Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/182

 

 

 

 

 

  2022         02            17                                             2022/ДШМ/182    

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн 2109003840144 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 24 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Олимпийн гүүрний замд “А-” ХХК-ийн эзэмшлийн “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан “Тоуоtа sai” загварын **** УБЗ улсын дугаартай, “Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаартай, “Тоуоtа Рrius-20” загварын **** УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А-” ХХК-д 1.745.000 төгрөгийн, “Тоуоtа Рrius-20” загварын **** УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-од 258.000 төгрөгийн, “Тоуоtа sai” загварын **** УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-т 4.450.000 төгрөгийн, “Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч Ш.А 48.068.039 төгрөгийн тус тус хохирол учруулан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд нийт 54.521.039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамж, 599 тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,  иргэний нэхэмжлэгч Р.М-, Э.С-о нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Ц.Б-т учирсан хохирол, төлбөр болох 61.265.098 төгрөгийг шүүгдэгч Б.Б-, иргэний хариуцагч “А-” ХХК-аас хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Ц.Б-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1.411.800 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дугаар зүйлд зааснаар “А-” ХХК нь гэм хорын хохирлыг арилгасан тохиолдолд шүүгдэгч Б.Б-аас хохирлыг шаардах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б- өөрт учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б- давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/716 тогтоолд хохирогч Ц.Б- би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж, хохирогчийн эрхийг зөрчсөн утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан "зөрчигдсөн эрхийг сэргээх" хуулийн үндсэн зорилтыг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, 1. Жолооч Б.Б- нь “А-” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь бүрэн нотлогдсон. Нөгөө талаас “А-” ХХК-ийн өмчлөлд байгаа **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн компанийн холбогдох ажилтнууд бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан болох нь нотлогдсоныг шүүх үнэлээгүй байна. Дээрх хоёр нөхцөл байдлыг харгалзан үзвэл, “А-” ХХК нь ажил олгогч болохын хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар, мөн **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг бүрэн хариуцах учиртай. Гэтэл анхан шатны шүүх яагаад хувь тэнцүүлж байгаа талаар үндэслэл дурдаагүй байна.

2. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг гэсэн 3 заалтын дагуу хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Иргэний хуулийн 498.1, 499.1 дэх хэсэгт зааснаар “А-” ХХК бүх хохирлыг хохирогчид төлөх үүргийг тэргүүн ээлжинд хүлээх хууль зүйн үндэслэлтэй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26- ны өдрийн 716 тоот шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхий шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Иргэний хуулийг буруу хэрэглэж, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг буруу шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499  дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Хууль хэрэглээний хувьд нарийвчилсан зохицуулалт буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байсан. Ц.Б-ийн тээврийн хэрэгсэл нь “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл. “Мастер пропертиз” ХХК үнэлгээ хийсэн. Ц.Б- нь “Мерседес бенз” засварын газрын үнэлгээгээр тухайн газар засвараа хийлгэх хүсэлтэй байгаа. 61.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хохирогчийн эрхийг өмнөх байдалд нь сэргээж чадаагүй. “Мерседес бенз” засварын газрын үнэлгээгээр хохирлыг гаргуулж өгнө үү. Уг үнэлгээ нь 68.996.000 төгрөг болсон. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 1.500.000 төгрөг төлсөн. Нийт 70.496.669 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Тухайн байгууллага нь Б.Б-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан бол бид нарт хохирлыг төлсний дараа ажилтнаасаа гаргуулах ёстой. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “А-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А-” ХХК-ийн жолооч Б.Б- нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй байхад ажилд гарсны улмаас уг осол гарсан талаар Б.Б- нь маргадаггүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг үндэслэсэн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.  Иргэний нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Жолоочийн гэм буруугаас гадна тухайн байгууллагын хяналт сул байсны улмаас осол гарахад нөлөөлсөн гэдгийг дүгнэсэн. Уг нөхцөл байдлыг харгалзан жолооч болон байгууллагаас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй болсон. Үнэлгээг гаргахдаа “Мастер пропертиз” ХХК нь “Мерседес бенз” засварийн газрын үнийн санал дээр үндэслэн үнэлгээг гаргасан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн элэгдэл болон үнэлгээ хийхэд ашигладаг арга, аргачлалыг ашиглан гаргасан үнэлгээ учраас тухайн үнэлгээг хууль ёсны гэж үзэн хохирлыг барагдуулж эхэлсэн. Компаний зүгээс Б.Б-т тухайн тээврийн хэрэгслээр ажилд явах боломжгүй, өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцъё, ачааг нь сольж ачих талаар хэлж байсан гэдэг нь гэрч н.Баянжаргалын мэдүүлгээр тогтоогддог. Компаний зүгээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой төсвийг жил бүр батлаад, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарсан тохиолдол бүрт засварладаг талаар баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байтал хувь тэнцүүлж гаргуулсан. Гэрчүүдийн мэдүүлэгээр эвдрэлтэй байсан тээврийн хэрэгслийг засуулах талаар удаа дараа хэлж байсан нь тогтоогддог. ...” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс “А-” ХХК нь бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан, жолооч бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон буруутай нөхцөл байдлуудыг харгалзан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 24 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Олимпийн гүүрний замд “А-” ХХК-ийн эзэмшлийн “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан “Тоуоtа sai” загварын **** УБЗ улсын дугаартай, “Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаартай, “Тоуоtа Рrius-20” загварын **** УАН улсын дугаартай автомашинуудыг мөргөж “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч “А-” ХХК-д 1.745.000 төгрөгийн, “Тоуоtа Рrius-20” загварын **** УАН улсын дугаартай автомашины эзэмшигч Э.С-од 258.000 төгрөгийн, “Тоуоtа sai” загварын **** УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч Р.М-т 4.450.000 төгрөгийн, “Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч Ш.А-д 48.068.039 төгрөгийн тус тус хохирол учруулан, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд нийт 54.521.039 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

иргэний хариуцагч “А-” ХХК-н төлөөлөгч Д.М-ын “...12 цагийн үед манай компанийн үйлдвэрийн менежер Баянжаргал утсаар залгаж “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашины жолооч нь гүүрэн дээр аваар хийчихлээ гэж хэлсэн. ... Б-аас юу болсон талаар асуухад машины араас орсон гэж хэлсэн. Үйлдвэр дээр ирээд Б-, Билэгдэмбэрэл хоёртой уулзахад уруудаад явж байхдаа машинаа зогсоох гэтэл машины тоормос ажиллахгүй гулгаад хашлага мөргүүлээд зогсоох гэж хичээгээд чадалгүй нэг талаараа хашлага мөргүүлээд нэг талаараа машинуудыг мөргөөд зогссон гэж хэлсэн. ...” /1хх 45-46/,

иргэний нэхэмжлэгч Э.С-ын “...би машиныг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Үнэлгээгээр 468.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ....” /1хх 60/,

иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн “...“Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаартай автомашин нь миний өөрийн хувийн өмч байгаа юм. Би уг автотээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сард “МSМ” ХХК-иас 540.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...“МSМ” ХХК-иар гарсан эвдрэлийг янзлуулж байгаа бөгөөд энэ компаниас нэхэмжилсэн төлбөрийг нэхэмжлэх болно. Төлбөр нь 68.996.668 төгрөг гарч байгаа. ...” /2хх 54/,

иргэний нэхэмжлэгч Б.Г-н “...Олимпийн гүүрэн дээр урдаасаа хойшоо чиглэлд гэрлэн дохион дээр нэгдүгээр эгнээнд зогсож байхад миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн араас “Кiа Воngо-3” загварын тээврийн хэрэгсэл ирж мөргөөд зогсоогүй манай машины баруун талаар гараад урд байсан машинуудыг мөргөсөн. ...” /2хх 83/,

гэрч Р.М-ын “... Би “Тоуоtа sai” загварын **** УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон Олимпийн гүүрний хойд талын гэрлэн дохиотой уулзвар луу арай хүрээгүй урдаасаа хойшоо чиглэлтэй түгжрээд явж байсан чинь араас ачааны түгээлтийн “Bongo” загварын машин миний жолоодон явж байсан автомашины ар талаас мөргөөд манай машин зүүн тийшээгээ шидэгдээд нөгөө “Bongo” машин тэр чигээрээ урд явж байсан “Меrсеdеs Веnz” болон “Тоуоtа Рrius-20” загварын машиныг мөргөөд замын баруун талын бетон хашлагыг мөргөөд зогссон. ...Тэр “Bongo” машины жолооч бууж ирээд “машины тоормос ажиллахгүй болчихлоо” гэж ярьж байсан. ...Осол гарах үед нойтон цас орсон учир зам нойтон гулгаатай байсан. ...” /1хх 108/,

гэрчээр Ц.Б-ийн “...би “Меrсеdеs Веnz G-63” загварын **** УНТ улсын дугаарын автомашинтай жолооч Баярмөнхийн хамт ажил руугаа явж байтал гүүрний урд хойд талын гэрлэн дохиотой уулзвараас ойролцоогоор 150 орчим метрийн наана 1 дүгээр эгнээнд зогсож байхад бүхээгтэй “Bongo” загварын автомашин хойно зогсож байсан автомашиныг мөргөөд миний сууж явсан машиныг мөргөсөн. ...Осол гарсны дараа машинаасаа буугаад “Bongo” загварын машины жолоочтой уулзаад юу болсон бэ гэхэд машины тоормос ажиллахгүй болчихлоо гэж хэлсэн. Мөн тэр жолооч тухайн өдөр амарч байсан юм, тэгээд өглөө нь ажилдаа дуудагдаад ажилдаа гарахаасаа өмнө миний машины тоормос муу ажиллаж байна гэж компанийн удирдлагадаа хэлсэн чинь өнөөдөр аргалаад явчих гэж хэлээд ажилд нь гаргасан гэж хэлсэн. ...” /1хх 111/,

гэрч Б.А-ийн “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд байж байсан чинь бялууны үйлдвэрт ажилладаг зүс таних нэг залуу над дээр ирээд “хашаан дотор зогсож байсан Кiа Воngо-3” загварын автомашиныг ухраагаад агуулахын үүдэнд байрлуулаад өгөөч” гэхээр нь автомашиныг асаагаад ухраах гэтэл ухрах араандаа орохгүй байхаар нь би тэр залууд “энэ машины ухрах араа нь орохгүй байна, би урагшаа хөдөлгөөд танай оффисыг тойроод агуулахын үүдэнд нь зогсооё” гэж хэлээд машиныг хөдөлгөөд агуулахын үүдэнд ирээд машины тоормосыг гишгэтэл тоормос нь ямар ч ажиллагаагүй байсан. ...” /1хх 114/,

гэрч Г.Б-ийн “...осол болдог өдрөөс 3 хоногийн өмнө жолооч Онон надад “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашины араа н 2 болон 3 дугаар араандаа орохгүй байна гэж хэлэхээр нь шалгаж үзэхэд 2 болон 3 дугаар араандаа орохгүй байсан тул яаралтай оношлуулах талаар өөрсдийн групп чатандаа мэдээллийг нь оруулсан байгаа. Энэ мэдээллийг түгээлтийн менежер Баянжаргал аваад төсөв батлагдаагүй байгаа түр хүлээж байгаарай гэж надад тухайн үед хэлсэн. Тэгээд “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашиныг засварын газраар оношилгоо хийлгэхгүйгээр үргэлжлүүлээд түгээлтийн ажилд явуулж байсан. ...2021 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө намайг ажилдаа ирэхэд “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашины тоормос нь маш муу ажиллаж байсан. ...Энэ талаар үйлдвэрийн менежер Баянжаргалд хэлсэн гэсэн. Тухайн үед үйлдвэрийн дарга Марс бас хамт байсан гэж хэлж байсан. Менежер Баянжаргал жолооч Б-т түгээлтээ зөөлөн яваад хийж дуусгаад засварын газарт очоод үзүүл гэж хэлээд ажилд гаргасан гэсэн. Тэгээд гүүрнээс уруудаад явж байгаад машин нь гэнэт тоормосгүй болоод осол гаргасан гэж хэлсэн. ..." /1хх 117-118/,

гэрч Ц.Б-ын “...Би 2021 оны 04 сарын 01-ний өглөө 07 цагт ажил дээрээ ирээд хувцасаа солиод бараагаа ачих гээд машин дээрээ ирсэн. Тэгсэн жолооч ирээгүй байсан. Тэгэхээр нь би машиныг ухраагаад өгөөч гээд “Евро фарм” эмийн сангийн зүс таних жолооч ахаас гуйсан чинь тэр ах “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашиныг ухраагаад агуулахын гадаа аваачсан юм. Тэгээд тэр зүс таних жолооч ах бууж ирээд “энэ машины чинь тоормос маш муу ажиллаж байна шдээ, жолоочдоо хэлээрэй” гээд явсан. Яг тэр үед үйлдвэрийн менежер Баянжаргал ажилдаа ирж таарсан. Тэгэхээр нь би нөгөө жолооч ахын хэлснийг буюу “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автомашины тоормос маш муу ажиллаж байгаа талаар менежерт хэлсэн. ...Тэгсэн менежер “тийм үү” гэж хэлснээ “за ямар ч байсан жолоочийг ирэхийг нь хүлээе” гэж хэлээд ажил руугаа орсон. Жолооч Бирваа ах 09 цагийн орчим ажил дээр ирсэн. Би  Бирваа ахад өглөө болсон зүйлийн талаар хэлэхэд машинаа асаагаад үйлдвэрийн хашаан дотор 100 метр орчим явж үзээд “машины тоормос бүүр доор гишгэхээр барьж байна” гэж хэлсэн. Бид хоёр машиндаа бараагаа ачиж дуусаад менежер Баянжаргалд Бирваа ах машины тоормос маш муу ажиллаж байгаа талаар утсаар хэлсэн чинь менежер “түгээлтээ зөөлхөн явж дуусгаад засварын газарт очиж машинаа үзүүлээрэй” гэж хэлээд бид хоёрыг ажилд нь гаргасан. ...Гүүрээр уруудаж яваад хурдаа жаахан хасах гээд тоормосоо гишгэтэл тоормос ямар ч ажиллагаагүй болчихлоо гэж Бирваа ах хэлээд  машин доошоо өнхрөөд явчихсан. ...” /1хх 122-123/,

гэрч Д.Ө-ын“...Замын цагдаагийн шинэ гүүр даваад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гэрлэн дохион дээр гэрэл хүлээгээд зогсож байтал гэнэт араас “Bongo” загварын машин ирээд мөргөсөн...Юу болов гээд хартал Bongo машин миний сууж явсан болон ард явж байсан “Тоуоtа sai” “Меrсеdеs Веnz G-63” загварын машинуудыг мөргөөд өөрөө хашлага мөргөөд зогссон байсан. ...” /1хх 131/,

гэрч Б.Г-ийн “...Олимпийн гүүрний хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр урдаасаа хойшоо чиглэлтэй гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад ар талаас түс тас хийгээд нэг Bongo загварын автомашин баруун гар тал руу орж ирээд замын хашлага мөргөөд зогссон. ..” /1хх 134/,

гэрч М.Б-ын “...Б- над руу залгаад “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай машины тоормос нь сул бариад байна гэж хэлэхээр нь би өөр дүгээлтийн машин үйлдвэр дээрээ дуудаад тэр машинд ачсан бараагаа зөөж шилжүүлээд ажилд нь гаргахаар хүлээж байсан. Тэр үед гаднаас Б- орж ирээд урьд нь худалдан авсан байсан машины тоормосны шингэнийг аваад машиндаа хийж үзье гээд гарсан. Би Б-т одоо өөр машин ирж байгаа тэр болтол хүлээж бай гэж хэлэхэд ямар ч байсан тоормосны шингэнээ сольж хийгээд үзье гээд гараад явсан. 5-10 минутын дараа Б- туслах Бат- Оргилын утаснаас над руу залгаад “тоормосны шингэнээ солиод хийчихлээ, гайгүй юм шиг байна яваад үзье” гэхээр нь хэрэггүй наад машинаа үйлдвэр дээр үлдээ, ирж байгаа машинд бараагаа сольж ачаад шаардлагатай бол дугаарын хязгаар үйлчилдэггүй газруудаар 10-79 УНК улсын дугаартай машиныг унаад түгээлтэндээ гар гэж хэлсэн. Тэгэхэд Б- би **** УНД улсын дугаартай машинаар яваад үзье гэж хэлээд түгээлтэндээ гараад явсан. ...Хэсэг хугацааны дараа туслах Ц.Бат- Оргилын утсаар Б- залгаад “зам тээврийн осол гарчихлаа, машин мөргөчихлөө” гэж хэлсэн. ..." /1хх 137-138/,

гэрч С.-гийн “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр **** УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад тоормосны үйл ажиллагаа хэвийн бус байсан бөгөөд тоормос гишгэх үеэр хааяа тоормос алдаад байсан. ...2020 оны 12 дугаар сараас л хойш болохгүй Б- тоормосны шингэн нэмээд яваад байдаг байсан. Манай ажил хариуцсан Билэгдэмбэрэлд би **** УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормос болохгүй байна, засварт үзүүлэх хэрэгтэй талаар хэлсэн. ...” /2хх 33-34/,

гэрчээр Д.М-ын “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Баянжаргал “**** УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоормос болохгүй байна, түгээлтийн дараа засварт оруулах нь байна шүү, мөнгө гарах нь гэдгээ, утсаар хэлсэн. ...” /2хх 36/,

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. А- ХХК-ийн ТLJ-СК нэртэй групп дээр би ээлжийн амралтаа авахаас өмнө “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас тоормосны шингэн гоожоод байгаа талаар тус байгууллагын менежер Баянжаргалд мэдээлэл өгч байсан. ...” /2хх 25-26,110-112/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...“Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Баруун хойд тоормосны битүүмж алдсан, урд бамбай, урд хоёр их гэрэл, салхины шил, хоёр талын хаалга, тээшний бүхээг зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. ...Тоормос шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй. Баруун хойд тоормосны накладка, колодка, барабан элэгдэж нимгэрсэн, тэлэгчийн поршен бүлтэрч битүүмж алдсанаас тоормосны шингэнээр бохирлогдсон гэмтэл нь ашиглалтын явцад үүсэж, тоормосны хэвийн ажиллагааг алдагдуулж тоормосгүй болсноор зам тээврийн осолд шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1634 дугаартай дүгнэлт /1хх 151-178/,

“...“жолооч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-н а, 12.3-т тус тус заасныг, ”А-” ХХК /хуулийн этгээд/ нь мөн дүрмийн 27.2 в- заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай магадлагаа /1хх 179-181/,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 9-10/, “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 22/, “Кiа Воngо-3”, “Тоуоtа Рrius-20”, “Тоуоtа sai” болон “Меrсеdеs Веnz G-63” загварын автомашинуудын үнэлгээ /1хх 55, 62, 75, 92/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2хх 113-118/, М.Баянжаргал, Г.Билэгдэмбэрэл, Б.Б-, Д.Марс нарыг ажилд томилсон тухай “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажпын байрны тодорхойлолт /1хх 188-199, 200-207, 208-216, 217/, 2020, 2021 оны түгээлтийн тээврийн хэрэгслийн урсгал зардал /1хх 230-231/, “А-” ХХК-ийн дүрэм /1хх 232-235/, Б.Б-аас “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас тоормосны шингэн гоожоод байгаа талаар тус байгууллагын менежер  Баянжаргалд мэдээлэл өгч байсан талаарх баримтууд /2хх 125-134/, “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /2хх 136-137/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б- “...“Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь “А-” ХХК байхад 61.265.098 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б- болон “А-” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэлгээг үндэслэн хохирлыг тооцон гаргуулсан нь үндэслэлтэй байгаа хэдий ч иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн эд хөрөнгөнд учирсан хохирол болох 61.265.098 төгрөгийг шүүгдэгч Б.Б-, иргэний хариуцагч “А-” ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б-ын жолоодож явсан “Кiа Воngо-3” загварын **** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “А-” ХХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /1хх 22/ тогтоогдож байх бөгөөд Б.Б- нь тухайн компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь гэрч Г.Б-ийн “...Б.Б- нь түгээлтийн  жолооч биш, туслахын орон тоон дээр ажилладаг. Уг автомашины үндсэн жолооч Онон гэж хүн байдаг. Тухайн үед жолооч Онон ээлжийн амралтаа авч Б- зөрөөд ажилдаа орж таараад автомашиныг жолоодон түгээлтэд гарсан юм. ...”, гэрч М.Б-ын “...Б.Б- манай байгууллагад 2020 оны 3 дугаар сард ажилд орсон. ...”, гэрч Д.М-ын “...би Б.Б-ыг нэг байгууллагад хамт ажилладаг гэдгээр нь танина. ...” гэсэн мэдүүлгүүд, “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажилд авах тухай тушаал /1хх 218/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд, “А-” ХХК нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”,  499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцэж байх тул иргэний нэхэмжлэгч Ц.Б-т учирсан 61.265.098 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “А-” ХХК-иас гаргуулж, энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэлэлтэй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Б.Б- нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргасан гэм буруутай хэдий ч “А-” ХХК нь бүрэн бус, тоормосны хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан /тоормосгүй/ тээврийн хэрэгсэл ажилд гарган замын хөдөлгөөнд оролцуулсан ажил олгогчийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас үүдэн дээрх зам тээврийн осол гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Б-аас “А-” ХХК-д учирсан 1.411.800 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Шүүх шүүгдэгчил эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өөрийн оршин суух Улаанбаатар хот, *** тоотоос шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох хязгаарлалт тогтоосон нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон, түүнийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр хөнгөрүүлэн өөрчлөв. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн “...хохирлыг тухайн автомашины эзэмшигч болох “А-” ХХК-иас гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Иргэний хариуцагч, хариуцагч “А-” ХХК нь шийтгэх тогтоол гарсны дараа иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн Хаан банкны ****** тоот дансанд 4.496.000 төгрөгийг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/716 дугаартай шийтгэх тогтоол тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Б-т учирсан хохирол 61.265.098 /жаран нэгэн сая хоёр зуун жаран таван мянга ерэн найм/ төгрөгийг иргэний хариуцагч “А-” ХХК-иас гаргуулан олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хариуцагч, хариуцагч “А-” ХХК нь иргэний нэхэмжлэгч Ц.Б-т 4.496.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН