраас холбогдоогүй. Шинжилгээний дүгнэлтээр 99.99 хувь миний хүүхэд мөн гэсэн учраас 100 хувь хариуцлагаа хүлээнэ.Би бага багаар мөнгө өгч байгаа, хүүхдийн тэтгэлэг өгнө, нэмэлт зардалд нэхэмжилсэн мөнгийг нь өгнө гэв.

Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эмчийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Зам, тээвэр хөгжлийн яам болон суралцагчийн хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 235 дугаар гэрээ, элсэлтийн сертификат, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын Иргэний нисэхийн их сургуулийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн баримт, Эрүүл мэндийн төвийн тооцооны баримтууд, зорчих тасалбар, хүүхдийн хэрэглээний зардлын жагсаалт, баримтуудыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ............гийн эцэг нь ........ болох тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон нэмэлт зардлын 5 435 380 төгрөгийг хариуцагч ........гээс гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байна, тэтгэлэг болон хүүхдийн нэмэлт зардлыг өгнө гэж тайлбарласан.

........, ........ нар нь нэг байгууллагад ажиллаж байх үедээ дотно харилцаатай байсан, тэдний дундаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин******* төрсөн байна.

........ нь ............эцэг мөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1545 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байх бөгөөд*******г эх ......... нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.

Амирлан нь төрсөн үеэсээ эх ........гийнхаа асрамжид амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

Иймд ........гаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин ............эцэг нь ........ мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул ........ нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул ........гийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд*******г төрүүлэх хугацааны үзлэг, эмчилгээний болон хүүхдийн асаргаатай холбоотой зардлын 5 435 380 төгрөгийг ........ хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 172 117 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ............эцэг нь ................. мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ........... 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ........гээс нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэмэлт зардлын 5 435 380 төгрөг гаргуулах шаардлагыг ........ хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ........гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 117 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ........гээс 172 117 /нэг зуун далан хоёр мянга нэг зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан ........д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН