Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 72

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дашнямд холбогдох эрүүгийн 1704000150008 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  Б.Дашням нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж Б.Алтанчимэг, ах, дүүгийн хамт, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух, /Иргэний үнэмлэхний хаяг: Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг, Эхэнбүрд/ Боржигон овгийн Баатардоржийн Дашням/РД:СА95041011/

           Прокурорын яллах дүгнэлтэд:

Б.Дашням нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах, Их суудал баарны гадаа хамтран амьдрагч Э.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Дашням нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би эхнэр Наранцэцэг болон түүний найз нарын хамтаар Их суудал бааранд орсон юм. Бид нар бааранд ороод юм захиалах гэсэн боловч мөнгөгүй гараад ирсэн учир найзуудыгаа бааранд орхиод замаас такси авахаар гарсан. Тэгээд бид хоёр гарч явж байгаад эрүүл мэндийн нэгдлийн урд талд хоорондоо маргалдсан. Наранцэцэг намайг алгадаад авахаар нь би газраас чулуу аваад өөрийгөө цохих гэсэн боловч санамсаргүй Наранцэцэгийг цохьчихсон. Тэгтэл Наранцэцэг нүүрээ дараад газар суусан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би эхнэр Наранцэцэгийн хамт “Хар хорин” баарны гаднаас бэлэн мөнгөний машин явж мөнгө авах гээд такси барихдаа хоорондоо маргалдсан. Эхнэр намайг алгадахаар нь би уурлаад өөрийгөө тоосгоор цохих гэж байгаад тоосго маань гарнаас хальтараад эхнэрийгээ цохьсон…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Э.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай найз Нямбаяр, Саранцэцэг, Ганцэцэг, Баярмагнай нар манай гэрт айлчилж ирсэн. Тэгээд бид нар манай гэрт 1 шил 0.5 граммын архи хувааж ууцгаачихаад 00 цагийн үед Их суудал бааранд орцгоосон. Бааранд ороод нэг шил архи 2-3 удаа авч ууцгаасан чинь тооцоо дутаад байхаар нь Дашням бид хоёр гэрээсээ мөнгө авчирхаар гарсан. Тэгээд бид хоёр гараад Ирвэсийн зогсоол руу алхаж яваад хоорондоо жаахан маргалдаад эмнэлгийн хажуухан талд муудалцаж би Дашнямыг чулуу аваад бие рүү нь цохьсон чинь Дашням уурлаад нөгөө чулууг надаас булааж аваад өөрийнхөө бие рүү цохьсоноо гэнэт санаандгүй байж байсан чинь миний зүүн талын хөмсөгний дээхэн талд чулуугаар цохьсон. Тэгээд би таксинд суугаад цагдаа дуудсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,

Шинжээчийн 09шэ/183 дугаартай дүгнэлтэд: “...Хохирогч Э.Наранцэцэгийн биед духанд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дашнямын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Дашням, хохирогч Э.Наранцэцэг нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

      Б.Дашням нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах, Их суудал баарны гадаа хамтран амьдрагч Э.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...би газраас чулуу аваад өөрийгөө цохих гэсэн боловч Наранцэцэгийг цохьчихсон.....” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/183 дугаартай “...Хохирогч Э.Наранцэцэгийн биед духанд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Дашням нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Б.Дашнямыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Б.Дашнямыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, шүүгдэгч хохирогч нар “...Э.Наранцэцэг нь, Б.Дашнямд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй учир талууд харилцан тохиролцож эвлэрсэн...” гэсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 31 дүгээр хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 36 дугаар хуудас/, хохирогч Э.Наранцэцэгийн “...Б.Дашнямаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 33 дугаар дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Дашнямд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хуралдаанд оролцохгүй гэж бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Баатардоржийн Дашнямыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Баатардоржийн Дашнямд дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2017 оны 11 сарын 1-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Дашнямд тус тус мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дашнямын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Б.Дашнямд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ