Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/181

 

 

 

 

 

  2022         02            17                                             2022/ДШМ/181    

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

яллагдагч М.Ц-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/2142 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр М.Ц-д холбогдох эрүүгийн 2102002290143 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

 

М.Ц- нь **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул тосгоны ***** даргаар ажиллаж байхдаа тус төвийн шүдний их эмч Д.А-гийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан төрсөн эгч, тус төвийн сувилагч Д.А-ийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүссэн өргөдлийг хүлээн авч, Туул тосгоны эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэж баталсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай" тушаал гарган, Д.А-д 934.899 төгрөгийг үндэслэлгүйгээр олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэг холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21020 0229 0143 дугаартай хэргийн яллагдагч М.Ц-ийг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах зөрчил илэрснийг зөвтгөн залруулах шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Яллагдагчийн болон хэрэгт гэрчээр асуугдсан нэр бүхий этгээдүүдийн арилжааны банкин дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 97-102х/, баримтыг мөрдөгчөөс үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар хэсэгт тус тус заасан “эд зүйл, баримт бичигт, ...үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ, үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид мэдэгдэнэ,...” гэснийг зөрчсөн ба үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх этгээд /М.Өлзий-Орших/ үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд зөрчилтэй тухайн тэмдэглэл баримтыг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуророос яллах талын баримтын эх сурвалж болгон шинжлэн судлуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад тусган ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

2. Нөгөөтэйгүүр, “ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар мэдүүлэг тайлбар гаргах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг нь зөрчсөн зөрчилтэй байна.

Тодруулбал, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг яллагдагч М.Ц-д тухайн сарын 18-ны өдрийн 14 цаг 43 минутад танилцуулахад тэрээр “өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгнө” гэсэн байдлаар хүсэлтээ бичгээр гаргаж илэрхийлсэн /2хх 234-235/  байхад мөн өдрийн 14 цаг 52 минутад яллагдагчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг авахдаа “урьд гаргасан мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байна уу” хэмээн яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгч буй түүнийг өмнөх гэрчээр өгсөн мэдүүлгээр нь буюу өөрөөр нь батлуулж өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан яллагдагч М.Ц-, гэрч Д.А- нарын арилжааны банкин дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтас, 97-102-р хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх боловч тус баримт нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд буюу яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэхэд нотолгооны ямар нэгэн ач холбогдолгүй баримт болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана:” гэж заасны дагуу шүүхээс талуудын саналыг үндэслэн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байхад дээрх ажиллагааг зайлшгүй дахин гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2102002290143 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг яллагдагч М.Ц-д 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танилцуулж, мөн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулсан байна. Улмаар яллагдагч М.Ц- нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр тус өдрийн 14 цаг 52 минутаас 15 цаг 20 минут хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой холбогдуулан түүнээс мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зайлшгүй өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч М.Ц-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...прокурор эсэргүүцэлдээ М.Ц-, гэрч Д.А- нарын арилжааны банкууд дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх боловч яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэхэд нотолгооны ямар нэг ач холбогдолгүй баримт болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байхад дээрх ажиллагааг зайлшгүй дахин гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 дах заалтыг үндэслэн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан ба хуралдаанаар прокурорын хүлээн зөвшөөрөөд байгаа мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл нь хууль зөрчсөн болохыг тогтоосон тул хэргийн прокурорт буцаах шийдвэр гаргасан. Прокурор мөрдөгчийн арилжааны банкууд дахь харилцах данс, дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлийг М.Ц-ийг яллаж байгаа үндэслэлийнхээ нэг нотлох баримт болгож, энэ тухай яллах дүгнэлтэд дурдсан, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр зарласан хурал биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасан үндэслэлийн дагуу оролцогчийн хүсэлтийг хэлэлцэх хурал байсан бөгөөд захирамжид дурдсан хууль зөрчсөн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

2. Прокурор 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, М.Ц-д 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танилцуулан, яллагдагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зайлшгүй өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагчийн эрхийг зөрчөөгүй болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...прокурор, мөрдөгч нь яллагдагчийг ... өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэснийг зөрчиж, өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгнө гэсэн хүсэлт гаргасаар байхад өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “сонгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй гэсэн байхад “ мөрдөгч М.Ц-ээс урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна уу гэсэн асуултыг тавьж сонгосон ялын талаар тайлбар гаргах эрхийг хязгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн гэрчээр мэдүүлэг өгсөн М.Ц-ийн мэдүүлгийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх байдалд хүргэсэн. Хяналтын прокурор Х.Онолтод 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч намайг оролцуулан М.Ц-ээс сонсгосон ялтай холбогдуулан мэдүүлэг /тайлбар/ авахуулах хүсэлт гаргахад татгалзсан хариу өгч байсан ба энэ тухай прокурорын мэдэгдэх хуудсыг шүүхэд өгсөн байгаа. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

 

Тухайлбал, шүүгчийн захирамжинд заасан “...яллагдагчийн болон хэрэгт гэрчээр асуугдсан нэр бүхий этгээдүүдийн арилжааны банкин дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл баримтыг мөрдөгчөөс үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар хэсэгт тус тус заасан “эд зүйл, баримт бичигт, ...үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ, үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид мэдэгдэнэ,...” гэснийг зөрчсөн гэх асуудлын тухайд Д.А-, Д.А-, М.Ц- нарын арилжааны банкинд ашигладаг дансны хуулганд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийж, үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх этгээд /*****/ үзлэг хийсэн тэмдэглэлд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй /3хх 97-99/ байх ба шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр М.Ц-ээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүнд яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхийг тодруулахад “энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр өгөхөд ямар нэгэн татгалзах зүйлгүй” хэмээн мэдүүлэг /2хх- 236-237/ өгснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/2142 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН