Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0689

 

 

 

 

 

 

 

 2023          09           14                                    128/ШШ2023/0689

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******ын А*******  /РД:*******/,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Маргааны төрөл: “Тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохыг даалгах” талаарх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохгүй байгаа нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг мөн үеэс шинэчлэн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах.

Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.

1. Нэхэмжлэгч Д.А******* нь тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлөлтийн хугацаа болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн тул тэтгэврийн хэмжээгээ шинэчлэн тогтоолгох хүсэлт 2015-2022 онд 9 удаа гаргасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын  2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/152 тоот албан бичгээр "тэтгэвэр тогтоолгосноос хойш албан журмын даатгалд хамрагдаж шимтгэл төлж ажилласан цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй байна" хэмээн татгалзсан хариу өгсөн.

2. Нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчид хандан  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Уг гомдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/57 тоот албан бичгээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэж заасан тул 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших цалингийн дунджаас тооцон өөрчлөн тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй” гэх хариу өгсөн.

3. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэл.

3.1. Нэхэмжлэгч нь “тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж шимтгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргахад зөвхөн ажилласан хугацаагаар тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон, цалин хөлснөөс тооцоогүй эс үйлдэхүй хууль бус” гэж маргасан бол,

3.2. Хариуцагч нь “хүсэлтийнх нь дагуу ажилласан хугацаагаар нь тэтгэврийг нэмэгдүүлж тогтоосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөх зохицуулалт байхгүй” гэж тайлбарлажээ.  

3.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхээр удаа дараалан өргөдөл гаргаж байсан “1971 оноос хойш 28 жил 7 сар ажиллаад 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэврийг маань тогтоосон. Тэтгэвэр тогтоолгосноос хойш одоог хүртэл тасралтгүй хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэлд 31.544.117,79 төгрөг төлсөн ба нийтдээ 40 гаруй жил ажиллаад байна. Иймд тэтгэвэр тогтоолгоход баримталсан шимтгэл төлөлтийн хугацаа болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн тул тэтгэврийн хэмжээгээ шинэчлэн тогтоолгох хүсэлтэй байна" гэсэн өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/152 тоот албан бичгээр "2011 оноос хойш Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2 удаа шинэчлэх, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг 7 удаа авч хэрэгжүүлэн, эдгээр тогтоол, шийдвэрүүдийн дагуу таны тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлсэн байна. Таны тэтгэвэр тогтоолгосноос хойш албан журмын даатгалд хамрагдаж шимтгэл төлж ажилласан цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариу өгсөн. Уг хариуг эс зөвшөөрсөн тул Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчид хандан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/57 тоот албан бичгээр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэж заасан байдаг. Таны тэтгэврийг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших цалингийн дунджаас тооцон өөрчлөн тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн.

Иймд уг шийдвэрийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж байна.

1/ Миний тэтгэврийг нэмэгдүүлэхдээ Засгийн газрын шийдвэрт үндэслэсэн болохоос миний гаргасан хүсэлтэд огт үндэслээгүй.

2/ Тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу буюу "Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол өөрчлөн тогтоох” үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нөхцөл бүрдээд, хүсэлт гаргасан л бол тэтгэврийн хэмжээг нь өөрчлөн тогтоох ёстой юм.

3/ Мөн зүйлийн 28.2-т заасны дагуу "Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан  мөн сарын 1-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 1-ний өдрөөс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгох" ёстой байна. Тэгэхээр миний тэтгэврийн хэмжээг хүсэлт гаргасан үеэс нэмэгдүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болно.

4/ Шимтгэлд төлсөн 32.8 сая төгрөгний үр шимийг хүртмээр байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан "Өндөр наслах, ... тохиолдолд ... мөнгөний тусламж авах эрхтэй" гэсэн иргэний үндсэн эрхийг Нийгмийн даатгалын ерөнхий газар зөрчиж байна. Иймд Тэтгэврийн хэмжээ өөрчлөгдсөн тул өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан. Тэтгэврийн хэмжээг хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг мөн үеэс шинэчлэн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Сүүлийн ажилласан цалин хөлснөөс тэтгэврээ өөрчилж тогтоолгохоор хүсэлт гаргасан үеэс өөрчилж тогтоогоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг хүсэлт гаргасан үеэс сүүлийн ажилласан жилийн дундаж цалин хөлснөөс тооцож өөрчилж тогтоохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хуулийн дагуу сүүлийн 5 эсхүл 7 жилийн дундаж цалингаас тэтгэврээ өөрчилж тогтоолгох  хүсэлтэй байгаа.

Би тэтгэврээ 2010 оны 11 дүгээр сард 105,000 төгрөгөөр тогтоолгосон. Үүнээс хойш ажил хөдөлмөр эрхэлж, өнөөдрийг хүртэл ажиллаж энэ хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 300,000 гаруй төгрөгийг төлж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж тэтгэврээ нэмүүлтэл 3,000 төгрөг нэмэгдсэн. Тэгэхээр нь би сард шимтгэлд 200.000- 300.000 төгрөг төлж байхад надад 3.000 төгрөг нэмүүлэх хэцүү санагдаад нэхэмжлэл гаргасан.” гэв.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүй үеэс хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, мөн үеэс тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Ажиллаж байх хугацааны цалингаас тэтгэврээ тогтоолгосны дараа өөр ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас сүүлийн цалин хөлснөөс тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хандахаар боломжгүй гээд байгаа. Дундаж цалин хөлснөөс бодож өөрчлөн, тогтооно гэж хуульд заасан. Цалингийн хэмжээ өөрчлөгдсөн тул тэтгэврээ өөрчлөн тогтоолгуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүй үеэс хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, мөн үеэс тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч байгууллагын албан бичигт нийт 9 удаа хандсан байна гэсэн байна. Жилд нэг удаа хандаж байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсгийг бид өөр өөр ойлгосон талаарх асуудал юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дотор 28.1.3 дахь хэсэг хамаарахгүй байна. Гэхдээ ажилласан жил болон төлсөн шимтгэл хамаарна гэлээ. Д.А*******гийн хувьд ажилласан жилээ хамааруулаад төлсөн шимтгэлээ, цалин хөлсөө хамааруулж чадахгүй байгаа юм. Тиймээс үүнийг гаргуулахаар маргасан.

Д.А*******гийн хүсэлтийг шийдвэрлэж “ажилласан жилийг нэмсэн, гэхдээ цалингийн хэмжээгээр өөрчлөн тогтоохгүй” гэж хариу өгөөд байгаагаас биш өөрчлөн тогтоохгүй байсан учраас эс үйлдэхүй гэж үзсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3.2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Д.А******* нь нийтдээ 28 жил 7 сар шимтгэл төлж, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1996-2000 оны 5 жилийн дундаж цалин хөлс 70985 төгрөгөөс анх өндөр насны тэтгэврийг 105 300 төгрөгөөр тогтоолгосон. 2011 оноос хойш Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2 удаа шинэчлэн, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг 7 удаа авч хэрэгжүүлэн, эдгээр тогтоол, шийдвэрүүдийн дагуу Д.А*******гийн тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлэн олгосон болно. 

Д.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 сар 24 өдөр Б******* ХХК, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 жил 9 сар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ХХК, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 2 сар Э******* ХХК, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 6 сар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ХХК, нийтдээ 10 жил 3 сар 27 өдөр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно" гэж тус тус заасны дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсөн иргэний тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс нь тооцон нэмэгдүүлж байна. Д.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш дээр дурдсан хуульд заасны дагуу авч байгаа тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 9 удаа гаргаж тухай бүр хууль тогтоомжийн дагуу тэтгэврийг нь нэмэгдүүлэн бодож олгосон болно.

Харин иргэн Д.А*******гийн нэхэмжлэлд дурдсан асуудал болох өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсөн цалин хөлснөөс  тэтгэврийг нь өөрчлөх зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд байхгүй болно.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт хэсэгт тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэж заасан. Гэтэл хуульд нэмэлт өөрчлөлт орж дугаарт өөрчлөлт орсон. Тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан даатгуулагч тэтгэврээ өөрчлөх тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчилнө гэсэн. Д.А*******гийн хувьд 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 28 жил 7 сар ажиллаж, 1996 оноос 2000 оны хоорондох 5 жилийн цалин хөлсөө сонгоно. Тухайн үед тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин 70,900.85 төгрөгөөс 105,000 төгрөг буюу тухайн үед мөрдөж байсан тэтгэврийн доод хэмжээгээр тогтоосон. Улмаар тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлсэн бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өөрөө хүсэлтээ гаргана. Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоолгогч хүсэлт гаргаагүй тохиолдолд урьдчилж тогтоохгүй. Баянзүрх дүүргээс явуулсан мэдээллээс харахад нэхэмжлэгч нь 2022 оны байдлаар 39 жил 6 сараар тухай бүр тэтгэврийг өөрчилсөн. Д.А*******гийн гаргаж байгаа асуудал нь тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн цалин хөлснөөс шимтгэлээ тооцуулъя гэж нэхэмжлэлээ гаргаж байгаа. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн даатгуулагчид тэтгэвэр тогтоох үйл ажиллагааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр тус хуульд заасны дагуу тухайн даатгуулагч нь сүүлийн шимтгэл төлж ажилласан 1996 оноос 2020 оны хоорондох цалин хөлсөө сонгосон байгаа. Д.А*******гийн гаргасан тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил, хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлсөн цалин хөлснөөс тэтгэврээ өөрчлүүлье гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл уг асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулаагүй. Харин ямар тохиолдолд тэтгэвэр тэтгэмжийг өөрчилдөг вэ гэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлээр зохицуулчихсан. Тэгэхээр Нийгмийн даатгалын байгууллагаас хуульд заасны дагуу Д.А*******гийн сүүлд төлсөн шимтгэлээр тэтгэврийг нэмэгдүүлсэн. Тухайн үед тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг 9 удаа авч хэрэгжүүлсэн. Цалингийн илтгэлцүүр 2 удаа, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг 7 удаа авч хэрэгжүүлсэн. Үүний дагуу анх тогтоолгосон цалин хөлс нь илтгэлцүүрээр үүссэн, ажилласан хугацааг нэмэгдүүлчихсэн. Хамгийн гол асуудал нь тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан хугацааны цалингаар тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтэй байгаа юм. Тус асуудлыг хуулиар зохицуулаагүй.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг л нэмэгдүүлдэг. Ажилласан жилд өөрчлөлт оруулахаар бол тэтгэвэр авагчийн хүсэлтээр нь өөрчилж тогтоодог.

Нэхэмжлэгчийн сүүлд ажилласан цалингаас өөрчилж тогтоох асуудал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт хамаарахгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  20 дугаар зүйлд цалин хөлсийг тодорхойлох талаар заасан. Тэгэхээр даатгуулагч нь тэтгэвэр тогтоолгохдоо  сүүлийн шимтгэл төлж ажилласан буюу тэтгэвэр тогтоолгохын өмнөх хугацааг хамааруулна. Д.А*******гийн хувьд 2010 онд тогтоолгосон гэхээр тус оноос өмнөх сүүлийн 20 жилийн дотор дараалсан, өөрийн хамгийн өндөр төлсөн цалингийн хэмжээгээр тогтооно.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь тэтгэврийн даатгалын шимтгэл мөн. Тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж болно, тэтгэвэр тогтоолгосон даатгуулагч 3 санд шимтгэл төлдөг. Тухайн төлсөн шимтгэлээсээ тэтгэврээ өөрчлүүлж болно. Ингэхдээ тэтгэвэр тогтоолгосноос хойш ажиллаж шимтгэл төлсөн даатгуулагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.4 болон 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгүүдээр тус тус зохицуулагддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт нь тэтгэвэр тогтоолгосноос хойш гэсэн заалт байгаа.

Тэтгэвэр тогтоох болон тэтгэвэр тогтоосноос хойших харилцаа л байгаа. Нэхэмжлэгч нь 1996 оноос 2000 оны хүртэлх үеийн цалингаа сонгож тэтгэврээ тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан цалин хөлснөөс тэтгэврийг өөрчлөх зохицуулалт байхгүй. Тэтгэвэр тогтоох процессын хувьд шимтгэл төлж ажилласан хугацааны цалин, хөлс хамааралтай. Тэтгэврийг тогтоох заалтын дагуу тэтгэврийг тогтоож олгосон. Хүсэлтийн дагуу ажилласан жилийг өөрчилж нэмэгдүүлсэн. Гол зүйл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсгийг 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэг болгож өөрчилсөн тухайд маргаж байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А******* нь “өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлснөөс тооцон тэтгэврийн хэмжээг хүсэлт гаргасан үеэс өөрчлөн тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг мөн үеэс өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргасан.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.А******* нь 28 жил 7 сар шимтгэл төлж, 1996-2000 оны 5 жилийн дундаж цалин хөлс 70985 төгрөгөөс өндөр насны тэтгэврийг 105,300 төгрөгөөр 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тогтоолгосон, үүнээс хойш 2011 оноос тэрээр 11 дэх жилдээ ажиллан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Түүнчлэн Д.А******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш хөдөлмөр эрхэлж, “шимтгэл төлсөн хугацаа”, “цалин хөлснөөс” тооцон тэтгэврээ нэмэгдүүлэх агуулгатай хүсэлтээ 2011 оноос хойш 2023 он хүртэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 9 удаа гаргасан, тухай бүр нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлж ажилласан хугацааг нэмэгдүүлэх замаар тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон[1], тухайлбал 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргаснаар шимтгэл төлж ажилласан хугацааг 30 жил 6 сараар, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүсэлт гаргаж 32 жил 6 сараар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний хүсэлтээр 33 жил 6 сараар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний хүсэлтээр 34 жил 6 сараар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний хүсэлтээр 35 жил 6 сараар, 2020 оны 6 дугаар сарын 01-ний хүсэлтээр 36 жил 6 сараар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний хүсэлтээр 37 жил 6 сараар, 2022 оны 5 дугаар сарын 01-ний хүсэлтээр 38 жил 6 сараар, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хүсэлтээр 39 жил 6 сараар шимтгэл төлж ажилласан хугацаагаар тэтгэврийг өөрчлөн нэмэгдүүлж тогтоосон, талууд энэ тооцоололтой маргаагүй.

Түүнээс гадна Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн доод хэмжээ, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэх замаар энэ хугацаанд 7 удаа тэтгэвэр нэмэгдүүлсний дагуу түүний тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлэн олгосон, энэ тооцоолол тэтгэврийн хувийн хэрэгт авагдаж, нийгмийн даатгалын байгууллагаас тооцооллыг гаргаж ирүүлснээр[2] тогтоогддог, талууд энэ талаар маргаагүй.

2. Харин 2011 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлснөөс тооцон тэтгэврийг өөрчлөн тогтоолгох түүний хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллага энэ хугацаанд шийдвэрлээгүй, үүнийгээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно" гэж заасан гэх агуулгаар тайлбарладаг.

3. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох” 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно”, 2 дахь заалтаар “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно”, 3 дахь заалтаар “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно”, 4 дэх заалтаар “Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно”, мөн зүйлийн 4 дэх хэсгээр “Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно.” гэж, түүнчлэн “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох” 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлснөөс бодож тодорхойлно” гэж заажээ.

Хууль тогтоомжийн энэ зохицуулалтаас үзвэл тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас дээш хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөхөөр бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох хүсэлтээ гаргах эрхтэй, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллага дээрх нөхцлийг хангасан тэтгэвэр авагч хүсэлтээ гаргавал тэтгэврийг өөрчлөн тогтоох үүрэгтэй байх нь.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэсэн заалтаар шимтгэл төлсөн хугацаанаас гадна, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодуулж тэтгэврээ өөрчлөн тогтоолгох эрхтэй байна.

4. Энэ хуулийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тодорхойлохоор” өөрчлөлт оруулсан, үүнээс өмнө дараалсан 5 жилд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тодорхойлдог байсан. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч нь 2011 оны 4 сараас 2012 оны 3 дугаар сар хүртэл шимтгэл төлсөн, улмаар 2013 оны 8 дугаар сараас хойш тасралтгүй шимтгэл төлж байна. Өөрөөр хэлбэл шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн байх нөхцөл 2018 оны 2 дугаар сараас өмнөх байдлаар хангагдахгүй байх тул хуульд өөрчлөлт орсон дараалсан 7 жилд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр өөрчлөн тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор байна.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.” гэж зааснаар тэтгэврийг өөрчлөн тогтооход ийнхүү өөрчлөн тогтоолгох тэтгэвэр авагчийн хүсэлтийг, хүсэлт гаргасан хугацааг харгалзахаар байна.

Тэрээр 2013 оны 8 дугаар сараас хойш шимтгэл төлсөн хугацаа тасраагүй тул дараалсан жилд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тооцох нөхцөл хангасан 7 жилээр үзвэл 2020 оны 8 дугаар сараас тэтгэврийг өөрчлөн тогтоолгох энэ нөхцөл хангагдаж байна. Дээр дурдсанчлан Д.А******* нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргах үед энэ нөхцөл хангагдаагүй байсан тул дараачийн хүсэлт гаргасан хугацаанаас буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан гэж үзэхээр байна.

7. Тэтгэвэр авагч харьяа нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргах бүр тэтгэврийг өөрчлөн тогтоох хуульд заасан хоёр нөхцлийн нэгээр нь хүсэлтийг шийдвэрлэж байсан, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт, улсын ерөнхий байцаагчид тус тус гаргасан гомдолд татгалзсан хариу өгсөн байх тул хариуцагч байгууллагын хувьд хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эсэхийг дүгнэх эс үйлдэхүй байхгүй, харин нэхэмжлэлийн агуулгад дурдсан “шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож өөрчлөлт оруулах” хүсэлтэд татгалзсан үйлдэл байна гэж үзээд татгалзсан үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Ийнхүү нэхэмжлэгч Д.А******* нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар түүний тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаанаас гадна хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдсөн нь тогтоогдож байхад зөвхөн шимтгэл төлсөн буюу ажилласан жилийн хугацаагаар тэтгэврийг өөрчлөн тогтоож байгаа нь түүний өндөр наслах, ажиллах, цалин хөлс авах, тэтгэвэр авах суурь эрхийг хязгаарласан, хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй байх тул “шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах” хүсэлтэд татгалзсан үйлдэл хууль бус болжээ.

Иймд 2013 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл дараалсан 7 жилд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоолгох нөхцөл үүссэн байхад хүсэлт гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг хөдөлмөрийн хөлснөөс өөрчлөн тогтоогоогүй, өөрчлөн тогтоохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тэтгэврийг өөрчлөн тогтоохыг даалгаж” шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй, өөрчлөн тогтоохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодож тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

 

 

 

[1] Хэргийн 76 дугаар хуудас

[2] Хэргийн 76 дугаар хуудас