Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 71

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Мөнхбат, Н.Баярхүү нарт холбогдох эрүүгийн 1704000370011 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                Т.Мөнхбат, Н.Баярхүү нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр Н.Баярхүү, 2 хүүхдийн хамт /иргэний үнэмлэхний хаягаар/ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол Уурхайн нийтийн байрны 103 тоот, одоогоор Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар бранк байрны 1 тоотод түр оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 1 сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овгийн Түмэнжаргалын Мөнхбат /РД:НМ83081514/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр Т.Мөнхбат, 2 хүүхдийн хамт, /иргэний үнэмлэхний хаягаар/ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол Уурхайн нийтийн байрны 103 тоот, одоогоор  Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар бранк байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Нацагдоржийн Баярхүү /РД:НЫ82020167/

 

          Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Т.Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр Н.Баярхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний гуя, зүүн талын дал хэсэгт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Н.Баярхүү нь  2017 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх өөрийн гэртээ нөхөр Н.Мөнхбатыг хардаж, өөрийг нь цохьсон үйлдэлд дургүйцэж, хайруулын тавгаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Т.Мөнхбат нь хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал эхнэр Баярхүү намайг сэрээсэн. Миний утас дуугарч, намайг хардаж бид хоёр хэрэлдэж маргасан. Тэгээд би уураа барьж чадахгүй хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл эхнэр зөрүүлээд хайруулын тавгаар миний толгой руу цохиход цус гарсан. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бид эвлэрсэн. Дахин ийм алдаа гаргахгүй, гэмшиж байна...”гэв.

Н.Баярхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ:“... “...2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед манай нөхөр Мөнхбатын утас дуугарч, намайг авахаар ярихгүй таслаад байсан. Тэгээд би Мөнхбатыг сэрээж, “хэн залгаад байгаа юм бэ” гэж хэлтэл уурлаад зурагтны удирдлага болон утсаа авч шидээд, миний хөл рүү өшиглөж нуруу руу гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд хайруулын тавгаар толгой руу нь цохьсон. Хохирогчийн хувьд санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн...”гэв.

 

Т.Мөнхбат, Н.Баярхүү нар нь эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаархи баримт /хх-ийн 32, 35/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “31 сантиметр диаметртэй, 20 сантиметр урттай, хар өнгийн хайруулын тавгыг эд мөрийн баримтаар тооцсон” гэх тогтоол /хх-ийн 11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 26-ны өдрийн №09шэ/194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ”Т.Мөнхбатын биед духанд шарх, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 сарын 26-ны өдрийн №09шэ/191 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Баярхүүгийн биед умайн доргилт, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 22/,

Н.Баярхүү нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

Т.Мөнхбат нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/191, 09шэ/194 дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

    Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд: Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар бранк байрны 1 тоот гэртээ эхнэр Н.Баярхүүтэй “унтаж байхад сэрээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нуруу руу гараараа цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож, биед нь умайн доргилт, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

 

          Мөн шүүгдэгч Н.Баярхүү нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 7 дугаар бранк байрны 1 тоот гэртээ нөхөр Т.Мөнхбатыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт хайруулгын тавгаар цохиж, духанд шарх, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Н.Баярхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Т.Мөнхбат намайг цохиж, өшиглөөд байхаар нь зөрүүлээд хайруулын тавгаар толгой руу нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, шүүгдэгч Т.Мөнхбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “намайг унтаж байхад сэрээгээд хүнтэй хардаад байхаар нь уур хүрээд гуя руу нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, Т.Мөнхбат, Н.Баярхүү нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 09 шэ/194 тоот актын “Т.Мөнхбатын духанд шарх, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18/, шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 09 шэ/194 тоот актын “Н.Баярхүүгийн биед умайн доргилт, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 22/ болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дунд хардалтын улмаас хэрүүл маргаан үүсч, улмаар харилцан бие биенээ цохиж, зодсон үйлдлийн улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч нар нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан нь тогтоогдож байна.

      Иймд Т.Мөнхбат, Н.Баярхүү нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг эр эмийн хардалттай холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.  

Прокуророос яллагдагч Т.Мөнхбат, Н.Баярхүү нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх санал гаргасныг яллагдагч нар зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. /хх-ийн 52/

Мөн Т.Мөнхбат, Н.Баярхүү нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 32,35/

Иймд Т.Мөнхбат, Н.Баярхүү нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.Мөнхбат, Н.Баярхүү нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, Н.Баярхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хайруулын тавгыг устгах нь зүйтэй байна. /хх-ийн 10/

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Түмэнжаргалын Мөнхбат, Боржигин овгийн Нацагдоржийн Баярхүү нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбат, Н.Баярхүү нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны дотор биелүүлэхийг Т.Мөнхбат, Н.Баярхүү нарт мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхбат, Н.Баярхүү нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мөнхбат, Н.Баярхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 31 сантиметр диаметртэй, 20 сантиметр урттай, хар өнгийн хайруулын тавгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Т.Мөнхбат, Н.Баярхүү нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  9. Шүүгдэгч Т.Мөнхбат, Н.Баярхүү нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАЙГАЛМАА