Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02088

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02088

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн.... дугаар хороо, ......... төвийн ....... тоотод байрлах, РД-.........., ..............,

Хариуцагч:Баянгол дүүргийн .... дугаар хороо, .....тоотод байрлах, РД-.... ............,

Нэхэмжлэлийн шаардлага:3 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ........., хариуцагч байгууллагын төлөөлөгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ............-аас 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

...........-ийн захирал би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Фэйсбүүк хуудаснаас S.............. нэртэй фэйсбүүк пэйж хуудсыг харж, ........... үйлчилгээ буюу оновчтой бүүст явуулах талаар үйлчилгээ үзүүлнэ гэсэн мэдээллийн дагуу тухайн пэйж хуудасны чат бот руу Маркетинг үйлчилгээ авах хүсэлт илгээсэн, үүний дагуу тухайн пэйж дээр байсан ......... дугаарт холбогдсон.Тухайн утсыг ......... гэж хүн авсан бөгөөд танд яаралтай маркетинг үйлчилгээ болон бүүст хэрэгтэй байгаа бол яг одоо Хууль зүйн яамны ойролцоо ирээд залгачих, манайх танд найдвартай түргэн шуурхай үйлчилнэ, аяллын зах зээлийг мэднэ, ажиллаж болно гэж хэлсэн.Би 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Давхарбаяртай ярилцсан. Ерөнхий манай компанийн сошиал маркетинг дээр юу хэрэгтэй байгаа мөн 12/6-ны аялал хугацаа нь тулсан байгаа, бид хангалттай аяллын групп бүрдүүлж чадаагүй байгаа, тиймээс маш хурдан хугацаанд фэйсбүүк дээр үр дүнтэй бүүст тохиргоо хийх болон маркетингийн үйлчилгээ, бид авах хүсэлтэй байгаагаа хэлсэн.

......... нь мэргэжлийн түвшинд бүүст тохиргоо болон борлуулалт өсгөх, контент бэлдэх зэрэг маркетинг дээр манайх мэргэшсэн байгууллага учир аялал жуулчлалын зах зээл дээр 3 хоногийн дотор үр дүн гаргаж өгнө гэж хэлсэн.Мөн Сошиал Медиа аудит, Сегментчилсэн сурталчилгаа, Хэрэглэгчийн дата анализ, Өрсөлдөгчийн судалгаа, Брэнд бүүк, Фото + Видео гэсэн эдгээр зүйлүүдийг хийнэ, 3,000,000 төгрөгийг яг одоо 100 хувь шилжүүлчих гэсэн.

Тухайн үед манай ............... фэйсбүүк 2 пэйж хуудсанд яг л энэ үйлчилгээнүүд яаралтай хэрэгтэй байсан болохоор бид зөвшөөрсөн, ......... нь манайх ......... гэдэг маркетинг үйлчилгээ үзүүлдэг компани гээд тухайн компанийн татварын хуудасны е-баримтаар нэвтэрч 3,000,000 төгрөгийн е-баримтаар нэхэмжлэх үүсгэж бидэнд илгээсэн.Тус нэхэмжлэхийн дагуу ...........-ийн Голомт банкны .............. тоот данснаас ХХБ-ны ........ ............-ийн дансанд 3,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 23-нд шилжүүлж, .........ын хувийн фэйсбүүк аккаунт буюу Davkharbayar Khureltogoo хаягаар Xanadu Travel Mongolia пэйж хуудсанд нэвтэрч зар сурталчилгаа байршуулах, бүүст асаах, контент хийж оруулах зэрэг advertiser эрхийг Занаду Трэйвэл Монголын пэйж хуудсанд зөвшөөрсөн. Контент байршуулах, бүүст асаах, пост засах устгах гэх мэт бүх дотоод аудитыг манай пэйж хуудсанд хийх эрхтэй болсон.

Эхний өдөр пэйж хуудсанд ямар ч ажил хийгээгүй контент бэлдэж байна гэсэн.Маргааш нь буюу 11/24-ны өдөр ................. зураг бэлдлээ гээд манай пэйж хуудсанд оруулсан байсан нь яг үнэндээ аль нь ч таалагдаагүй мэргэжлийн түвшинд хийсэн реел гэхэд бүр маш хангалтгүй байсан.Контент сайн болоод зөв бүүст тохиргоо хийхэд хандалт маш хурдан хугацаанд өндөр үзүүлэлт үзүүлдэг. Мөн ............ гэсэн фэйсбүүк хаягтай эмэгтэйг Занаду трэйвэлийн пэйж хуудсанд advertiser эрхээр нэмээрэй, энэ хүн бас хамтарч юм хийнэ гэсэн.Манай талаас .......... хаягт эрх өгч нэмж оруулсан.Энэ хүн нь ажлаа мэдэхгүй идэвхтэй явж байсан зүгээр бүүстед пост зогсоосноос болж бид бас л хохирч үлдсэн.

Үр дүнтэй оновчтой контент бүүст тохиргоо яаж үр дүнгээ өгдгийг маш сайн мэднэ, 5 хонолоо нөгөө хийсэн реел, постер ямар ч хандалтгүй, угаасаа тодорхой байсан л даа хандалт авахгүй нь гэсэн ч анализ дата явж байгаа удахгүй үр дүнгээ өгнө гэсэн үгэнд нь хууртаж хүлээсэн.

Дээрээс нь манай бүүст зараа явуулдаг америк долларын данснаас өндөр дүнгээр зарлага гарах тохиргоо буюу өдрийн 50$ тохиргоо хийсэн, 7 хоногт 430$ бүүстын зардалд татагдсан татагдсан.Миний бүүстын зардал давхар өссөөр, ингээд 7 хоног ямар ч үр дүнгүй, мөн хийсэн постер, реел нь мэргэжлийн бус маш хангалтгүй байсан учир түүнд хэлсэн.Чи 3 хоногт л үр дүн гарна гэж мөнгө авсан.Чиний бэлдсэн зүйлс мэргэжлийн бус байна, чиний үр дүн гарна гэсэн бүгд худлаа боллоо, чадваргүй байна, надад хугацаа алга, одоо яах вэ гэж түүнээс асуусан.Таны төлсөн 3,000,000 төгрөгийг чинь буцаалт хийе гэж өөрөө хэлсэн.Дээрх баримт нотолгоонуудаас харахад ......... нь санал болгосон 6 төрлийн үйлчилгээнээсээ нэг ч үйлчилгээг бидэнд үзүүлээгүй, энэ хүний маркетинг хийж өгнө гэсэн худлаа ярьсан үгэнд нь итгэж 3,000,000 төгрөгөө өгсөн нь миний алдаа болсон.Мөн мэргэжлийн бус гэдэг нь нотлогдсон.Иймээс ...........-ийн төлсөн 3,000,000 төгрөгийг ............-аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн 1 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 500 000 төгрөгийг ............-аас авахаар эвлэрч байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би өөрийн маркетинг зар сурталчилгааны компаниар дамжуулж ..............l-ийн маркетинг идэвхжүүлэлтийн ажлыг хийхээр тохиролцож тухайн харилцагчид ямар нөхцөл байдал үүссэнийг сонсож шаардлагатай зөвлөгөөг өгч, хийгдэх шаардлагатай маркетинг сурталчилгааны ажлуудыг хийхээр тохиролцож, байгууллага хоорондын гүйлгээг тухайн өдөр хийсэн.Бид чанартай контент хийж, сурталчилгаа явуулах шаардлагатай гэж үзэн Xanadu Travel-ийн хийсэн постер чанарын шаардлага, өнгө үзэмж, агуулга, текстийн байршил гэх мэт олон шаардлага хангаагүй Page-г харуулсан.Бидний зүгээс өнгө үзэмж сайтай хэрэглэгчдэд цэгцтэй ойлгомжтой мэдээлэл өгөх үүднээс шинээр постер болон богино хэмжээний видео шторк буюу реел хийж гүйцэтгэсэн, ....ширхэг видео реел, ....ширхэг танилцуулга постер бэлдэж, тэдний page рүү оруулж, эхний ажилбараа дуусмагц өөрсдийн бэлдсэн постоо бүүст хийх ажилдаа орсон.Анх ......... маш тэвдсэн, бүтэлгүйтсэн, аргаа барсан байдалтай надтай уулзаж заавар зөвлөгөө авсан.Тэр харилцагч маш яаралтай 3 хоногт аяллын хүн олох хэрэгтэй байна гэсэн.

Би гарц гаргалгаа гаргаж бүүстээ нарийвчлалтай дүн шинжилгээ хийж алхам алхмаар сайжруулалт хийх шаардлагатайг хэлсэн, тухайн харилцагч хурдхан хүнээ олох тухай л бодож байсан.Маш шахуу хугацаанд тийм үр дүн гарах боломжгүйг удаа дараа хэлсэн.Хамтын ажиллагаа эхэлж пост бэлэн болж бүүстээ хийсэн.Бид бүх ажлаа хийсэн.Мөн тухайн аяллын цаг хугацаа болон аялах хүсэлтэй хүмүүст тийм богино хугацаанд шууд шийдвэр гаргаж аялалд явах нь маш ховор тохиолдол.Сарын эхэнд төлөвлөсөн аяллыг долоо хүрэхгүй хугацаанд хүн бүрдүүлж аялал зохионо гэдэг хэцүү энэ нь маш туршлагагүй бөгөөд цаг нь тулсан амжилтгүй сурталчилгаа болгож хувиргасан.Бид хийх ёстой мэргэжлийн нарийн ажлуудаа хийсэн байсан боловч биднийг луйварчин мөнгөө буцаа гэх мэт ааш гаргаж олон удаа дарамталсан.Тухайн үед бидний хийсэн ажлууд ирээдүйд олж болох орлогын эх үүсвэр болж чадсан гэдэгт итгэлтэй байна.Хүн аялалд явна гэсэн төлөвлөгөөг хамгийн багадаа 30-60 хоногт төлөвлөдөг.Гэвч долоо хоногийн өмнө холбогдож биднээр бүх ажлаа хийлгэчхээд сүүлд нь үр дүнгүй, хангалтгүй мөнгө өг гэдэг нь бизнесийн ямар ч ёс зүйгүй нь ойлгогдож байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...........-иас нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........... нь ............-аас 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ........., хариуцагч байгууллагын төлөөлөгч ......... нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 500 000 төгрөгийг хариуцагч байгууллага нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцон эвлэрч байна.

Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 31 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ........... нь нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 /гурван сая/ төгрөгийн 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч ............ нь 1 500 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............-аас 31 450 /гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН