Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/183

 

 

 

 

 

  2022         02            17                                             2022/ДШМ/183    

 

В.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1198 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.Б-д холбогдох эрүүгийн 2008025421196 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 сар 16 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч В.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****тоотод байрлах иргэн М.П-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай 2 давхар байшингийн вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Toshiba” загварын зурагт 1 ширхэг, шаазан хөөрөг 1 ширхэг, эсгий бүрээстэй төмөр цан, бор өнгийн даалин, эрэгтэй хүний 39 размерын хром, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал, жижиг сийлбэртэй шатар эрэгтэй хүний саарал өнгийн бүрх малгай, эмэгтэй хүний ногоон өнгийн бүрх малгай, бор өнгийн эрх, эмэгтэй хүний сувдан зүүлт, мөнгөн гинж, кулон, үсний сэнс, эрэгтэй хүний саарал өнгийн куртик, цэнхэр өнгийн малгайтай цамц зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч В.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр шүүх хуралд оролцохоор очиход өмгөөлөгч Ч.Даваасүрэн миний шүүх хуралд оролцох боломжгүй, хөдөө орон нутагт ажлаар явсан байсан. Энэ тухай шүүхийн туслах эмэгтэйд хэлэхэд “та тэртээ тэргүй өршөөлд хэрэг чинь орно, тийм болохоор өмгөөлөгчгүй орчих, чадна” гээд тодорхойлолтон дээр бичиг үсэг мэднэ гарын үсэг зуруулсан. Шүүх хурал болоход улсын яллагч Б.Энэрэл хэт нэг талыг баримтлан миний эрх зүйн байдлыг маш дордуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасныг ноцтойгоор зөрчсөн. Миний мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирол гомдолгүй, гэм буруу дээр маргаагүй болон ар гэр, хувийн байдал зэргүүдийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд өндөр настай эмэг эх, эх болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ялыг бууруулж өгнө үү. Би ээж хоёр дүүгийн хамт амьдардаг ба ээж минь тэтгэвэрт гарсан, харж хандах хүн байхгүй, дүү нар минь сургуульд сурдаг. Надаас өөр ажил хийх хүн байхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед уг гэмт хэргийг үйлдсэндээ гэм буруугаа хүлээж, хорих 437 дугаар ангид хоригдож байгаад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан. Тэр үеэс ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хувиараа ажил төрөл хийж байсан. 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үйлдсэн бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг дадь Сум дундын шүүхээр орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдтэй нэмж нэгтгэн шийтгүүлэх байсан боловч өөрийн хариуцлагагүй алдаанаас болж нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлж чадаагүй тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч В.Б-ы өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Б- нь бага боловсролтой хэдий ч уншиж бичиж чадна, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно гэдгээ илэрхийлэн хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. Урьд нь өмчлөх эрхийн эсрэг хөнгөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдөж байсантайгаа адилтгаж ойлгосон нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас энэ гэмт хэрэгтээ өмнөх шигээ л өршөөлд хамрагдаад эсхүл баривчлагдах, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна гэж буруу ойлголттой шүүх хуралдаанд оролцсон. Мөн улсын яллагч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялыг өршөөн хэлтрүүлсэн байхад урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна.

Тэрээр бага боловсролтой, хэргийн нөхцөл байдлыг ухамсарлаж ойлгоогүйн улмаас шүүхийн хэлэлцүүлэгт Өршөөлд хамруулж өгнө үү гэсэн санал хүсэлт гаргасан байдаг.  Шүүх В.Б-ыг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдсан.

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж В.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялаас тодорхой хэсгийг хасаж, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр В.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57-14 тоотод байрлах иргэн М.П-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай 2 давхар байшингийн вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч В.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ял шийтгэжээ.

 

Шүүгдэгч В.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар суллагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 3б/1582 дугаартай албан тоот /хх 120/  хэрэгт авагдсан байх ба тэрээр хэдий хугацааны ялаас тэнссэн суллагдсан нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал байгаа эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч В.Б-д хорих ял оногдуулсан шийдвэрээ “шүүгчийн захирамж” хэлбэртэйгээр гаргасан нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1198 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч В.Б-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч В.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН