Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 70

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Сансармаад холбогдох эрүүгийн 1704000810014 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                  Б.Сансармаа нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр Н.Байгалмаа 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 12 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух, Хондого овгийн Болдын Сансармаа /РД:ДЭ81032301/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Д.Сансармаа нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 12 дугаар гудамжинд иргэн А.Удахболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хутгалж зүүн чамархай, зүүн гарын бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Сансармаа нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад Баярчимэгийн найз Хоролцэрэн нөхрийнхөө хамт Улаанбаатар хотоос ирээд бид нар “Их суудал” бааранд орсон. Хоролцэрэнгийн нөхөр гадаа машинтай хүлээж байсан. Бид нарыг бааранд ороход Баярчимэгийн нөхөр Удахболд ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар хамт суугаад тус бүр 2 шил пиво уусан. 00 цаг өнгөрч байхад бид нар “Их суудал” баарнаас гараад “Майлд хаус” баар руу орж хүн тус бүр 1 пиво уугаад шөнө 3 цаг өнгөрч байхад гараад Хоролцэрэнгийн найз Ням гэх залуутай таараад бид нар пиво ууя гэж ярилцаад Зам зуур цайны газар очиж 2 литрийн пиво хоёрыг аваад манай гэрт очсон. Манай гэр рүү орохдоо Удахболд согтоод машинд унтаад өгсөн. Ууганаа машиндаа үлдсэн. Ням, Баярчимэг, Хоролцэрэн бид нарыг пиво ууж байхад 05 цагийн үед Ууганаа орж ирээд Баярчимэгт хандаж Удахболдыг ав Хоролцэрэн бид 2 Улаанбаатар хот руу явлаа гэхэд Баярчимэг Ууганаагийн хамт гараад явсан. Удаагүй Баярчимэг буцаж орж ирээд бид нар пиво уугаад сууж байхад Удахболд орж ирээд Баярчимэг рүү уурлаад цохих гээд гар далайхад нь би Удахболдыг түлхсэн. Тэгсэн Удахболд намайг түлхэхээр нь би заамдаад авсан. Тэгэхэд Баярчимэг салгасан. Удахболд намайг сандал дээр сууж байхад хөл рүү өшиглөхөөр нь би босоод заамдаад авахад Ням, Баярчимэг 2 салгасан. Тэр хооронд би шүүгээний шургуулганаас хутга аваад Удахболд руу дайрахад гараад зугтаахад нь би араас нь хөөсөн. Тэгээд Удахболд бранкын булан тойрч зугтаад би араас нь хөөгөөд буцаад манай гэрийн гадаа ирээд баруун гартаа барьсан байсан хутгаараа Удахболдын зүүн мөр лүү 1 удаа хатгасан.  Тэгэхэд Удахболд миний 2 гарыг барьж аваад бид 2 ноцолдож байгаад газар унасан. Баярчимэг салгаад би гэртээ орсон. Тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирж намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Сансармаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 8 дугаар сарын 28-ны орой хохирогчтой маргалдаж хутгалсан нь үнэн. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч А.Удахболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед найз Отгонжаргал, Одбаяр, Бодьсүрэн нарын хамт 7 дугаар байранд Отгонжаргалын гэрт 2 шил архи уусан. Тэгээд би 22 цаг өнгөрч байхад Отгонжаргалын гэрээс гараад “Их суудал” бааранд ганцаараа ороод 2 шил пиво аваад уугаад сууж байгаад манай эхнэр Баярчимэг найз Хоролцэрэн, Сансармаа нартай бааранд таараад би ширээнд нь очиж суугаад бид нар хүн тус бүр 2 шил пиво уусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад бид нар “Их суудал” баарнаас гарахад Хоролцэрэнгийн нөхөр гадаа машинтай хүлээж байсан. Тэгээд бид нар машинаар нь “Майлд Хаус” бааранд хүргүүлсэн. Тэгээд бид нар хүн тус бүр 1 шил пиво ууж бүжиглэсэн. Бааранд Хоролцэрэнгийн нөхөр нь ороогүй гадаа машиндаа үлдсэн. Тэгээд 03 цаг өнгөрч байхад “Майлд Хаус” баарнаас гараад “Зам зуур” зоогийн газар руу Хоролцэрэнгийн нөхрийн машинаар хүргүүлж зоогийн газраас 2 литрийн пиво аваад Сансармаагийн гэр рүү явсан. Тэгээд би машинд согтоод унтаад өгсөн. Би унтаж байгаад үүрцайх үед сэрэхэд Хоролцэрэнгийн нөхрийн машинд унтаж байсан. Тэгээд би Сансармаагийн гэрт ганцаараа ороход Сансармаа, Хоролцэрэн, Баярчимэг нар мөн Ням гэх залуу пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэр Баярчимэгийг одоо болих юм биш үү одоо гэртээ харъя гэсэн. Тэгэхэд Сансармаа манай эхнэрийг явуулахгүй гээд Сансармаа бид 2 маргалдаад би эхнэр Баярчимэгийг явъя гээд татсан тэгэхэд Сансармаа явуулахгүй гээд дундуур ороод Сансармаа бид хоёр заамдалцаж байхад Ням гэх залуу дундуур ороод салгасан. Би уурлаад бранкын хаалгаар нь гарахад араас Сансармаа гартаа хар өнгийн бариултай хутга барьчихсан байгаа харагдсан. Тэгэхээр нь би гудамжаар зугтаасан араас Сансармаа хөөгөөд байхаар нь зугтаж байгаад буцаад Сансармаагийн бранкын үүдэнд очоод гарнаас хутгийг авах санаатай зогссон. Сансармаа баруун гартаа хутгаа барьчихсан, хутга барьсан гараа тохойгоор нь нугалж гараа дээш өргөсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би Сансармааг өшиглөчихвөл газар уначих байх гэж бодоод зүүн ташаа руу нь 1 удаа өшиглөхөд Сансармаа унаагүй. Би Сансармаагийн 2 гарын бариад авах гэхэд хутгатай гараараа миний зүүн мөр рүү 1 удаа хатгасан. Сансармаагийн гарт байсан хутга нь газар шавар дээр унасан. Тэгээд би газраас босоод ирэхэд миний зүүн чамархайгаас цус гарч байсан...”  мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Баярчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар “Зам зуур” цайны газраас 2 литрийн пиво хоёр ширхэгийг аваад Сансармаагийн гэр рүү явж байхдаа манай нөхөр машины урд суудалд согтоод унтаад өгсөн. Бид нар найз Хоролцэрэнгийн нөхөр Ууганаагийн машинаар хүргүүлсэн. Сансармаагийн гэрийн гадаа очоод Ууганаа манай нөхөр Удахболд 2 машинд үлдсэн. Сансармаагийн гэрт Хоролцэрэн, Ням бид 2 орж пиво уугаад сууж байхад Хоролцэрэнгийн нөхөр явъя гээд утасдаад байхаар нь Хоролцэрэн бид 2 уулзахаар нь гарахад Хоролцэрэн машины урд унтаж байсан. Ууганаа эхнэртээ уурлаад явъя гээд нөхрөө сэрээ аваад ор гээд уурлаад байсан. Би Удахболдыг сэрээх гэж нилээд дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд Хоролцэрэн бид буцаж Сансармаагийн гэрт ороод пиво уугаад 15 орчим минут болж байхад Удахболд орж ирээд явъя хүүхдүүд дээр очъё, Сансармаа та хоёр дандаа нийлэхээрээ уудаг биз дээ гэсэн. Тухайн үед Сансармаа нилээд согтуу халамцуу байсан учир Удахболд, Сансармаа 2 маргаж байгаад заамдалцаад авахаар нь бид нар салгасан. Тэгэхэд Сансармаа гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан байхад Ням гэх залуу Сансармааг хориглосон. Удахболд айгаад гараад зугтаахад Сансармаа араас хутгаа бариад гүйсэн. Би Сансармаагийн гэрт унасан байсан хуванцар булангын тавиурыг босгож цэцэглэж тавьчихаад гарахад Ням, Хоролцэрэн, Ууганаа нар явчихсан байсан. Би Сансармаагийн оршин суудаг бранкын хойд талаар нь тойроод гарахад Удахболд урдаас амьсгаадчихсан байдалтай гүйцэж ирээд алив Чимгээ явъя гэхэд араас нь Сансармаа хутгатай гараа далайчихсан гүйж ирэхэд нь манай нөхөр 2 гарыг нь барьж авах гэхэд Сансармаа гартаа барьсан хутгаараа зүүн мөр рүү нь хутгалсан. Удахболд, Сансармаа 2 газар уначихаад ноцолдоод байхаар нь би салгасан. Тэгээд Сансармаа гэр рүү гүйцээд орсон. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шинжээчийн 09шэ/229 дугаартай дүгнэлтэд: “...А.Удахболдын биед зүүн чамархайн, зүүн гарын бугалганд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй 2 удаагийн зүйлийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой.. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Сансармаагийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Зөрчлийн талаарх лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Сансармаа, хохирогч А.Удахболд нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ, /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

      Д.Сансармаа нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 12 дугаар гудамжинд иргэн А.Удахболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хутгалж зүүн чамархай, зүүн гарын бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...баруун гартаа барьсан байсан хутгаараа Удахболдын зүүн мөр лүү 1 удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/229 дугаартай “...А.Удахболдын биед зүүн чамархайн, зүүн гарын бугалганд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Сансармаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Д.Сансармааг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Д.Сансармааг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч хохирогч нар “...Хохирогч А.Удахболд би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Сансармаад хутгалуулж хөнгөн гэмтэл авсан ч одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 15 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогч А.Удахболдын “...Б.Сансармаа намайг хутгалж хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Би Сансармаагаас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 46 дугаар дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Сансармаад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HONG LI гэсэн бичиглэлтэй, 26 сантметр урттай хар өнгийн бариултай хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хондого овгийн Болдын Сансармааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хондого овгийн Болдын Сансармаад дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 9 сарын 1-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Д.Сансармаад тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сансармаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HONG LI гэсэн бичиглэлтэй, 26 сантметр урттай хар өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Д.Сансармаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ