Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2023/0030

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Х” ХХК /захирал С.Ц/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Х

Хариуцагч: “Э” ТӨҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Б, Д.З

Гуравдагч этгээд: “Г” ХХК /захирал Б.Г/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаар мэдэгдлийг  хүчингүй болгож, “Э” ТӨҮГазрын 202301155 дугаартай “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гэрч И.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГазарт “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаар мэдэгдлийг  хүчингүй болгож, “Э” ТӨҮГазрын 202301155 дугаартай “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах” гэж өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГазраас зарласан Ган туйван II нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Э” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 тоот мэдэгдлийг “Х” ХХК-д хүргүүлсэн.  

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “Х” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгчээ.

Захиалагч “Э” ТӨҮГазраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөрГан туйван II нийлүүлэх тендерт оролцогчдод хандан ЭҮТӨҮГ/202301155 тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн дагуу бүх тендерээс татгалзан тендерийг дахин зарлах тухай ДҮ-112-12/3676 дугаар мэдэгдлийг гаргасан.

Захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч “Х” ХХК нь Сангийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/4757 дугаартай албан бичгээр “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэх үндэслэлээр гомдлыг шийдвэрлээгүй буцаасан тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ган туйван II нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр шалгарсан “Г” ХХК нь уг тендерт оролцохдоо тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтоос зөрүүтэй буюу техникийн тодорхойлолтод заагдаагүй 316L материалтай бараа нийлүүлэхээр санал болгосон байхад уг компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзнэ”, 27.1.2-т “Техникийн тодорхойлолт”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад “Г” ХХК нь шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн бөгөөд захиалагч уг тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байсан байна. Гэтэл захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тус компанийг шалгаруулж шийдвэрлэсэн нь захиалагч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн “Г” ХХК нь уг тендерт оролцохдоо үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн болох нь нотариатч Д.Э болон Монголын нотариатын танхимын албан бичгээр нотлогдож байна.

Манай компанийн зүгээс Сангийн яаманд энэ асуудлаар 2023 оны 05 дугаар  сарын 22-ны өдрийн 41 тоот албан бичгээр гомдол гаргасан. Тус гомдлын хариу 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 03/4054 тоот албан бичгээр манай компанийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж,  “Г” ХХК-ийг тендерт оролцохдоо хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу мэдэгдсэн. Уг тендерт шалгарсан компани нь хууль зөрчсөн, мөн захиалагч болох “Э” ТӨҮГ-ын “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр мөн хууль бус болохыг төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам тогтоосон гэж үзэж манай компанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “...удаах хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах” гэж заасны дагуу манай компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл бүрдлээ гэж үзэж хүлээж байсан. Гэтэл “Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 тоот хариу мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн дагуу бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

“Манай компанийн зүгээс тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасан бүх шаардлагад нийцсэн тендер ирүүлж оролцсон атал үнэлгээний хороо “Г” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймд “Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын 202301155 дугаартай “Ган туйван 2-р” нийлүүлэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгаж өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Э” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны хуралдаан болж “Ган туйван II” нийлүүлэх тендерийг зарлахаар хэлэлцүүлж, тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах зарыг tender.gov.mn сайтад байрлуулсан байсан. Үүний дагуу “Х” ХХК нь тендерийн баримт бичигт заасны дагуу материалаа өгсөн байдаг. Үнэлгээний хороо “Г” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлж, “Х” ХХК-д тендерт оролцсон тул талархлаа илэрхийлж тендерт шалгараагүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хүлээн авагцаа Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдол гаргасан  үндэслэл нь “Г” ХХК нь нэгдүгээрт үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаат орчуулгыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн, хоёрдугаарт тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос илт зөрүүтэй материалыг буюу тендерийн баримт бичигт “Ст.З” гэж заасан байхад “316L” материалтай бараа санал болгосон байхад шалгаруулсан гэсэн гомдлыг гаргасан. Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/2829 тоот албан бичгээр уг гомдлыг хянаад “үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаат орчуулгыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна, харин “Г” ХХК нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос илт зөрүүтэй материалыг буюу тендерийн баримт бичигт “Ст.З” гэж заасан байхад “316L” материалтай бараа санал болгосныг холбогдох эрх бүхий этгээдээс тодруулах нь зүйтэй байна” гэсэн хариуг өгсөн. Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин “Г” ХХК-ийг шалгаруулсан байсан. Дахин Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт “Механик хэлтсийн оношилгооны инженер И.Ц 316L, ган туйвангийн талаар мэргэжлийн металл урагч хүнээс тодруулахад Ст.З ган туйвангаас хатуулаг ихтэй зэврэхгүй бөгөөд илүү чанартай байдаг гэсэн тул энэ талаар гаргасан “Х” ХХК-ийн гомдол үндэслэлгүй, харин нотариатчийн гарын үсгийн тайлал, тамга зөрүүтэй гэсэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул худалдан авах ажиллагааны улсын байцаагчид шалгуулахаар санал ирүүлэх, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж болно” гэсэн хариуг өгсөн. Манай зүгээс дараах хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл “Ган туйван II”-ын бүх тендерт оролцогч нарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 тоот албан бичгээр бүх тендерээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. “Г” ХХК нь хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн нь нотлогдсон. Манайх дараагийн хамгийн сайн тендерийг ирүүлсэн байхад бүх тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 дугаар зүйлийн 30.1.1.-т “Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, 30.1.2.-т “Тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол, 30.1.3.-т “Шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн” гэж бүх тендерээс татгалзах ийм 3 үндэслэл байдаг. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан бүх тендерээс татгалзаж байгаа үндэслэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Захиалагч талаас хүчинтэй хугацаа дууссан гэж хариулж байгаа боловч Сангийн яамнаас хариуцагч талд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэл ирсэн. Тендерийн хугацаа дуусах хүртэл 9 хоногийн хугацаанд өмнөх шалгарсан компанийн тендерийг хүчингүй болгосон бол дараагийн шалгарсан компанийг шалгаруулах боломжтой хугацаа байсан. Тендерийн хүчинтэй байх хугацааг тулгаж хуралдсан эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Зөрүүтэй материалууд ирсэн учир утсаар ярьж асуусан гэж гэрч хэлж байна. Энэ нь тендер шалгаруулах процесс ажиллагаа биш гэж үзэж байна. Тендерт оролцогч нар зөрүүтэй, техникийн тодорхойлтод зааснаас өөр өөр зөрүүтэй бараа, материал санал болгосон тохиолдолд шинээчийн дүгнэлт гаргах ёстой гэж бодож байна. Зүгээр утсаар яриад энэ нь ийм байна, тийм байна гэдэг байдлаар хандах нь үндэслэлгүй байна. Материалын чанар зөрүүтэй байсан гэж үзэж байна. Мөн шалгарсан компани үйлдвэрлэгчийн баталгааг хуурамчаар үйлдсэн гэдгийг хариуцагч байгууллага мэдэх боломжгүй гэж байгаа боловч энэ талаар тодруулах ажиллагаа хийх ёстой. Хэрвээ хуурамч материалыг хүлээж аваад байдаг юм бол Үнэлгээний хороо гэж байгуулах асуудал байсан юм уу гэдэг асуудал яригдах байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

5. Хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Д.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/43 дугаар тушаалаар “Э” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/202301155 тендерийн дугаартай “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан. Дээрх тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах зарыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тендерийг нээсэн бөгөөд тус тендерт 7 компани оролцохоор санал ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж тендерт оролцсон 7 компаниас 3 компанийг батлагдсан тендерийн баримт бичгээс зөрүүтэй баримт ирүүлсэн, “Г” ХХК, “Х” ХХК, “А” ХХК-иудын баримт материалыг тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь хуулийн 27.1-д заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу “Г” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-д ДҮ-112-12/1425 дугаартай мэдэгдэл хүргүүлэхэд үүнийг тус компани хүлээн зөвшөөрөлгүй Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яамнаас хянаад тендерийн хүчинтэй байх хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр түдгэлзүүлсэн. “Х” ХХК нь Сангийн яаманд нэгдүгээрт үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаат орчуулгыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн, хоёрдугаарт захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос илт зөрүүтэй материалыг буюу тендерийн баримт бичигт “Ст.З” гэж заасан байхад “316L” материалтай бараа санал болгосон байхад шалгаруулсан гэсэн утга бүхий гомдлыг гаргасан. Сангийн яамны 2023.05.01-ний өдрийн 03/2829 тоот албан бичгээр уг гомдлыг хянаад үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаат орчуулгыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Харин Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос илт зөрүүтэй материалыг буюу тендерийн баримт бичигт “Ст.З” гэж заасан байхад “316L” материалтай бараа санал болгосныг холбогдох эрх бүхий этгээдээс тодруулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Ингээд уг албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тендерийн хүчинтэй хугацааг түр зогсож, энэ талаарх албан бичгээ үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын и-мэйл хаягаар 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагт ирүүлсэн байдаг. Уг гомдол хянасан албан бичигт “... “Х” ХХК-ийн гомдолд тус асуудлыг холбогдох эрх бүхий этгээдээс тодруулах нь зүйтэй...” гэсэн байсан тул үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж 316L ган туйванг мэргэжлийн металл урагч хүнээс тодруулаад 316L ган туйван нь Ст.з ган туйвангаас хатуулаг ихтэй зэвэрдэггүй бөгөөд илүү сайн чанартай байдаг гэсэн тул дахин “Г” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг гаргасан. Түүнчлэн “Э” ТӨҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ДҮ-112-12/2565 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.4-д заасан тендерийн хүчинтэй хугацааг нэг удаа 15 хоногоор сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд Сангийн яамнаас дээрх гомдол хянасан тухай албан бичгээрээ тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаж тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 05 дугаар сарын 30-нд дуусахаар байсан. Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь Сангийн яаманд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дахин гомдол гаргасан тухай Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/3646 тоот албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Сангийн яаманд дахин гаргасан гомдолдоо 316L материалтай бараа санал болгосон “Г” ХХК-д дахин гэрээ байгуулах эрх олгосон байгаа нь шударга, тэгш өрсөлдөх боломжийг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчилтэй, түүнчлэн тендерийн гэрээ үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээрх нотариатчийн гарын үсгийн тайлал зөрүүтэй байгааг хуурамч гэж үзэж байна гэсэн 2 үндэслэл дурдсан байсан. Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт Механик хэлтсийн оношилгооны инженер И.Ц 316L ган туйвангийн талаар мэргэжлийн металл урагч хүнээс тодруулахад Ст.З ган туйвангаас хатуулаг ихтэй зэврэхгүй бөгөөд илүү чанартай байдаг гэсэн тул энэ талаар гаргасан “Х” ХХК-ийн гомдол үндэслэлгүй, харин нотариатчийн гарын үсгийн тайлал, тамга зөрүүтэй гэсэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул худалдан авах ажиллагааны улсын байцаагчид шалгуулахаар санал ирүүлэх, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагад хандах талаар дурдаж шийдвэрлэсэн. Ингээд уг албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тендерийн хүчинтэй хугацаа түр зогсож, Сангийн яам энэ талаарх албан бичгээ үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын и-мэйл хаягаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сангийн яам “Г” ХХК-ийг тендерт оролцохдоо хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу мэдэгдсэн гэж дурдсан байгаа бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтооно” гэж заасан байдаг. Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай албан бичгийн агуулга нь тендерт шалгарсан компанийг хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзэж байгаа бол холбогдох баримт бичгийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлж уг байдлыг тогтоолгох нь зүйтэй гэсэн агуулга байснаас биш тус компанийг шууд хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрсөн, “Э” ТӨҮГ-ыг хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Г” ХХК нь уг тендерт оролцохдоо үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн болох нь нотариатч Д.Э болон Монголын нотариатчдын танхимын албан бичгээр нотлогдож байна гэж дурдсан байх боловч тендерийн үнэлгээг хийх явцад тухайн нотариатчийн гарын үсгийг тайлалтай нь зөрсөн, тамга нь хуурамч гэж үнэлгээний хорооны гишүүд дүгнэх боломж байхгүй, мөн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар тус компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлсэн тендер ч гэж үнэлээгүй. “Х” ХХК-ийн сүүлд гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянасан албан бичиг нь 2023 оны 06 дугаар сарын 13-нд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын цахим хаягаар ирж 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний хороо дахин хуралдсан. Үнэлгээний хорооноос дахин Сангийн яамны 2023 он 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тендерийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлээд “Ган туйван II” тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусч байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогч нарт мэдэгдэл өгөөд ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах эрх үүсдэг учир уг тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт тус тус зааснаар бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байдаг. Ингээд “Ган туйван II”-ын бүх тендерт оролцогч нарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ- 112-12/3676 тоот албан бичгээр бүх тендерээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тендерийг үнэлэхэд “Г” ХХК-ийн дараа буюу 2-рт үнэлэгдсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “...удаах” хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байгаа учир гэрээ байгуулах эрх олгох ёстой гэж дурдсан байна. Үнэлгээний хороонд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яамнаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 03/4054 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцэх боломж, нөхцөл байгаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.” гэж заасан байдаг бөгөөд “Ган туйван II” тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусч байсан тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасан хугацааг мөрдөх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд үнэлгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас тендерт оролцогчдын тендерийн баримт бичгийг дахин үнэлж, нийлүүлэгчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал тендерийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээснээс хойш тендерийн хүчинтэй байх хугацаа хуульд заасан үндэслэлээр нэг удаа 15 хоногоор, 2 удаа гомдол хянан шийдвэрлэх хугацаагаар сунгагдаж 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байсан. “Х” ХХК-иас Сангийн яаманд сүүлд гаргасан гомдлыг хянаад Сангийн яамнаас гомдол хянасан албан бичгийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын и-мэйлээр хүргүүлснээс 1 хоногийн дараа тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж байсан. Энэ нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичгүүдээс тодорхой харагдаж байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан заалтыг «Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд л гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах баломжтой байхаар заасан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа үндэслэл нь тус заалтын үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байхад энэ заалтыг хэрэглэхийг шаардах хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүхэд маргах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх ёстой. “Э” ТӨҮГ-ын “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтаас ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29.2, 29.4, 30.3-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзсан, үүний үр дүнд дахин тендер зарлагдах нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч өөрийнх нь ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг тодорхойлолгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг зөрчсөн байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн хуулийн хугацааг мөрдөх боломжгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ, 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэсэн хуулийн заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах үндэслэлгүйн улмаас гэрээ байгуулах боломжгүй юм. Хэрэв дээрх хуулийн заалтыг зөрчин гэрээ байгуулсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1, 42.1.2-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ болно. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасныг үндэслэн тус тендер шалгаруулалтад оролцсон бусад компани шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байх тул дахин маргаан үүсэж тендер шалгаруулалтын үйл ажиллагаа удааширснаас үйлдвэрийн газар нь нэн шаардлагатай бараа, ажил үйлчилгээг цаг хугацаанд нь худалдан авч чадахгүй байдалд хүрч, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл учрах боломжтой. Дээр дурдсан хуульд заасан нөхцөл байдал ирээдүйд учрах эрсдэлтэй учраас тендерийн хүчинтэй байх хугацаанд тус тендерт оролцогчтой гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас үнэлгээний хороо бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Гуравдагч этгээд Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус тендерт “Г” ХХК нь хамгийн сайн тендер ирүүлсэн учир шалгарч 6 хоногийн дотор гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Харамсалтай нь нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаж тухайн тендерт бараа, материалаа нийлүүлэх, ажил үйлчилгээ хийх боломжгүй болсон. Тухайн 6 хоногийн дотор Үнэлгээний хороо бичиг баримтыг хуурамч уу, үгүй юу гэдгийг шалгах боломжгүй байсан. Нийт 7 компани оролцож, “Г” ХХК хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгарсан байсан боловч бүх тендерээс татгалзах нөхцөл байдал үүссэн. “Г” ХХК-тай гэрээ байгуулаагүй юм чинь манай компанитай заавал гэрээ байгуулах ёстой гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан байдаг. “Г” ХХК-ийн хувьд тус тендерт гурван зуун гаран саяын үнийн саналаар шалгарсан. “Э” ТӨҮГ нь улс эх орныг авч яваа томоохон аж ахуй нэгж уг тендертэй холбоотой маргаан хийгээд дахин тендер зарлагдахгүй байгаад байх юм бол ховор бараа материал, түүхий эд, ажил үйлчилгээнд шаардлагатай бараа материал тасалдах хэмжээнд хүрэх нь тодорхой байна. 316L , Стс-3 гээд байгаа “Ган туйван” үг үсгийн хувьд хооронд ялгаатай боловч хариуцагчийн хэлж байгаагаар орлуулшгүй эд биш. Мэргэжлийн хүмүүс нь үүнээс чанартай зүйл байдаг талаар хэлсэн байна. Сангийн яам үүнийг хүлээн зөвшөөрч албан бичиг дээр дурдсан байдаг. “Х” ХХК яагаад өөрсдийнхөө компанийг шалгарна гэж үзээд байгаа юм. Уг тендерт 7 аж ахуйн нэгж оролцсон байгаа. Гэтэл тендерийн Үнэлгээний хорооны дарга, гишүүд гээд 7-8 хүн байгаа. Эдгээр хүмүүстэй “Г” ХХК нь ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзээд байгаа юм уу. Хуульч хүмүүс байж хурал дээр ингэж хандаад байгааг ойлгохгүй байна. Яагаад заавал тендерийн Үнэлгээний хорооны гишүүд шийдвэрээ гаргасан байхад Сангийн яаманд гомдол гаргаад үүний дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй бүх тендерээс татгалзсан байхад захиргааны хэргийн шүүхээр манай компани шалгарах ёстой гэдэг байдлаар яваад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

7. Гэрч И.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай механикийн хэлтэст бүх чиглэлийн инженерүүд байдаг. Энэ удаа 316L хятадын марк орж ирсэн болохоор мэдэхгүй хараагүй марк орж ирэх юм бол стандартын дагуу ном, сэтгүүл дээрээс нь харж байгаад тодруулдаг. Ст3 гэдгээс өөр химийн найрлага байна уу гэдгийг харна. Чанарын хувьд Ст3-аас илүү байсан учир 316L сонгосон. Бүх цехийн захиалга хийсэн хангамжийн инженерүүдээс нь ийм металлууд санал болгож ирлээ гэж утсаар асуусан. Үнийн саналаараа хамгийн бага, Ст3-аас илүү чанартай бараа санал болгосон учраас үнэлгээний хороо дэмжсэн” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГазарт “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаар мэдэгдлийг  хүчингүй болгож, “Э” ТӨҮГазрын 202301155 дугаартай “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. “Э” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/43 дугаартай тушаалаар “Ган туйван II” ЭҮТӨҮГ/202301155 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг Үнэлгээний хороо нь “Ган туйван II” ЭҮТӨҮГ/202301155 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар “Э” ТӨҮГ-ыг татан оролцуулсан болно. /Хавтаст хэргийн 78-93 дахь тал/

4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.1. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийг боловсруулан гаргах асуудлыг хэлэлцэж, 01 дугаартай тэмдэглэлээр тендерийн баримт бичгийг баталж, уг тендерийн баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Г” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас тендерт шалгарсан “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендерт оролцогч компаниудад тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.  /Хавтаст хэргийн 44-77, 94-127 дахь тал/

4.2. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байх ба Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/2829 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ээр шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, тендерт дахин үнэлгээ хийж, “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлгээний дүгнэлтийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 10-11 дэх тал, 134-138 дахь тал/

4.3. Тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендер оролцогчид болон “Х” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байна. /Хавтаст хэргийн 138-145 дахь тал/

4.4. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерт шалгараагүй болохыг мэдэгджээ. /Хавтаст хэргийн 144 дэх тал/

4.5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК нь ““Г” ХХК нь тендерийн баримт бичигт зааснаас өөр төрлийн буюу 316L гэсэн ган туйван нийлүүлэхээр санал болгосон, мөн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээрх нотариатч Д.Э-ын гарын үсэг, тайлал зөрүүтэй, уг баримтыг хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр гомдлоо гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариуг хүргүүлсэн. /Хавтаст хэргийн 14-15 дахь тал/

4.6. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга И.Б-ын цахим шуудангаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг “Гомдол хянасан тухай” шийдвэрийг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлах тухай 05 дугаартай дүгнэлтийг гаргаж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 151-153 дахь тал/

4.7. Дээрх Үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзах, дахин тендер зарлах тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 154-155 дахь тал/

4.8. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДҮ-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзах, дахин тендер зарлах тухай мэдэгдлийг эс зөвшөөрч “Х” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд дахин гомдол гаргасан боловч “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан үйл баримтууд тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 20 дахь тал/

4.9. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ТӨҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь  уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа нь үргэлжилсэн шинжтэй, маргааны зүйл нь нэг байх бөгөөд уг тендер сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд анх шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.

4.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заажээ.

4.12. Тендерийн Үнэлгээний хороо “Х” ХХК, “Г” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэсэн байх ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар “Г” ХХК нь 300,352,500 төгрөг, “Х” ХХК нь 302,167,420 төгрөгийн үнийн санал ирүүлснээс “Г” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлж, тендерт шалгаруулсан.

4.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар “Х” ХХК-д үнийн саналаар тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.14. Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ““Г” ХХК нь тендерийн баримт бичигт зааснаас өөр төрлийн буюу 316L гэсэн ган туйван нийлүүлэхээр санал болгосон, мөн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээрх нотариатч Д.Э-ын гарын үсэг, тайлал зөрүүтэй, уг баримтыг хуурамчаар үйлдсэн” гэж маргасан.

4.15. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан тендерт оролцогчдын ерөнхий нөхцөлийг магадлахад мөн хуулийн 14.1.6-д Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг тогтоосон баримт байгаагүй учир тендерт оролцогч “Г” ХХК нь ерөнхий нөхцөлийг хангасан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4.16. Харин нотариатч Д.Э-ын тайлбар, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтаас дүгнэхэд “Г” ХХК нь тус нотариатчаар үйлчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа боловч энэ маргаан нь Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр гарсанаас хойш үүссэн, захиалагч тендерийн хүчинтэй хугацаанд багтаан тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүсч бүх тендерээс татгалзсан шийдвэр гаргасан тул энэ үндэслэлээр захиргааны акт хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн 168-171 дэх тал/

4.17. Нэхэмжлэгчээс “тендерт оролцогч “Г” ХХК нь тендерийн баримт бичигт Ст3 гэсэн төрлийн ган туйван нийлүүлэхээр заасан байхад 316L гэсэн өөр төрлийн ган туйван нийлүүлэхээр санал болгосон, 316L ган туйван нь химийн шинж чанар, хатуулгаараа Ст3-аас өөр” гэж маргасан бөгөөд “Х” ХХК, “Г” ХХК-иуд нь аль аль нь техникийн тодорхойлолтод заасан Ст3 гэсэн ган туйван нийлүүлэхээр санал болгоогүй, “Г” ХХК нь Хятад улсын 316L төрлийн ган туйван, “Х” ХХК нь Хятад улсын К235Н төрлийн ган туйван нийлүүлэхээр санал болгосон болох нь тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл, техникийн үзүүлэлтээр тус тус тогтоогдсон. /Хавтаст хэрэгт авагдсан цахим баримт болох CD-ийн “Г” ХХК гэсэн хуудасны 23-24 дэх тал, “Х” ХХК гэсэн хуудасны 9-10 дахь тал/

4.18. Үүнээс дүгнэхэд тендерийн Үнэлгээний хороо тус компаниудын ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзаагүй нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүний үзүүлэлтийг аль аль нь хангасан гэж үзэж тендерт үнэлгээ хийсэн гэж дүгнэхээр байгаа бөгөөд “Г” ХХК-ийн 316L ган туйван нь техникийн тодорхойлолтод заасан Cт3 гэсэн төрлөөс чанарын хувьд сайн гэж үзэж шийдвэрлэсэн болох нь Үнэлгээний хорооны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

4.19. Гэхдээ энэхүү “Г” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийн дагуу тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй, гэрээ байгуулагдаагүй, захиалагчийн бүх тендерээс татгалзсан шийдвэр гарсан тул “Э” ТӨҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна.

4.20. Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн тул захиалагч бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлах шийдвэрийг гаргаж, “Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.

            4.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэж зааснаар тендерт оролцогч нар тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоног гэж заасан байх бөгөөд анх тендер нээснээс хойш тендерийн хүчинтэй хугацааг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж зааснаар Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/2829 дугаартай албан бичгээр нэг удаа 15 хоногоор сунгажээ.  

            4.22. Тендерийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан ажиллагааг хийсэн боловч тендерт оролцогчдын гомдол, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд хуульд зааснаар нэг удаа 15 хоногоор сунгасан тул дахин сунгах боломжгүй нөхцөл үүссэн нь нотлогдож байна.

            4.23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж зааснаар тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4054 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цахимаар хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуралдахад  тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахад “6-аас доошгүй хоногийн дараа” гэсэн хугацаанд багтахааргүй нөхцөл үүссэн байна.

            4.24. Иймд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол гэсэн нөхцөл үүсээгүй ч тендерийн хүчинтэй хугацаанд захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулах боломжгүй болсон тул бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:...” гэж зааснаар дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            4.25. Иймд ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн ““Э” ТӨҮГазрын 202301155 дугаартай “Ган туйван II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

            4.26. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерт үнэлгээ хийхээр зохицуулсан байх тул тендерийг хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

4.27. Захиалагч нэгэнт бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Х” ХХК болон “Г” ХХК-иуд дахин тендерт оролцох боломжтой юм.

            4.28. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийн 177 дугаар хуудаст авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь болох “Х” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4, 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтуудыг баримтлан “Х” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДY-112-12/3676 дугаартай бүх тендерээс татгалзсан мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/2750 дугаар мэдэгдлүүдийг  хүчингүй болгуулж, “Э” ТӨҮГазрын 202301155 дугаартай “Ган туйван 2” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ