| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/03131/И |
| Дугаар | 102/ШШ2024/02117 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/02117
| Дугаар 102/ШШ2024/02117 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн....дүгээр хороо, . дүгээр гудамж, . тоотод оршин суух, регистр НЭ ........, ........,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, өөрийн байранд байрлах, ...............,
Нэхэмжлэлийн шаардлага:Нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......., өмгөөлөгч ........., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч .......... нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан талийгч........ нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний охин асан........ нь ..........17, 15 дугаар хороонуудад үйлчлэгчийн ажлыг олон жил тасралтгүй хийж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байсан юм.Охин маань хуульд заасны дагуу тэтгэврээ тогтоолгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах болзлыг нь хангасан учир 2022 оны 9 дүгээр сард тухайн ажил олгогч байгууллагадаа хандан хүсэлт холбогдох бичиг баримтуудын хамт гаргаж өгч улмаар байгууллага нь хянаж үзээд нэг удаагийн буцалтгүй тусламжид олгох мөнгөн хөрөнгийг нь 2023 оны төсөвтөө суулган баталгаажуулсан учир тус мөнгө нь улсаас төсвийн дагуу байгууллагынх нь дансанд орж ирсэн байсан юм.Байгууллага нь талийгаачид уг мөнгийг чинь төрсөн өдрөөр чинь өгнөө гэж ярьсан байсан.Ингээд талийгаач охин маань 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч амралтынхаа хугацааг дуусангуут үргэлжлүүлэн өндөр насны тэтгэвэртээ гарч байгууллагын дансанд орж ирсэн нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөө авах ёстой байсан юм.Гэтэл охин маань ээлжийнхээ амралтаа аваад амарч байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр астам өвчний улмаас гэнэт зүрх нь хаагдаж харамсалтайгаар нас барсан юм.
Бид талийгаачийн нас барсан гэрчилгээг авахаар Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээний халамж хариуцсан байцаагчтай уулзахад компьютероо хараад талийгаачид чинь 36 сарын тэтгэмж болох 24 000 000 төгрөг орж ирсэн байна энэ мөнгө нь олдох боломжтой гэж хэлээд бидэнд олгох ёстой мөнгөн дүнг нь тооны машинд хийж харуулсан юм.Ингээд бид охиныхоо ажил явдлыг нь өнгөрөөгөөд хуулийн дагуу олгох ёстой нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг нь авахаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан өргөдөл гаргасан. Гэтэл сарын дараа Мөнгөнхуяг гэж хүн биднийг дуудаж уулзаад дотоод журмын дагуу 6 сартай тэнцэх мөнгийг нь олгоно 36 сарын нөхөн олговрыг олгох боломжгүй учир нь энэ мөнгийг талийгч амьд сэрүүн байж өөрийн гарын үсгээр авдаг журам номтой учир та нар хуулийн байгууллагаар явж хөөцөлдөж болно гэсэн хариуг амаар өгсөн юм.
Миний охины нас, улсад ажилласан жил нь төрөөс нэг удаагийн 36 сартай тэнцэх буцалтгүй тусламж авах болзлыг бүрэн хангасан байсан боловч гэнэт нас барж тус мөнгөө авч чадалгүй нас барсан юм.Би өндөр насны тэтгэвэрт суугаад олон жил охиныгоо бараадаж охинтойгоо хоёулаа амьдарч байсан талийгаач охин маань ажил хөдөлмөр хийгээд намайг асраад амьдарч байсан.Иймд охинд минь нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талийгаач ........ нь улсад 38 жил ажилласнаас нийгмийн даатгал 25 жил 6 сар 27 өдөр төлсөн, өндөр насны тэтгэвэрт гарахаасаа 1 сарын өмнө өнгөрсөн.Талийгаач бие хаа муутай хүн байсан, жилийн өмнө тэтгэвэрт орох эрх нь үүсчихсэн байсан.Баянгол дүүргээс тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрөхгүй явсаар байгаад тэтгэвэрт нь гаргаагүй, 36 сарын тэтгэмж буюу нэг удаагийн тэтгэмжийг авах боломжтой байсан.Баянгол дүүрэг хойшлуулсаар байгаад талийгаач авч чадалгүй нас барчихсан, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-т Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3-т Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө гэж заасан.
Тус дүүргийн 15 дугаар хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан........ нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж байхдаа нас барсан харамсалтай үйл явдал болсон ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй, Засгийн Газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасны дагуу Тэтгэвэр тогтоолгох болон Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй буюу 55 насанд хүрээгүй байсан тул нэг удаагийн буцалтгүй тусламж авах хууль ёсны эрх үүсээгүй юм.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгоно.Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын цалингийн дунджаас хэтрэхгүй байна.Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны төв байгууллагын саналын үндэслэлийг Засгийн газар тогтооно гэж заасан.Энэ хуулийн заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлагдсан.Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.1, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3 төрийн албан хаах дээд насны хязгаарт хүрсэн гэсэн 2 үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан албанаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 61.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход энэ журмыг мөрдөнө гэж заасан. Тухайлбал, төрийн үйлчилгээний алба, төрийн захиргааны албан хаагчид, тусгай албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг энэ журмаар олгоно гэж заасан. Тус дүүргийн 17 дугаар хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан ........ төрийн үйлчилгээний албан хаагч байсан 2023 оны 1 сарын 3-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж байхдаа нас барсан харамсалтай үйл явдал болсон.Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр 1 дүгээрт төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох болон төрийн албан хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан буюу 55 насанд хүрээгүй байсан тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль ёсны эрх үүсээгүй байсан.
Мөн талийгаач маань 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр бурхан болсон үүнтэй холбогдуулаад түүний ар гэрээс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өргөдлийг хүлээж аваад дүүргийн Тамгын газрын даргын 2023 оны 2 сарын 13-ны өдрийн .........дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2 буюу ажилтан нас барсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон тушаал гарч байсан байдаг.Мөн ..........төсөвт нэг удаагийн буцалтгүй тусламж 24 сая төгрөг суугдаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс-Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт,........гийн нас барсны гэрчилгээ, төрсний гэрчилгээг шүүхэд өгсөн./хх 4, 6-7/
Хариуцагчаас:..........даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг өгсөн./хх-15/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол улсын Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 03/6714 дугаартай хариу, ..... бүртгэл хяналтын карт, гэрч ....... нарын мэдүүлэг,........гийн ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийг шүүх бүрдүүлсэн./хх 40, 43-44, 71-74/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Миний охин........ нь ..........17, 15 дугаар хороонуудад үйлчлэгчээр ажиллаж тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ өгсөн, нэг удаагийн буцалтгүй тусламжид олгох мөнгө байгууллагынх нь дансанд ирсэн байсан, охин ээлжийнхээ амралтаа амарч байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвчний улмаас нас барсан тул........ нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоолгоно гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Баянгол дүүргийн 15 дугаар хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан талийгч........ төрийн үйлчилгээний албан хаагч байсан, дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт,........гийн нас барсны гэрчилгээ, төрсний гэрчилгээ, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн баримт, ..........бүртгэл хяналтын карт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талийгч........ нь Баянгол дүүргийн 15 дугаар хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, тэрээр өвчний улмаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан үйл баримтад талууд маргахгүй байна.
Нийслэлийн ..........даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн........гийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буцалтгүй тусламж олгох тухай Б/67 дугаар тушаалд- ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т... заасныг үндэслэн дүүргийн 15 дугаар хорооны үйлчлэгч........... нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр өвчний улмаас нас барсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс дуусгавар болгож, буцалтгүй тусламж олгосугай гэжээ./хх 15/
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан байх бөгөөд хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т ажилтан нас барсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөхөөр заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор заасан.
Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө, 2.2-т Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан байна.
Тодруулбал талийгч........г Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байхад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхгүй байна.
Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 03/6714 дугаартай хариу бичигт:...Журмын дагуу Нийслэлийн засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/4137 дугаартай албан бичгээр Нийслэлийн төсвийн суурь зарлага, суурь орлогын саналыг ирүүлсэн бөгөөд уг төсвийн төсөлд........гийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой санал ирээгүй байна гэжээ./хх-40/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэлгүй тул талийгч........ нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн болохыг тогтоолгох тухай ..........гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН