Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/35

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

хохирогч Ш.М,

гэрч У.Х, Ү.С, Х.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Ө************ холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А, 

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М холбогдох эрүүгийн 2513000800230 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, С****** пушыгсары овогт Х******** М****, 1984 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар [********].

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, бэлчээрт байсан хохирогч Ш.М өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 950,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Г** буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “...би ямар нэгэн хулгай хийгээгүй. Н***** гүтгэж байна. Би өнгөрсөн жил 3 азарга авч ирээд худалдсан маань үнэн. Ө******** 7 настай азаргыг худалдсан. Харин хоёр дөнөн азаргыг С******* гэх хүнээс худалдаж авч ирээд, аймагт худалдсан маань үнэн байгаа. Н***** нь Н***, нөгөө азаргыг Т*********** худалдсан. Мөн 2, 3 гүүгээ авч ирээд худалдсан. Г***** нэгийг А**** гэх баздаа худалдсан. Мөн нэг гүүг Х**** гэх хүн авсан. Хоёр дөнөн азаргыг С********** худалдаж авахдаа нэг азаргын мөнгийг өгч, нөгөө азаргад өөрийн эвэргүй хар сарлаг үхрээ өгсөн. Тиймээс одоо би буруугаар гүтгэгдэж, 1 жил гаруй хугацаанд зовж явж байна. Би өөрөө хоёр гэр бүл тэжээж явж байгаа. А** маань 80 хэдэн настай, одоо өвчтэй хүн байгаа. Хэрэгт шалгагдах хугацаанд хөдөө очиж чадахгүй, мал маань эзгүй, чоно идэх гэх зэргээр олон малаа алдсан байдалтай байгаа. О*** өндөр настай аавыгаа асарч явж байгаа. Би одоо хоёр талд чирэгдэж явж байгаа. Ү****** хэлэхэд энэ гүтгэлгээс яаж салахаа мэдэхгүй явж байна. Ш******** шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна.” гэв.

2. Хохирогч Ш.М мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хонь хариулж явсан адуу маань оройд нь уяатай болсон байсан. Тэгээд тэрийг нь маргааш өглөө нь байхгүй болсон байсан. Тэгээд өмнө С**** гэдэг хүний хонь хариулж байсан хүүд нь өчигдрийн нөгөө 4 настай азарга хаачсан бэ гэж хэлээд бид нар хайсан. Н*** надад 9 тооны адуу байдаг. Тэгээд адуугаа мотоциклоор хайсан. Тэгээд ойр хавийн айлуудаас асуусан. Тэгээд асуугаад явж байхад нь Х.М гэх залуу адуу аваад явсан гэсэн сураг гарсан. Х.М нь тэгээд тухайн адуугаа аваад хөдөлсөн газраас 2 адуутай хөдлөөд У******* суманд очиход 3 адуутай болсон байна лээ. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр У********** ачсан газрыг олсон. У********* постоор яваагүй байсан. Миний адуу алга болсон газраас адуу ачсан газар хүртэл 80 км газар байгаа. А***** дуудаж адууг ачуулсан байна. Ц****** мэдэгдэхэд эхлээд онлайнаар мэдэгдэнэ гэсэн. Дараа нь гомдлоо бичгээр гаргаж өгсөн. А**** аваачиж өгсөн хүн нь шүүгдэгчийн ах нь байгаа. Г***** хохирлыг барагдуулж авмаар байна.

...миний хулгайд алдсан адуу маань хэвтээ Б үсэг шиг тамгатай байгаа. Уг тамгыг казахууд “    ” тамга гэдэг юм.

...гэмт хэргийн хор уршигт 920,000  төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

3. Гэрч У.Х мэдүүлэхдээ: “...өнгөрсөн жил идэшний үеэр 4 насны хээр зүсмийн азарга авсан. Им тамгыг хараагүй. Х.М нь уг азаргыг миний өөрийн адуу хэмээн надад

1,200,000 төгрөгөөр үнэлээд мөнгийг нь 3 хуваагаад өгсөн.” гэв.

4. Гэрч Ү.С мэдүүлэхдээ: “...Х.М адуугаа намар худалдсан. Ц** хугацааг нь сайн мэдэхгүй байна. 11 дүгээр сарын үед байх. Нэг нь бор, нөгөө нь хээр зүсмийн азарга байсан.

...ухмал имтэй, босоо Б тамгатай байсан.

...хоёулаа 4 насны дөнөн азарга байсан.

...нэгийг нь 1 сая төгрөгөөр үнэлж мөнгийг нь авсан. Н**** азаргын оронд үхэр авсан.” гэв. 

5. Гэрч Х.Т мэдүүлэхдээ: “...идэшний үеэр хээр зүсмийн дөнөн адууг 1,500,000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Т** Б тамгатай хээр зүсмийн дөнөн азарга байсан.

...тухайн үед дүү Х.М нь ядраад ирж байна гэхээр байгаа газарт нь очиж, ачиж ирсэн.” гэв.

6. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Гэмт хэргийн хохирлын мөнгө болох 950,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...Шүүгдэгчийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогчийн 1 тооны адууг хулгайлж, хохирогчид 950,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь бүрэн тогтоогдоогүй. С*******, Т**********, А********** мэдүүлгээр хоёр азаргыг худалдаж авсан нь тогтоогдож байгаа. Харин нэг азаргыг А******* худалдаж авсан гэдэг нь мэдүүлгээр нь тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

8. Эрүүгийн 2513000800230 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Ш.М гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 06 дахь тал/, хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/, гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал/, гэрч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38, 41-42 дахь тал/, гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/, гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/, гэрч Ш.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/, гэрч К.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/, шинжээч “Х** үнэлгээ” ХХК-ны 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2370 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 80-83 дахь тал/, Ю***** ХХК-ны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12-01/1480 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 94-105 дахь тал/, М****** К******** ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4/1240 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 142-153 дахь тал/, мөрдөгчөөс гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/, яллагдагч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 183-184 дэх тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/, шүүгдэгч Х.М хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

9. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

П********** шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.М холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт:

10. Шүүгдэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, бэлчээрт байсан хохирогч Ш.М өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

10.1. Иргэн Ш.М гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 06 дахь тал/,

10.2. Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Ц***** сумын 1 дүгээр багт оршин суудаг. Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хонь хариулж явж байхад өөрийнхөө 10-аад адуу сүрэг дотор миний алга болсон хязаалан насны хээр зүсмийн “    ” тамгатай, ямар нэгэн имгүй азарга маань байсныг харсан. Харин маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү М.Ө нь хонь хариулж явж байгаад орой ирсэн. И****** адуун сүрэг дотор байсан хязаалан насны хээр зүсмийн “   ” тамгатай азарга байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн үед манайхтай ойролцоо өвөлжиж байгаа айлуудаас асууж сураглаж, хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гарахгүй, олдохгүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай өвөлжөөнөөс 6 км зайтай “М****” гэдэг газарт өвөлжиж байсан Х******** М**** нь өөрийнхөө адуу сүргээс нь нэг азарга, нэг гүү барьж аваад тухайн өдөр аймаг руу, нэгийг нь унаж, нэгийг нь хөтөлж явсан байна. Тухайн хоёр адууг хоч нэр Ш****, бүтэн С*********** хашаанд хашиж байгаад тухайн хоёр адууг барьж авсан байна. Тухайн хоёр адууны нэг нь хээр зүсмийн азарга, нөгөө нь сартай зээрд зүсмийн гүү байсныг С******** хэлж байна. Гэтэл Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр У******* сумын С***** голын эрэгт нэг айлд очиж, цай уусан байдаг. Тухайн айлд очиход Х.М нь нэг адууг унаж, 2 адууг хөтөлж очсон. Тухайн айлд цай ууж сууж байхад Х.М төрсөн ах Х.Т нь хөх өнгийн “В**** пронтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж, тухайн 3 адууг “В**** пронтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ачиж аймаг руу явсан байна. Тухайн адууны нэг нь хээр зүсмийн азарга, нэг нь сартай зээрд гүү, нэг нь хээр зүсмийн хязаалан насны азарга байсныг У******* сумын С***** голын эрэгт очиж цай уусан айлын хүн хэлж байна. Иймд миний алга болсон хязаалан насны азаргыг Х.М нь хулгайлсан байж болзошгүй байна. Миний алга болсон хязаалан насны хээр зүсмийн азарга миний өөрийнхөө унаган адуу байгаа юм. Миний алга болсон хязаалан насны азаргыг урьд өмнө ямар нэгэн уралдуулж байсан удаа байхгүй. Харин тухайн хязаалан насны азаргын эх гүүнээс унагалсан морь 5 настай байхад сумын наадамд түрүүлж байсан. Миний морийг хулгайлсан байж болзошгүй Х.М холбогдуулан шалгаж, хэрэв хулгайлсан байвал хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье.

...миний алга болсон адуу маань хээр зүсмийн хязаалан 4 насны азарга байсан. М**** алга болсон хээр зүсмийн хязаалан 4 настай азарганы урд хоёр хөлийн туурайг алга болохоос 2 долоо хоногийн өмнө төмөр тахаар тахалсан байсан. Харин хойд хоёр хөлийн туурайд унаагүй бол хуучин намар тахалсан хоёр төмөр тах нь байх ёстой. Ө** ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/,

10.3. Гэрч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Ц***** сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аав мал хариулж явсан. Тухайн өдөр алга болсон хээр зүсмийн 4 настай азарга адуу сүрэгт дотор байсан бөгөөд аав мал хариулж явахад харсан байсан байна. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний бие мал хариулсан. Энэ үед би адуу сүрэгт байгаа адуунуудыг бүртгэхэд хээр зүсмийн 4 настай азарга байхгүй болчихсон байсан. Миний бие тухайн өдөр орой гэрт ирээд ааваасаа адуу сүрэгт байгаа 4 настай хээр зүсмийн азарга байхгүй болсон талаар хэлсэн. М****** нь эхлээд тухайн алга болсон 4 настай азаргыг манай өвөлжөөтэй ойрхон өвөлжиж байдаг айлуудын адуу сүргээс хайж, сурагласан боловч олдоогүй.

Харин 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай өвөлжөөтэй ойролцоо 6 км-ийн зайд оршин суудаг Х******** М**** нь өөрийнхөө адуу сүргээс нэг азарга, нэг гүү барьж аваад, азаргыг унаж, гүүг хөтөлж явсан байна. Тухайн үед Х.М нь өөрийнхөө адуун сүргээ С******** гэдэг хүний хашаанд хашиж байгаад барьж авсан байсан. Харин тухайн үед Х.М нь 1 азарга, 1 гүүгээ С*********** хашаанд хашиж барьж аваад явж байхад хонь хариулж явж байсан С********* орой тааралдсан байна. Тухайн үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр орой Х.М нь Ц***** сумын 1 дүгээр багаас 1 азарга, 1 гүү, нийт 2 адуутай явсан боловч У******* сумын С***** голын эрэгт очиж, тэндээс төрсөн ахынхаа В**** пронтер маркийн машинд 3 адуу ачиж, аймагт аваачиж зарсан байна. Т** өдөр манай 4 настай хээр азарга алга болсон учраас Х.М хулгайлсан гэж хардаж байна. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсье. М**** алга болсон хээр зүсмийн 4 настай азарга “    ” гэсэн тамгатай байсан бөгөөд ямар нэгэн им байгаагүй.

М**** алга болсон хээр зүсмийн 4 настай азарганы урд хоёр хөлийн туурайг алга болохоос 2 долоо хоногийн өмнө төмөр тахаар тахалсан байсан. Харин хойд хоёр хөлд унаж алга болчихгүй бол хуучин хоёр төмөр тах нь байсан. Ө** ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

10.4. Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ш********* М****, Х******** М**** нарыг танина. Ш.М нь миний нөхөр М.С нагац ахынхаа хүүхэд, харин Х.М нэг сумын иргэний хувьд танина. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Х.М нь ганцаараа манай өвөлжиж байгаа өвөлжөөнд өөрийнхөө адуун сүргээ тууж ирээд манай хашааны гадна талд хашиж байгаад адуун сүргээс 2 адуу барьж авсан. Дараа нь манай гэрт орж ирээд цай уусан. О*********** 1 цаг орчим сууж байгаад цай уусан. Тухайн үед Х.М хаашаа явж байгаа талаар асуухад аймаг руу хүний идэшний адуу хүргэж өгнө, мөн нэг адууг худалдана гэж хэлж байсан. Тэгээд цайгаа уучхаад нэг адуугаа унаж, нөгөө адуугаа хөтлөөд яваад өгсөн. Х.М тухайн үед адуу сүргээс нь 2 адуу барьж авахад би хажууд нь очоогүй. Харин холоос харахад нэг нь хээр зүсмийн, нэг нь зээрд зүсмийн адуу байсан. Тухайн хоёр адуу азарга байсан уу, морь байсан уу, гүү байсан уу, мөн хэдэн насны адуу болохыг мэдэхгүй байна. Харин Х.М цай уугаад сууж байхад унаж явах адуугаа азарга гэж хэлж байсан. Х.М тухайн 2 адуугаа хэнд өгөх, хэнд зарах талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/

10.5. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би У******* сумын төвөөс 5 км-ийн зайтай, С***** голын эрэгт өвөлждөг. Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвөлжиж байгаа байшингийнхаа гадна талд юм хийж байхад үл таних 40 орчим насны эрэгтэй хүн, нэг адуугаа унасан, 2 адуугаа хөтөлсөн байдалтай манай гэрийн гадна ирж, мориноос буусан юм. Тухайн хүн мориноос буугаад унаж ирсэн морины эмээлийг авч, гурван адууг гэрийн хажуу талд морь уядаг гадаст уясан. Тэгээд тухайн хүн над руу дөхөж ирэхээр нь тухайн хүнтэй мэндэлсэн. Тухайн хүн мэндлээд хэсэг хугацаа юу ч ярихгүй байж байснаа “аймаг руу явж байна, энэ моринуудыг ачиж явах портор маркийн машин ирэх ёстой, машин хүлээж байна” гэхээр нь би “тэгвэл гэр лүү ороод хүлээгээрэй” гээд тухайн хүнийг дагуулж, гэрт оруулсан. Тухайн хүн гэрт орсны дараа би цай чанаж, бид хоёр цай ууж байхад тухайн хүнээс хаанаас ирж байгааг асуухад “Ц***** сумаас ирж байгаа” талаар хэлсэн. Тухайн хүн нэг юм ярихгүй, дуу цөөнтэй байсан болохоор нь би ч тухайн хүнээс олон юм асууж чадсангүй. Тухайн хүн манай гэрт ороод ойролцоогоор 30-аад минут сууж байхад гадаа нэг машин ирсэн машины дуу гарсан. Нэг удалгүй гэрт 50 орчим насны үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүн манайд адуу унаж, 2 адууг хөтөлж ирсэн хүний аймгаас ирэх ёстой гээд хүлээж сууж байсан хүн байсан. Тухайн машинтай ирсэн хүн яараад явж байна гэхээр нь гэрт сууж байсан эрэгтэй хүн тухайн хүнийг дагаад гадаа гарахаар нь би ч тухайн хоёр хүнийг дагаж гараа гарсан. Г**** гарахад сүүлд ирсэн 50 орчим насны эрэгтэй хүн ганцаараа хөх өнгийн “В**** П******” маркийн машинтай ирсэн байсан. Тэгээд бид гурав тухайн “В**** пронтер” машинд 1 адуу унаж, 2 адууг хөтөлж ирсэн залуугийн 3 морийг ачсан. Тэгээд тухайн хоёр хүн яваад өгсөн. Тухайн хүн өөрийнхөө нэрийг хэлээгүй, би ч тухайн хүнээс нэрийг нь асуугаагүй. Тухайн залуугийн унаж ирсэн морь нь дэлтэй хээр зүсмийн азарга байсан. Нэг нь сартай зээрд зүсмийн гүү, нөгөө нь нэг нь шүдлэн юм уу, хязаалан насны хээр зүсмийн морь байсан. Харин тухайн 3 адуу ямар тамга, имтэй байсныг анзаарч хараагүй юм байна. Тухайн хээр зүсмийн морь гаднаас нь харахад шүдлэн эсвэл хязаалан насны бага настай морь харагдсан. Тухайн хөх өнгийн В**** пронтер маркийн тээврийн хэрэгслийн ямар улсын дугаартай болохыг анзаарч хараагүй байна. Тухайн морь ямар тамгатай болохыг анзаарч хараагүй. Тухайн 2 хүн манайд ирэхэд гэртээ би ганцаараа байсан.

...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манайд 1 адууг унаж, 2 адууг хөтөлж ирсэн эрэгтэй хүний 3 адууг манай өвөлжөөний байшингаас 100-гаад метрийн зайд овоолсон бууц байдаг. Тухайн овоолсон бууцанд “В**** пронтер” машинаа ухрааж шахаж байршуулаад адуунуудыг араас нь туухад өөрсдөө машины тэвш нь дээр гарсан. О******* бууц хүртэлх 1 адууг унаж, 2 адууг хөтөлж ирсэн эрэгтэй хүн өөрийнхөө унаж ирсэн азарга болон сартай хээр зээрд гүүг өөрөө хөтөлж очсон. Харин тухайн залуугийн зээрд зүсмийн гүүтэй хамт хөтөлж ирсэн хээр зүсмийн морийг би цулбуураас нь хөтөлж, овоолсон бууц хүртэл авч очсон. Миний овоолсон бууц хүртэл хөтөлж авч очсон хээр зүсмийн адуу нь морь байсан уу, азарга байсан уу анзаарч хараагүй юм байна. Харин тухайн адуу нь дэлтэй байсан. Миний хөтөлж очсон хээр зүсмийн адууны урд хоёр хөлийн туурай нь тахалж удаагүй төмөр тахтай байсан. Харин хойд хоёр хөл нь тахтай эсэхийг анзаараагүй юм байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23, 26 дахь тал/,

10.6. Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Ш********* М****** гаднаас гаднаас нь нэг сумын иргэний хувьд танина. Харин Х******** М**** миний төрсөн дүү байгаа юм. Миний бие ажлаас амарсан өдөр өөрийнхөө “В**** пронтер” маркийн тээврийн хэрэгслээр хөлсөнд явдаг.

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 10 цагийн үед төрсөн дүү болох Х.М нь над руу залгаж “Ц***** сумаас худалдахаар 3 адуу авч гарсан, замд хурдан явахгүй байна. Та машинтайгаа ирээд ачиж аймаг руу хүргээд өгөөч” гэсэн. Тухайн үед Х.М нь У******* сум руу дөхөж байна гэсэн. Тэгээд би өөрийнхөө 1890 БӨТ улсын дугаартай хөх өнгийн “В**** пронтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй 10 цаг өнгөрч байхад гарч, 12 цаг өнгөрч байхад У******* сумд очсон. У******* сумаас Ц***** сум руу явах замд байдаг гүүрний хажууд дүү Х.М хүлээсэн боловч харагдахгүй байхаар нь тэнд явган мал туугаад явж байсан үл таних хүнээс 3 адуу хөтөлж явж байгаа хүн харсан уу гэж асуухад цагийн өмнө нэг хүн 3 адуу хөтөлж, гүүрнээс гараад явсан гэж хэлсэн. Би буцаж У******* сумаас аймаг руу гарах гүүр өнгөрч, С***** голын эрэгт байгаа айлуудаас 3 адуу хөтөлсөн хүн явсан эсэхийг асуусан боловч эхний 3 айлын хүмүүс хараагүй гэсэн. Харин 4 дэх айлаас асуух гээд очиход дүү М**** тухайн айлд цай уугаад сууж байсан. Тэгээд би, М****, тухайн айлын залуу бид гурав 3 адууг миний портерт ачсан. Тэгээд дүү М**** бид хоёр аймгийн төвд ирж, 2 адууг гүүрний цаана байдаг Ж****** гэдэг хамар хашааны айлд буулгасан. Харин үлдсэн нэг адууг манай хөрш болох Н***** гэдэг залуугийн хашаанд авч ирж буулгасан. Тухайн 3 адууг ачиж, аймаг руу ирж байхад би дүү Х.М тухайн 3 адуу хэний адуу гэдгийг асуухад өөрийнхөө адуу, худалдах гээд авч ирж байсан талаар хэлсэн. Миний У******* сумаас айлын гаднаас ачиж ирсэн 3 тооны адууны нэг нь хээр азарга байсан. Харин нөгөө хоёр адуу ч гэсэн хээр зүсмийн бага насны шүдлэн, хязаалан насны гэмээр адуунууд байсан. Тухайн адуунууд ямар им, тамгатай эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

10.7. Гэрч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай хүргэн Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын дундуур байсан шиг санагдаж байна өдрийг нь санахгүй манай нөхрийн авга ахын хүүхэд Т****** адуу худалдсан. Энэ үед хүргэн ах Х.М дахин адуу авч ирж худалдана гэхээр нь манай нөхөр А**** хүргэн ах Х.М адуу худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед харанхуй болсон байхад хүргэн ах Х.М манай хашаанд төрсөн ах нь болон хоч нэр Т****, бүтэн нэр Х.Т гэдэг хүний хөх өнгийн, улсын дугаарыг нь анзаараагүй, “В**** пронтер” маркийн тээврийн хэрэгсэлд 3 адуу ачиж ирсэн. Тухайн машинд ачиж ирсэн 3 адууны 2 адууг манай хашаанд буулгаж авсан ба үлдсэн 1 адууг машины эзэн манай хүргэн ах Х.М ах нь болох Х.Т машинаасаа буулгахгүйгээр авч явсан. Харин хүргэн Х.М нь манай хашаанд буулгасан хоёр адууны нэгийг нь манайд өгсөн. Х***** ах манай хашаанд буулгасан 2 адууг хашаанд уяж тавьчхаад манай ойролцоо байхад хамаатан болох Х**** гэдэг хүний гэр лүү яваад ирье гээд явсан. Тухайн үед ойролцоогоор яваад цаг орчим хугацаа өнгөрөөд гэрт буцаж ирээд манай хашаанд уяж тавьсан 2 адууны нэгийг нь хүнд өгөхөөр боллоо гээд аваад явсан.

Х***** ах Х.М манай хашаанд авч ирж буулгаад манайд худалдсан адуу нь сартай, зээрд зүсмийн гүү байсан. Харин нөгөө хүнд өгөхөөр боллоо гээд явсан адуу нь хээр зүсмийн адуу байсан. Тухайн адуу нь гүү байсан уу, морь байсныг анзаарч хараагүй байна. Мөн энэ хоёр адуу ямар им, тамгатай, хэдэн насны гэдгийг мэдэхгүй байна. М******* буулгахгүйгээр Х.Т авч явсан адуу нь хээр зүсмийн адуу байсан. Тухайн адуу нь морь байсан уу, гүү байсан байсан эсэхийг анзаараагүй. Мөн ямар им тамгатай байсныг мэдэхгүй байна.

Х***** ах Х.М 1,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. И****** адууг худалдаж авахаар тохиролцсон үед 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь гүүг авч ирэх үеэр 400,000 төгрөг бэлнээр өгсөн. Харин үлдсэн 200,000 төгрөгийг хүргэн ах Х.М нь У******* суманд Х**** гэдэг хүний хүүхдийн хуримын цайллагад ирж оролцох өдөр мөнгөний хэрэгцээ гарлаа гэхээр манай ээжийн данс руу шилжүүлсэн бөгөөд ээж маань данснаас гаргаж, хүргэн ах Х.М өгсөн. Х.М манай хашаанд 2 адууг авч ирж буулгахад би гэртээ ганцаараа байсан. Тухайн үед манай нөхөр А**** нь Г***-А**** аймаг руу явсан байсан.

Х.М худалдаж авсан зээрд зүсмийн гүүг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нядалсан. Тухайн гүүг нядлах үед манай нөхөр А****, хадам аав Ш*****, манай аав Ж******, хүргэн ах М****, манай хамаатан Е**** нар нядалсан. Х.М манай хашаанд авч ирж буулгасан 2 адууны зээрд зүсмийн гүүг манайд өгсөн. Харин нөгөө хээр зүсмийн адууг хүн авахаар боллоо гээд хашаанаас аваад явсан бөгөөд хэнд өгсөн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

10.8. Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний баз Х.М нь манайд гүү авч ирж өгөхөөс 10 хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын хорины үеэр байсан шиг санагдаж байна өдрийг нь сайн санахгүй авга ахын хүүхэд Т****** адуу худалдсан. Энэ үеэр баз Х.М өөр худалдах адуу байна уу гэхэд өөрт нь худалдах гүү байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн гүүг би 1,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд миний бие ажил хийхээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г***-А**** аймаг руу явсан бөгөөд 10 хоног ажиллаад 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 03 цагийн үед ирсэн. Би тухайн өдөр гэртээ ирэхэд хашаанд 1 тооны адуу уясан байсан. Тухайн адуу ямар учиртай адуу болохыг асуухад Х.М манайд худалдахаар болсон адууг өчигдөр орой авч ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө босоод харахад сартай зээрд зүсмийн гүү байсан. Тухайн гүүг 12 дугаар сарын 01-ний өдөр манай аав Ш*****, хадам аав Ж******, баз Х.М, эхнэрийн хамаатан Е**** бид тав нядалсан. Х.М манайд худалдсан зээрд зүсмийн гүүг авч ирэхэд би гэртээ байгаагүй болохоор, манайд худалдсан гүүтэй хамт ямар зүсмийн адуу авч ирсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

10.9. Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. А****** төвд төрсөн ах Х******** хүү М******* тааралдсан. Энэ үед идшинд адуу худалдах юм уу гэж асуухад зарах адуу байгаа гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан уу, өдрийг нь санахгүй байна миний [********], [********] гэсэн хоёр дугаарын нэгэн рүү Х.М залгаж, би Ш******* А******* хашаанд адуугаа авч ирлээ. И**** үзээд авах уу гэсэн. Тухайн үед үдийн цайны үед байсан шиг санагдаж байна. Ш.А гэр нь манай хашааны хойд гудамжинд байдаг учраас явган Ш.А хашааны гадна очиход Х.М надад худалдах адууг хашааны гадна хөтлөөд гарсан. Тухайн өдөр хээр зүсмийн дунд зэргийн биетэй гүү байсан. Тухайн гүүний үнийг асуухад 1,400,000 төгрөгөөр аваарай гэсэн. Тухайн гүү нь дунд зэргийн биетэй байхаар би Х.М тухайн адууг 1,400,000 төгрөгөөр авч чадахгүй, 1,100,000 төгрөгөөр өгвөл авъя гэхэд аваарай гэсэн. Тэгээд би Х.М 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч, тухайн гүүг худалдаж авсан. Тухайн үед гүүг гэртээ авч ирж, тухайн өдөр орой К******** улсаас ирсэн байсан Б**** бид хоёр нядалсан. Тухайн үед гэдэс, гүзээг дүү М***** арилгаж өгсөн. Миний Х.М худалдаж авсан гүү хэдэн насны, ямар, им, тамгатай болохыг мэдэхгүй байна. А****** хараагүй юм байна. Тухайн нядалсан гүүний арьс нь манай гаражид байгаа, би танд гаргаж өгье. Х.М тухайн үед ямар дугаараас залгасныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38, 41-42 дахь тал/,

10.10. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц***** суманд оршин суух Ш********* М****** танихгүй. Х.М таних бөгөөд хамаатан садны холбоо байхгүй. Х.М төрсөн ах Х.Т манай хөрш байгаа юм. 2024 оны 11 дүгээр сарын хорин хэдний үеэр байсан миний бие Х.Т хашаанаас худгаас ус авах гээд Х.Т гэрт нь очиход Х.Т дүү Х.М сууж байсан. Х.М нь өмнө мал авч ирж зардаг байсан болохоор нь Х.М зарах адуу байгаа эсэхийг асуухад 5 настай азарга байгаа 1,600,000 төгрөгөөр авбал авч ирж өгье гэсэн. Тэгээд би Х.М тухайн адууг худалдаж авахаар тохирсон.

Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан шиг санагдаж гэрт байж байхад хөрш болох Х.Т өөрийнхөө хөх өнгийн В**** пронтер маркийн машинд ачиж, хээр зүсмийн 5 настай азарга авч ирж өгсөн. Харин Х.Т тухайн азаргыг авч ирж буулгаж өгөөд тухайн өдөр Ц***** сумд нэг хүний цайллагад оролцох ёстой гээд эхнэрээ дагуулж явсан. Х.Т хэлэхдээ надад авч ирж өгсөн азаргыг маргааш Х.М ирж, өөрөө нядалж өгөхөөр боллоо гэхээр нь би тухайн өдөр орой хадам дүү Д****, хүргэн С******* нарыг дуудаж нядлуулсан. Би худалдаж авсан азарга ямар им, тамгатай эсэхийг анзаарч хараагүй юм байна. Би Х.М худалдаж авсан азарганы мөнгийг маргааш нь манай гэрт ирэхээр нь бэлнээр нь өгсөн.

Х.Т надад 5 настай хээр зүсмийн адууг үдээс хойш, өдрийн цагаар авч ирж өгсөн. Яг хэдэн цагийн үед байсныг санахгүй байна. Миний Х.М худалдаж авсан адууны толгойны арьсыг адууны арьстай хамт гаргасан бөгөөд арьсыг тухайн үед “Б******” кафены урд арьс цуглуулж байсан хүнд 10,000 төгрөгөөр худалсан. Харин 4 ширийг тухайн үед хашаанд хогийн цэгт хаясан байсан ба тухайн үед нохой зуугаад явсан юм шиг байна, алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

10.11. Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ш********* М****** танихгүй. Харин Х******** М****** танина. Х.М нь миний баз болох Ж******** хүргэн хүү болдог. 2024 оны 10 дугаар сарын дундуур баз болох Ж******** гэрт нь очиж сууж байхад Ж******** хүргэн хүү М******* уулзсан. Тухайн үед М**** идэшний адуу худалдана гэхээр би Х.М идшинд адуу худалдаж авахаар тохиролцсон.

Тэгээд 2024 оны 11 дүгэр сарын 30-ны өдөр 18 цагийн үед над руу Х.М хадам ээж нь болох Б********* [********] гэсэн дугаараас миний [********] гэсэн дугаар луу залгаж, би таны захисан идэшний адууг хадам аав Ж******** гэрт нь авч ирлээ гэсэн. Тухайн үед би ганцаараа баз болох Ж******** гэрт нь очиход тэдний хашаанд хээр зүсмийн дунд зэргийн биетэй дэлтэй азарга байсан. Тухайн азаргыг Х.М нь 1,200,000 төгрөг гэхээр нь би дунд зэргийн биетэй байна 1 сая төгрөгөөр өгвөл авъя гэхэд 1 сая төгрөгт аваарай гэсэн. Х.М өөрөө тусалж, нядлалцахаар болж тухайн азаргыг Х.М бид хоёр хөтөлж манайд авч ирсэн. Тухайн азаргыг Х.М, хөрш болох хоч нэр нь Х****** бид гурав нядалсан. Харин гэдэс, гүзээг Х******** эхнэр болон манай эхнэр 2 цэвэрлэж нядалсан. Тухайн адууг авч ирсэн өдрийн маргааш нь 400,000 төгрөг өгсөн. Тухайн 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн үү, шилжүүлж өгсөн үү санахгүй байна. Харин үлдсэн 600,000 төгрөгийг манай эхнэр өгсөн. Харин үлдэгдэл 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн үү, шилжүүлж өгсөн үү манай эхнэр мэдэж байна.

...миний Х.М худалдаж авсан хээр зүсмийн азарга 4 насны хязаалан азарга байсан бөгөөд “    ” тамгатай байсан. Тухайн азарганы урд талын хоёр хөлийн туурай нь төмөр тахтай байсан. Х.М нь надад худалдсан хээр зүсмийн азаргыг миний өөрийнхөө адуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

10.12. Гэрч Ш.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ш********* М****** танихгүй. Харин Х******** М****** танина. Х.М нь миний хүргэн ах болох Ж******** хүргэн хүү болдог. 2024 оны 10 дугаар сарын дундуур байсан манай нөхөр У.Х нь Х.М идшинд адуу худалдаж авахаар тохиролцсон байсан байна. Тэгээд 2024 оны 11 дүгэр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манай нөхөр, Х.М хамт хээр зүсмийн азарга авч ирсэн. Тухайн азарга нь Х.М манайд идшинд худалдахаар тохирсон адуу байсан байн лээ. Тухайн азаргын манай нөхөр У.Х, Х.М, хөрш хоч нэр нь Х****** гурав нядалсан. Харин тухайн үед адууны арьсыг өвчиж дууссаны дараа Х****** бид хоёр гадаа гарч, тухайн адууны гэдэс, гүзээг цэвэрлэж, арилгасан. Х.М манайд худалдсан хээр зүсмийн азарга нь хэдэн насны, ямар им тамгатай байсныг мэдэхгүй байна. Х.М манайд худалдсан хээр зүсмийн азарганы урд талын хоёр туурай нь төмөр тахтай байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн адууг авч ирсэн өдрийн маргааш нь 400,000 төгрөг билүү, 600,000 төгрөгийг Х.М манай нөхөр бэлнээр өгсөн. Харин нэг удаа 200,000 төгрөг билүү 300,000 төгрөгийг би Х.М хадам ээж, миний төрсөн эгч Б******, дараа нь 120,000 төгрөгийг хүргэн ах Ж********, дараа нь 80,000 төгрөгийг дахин М****** хадам ээж, миний төрсөн эгч Б****** тус тус өгсөн. Харин хэзээ өгснөө санахгүй байна, энэ оны 1-3 дугаар саруудад өгсөн. Х.М нь манайд худалдсан хээр зүсмийн азаргыг миний өөрийнхөө адуу гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх  хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

10.13. Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ш********* М****** танихгүй. Харин Х******** М****, М******* Х**** нарыг танина. М******* Х**** манай хөрш болдог. Х.М нь манай хөрш М.Х ахынхаа хүүхэд бөгөөд манай авто сургуульд жолооны курст суралцаж төгссөн. Энэ үеэс Х.М таньдаг болсон. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр билүү, 18-ны өдөр Х.М идшинд гаргах адууг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн оны 11 дүгээр сарын эхээр байсан шиг санагдаж байна. М.Х нь манай гэрт ирээд ярилцаж сууж байхад манай дүү Х.М адуу худалдана, та нар идшинд адуу худалдаж авбал би дүүгээсээ аваад өгье гэсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр билүү, 18-ны өдөр Х.М худалдах адуу авч ирлээ гэхээр нь [****] сумын [**] дугаар баг билүү, [**] дугаар багийн аль нэг багт байрлах үл таних хүний хашаанаас портор маркийн тээврийн хэрэгслээр очиж Х.М надад худалдсан адууг ачиж авсан. Тухайн адуу нь морь байсан бөгөөд хээр зүсмийн морь байсан шиг санагдаж байна. Тухайн адууны арьс нь манай гаражид байгаа. Харин ямар им, тамгатай гэдгийг санахгүй байна.

Х.М нь манай авто сургуульд суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан. Т***** дараа дахин “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох жолооны курст бүртгүүлсэн байсан. Би Х.М 1,500,000 төгрөгөөр адуу худалдаж аваад, түүнээс “С” ангиллын жолооны үнэмлэхийн төлбөр болох 350,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,150,000 төгрөгийг өөрийнхөө [**********] дугаартай данснаас Х.М авга ах М.Х [**********] данс руу шилжүүлж өгсөн. Би танд өөрийнхөө мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг гаргаж өгье. Х.М нь надад худалдсан адууг хэний адуу гэдгийг хэлээгүй, би ч хэний адуу гэдгийг асуугаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

10.14. Гэрч К.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц***** сумд оршин суух Ш********* М****** танихгүй, харин Х******** М**** миний охин С********** нөхөр бөгөөд миний хүргэн хүү болдог. Миний бие өөрийнхөө мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.

2024 оны 11 дүгээр сарын сүүлд билүү, 12 дугаар сарын эхээр билүү өдрийг нь санахгүй байна, манай охин Ж.Е утасдаж, маргааш идэшний адуу нядална туслаарай гэсэн. Тэгээд би маргааш нь өглөө 11 цаг өнгөрч байхад хүргэн Ш.А гэрт нь очиход адууг худ Ш*****, хүргэн Х.М, Ш.А болон А******* хамаатны ах нь Е**** нар нядалж байсан. Н**** хэд адууны арьсыг өвчиж, махыг эвдэхээр нь би эвдэж өгсөн махыг бүр жижиглэж эвдэж өгсөн. Тухайн адууг нядалж байсан хүмүүс тухайн адууг гүү гэж хэлсэн. Тухайн адуу нь дунд зэргийн биетэй, зээрд зүсмийн гүү байсан. Харин би тухайн адууг унгааж, хөлийг уяагаар уяж, арьсыг нь гаргахад туслаагүй болохоор тухайн адуу нь ямар им, тамгатай, ямар содон шинж тэмдэгтэй гэдгийг мэдэхгүй байна. М**** хүргэн Ш.А идшинд гаргасан адууг миний хүргэн Х.М 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн.

Би У.Х танина. У.Х миний баз болдог. У.Х идэшний адууг миний  хүргэн Х.М худалдаж авсан гэж сонссон. У.Х нь миний хүргэн Х.М ямар зүсмийн, ямар им тамгатай, хэдэн насны адуу худалдаж талаар мэдэхгүй байна. Би Х.М У.Х худалдсан адууг манай хашаанд авч ирж, худалдсан талаар мэдэхгүй байна. Би ажилд өглөө 09-10 цагт явж, орой 19-20 цагт ирдэг. Би ажилд явсан, гэртээ байхгүй үедээ манай хашаанд авч ирж, худалдсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

10.15. Ш****** “Х** үнэлгээ” ХХК-ны 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2370 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын байдлаар 4 настай азарга 950,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 80-83 дахь тал/,

10.16. Ю***** ХХК-ны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12-01/1480 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 94-105 дахь тал/,

10.17. М****** К******** ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4/1240 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 142-153 дахь тал/,

10.18. М********* гар утасны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

11. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

12. Г** буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.М “гэмт хэрэг үйлдээгүй”, түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч Х.М нь хохирогч Ш.М 1 тооны адууг хулгайлсан гэх нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй” гэж тайлбарлажээ.

13. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ш.М, гэрч М.Ө нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч Ш.М нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух малчин бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түүний бэлчээрт байсан адуун сүргээс “   ” тамгатай, 1 тооны хээр зүсмийн 4 настай азарга нь хулгайд алдагдсан, уг азаргын урд хоёр хөлийн туурайг төмөр тахаар тахалсан байжээ.

14. Шүүгдэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн М.С хашаанд адуун сүргээ хашиж байгаад 2 тооны адуугаа барьж аваад Баян-Өлгий аймгийн Өлгий суманд худалдахаар 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус аймгийн У******* сумын төвөөс 5 км зайтай “С*****” голын эрэгт өвөлжиж байгаа иргэн Х.Б гэрт ирэхэд нэг адууг унаж, хоёр адууг хөтөлж ирсэн, улмаар ах нь болох Х.Т аймгийн төвөөс дуудсанаар уг 3 тооны адууг тээврийн хэрэгсэлд ачиж, Баян-Өлгий аймгийн [****] сумын төвд орой нь ирсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч С.С, Х.Б, Х.Т, Ж.Е нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

15. У***** шүүгдэгч Х.М нь идэшний адуу захисан гэрч У.Х дэлтэй 4 настай, хээр зүсмийн “   ” тамгатай азаргыг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой нь 1,000,000 төгрөгөөр худалдаж, шүүгдэгч Х.М нь уг адууг У.Х гэр бүлд нядлахад өөрөө тусалсан нөхцөл байдал гэрч У.Х, Ш.К нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

16. Хохирогч Ш.М хулгайд алдсан 1 тооны азарга нь хээр зүсмийн, дэлтэй,      “   ” тамгатай, урд хоёр хөлийн туурайг төмөр тахаар тахалсан шинж тэмдэгтэй байсан ба энэ тухай мэдүүлсэн хохирогч Ш.М, гэрч М.Ө, Х.Б, У.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хооронд нь харьцуулж, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж, мэдүүлгийн эх сурвалжийг магадалж, мөн шүүгдэгч Х.М 2024 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд адуу худалдахаар явсан маршрутыг дээрх нотлох баримтуудад тулгуурлан судалж  үзэхэд шүүгдэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, бэлчээрт байсан хохирогч Ш.М өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж улмаар бусдад худалдсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

17. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М, гэрч Ү.С нар нь тухайн цаг хугацаанд харилцан мал худалдаж, худалдан авсан, шүүгдэгч Х.М нь “гэрч Ү.С худалдаж авсан 2 тооны азаргыг тухайн үед гэрч нарт худалдсан” талаар мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, гэрч У.Х нь шүүх хуралдаанд “тухайн нядалсан азаргын им тамгыг хараагүй” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Х.М ямар зүсмийн, ямар тамгатай адуу худалдаж авсан талаар маш тодорхой мэдүүлсэн тул гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэн, шүүгдэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ш.М хулгайлж авсан 1 тооны азаргыг гэрч У.Х худалдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрх зүйн дүгнэлт:

18. Хууль тогтоогчоос “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол...” гэж тодорхойлж, хуульчилжээ.

19. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, “-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Б***** бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж заасан байна.

20. Шүүгдэгч Х.М 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, бэлчээрт байсан хохирогч Ш.М өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

21. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийвэрлэв.

22. Шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.М “гэмт хэрэг үйлдээгүй” гэх тайлбарыг, түүний өмгөөлөгчийн “шүүгдэгч Х.М нь хохирогч Ш.М 1 тооны адууг хулгайлсан гэх нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

23. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.М гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт нь шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

25. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

26. Шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М 1 тооны азаргын үнэ 950,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.М мэдүүлэг, шинжээч “Х** үнэлгээ” ХХК-ны 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2370 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Х.М гэмт хэргийн хохиролд 950,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.М олгохоор шийдвэрлэв.

27. Харин шүүх хуралдаанд хохирогч Ш.М хулгайд алдсан 1 тооны азаргыг эрж хайхад гарсан зардал хэмээн 920,000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн боловч энэ тухай холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул хохирогч Ш.М иргэний нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

29. Х********** “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,

30. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг хувийн байдлыг харгалзаж хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгөх” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

32. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

33. Шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

34. Шүүгдэгч Х.М нь хувийн байдлын хувьд 1984 онд төрсөн, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:...”, 7.1 дүгээр зүйлийн 1. “Х***** гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэх учраас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

36. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

37. Шүүхээс шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Ц***** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3. “Я**** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

39. Шүүгдэгч Х.М оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

40. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай, шүүгдэгч Х.М гэр бүлийн дундын өмчлөлийн 61-33 БӨЗ улсын дугаартай, “Shineray XY150” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг, мөн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С****** пушыгсары овогт Х******** М****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Ц***** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.М оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.М гэмт хэргийн хохиролд 950,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.М олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.М шүүгдэгч Х.М гэмт хэргийн хор уршигт 920,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсэг нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай, шүүгдэгч Х.М гэр бүлийн дундын өмчлөлийн 61-33 БӨЗ улсын дугаартай, “Shineray XY150” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ