Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02052

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/02052 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 537 080 157 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Ажлын хөлс 60 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч О.

гэрч Б.У,

нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ********** ХХК нь хариуцагч*******д холбогдуулан ажлын хөлсөнд шилжүүлсэн 30 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 507 080 157 төгрөг, нийт 537 080 157 төгрөг гаргуулахаар шаардсаныг,

Хариуцагч Ажлын хөлс 60 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

1.а Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** ХХК нь иргэн*******тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №********** тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр ********** ХХК-ийн 1880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааны удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ********** ХХК-д 5 жилийн төлөвлөгөө, жилийн орлого, зарлагын мэдээлэл агуулсан баримт бичиг болох Технологийн картыг хийж өгч, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ********** ХХК-ийн данснаас*******ын Хаан банкны данс руу, ажлын явцад 5 000 000 төгрөгийг Захирал******* Хаан банкны данснаас*******ын хүсэлтээр******* Хаан банкны данс руу тус тус шилжүүлсэн. Компанийн зүгээс үйл ажиллагаандаа зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 289 150 000 төгрөг, 120 000 000 төгрөг, 169 150 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнүүдийг байгуулан улаан буудай авч, Хаан банкнаас 750 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл авч, шаардлагатай зардлыг цаг тухайд нь гаргаж ажилласан. Зөвлөх******* нь урьдчилгаа төлбөрт нийт 30 000 000 төгрөгийг авснаас хойш газар тариалангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа больсон ба үйл ажиллагаанд биечлэн оролцож зохион байгуулаагүй, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулаагүй, түлш шатахуун болон өмч хөрөнгийн ашиглалтад анхаарал хандуулаагүй, газар тариалангийн технологи ажил бүрийг орхигдуулсан, хяналт тавиагүй, зааварчилгаа өгөх үндсэн үүргээ зөрчсөн. Технологийн картын төлөвлөгөөнд тусгаснаар Рапс га талбайд 10 центер тооцож 1.149 тн хураан авахаар төлөвлөсөн мөн Улаан буудай 732 га талбайд 20 центр тооцож 1.464 тн хураан авахаар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөөний дагуу ажилласан бол байгууллага нь нийт 1 649 880 000 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Гэвч төлөвлөсөн борлуулалтын үр дүнд хүрээгүй буюу хураан авсан******* 0%-тай, Улаан буудай центрт 0.01% ургасан байна. Энэхүү ажлын үр дүн усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу ажил гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид учруулсан хохирол гэж үзэж байгаа болно. Энэ бүх тооцооллын дүнд тус компани нь санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлангаар 944 843 648 төгрөгийн зардалтай, борлуулалтын орлого тооцсон дүнгээр 507 080 157 төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэхүү 507 080 157 төгрөгийн алдагдал дээр гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөр болох 30 000 000 төгрөгийг нэмэгдүүлэн нийт дүнгээр 537 080 157 төгрөгийг гаргуулан хохирол төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч*******ын төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь анх 2022 оны 01 дүгээр сард аймгийн суманд усалгаатай газар тариалангийн 1800 га орчим талбайг худалдан авахаар сонирхож байгаагаа ******д хэлж, уг талбай дээр тариалалт хийхэд зөвлөгөө өгөх, мөн газар дээр нь хамт очиж харж өгөхийг ******** хүссэн байдаг. Уг хүсэлтийн дагуу******* нь аймгийн суманд тус компанийн захирал********** хамт очиж, тухайн талбайг биечлэн үзэж, зөвлөгөө өгч, цаашид гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой талаараа хэлсэн байдаг. Ийнхүү*******аас Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийг 2022 оны 02 дугаар сард ********** ХХК-руу явуулсан бөгөөд ********** ХХК-иас гэрээнд саналаа оруулж, гэрээт ажлын нийт төлбөрийг 60,000,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцож, гэрээний төсөлд тусгасан байсан.*******аас гэрээгээ бичгээр байгуулж баталгаажуулах талаар удаа дараа хэлж байсан ч ********** ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гэрээг сүүлд байгуулчихад болноо, ажлаа явуулж байя гэж хэлсээр гэрээг бичгээр баталгаажуулж байгуулаагүй. Хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй боловч******* нь ********** ХХК-ийг Зөвлөх үйлчилгээний гэрээгээ албан ёсоор бичгээр байгуулна, тохирсон хөлс төлбөрөө төлнө гэж итгэсний үндсэн дээр тус компанийн захирал Г. *********Хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл авах гэсэн юм банкинд өгөх тариалалтын төлөвлөгөө, тооцооллыг гарган өгч туслаач гэж гуйсны дагуу зээл авахад нь шаардагдах төлөвлөгөө тооцооллыг гаргаж, мөн 2022 оноос 2026 он хүртэлх буюу 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган явуулж, аймгийн суманд байрлах тариалангийн газар дээр нь 6 удаа биечлэн очиж зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан. Газар тариалангийн технологийн карт гэдэг бол олон талын судалгаа, агрономийн шинжлэх ухааны мэргэжлийн мэдлэг, туршлага, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдан боловсруулагддаг тухайн талбайд нь тохируулан гаргасан тариалалттай төлөвлөгөө юм. Уг тариалалтын төлөвлөгөөг дагаж мөрдөхөд шаардагдах хамгийн чухал баримт бичиг буюу технологийн картыг******* нь ярилдаж тохиролцсоныхоо дагуу гарган өгч, төлөвлөгөөний дагуу тариалалт явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн мэдээлэл, холбогдох зөвлөгөөг ********** ХХК-д тухай бүр нь бүрэн өгч ажилласан. Гэтэл ********** ХХК нь*******аар тариалалтынхаа хамгийн чухал төлөвлөгөө буюу технологийн карт схем гаргуулж, банкнаас зээл авахдаа зээлийн тооцоолол хийлгүүлж, зээлээ авч, олон удаа уулзаж болон утсаар зөвлөгөө мэдээллийг хангалттай авчихаад ажлын хөлс төлбөрөө огт төлөөгүй. Мөн ********** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч*******тай зөвлөх үйлчилгээний гэрээг бичгээр байгуулсан, 30 000 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн гэж бодит байдалд нийцээгүй худал хэлж, мөнгө нэхэмжилсэн. ********** ХХК-ийн зүгээс хариуцагч*******д гэрээний урьдчилгаанд 30 000 000 төгрөг огт шилжүүлж байгаагүй бөгөөд 25 000 000 төгрөгийг байршил тодорхойлох төхөөрөмж захиалах зорилгоор шилжүүлж байсныг зөвшөөрнө. Тус компанид******* нь өөрийн хэрэглэж байсан байршил тодорхойлох төхөөрөмжийг өгсөн, шинээр захиалсан төхөөрөмжийг бол өгөөгүй гэдэг. Харин технологийн картын төлөвлөгөөний дагуу ажиллаагүйгээс, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу ажил гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид учруулсан хохирол 507 080 157 төгрөгийг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь аймгийн суманд тус компанийн захирал******* хүсэлтийн дагуу тухайн газарт хамт очиж, тухайн талбайг биечлэн үзэж, зөвлөгөө өгч, цаашид гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой талаараа хэлсэн байдаг. Ийнхүү*******аас Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийг 2022 оны 02 дугаар сард ********** ХХК-руу явуулсан бөгөөд ********** ХХК-иас гэрээнд саналаа оруулж, гэрээт ажлын нийт төлбөрийг 60,000,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцож, гэрээний төсөлд тусгасан байсан.*******аас гэрээгээ бичгээр байгуулж баталгаажуулах талаар удаа дараа хэлж байсан ч ********** ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гэрээг сүүлд байгуулчихад болноо, ажлаа явуулж байя гэж хэлсээр гэрээг бичгээр баталгаажуулж байгуулаагүй. Хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй боловч******* нь ********** ХХК-ийг Зөвлөх үйлчилгээний гэрээгээ албан ёсоор бичгээр байгуулна, тохирсон хөлс төлбөрөө төлнө гэж итгэсний үндсэн дээр тус компанийн захирал Г. Чимэд-Очирыг Хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл авах гэсэн юм банкинд өгөх тариалалтын төлөвлөгөө, тооцооллыг гарган өгч туслаач гэж гуйсны дагуу зээл авахад нь шаардагдах төлөвлөгөө тооцооллыг гаргаж, мөн 2022 оноос 2026 он хүртэлх буюу 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган явуулж, аймгийн суманд байрлах тариалангийн газар дээр нь 6 удаа биечлэн очиж зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан. Харин нэхэмжлэгч компанийн захирал нь газар тариаландаа ашиглах, трактортаа суурилуулах ОР8 буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг захиалаад өгөөчээ гэж*******аас гуйж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ********** ХХК-ийн Хаан банкны тоот данснаас*******ын Хаан банкнытоот данс руу ОРЗ-ны төлбөр 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.******* нь уг 25,000,000 сая төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны тоот дансруу шилжүүлж, ОР8 буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг захиалуулсан байх бөгөөд нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн гадаад шилжүүлгийг хийсэн байдаг. Уг баримтыг мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. СР8 гэх төхөөрөмж нь газар тариалангийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд үр цацах, хор цацах, газар хагалах, ургац хураах гэх зэрэг тариалалтын хугацаанд тогтмол ашиглагдах, нэг цацсан газраа дахиж хор цацахгүй, нэг хагалсан газраа дахиж хагалахгүй байх чиглэл байршлыг тодорхойлж өгдөг төхөөрөмж тул хариуцагч нь ********** ХХК-ийг СРЗ төхөөрөмжгүй байхад нь захирлынх нь гуйлтаар СР8 төхөөрөмжийг нь Хятад улсаас захиалж өгч, мөн өөрийн СР8 төхөөрөмжөө тус компанид үнэ төлбөргүй хэрэглүүлж тусалсан бөгөөд одоо ч*******ын СР8 төхөөрөмжийг тус компани ашиглаж байгаа. Иймд ********** ХХК-иас Зөвлөх үйлчилгээ үзүүлж, технологийн карт гаргаж өгсөн ажлын төлбөр 60 000 000 төгрөгийг гаргуулж,*******д олгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.*******тай байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг авахаар гэрээ байгуулж, тохиролцсон зүйл байгаагүй. 2022 оны 05 сарын 23-ны өдөр 25 000 000 төгрөгийг ажлын хөлс гэж түүний Хаан банкны дансруу шилжүүлсэн. Түүнээс төхөөрөмж авахаар нэг ч төгрөг шилжүүлээгүй, энэ талаар баримт байхгүй.******* өөрийн төхөөрөмжөө ашиглуулж байгаа гэж байна. тэр нь ажилдаггүй хуучин төхөөрөмж байдаг. Энэ хүн ажил хийх гэж очихоороо архи уудаг, ихэвчлэн согтуу байж байгаад явдаг, бид энэ талаар гэрээндээ ч тусгасан байгаа. Энэ хүн компанид хохирол учруулчхаад үндэслэлгүй төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2022.02.23-ны өдрийн ********** дугаар гэрээ, 2022.05.18-ны өдрийн ********** дугаар зээлийн гэрээ, Улаанбуудайн үр худалдах, худалдан авах 2022.04.11-ний өдрийн **********, 02 дугаар гэрээнүүд, бүтээгдэхүүн нийлүүлэх 2022.05.27-ны өдрийн дугаар гэрээ, ургамал хамгаалах бодис, бордоо худалдах худалдан авах 2022.03.16-ны өдрийн дугаар гэрээ, 2022.04.25-ны өдрийн дугаар гэрээ, тооцоо нийлсэн акт, ********** ХХК-иас улаан буудай хүлээн авсан тухай жагсаалт, и-мэйл хаягаар харьцсан зураг, ********** ХХК-ийн орлого, зардал, нэгтгэл тайлан, ********** ХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлан, татвар ноогдуулалтын тооцоолол, ********** ХХК-ийн дансны хуулга, вайбэраар харьцаж байсан зураг, ургац хураалтын төлөвлөгөө болон гүйлгээний тайлан, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, ургацын 5 жилийн төлөвлөгөө, 2022.02.21-ний өдрийн Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, эрчимжсэн усалгаатай газар тариалан, мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, ********** ХХК-ийн 5 жилийн төлөвлөгөө, ********** ХХК-ийн 2022.04.15-ны өдрийн 4 дугаар ажилд авах тухай тушаал зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 6-32, 55-98, 105-114, 158-171, 188-204/

6. Хариуцагчаас*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гадаад шилжүүлгийн баримт, итгэмжлэл зэргийг ирүүлсэн /1-хх-ийн 248-250, 2-хх-ийн 1, 38/

7. Шүүх талуудын хүсэлтээр,, нараас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, хариуцагчин хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023.07.21-ний өдрийн дугаар шинжээчийн дүгнэлт, ************ хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Хүнс хөдөө аж ахуйн газрын 2024.04.15-ны өдрийн дугаар албан бичиг, ********** ХХК-ийн 2022-2023 оны ургац хураалтын мэдээ, ХХК, ********** ХХК-ийн тооцоо үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт, зарлагын баримтууд, 2022.04.25-ны өдрийн дугаар Ургамал хамгаалах бодис, бордоо худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Гаалийн Ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2022.06.10-ны өдрийн дугаар сорилтын дүн, Гаалийн Ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2022.06.10-ны өдрийн дугаар магадлан шинжилгээний дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022.03.07-ны өдрийн дугаар албан бичиг, ургамал хамгааллын бодис импортлох зөвшөөрөл, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 136-147, 118-121, 172-174, 2-хх-ийн 36-37, 40-65/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №********** тоот гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс компанинд их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг, хохиролд 507 080 157 төгрөгийг гаргуулна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №********** тоот гэрээнд гарын үсэг зураагүй. Гэвч тухайн компанинд зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр тохиролцож, тухайн газарт нийт 6 удаа очиж, ажилласан. 2022 оноос 2026 он хүртэлх буюу 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган явуулсан. Харин ажлын хөлсийг төлөөгүй хэрнээ, гэрээнээс учирсан хохирол шаардсныг зөвшөөрөхгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч -******** нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.а ********** ХХК нь иргэн*******тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №********** тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр ********** ХХК-ийн 1880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааны удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 2022 оны Газар тариалангийн үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гаргаж батлуулахаар тохиролцсон гэрээг хэрэгт ирүүлсэн байх ба ажлын хөлсийг 60 000 000 төгрөг байхаар, гэрээний хугацааг 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл байхаар тохиржээ.

Гэрээ байгуулснаар урьдчилгаа 25 000 000 төгрөгийг*******ын Хаан банкнытоот дансанд шилжүүлж, сарын бүрийн 30-ны өдөр төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлээр 2 000 000 төгрөгийг, гэрээт ажлын хугацаа дуусахаар гэрээг хамтран дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. /хариуцагч хх-ийн 9-10/

4.б Хариуцагч******* нь ********** ХХК-ийн хүсэлтээр тус компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж, 5 жилийн төлөвлөгөө бүхий технологийн картыг боловсруулан өгч, тухайн газарт нийт 6 удаа очиж ажилласан, мөн тухайн гэрээний загварыг боловсруулж хүргүүлсэн гэх асуудлаар болон өөрийн дансаар 25 000 000 төгрөгийг авсан асуудлаар маргаангүй байна.

4.в Харин 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ №********** тоот гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж маргажээ.

5. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбарласныг, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

5.а Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж заажээ.

5.б Дээрх хуулийн заалтаас үзэхэд хийх ажил нь тодорхой байх, ажлын хөлс тохирсон байх шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, 360.2-т зааснаар шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.

6. Талууд хооронд байгуулсанд гэрээгээр гэрээний зүйлийг ********** ХХК-ийн 1880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааны удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 2022-2026 оны Газар тариалангийн үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гаргаж батлуулах-аар тохиролцжээ.

6.а Хариуцагч******* нь дээрх гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байх боловч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон, түүнчлэн гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж шүүх дүгнэв.

 

6.б Тодруулбал, хариуцагч******* нь тухайн компанид зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр тохиролцож, тухайн газарт нийт 6 удаа очсон, 2022 оноос 2026 он хүртэлх буюу 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Харин нэхэмжлэгч ********** ХХК гэрээний хохирол шаардсан үндэслэлээ хариуцагч*******ыг газар тариалангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа больсон ба үйл ажиллагаанд биечлэн оролцож зохион байгуулаагүй, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулаагүй, түлш шатахуун болон өмч хөрөнгийн ашиглалтад анхаарал хандуулаагүй, газар тариалангийн технологи ажил бүрийг орхигдуулсан, хяналт тавиагүй, зааварчилгаа өгөх үндсэн үүргээ зөрчсөн, технологийн картын төлөвлөгөөний дагуу ажиллаагүйгээс, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу ажил гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид хохирол учруулсан. гэж тайлбар гаргаж, банкны зээлийн гэрээ, компанийн санхүүгийн тайлан, улаан буудайн үр худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

7.б Хэргийн баримтаас, гэрч нарын мэдүүлэг зэргээс хариуцагч******* нь гэрээнд заасан ямар үүргийг хэрэгжүүлээгүйгээс, түүний ямар буруутай үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан талаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн дээрх баримтууд нь нэхэмжлэлийн хохирол шаардсан үндэслэлд хамаарал бүхий баримтууд биш байх ба үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

 

7.в Нэхэмжлэгч нь гэрээний 1.6.3-т ********** ХХК-ийн газар тариалангийн талбай дээр ажиллах байнгын агрономичийг бүрдүүлж, компанийн үндсэн ажилтнаар 1 жилийн хугацаанд ажиллуулна гэж тохирсон байх ба агрономичоор********авч ажиллуулсан бөгөөд энэ нь хариуцагч*******ын өөрийн хүн гэж тайлбар гаргасныг хариуцагч маргаагүй.

 

7.г Гэрч ********* тухайн талбайд өөрийн биеэр ажиллаж байсан талаар тайлбарлаж, тариалалтын зааварчилгааг*******аас авч ажиллаж байсан гэдгийг мэдүүлсэн хэдий ч газар тариалангийн ажилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд энэ нь дан ганц зөвлөгөө заавраар хийгддэг ажил биш гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь газар хавах, үр суулгах, хор бордоо цацах, түүнчлэн газар тариалангийн ажилд******* нь гар бие оролцоогүй, эдгээр ажлыг биечлэн зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан гэрээний 5.1, 5.1.7-д энэ талаар дурдаагүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

8.а Хариуцагч******* нэхэмжлэгч ********** ХХК-д холбогдуулан Зөвлөх үйлчилгээ үзүүлж, технологийн карт гаргаж өгсөн ажлын төлбөр 60 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, нэхэмжлэгч тал ...ажлын хөлсөнд нийт 30 000 000 төгрөг өгсөн. Энэ хүн компанид хохирол учруулчхаад үндэслэлгүй төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

8.б Нэхэмжлэгч ********** ХХК нь 2022.05.23-ны өдөр хариуцагч*******ын Хаан банкны дансанд 25 000 000 төгрөгийг гэрээний дагуу төлбөр утгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч тал уг мөнгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласныг, хариуцагч нь ********** ХХК нь ...ОР8 буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг захиалж авахуулахаар шилжүүлсэн төлбөр гэж маргасан.

 

9. Хэргийн баримт, гэрч *********** мэдүүлэг зэргээс хариуцагч******* нь ********** ХХК-ийн шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг 2022.05.24-ний өдөр өөрийн эхнэр******* Хаан банкны дансанд шилжүүлж, улмаар нь 2022.05.25-ны өдөр Гадаад шилжүүлгийн даалгавраар 48 100 юанийг автомат жолоодлогын төхөөрөмж гэсэн утгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1/

 

9.а Хариуцагч******* нь захиалан авсан төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгөөгүй талаар тайлбарлаж, өгөөгүй шалтгаанаа хуучин төхөөрөмжийг одоог хүртэл ашиглуулж байгаа бөгөөд төхөөрөмжийг авья гэж холбогдоогүй гэжээ.

 

9.б Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ********** ХХК нь 25 000 000 төгрөгийг хариуцагч*******д автомат жолоодлогын төхөөрөмж захиалан авахаар шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба дээрх төлбөрийг гэрээний төлбөрт шилжүүлсэн гэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Харин хариуцагч******* нь гэрээний төлбөрт 60 000 000 төгрөгийг шаардсан шаардлага үндэслэл нь тодорхойгүй байх ба талуудын байгуулсан гэрээний 3.3.4-т Гэрээт хугацаа дуусахад энэхүү гэрээг хамтран дүгнэж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон байна.

 

9.в Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч*******д Зөвлөх үйлчилгээ үзүүлж, технологийн карт гаргаж өгсөн ажлын төлбөрт 60 000 000 төгрөгийг өгөхөөр тохирсон гэж хариуцагч тайлбарлаж байх боловч гэрээний хугацаанд уг ажлыг талууд хэрхэн дүгнэсэн, ажлыг хэрхэн хүлээлгэн өгсөн талаараа баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

10 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********** ХХК-ийн хариуцагч*******д холбогдох ажлын хөлс болон хохиролд 537 080 157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч*******ын нэхэмжлэгч ********** ХХК-аас ажлын хөлс 60 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 001 305 төгрөгийг, хариуцагч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ