Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0690

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэртэй маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С******* ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар С******* ХХК-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ******* нэртэй газарт 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0170957 дугаартай гэрчилгээ олгосон, гэрээ байгуулаагүй.

2.2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар “газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үндэслэлүүдээр С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/625 тоотоор мэдэгдсэн.

Гурав: Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар буюу газрын төлбөр төлөөгүй, тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан ба Газрын албатай тухайн үед нь тооцоо нийлдэг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газрын албанаас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1,682,280 төгрөгийн үлдэгдэлтэй талаар мэдэгдэл ирүүлсэн. Тус нэхэмжлэхийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр газрын төлбөрөө бүрэн төлсөн. “С*******” ХХК –ийн нэрийн өмнөөс төлдөг байсан. Төлбөрийн даалгавар үүсгээд төлж байгаа учраас цаана н хэний ямар газрын төлбөр төлөгдөж байгаа нь шууд байдлаар харагддаг. “Д*******” ХХК нь яагаад газрын төлбөрийг “С*******” ХХК-ийн өмнөөс төлөөд байгаа юм бэ гэвэл “Д*******” ХХК-ийн захирал Б.Б******* нь “С*******” ХХК-ийн захирал Э.Б*******гийн хүү учраас өмнөөс нь газрын төлбөрийг төлж байсан. Төсөл хэрэгжүүлэх аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглахын тулд бидний зүгээс нэлээдгүй хэмжээний тооцоо судалгааг бичиж Газрын албанд хүргүлж байсан. Цар тахлын улмаас тодорхой хугацаанд удаашралтай явагдсан. Гэсэн хэдий ч бид газраа зориулалтын дагуу ашиглахын тулд тухайн газрыг бүрэн хашаажуулахаар хундам цутгаж, түүнийг тойруулаад дээр нь төмөр хашаанууд барьсан байсан боловч хулгайд алдагдаж байхгүй болсон. Мөн байшингийн хундамыг бетоноор цутгасан. Мөн хэд хэдэн гэрүүд барьж амрагч нарыг хүлээж авахаар бэлдсэн байсан боловч Газрын албанаас гурвалсан гэрээгээ хийгээгүй байж та нар ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг зүйл ярьж байсан. Гурвалсан гэрээ байгуулахыг Газрын албанд албан бичгээр хүргүүлж байсан. Тус гэрээ маш удаашралтай байдлаар явагдаад байсан.

Газар ашиглах эрхийг авахад усан сан бүхий давхцалтай газар ийм хэмжээтэй байсан гэдгийг бид нарт мэдэгдэж байсан бол газрынхаа хэмжээг багасгаад газар эзэмших эрхээ авах боломжтой байсан. Усан сан бүхий газартай хэдий хэмжээнд давхцаж байна тус хэмжээгээр буцааж аваад үлдсэн хэсэг дээр бид нар эзэмшиж, ашиглаад явах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Зураг төслөөр барилга барих гэсэн чинь битгий хий гээд больсон. Газрын албаныхан төлбөрөө төл гэсэн. Очоод уулзъя гэхээр хүмүүс нь байдаггүй. Газрын төлбөрөө төлсөн. Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны байцаагчийг жил гаран хөөцөлдөөд 2 давхарт суудаг байсныг нь мэдээд очсон чинь та дахин ирээд байх шаардлага байхгүй, харвасан хүн байна. Тийм учраас надад материалаа өгөөд явуулчих 7 хоногийн дотор асуудлыг шийдээд өгье гэж хэлсэн. 7 хоногийн дараа очсон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл аваагүй байна гэсэн” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 22/361 дугаар бүхий албан бичгээр Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус хамгаалалтын захиргаанаас “Хавсралтад дурдсан 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэнэ үү” гэсэн агуулга бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосон талаар 22/529 дугаар албан бичгийг ирүүлсний дагуу маргаан бүхий актыг гаргасан.

Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан байдаг. Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 тоот албан бичгээр ирүүлсэн газрын төлбөр төлөлтийн байдлын судалгаанаас үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны хагас жилийн байдлаар 1,052,334 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Энэ нь газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй болохыг илэрхийлж байгаа учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40.1.6-д заасан ...”...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаар бүхий албан бичгээр газрын үзлэг хийсэн баримтыг ирүүлсэн бөгөөд тус үзлэгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй бөгөөд 5 жилийн хугацаа өнгөрсөн байгаа ч одоог хүртэл газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь батлагддаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн усан сан бүхий газартай давхцалтай байна гэсэн албан бичиг байгаа. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгүүд дээр тодорхой байгаа. Нэхэмжлэгч тал гуравласан гэрээг байгуулах идэвхтэй үйлдэл гаргасан гэж тайлбарлаад байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах гэрээнд газрын байгаль орчны төлөв байдал, ерөнхий үнэлгээ хийлгэсэн баримт байх ёстой. Энэ нь байхгүй байсан учраас тухайн үед гуравласан гэрээг байгуулаагүй. Нэгэнт шийдвэр гарсан учраас нэхэмжлэгч талын идэвхтэй үйлдэл байж гуравласан гэрээг байгуулах ёстой байсан. Үүнд өөрийнх нь буруутай үйлдэл байгаа. 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар цуглуулсан, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар “газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх 4 үндэслэлээр нэхэмжлэгч С******* ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрчилгээгээр авсан газар ашиглах эрхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэж дуусгавар болгосон.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичгээр тус компанийг Газрын тухай хуулийн 40.1.4, 40.1.6-д заасан гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, гэрээ байгуулаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гэж газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг[1],

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хээрийн судалгаа хийсэн фото зураг, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөрийн мэдээллийг газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналтай[2] хүргүүлсэн.  

Нэг. Газрын төлбөр төлөөгүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг тогтоогдохгүй байна гэж үзлээ. Тодруулбал,

1. Нэхэмжлэгч компанитай Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хийсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2021 оны байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй, 2022 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийг төлсөн[3] байна. Газар зохион байгуулалтын албанд төлбөрийн даалгавар үүссэнээр С******* ХХК-ийн газрын төлбөрийг Д******* ХХК-иас төлсөн[4], ийнхүү өөр этгээд төлснийг хариуцагч үгүйсгээгүй.

2. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 тоот албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн мэдээлэлд тус компанийг “газрын төлбөрөө төлдөг” гэж дурдсан[5] байхад уг мэдээллийг үндэслэсэн гэх Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот санал нь, уг саналыг үндэслэсэн маргаан бүхий акт нь “газрын төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлийг газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлээ болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчих үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот санал,  сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар “газрын төлбөр төлөөгүй” хэмээн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үед газрын төлбөрийг бүрэн төлсөн байсан тул “газрын төлбөр төлөөгүй” хэмээх газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл няцаагдаж байна.

Хоёр. Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг мөн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх нөхцлийг шаардах бөгөөд газар ашиглах эрх олгосон тушаалд гэрээ байгуулахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэгжүүлсэн, нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгогдсоноор 2017 оны 12 дугаар сарын 19-нд гэрээ байгуулах хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн ч гэрээ байгуулагдаагүй байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж газар ашиглагч компанийг шууд буруутгах, улмаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болгох нь учир дутагдалтай.

2. Нөгөө талаас 2022 оны 4 дүгээр сард газар дээр нь үйл ажиллагаа явуулаагүй байсан гэх фото зургаас өөрөөр тухайн газарт ямарваа үйл ажиллагаа явуулсан эсэхийг, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд шүүхээс хийсэн үзлэгээр[6] болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ирүүлсэн 2022 оны агаарын зургаас[7] тухайн газарт байшингийн болон гэрийн буурь цутгасан, хашаалсан байсан гэх хашааны суурь хийгдсэн байгаагаас үйл ажиллагаа явуулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Гурав. Газар ашиглах гэрээ байгуулаагүй үндэслэлийн тухайд.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “дүүргийн Засаг дарга газар ашиглах эрх олгосон сайдын шийдвэрийг үндэслэн газар ашиглагч болон хамгаалалтын захиргаатай байгуулна” гэж заасан, мөн газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/236 дугаар тушаалын 4-т “тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон” байна.

2. Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нэг үндэслэл нь гэрээ байгуулаагүй гэх бөгөөд дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгогдсоноор 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 005 тоот албан бичгээр гэрээ байгуулах хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн[8] ч, хэрхэхийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй буюу гэрээ байгуулагдаагүй, газар ашиглах эрх олгосон тушаалаар газар ашиглагчтай гэрээ байгуулах үүргийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэсэн байх тул гэрээ байгуулагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

3. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн гэрээ байгуулах тухай хүсэлтдээ байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн талаараа дурдсан, 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан, улмаар  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19/10 тоот албан бичгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт уламжилсан, 2019 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн[9] байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “байгаль орчны төлөв байдал, ерөнхий үнэлгээ хийлгэсэн баримт байгаагүй тул гэрээ байгуулаагүй” гэх тайлбар няцаагдаж байна.

Дөрөв. Усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үндэслэлийн тухайд.

1. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон.

2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн кадастр бүхий агаарын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаагаар нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2 га газар нь голын онцгой хамгаалалтын бүстэй 6754 м.кв талбайгаар, энгийн хамгаалалтын бүстэй 13646 м.кв талбайгаар, ойн сан бүхий газартай 234 м.кв талбайгаар[10] давхцаж байна.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар, тодорхой болзол, хугацаатайгаар, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, гэрээний үндсэн дээр  ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлж гаргах шийдвэр нь хууль тогтоомжийн хүрээнд гарах учиртай.

Усны тухай хуулиийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс ... тогтооно.” гэж голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс голын эргээс ямар талбайд байхыг хуульчилсан, нөгөөтэйгүүр голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 50 дугаар тогтоолоор 2016 онд тогтоосон, гэтэл үүнээс хойш ийнхүү эрх бүхий этгээдээс тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд давхцуулан газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид 2017 оны 8 дугаар сард олгосон нь хуульд нийцээгүй.

4. Газар ашиглах эрх олгох үед кадастрын мэдээллийн санд давхцлыг шалгаж шүүлт хийж “шалгасан, давхцалгүй, шийдвэрийн төсөлд оруулах” гэсэн тэмдэглэгээг хариуцсан мэргэжилтнүүд дотоод хяналтын хуудаст[11] хийсэн, улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 111 тоот албан бичгээр солбицлыг хянаж аливаа давхцалгүйг тодорхойлсон байдаг ч ийнхүү хуулиар газар ашиглуулахыг хязгаарласан талбайд газар ашиглах эрх олгож, энэ шийдвэртээ “усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэж нэхэмжлэгчийг хамаатуулж буруутгаж буй нь ойлгомжгүй, итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй.

5. Усны онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтаарбарилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглох” бөгөөд харин энгийн хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хуулиар ийнхүү хориглоогүй тул хязгаартайгаар буюу байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр, хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчихгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад нь хариуцагч байгууллага болон бүс нутгийн хамгаалалтын захиргаа байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх замаар хяналт тавьж, хууль тогтоомж, дэглэмийн шаардлагыг хангуулах боломжтой гэж үзсэн тул энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын С******* ХХК-ийн газар ашиглах эрхийг  дуусгавар болгосон хэсгээс голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 13646 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “уг тушаалын С******* ХХК-ийн газрын голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай 6754 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА