Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 73

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батхүүд холбогдох эрүүгийн 1704000380009 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Г.Анхбаяр

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                 Т.Батмонгол

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                 Б.Батхүү нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр Т.Гандолгор, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хиад Боржигин овгийн Бямбаагийн Батхүү /РД:НД82081271/

     Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Батхүү нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр 18-67 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчлийн дагуу дуудлагаар очсон тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Батмонголыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэж эсэргүүцэж түүний өмсөж явсан цагдаа хувцасны мөрдөсийг тасалсан мөн гэрэлтүүлэгч хантаазыг урж хэл амаар доромжилж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр наадмаар найзын морь түрүүлж, үүнийг тэмдэглэж өөрийн эзэмшлийн 18-67 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд Ирвэсийн зогсоол дээрээс машинаа асаагаад хөдлөх гэтэл урд зогсож байсан жолооч машиныхаа хаалгыг онгойлгочихсон байж байхаар нь “хаалгаа хаагаач” гэж хэлэхэд тэр жолооч “чи өөрөө халамцуу байж машинаа хөдөлгөлөө” гэснээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд эргүүлийн хоёр цагдаа ирж, удалгүй араас нь замын цагдаа Батмонгол ирсэн. Тэгээд цагдаагийн алаг тэргэнд суугаад эрүүлжүүлэх байранд очсон. Намайг камер луу оруулна гэхээр нь орохгүй гэж хэлээд маргаан үүссэн. Би урд нь замын цагдаа болон эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан учраас камер луу ормооргүй байсан. Би Батмонголын мөрдөсийг санаатай ураагүй, ноцолдож байхад л унасан байх. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Батмонголын ярьж байгааг үнэн гэж бодож байна. Ийм зүйл болсонд уучлалт хүсч байна” гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Т.Батмонголын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байгаад Галуут-10 станцаас ирсэн дуудлагын дагуу “Ирвэсийн зогсоол” дээр очиход Батхүү нь 70-14 БРА машиныг шүргэсэн байдалтай байсан. Батхүү нь 70-14 машины жолоочийг ална, шудна гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тиймээс Батхүүг алаг тэргэнд суулгаад эрүүлжүүлэх байр луу авч явсан. Батхүү нь эрүүлжүүлэх байр луу орсон хойноо намайг “би чамайг мэднэ, мангар бацаан минь, чамайг харна аа” гэж хэлсэн. Мөн түүний согтуурлын зэргийг шалгах гэхээр драгер үлээхгүй гарч явах гээд байхаар нь тэнд байсан эргүүлийн хоёр цагдаа түүнийг буцааж авчрахад над руу гүйж ирээд миний хоёр мөрдөснөөс татаж, гэрэлтүүлэгч хантаазыг урсан. Надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, мөрдөс болон хантаазаа өөрөө оёсон...” гэсэн мэдүүлэг

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жигэстэйн мэдүүлсэн:“...Замын цагдаагийн зохицуулагч Т.Батмонгол, Батхүүтэй хамт саатуулах байр луу орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж маргасан байдалтай орж ирсэн. Б.Батхүү намайг явуулчихаач би эрүүлжүүлэхэд орох юм уу? би эхнэрээ дуудаад явчихъя гэхэд дэслэгч Т.Батмонгол Батхүүд драгер багаж үлээлгэх гэхэд Батхүү үлээхгүй гээд хоорондоо маргаад Батхүү нь би ийшээ орох хүн биш, ах нь ийшээ ормооргүй байна гээд байсан. Би Батхүүгийн биед үзлэг хийчихээд эмчийнхээ өрөө рүү орсон. Тэгэхэд Батхүү, Батмонгол  нар хоорондоо маргаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мандахнарангийн мэдүүлсэн:”...Уг мэдээлэлд холбогдох шалгалтыг хийж Б.Батхүүд “Зөрчлийн тухай” хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Арцбулагийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед эргүүлийн үүрэг гүйцэтгээд Ирвэсийн зогсоол дээр явж байхад зүс таних Батхүү гэх залуу хар өнгийн “Соната-7” маркийн 18-67 БРА дугаартай машин жолоодож яваад зогсоол дээр зогсож байсан “Аванте ХD3”  маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганаас зөөлөн мөргөөд зогссон. Батхүү нь цагаан өнгийн машины жолооч болох настай хүнтэй хэрэлдэж маргаад байсан. ...Тэгээд саатуулах байрны камер луу оруулах “би энд чинь орох хүн биш чи муу бацаан” гээд дэслэгч Батмонголын дүрэмт хувцасны мөрдөсийг тасдсан. Мөн гэрэлтүүлэгч хантаазны зүүн талын наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан байсан. Драгер үлээлгэхэд үлээхгүй татгалзаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

Мөрдөн байцаалтад гэрч А.Очирвааны мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед эргүүлийн үүрэг гүйцэтгэх гээд “Ирвэс” хүнсний дэлгүүрийн дэргэд дэд ахлагч Арцбулагийн хамт явж байхад зүс таних буюу урд нь цагдаагийн хэлтэст ажиллаж байсан Батхүү гэх залуу хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зогсоол дээр зогсож байсан цагаан өнгийн “Аванте ХD” тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганаас мөргөсөн бололтой зогссон байсан. Батхүү нь цагаан өнгийн “Аванте ХD” тээврийн хэрэгслийн жолооч настай эрэгтэй хүнтэй хэрэлдээд байсан. Би цагдаагийн хэлтэс рүү согтуу жолооч зам тээврийн осол гаргасан гэж дуудлага өгсний дагуу замын цагдаагийн ахлах дэслэгч Батмонгол ганцаараа ирээд Батхүүг албаны машинд суу гэсэн шаардлага тавихад Батхүү “чи муу намайг шалгах болоогүй, намайг авч явдаг хэн бэ? гээд шаардлагыг эсэргүүцээд байсан. “...Дэслэгч Батмонгол Батхүүг камер луу оруулах гэхэд “би энд чинь ордог хүн биш, чи муу бацаан” гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж Батмонголын дүрэмт хувцасны мөрдөсийг гараараа тасдсан, гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан. Батхүүгийн согтуурлын зэргийг шалгах гэхэд Батхүү нь драгер багаж үлээхгүй, татгалзаад байсан. Тухайн үед Батхүү нь илт согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Мөрдөн байцаалтад гэрч Ү.Мөнхжаргалын мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед өөрийн машинтайгаа Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр зогсож байсан чинь хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөх шахам тулж ирээд зогссон. Тэгэхээр нь би жолооч талын хаалгаар очоод “ ахын дүү ингэж явж болохгүй, чи намайг дайрах шахлаа шүү дээ гэж хэлчихээд машин дээрээ очиж байхад Батхүү машинаа хойш нь ухраагаад зогссон. Тэгээд цагдаагийн албан хаагч нар Батхүүг машинаас нь ноцолдож байгаад буулгаад цагдаагийн машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тухай: “Батхүүгийн согтуурлын зэргийг шалгахад татгалзсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8/,

Хохирогчийн өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны урагдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/

Хохирогч Т.Батмонголын “Б.Батхүүтэй эвлэрч, хохирлын талаар маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй” талаарх хүсэлт /хх-ийн 43/,

Б.Батхүүгийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан тухай ”Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгосон” гэсэн шийтгэврийн хуудас /хх-н 14/

Нийслэлийн Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 6 сарын 23-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар “Т.Батмонголыг замын цагдаагийн зохицуулагчаар томилсон” тухай хх-н 20,

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2017 оны 7 сарын 25-ны өдрийн жижүүрийн томилгоогоор “дэслэгч Т.Батмонголыг томилсон” тухай хх-н 21,

Б.Батхүү нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд “Б.Батхүүг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 2 сарын 9-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн 2015 оны 6 сарын 5-ны өдрийн 181 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон” тухай ял шалгах хуудас /хх-н 42/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

         Шүүгдэгч Б.Батхүү нь  2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 20 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэсний улмаас эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, улмаар цагдаагийн албан хаагч Т.Батмонголын камер луу оруулах болон драгер багаж үлээлгэх гэсэн шаардлагуудыг эсэргүүцэж, түүнийг  “чамайг харна аа, мангар бацаан” гэх зэргээр хэл амаар дайрч, түүний өмсөж явсан дүрэмт хувцасны мөрдөсийг татаж таслах, гэрэлтүүлэгч хантаазнаас чангааж урсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “Би Батмонголын мөрдөсийг санаатай ураагүй, ноцолдож байхад л унасан байх. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Батмонголын ярьж байгааг үнэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Батмонголын мэдүүлсэн Батхүүгийн согтуурлын зэргийг шалгах гэхээр драгер үлээхгүй гарч явах гээд байхаар нь тэнд байсан эргүүлийн хоёр цагдаа түүнийг буцааж авчрахад над руу гүйж ирээд миний хоёр мөрдөснөөс татаж, гэрэлтүүлэгч хантаазыг урсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жигэстэйн “Батхүү нь драгер үлээхгүй гээд Батмонголтой маргаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Б.Мандахнарангийн “Батхүүд Зөрчлийн тухай” хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Г.Арцбулагийн мэдүүлсэн “Тэгээд саатуулах байрны камер луу оруулах “би энд чинь орох хүн биш чи муу бацаан” гээд дэслэгч Батмонголын дүрэмт хувцасны мөрдөсийг тасдсан. Мөн гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч А.Очирвааны мэдүүлсэн “дэслэгч Батмонгол Батхүүг камер луу оруулах гэхэд “би энд чинь ордог хүн биш, чи муу бацаан” гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж Батмонголын дүрэмт хувцасны мөрдөсийг гараараа тасдсан, гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Г.Мөнхжаргалын мэдүүлсэн “Ирвэсийн зогсоол дээр зогсож байсан чинь хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөх шахам тулж ирээд зогссон. Тэгээд цагдаагийн албан хаагч нар Батхүүг машинаас нь ноцолдож байгаад буулгаад цагдаагийн машинд суулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогчийн өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны урагдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Т.Батмонголын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчид хүч хэрэглэж, түүний өмсөж явсан дүрэмт хувцасны мөрдөс болон хантаазыг урсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Батхүү нь цагдаагийн албан хаагчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ.

 

      Иймд Б.Батхүүг “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

Хохирогч Т.Батмонгол нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын ажиллагаанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэж тус тус мэдүүлжээ. /хх-н 43/ Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      Шүүх шүүгдэгч Б.Батхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хиад Боржигин овгийн Бямбаагийн Батхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батхүүг хорих ялаас чөлөөлсүгэй.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч Т.Батмонгол нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Шүүгдэгч Б.Батхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, Б.Батхүү, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА