Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0695

 

 

 

 

 

 

 

 

   2023         09          18                                       128/ШШ2023/0695

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******гийн Д******* (РД:*******),                                     

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Х*******,******* /РД:/,

Маргааны төрөл: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй бусдын газрыг давхцуулан бүртгэсэн мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулж, захирамжид өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг даалгах” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, Э.Ж*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эр******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн дугаар нэгж талбарын кадастрын зурагт газрын хэмжээг 5429 м.кв талбайтай болгож өөрчлөлт оруулсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамжаар Х**************д эзэмшүүлсэн 5430 м.кв газраас С.Д*******ийн гараашийн газартай 18 м.кв давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1. Нэхэмжлэгчийн хувьд. Х******* нийгмийн харилцааны дээд сургуулийн эзэмшил газартаа 2004 онд барьсан гараашийг 2,800,000 төгрөгөөр худалдан авч, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаартай захирамжийг үндэслэн түүнд гараашийн зориулалтаар 18 м.кв газрыг 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5138 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилээр эзэмшүүлж, гэрээ байгуулсан, мөн Чингэлтэй дүүргийн Газрын албаны архитектор, Газрын албаны даргын тамга, гарын үсгээр байршлын кадастрын зургийг баталгаажуулсан, тэрээр гараашийн газрын төлбөрийг төлж ирсэн.

           2.2. Гуравдагч этгээд Х*******,*******д анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар 8064 м.кв газрыг сургалтын зориулалтаар ашиглах эрх олгож, гэрээ байгуулсан, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 433 дугаар захирамжаар тус сургуулийн өргөтгөлийн барилгыг 1300 м.кв хэмжээгээр хашаанд нь бариулахаар байршил тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 7800 м.кв газрыг 5 жилээр ашиглуулах, 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар дээрх газрын 700 м.кв талбайг орон сууцны зориулалтаар Х ХХК-д шилжүүлж, үлдэх 7064 м.кв газрыг эзэмших эрхээр тус сургуульд үлдээж, 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжаар 5430 м.кв хэмжээгээр эзэмших эрхийг 5 жилээр сунгаж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1140 дүгээр захирамжаар 5430 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар 5430 м.кв-аар буюу газрын хэмжээ хэвээр ч, кадастрын зургийн хэлбэрт өөрчлөлт оруулсан байна.

            2.3. Х*******,******* эзэмшил газартаа 2004 онд 432 м.кв талбайд 25 гарааш барьж худалдсан, худалдаж авсан иргэдэд гараашийн доорх газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн, улмаар Х*******,******* 2007 оны 02 дугаар 27-ны өдрийн 10 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд 7764 м.кв газраас 1900 м.кв газрыг орон сууц барьсан тул орон сууцны зориулалтаар, 432 м.кв газрыг автомашины гараашийн зориулалтаар бусдын эзэмшилд шилжүүлсэн тул тус сургуулийн ашиглах эрхтэй газраас хасаж газрын хэмжээг 5430 м.кв хэмжээгээр баталгаажуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжаар 5430 м.кв хэмжээгээр эзэмших эрхийг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн, үүнээс хойш тус сургуулийн газрын хэмжээг нэмэгдүүлээгүй, байршил өөрчлөөгүй байна, өөрөөр хэлбэл газрын хэмжээг өөрчилсөн, байршил өөрчилсөн ямарваа шийдвэр гараагүй байна.

2.4.  Х*******,******* гарааш бүхий газрыг чөлөөлүүлэх агуулгаар хүсэлтүүд гаргаж байсан, тухайлбал 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоотоор Нийслэлийн Газрын албанд, мөн өдрийн 25 тоотоор Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус “тус сургуулийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг чөлөөлүүлэх”-ээр хандаж, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15/215 тоотоор “гараашууд нь сургуулийн удирдлагуудтай зөвшилцөн баригдаж иргэдэд зарагдсан тул буулгах эрх зүйн боломжгүй” гэх хариуг, Нийслэлийн Газрын алба 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “25 гараашид албан шаардлага хүргүүлсэн” гэх хариуг өгсөн, мөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 97, 98, 99, 100 тоотоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтэст тус тус гараашийг буулгаж газар чөлөөлүүлэхээр хандсан, мөн Чингэлтэй дүүргийн Газрын алба 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15/446 тоотоор “гараашийг сургуулийн захирал бариулсан, Газрын алба ... буулгах боломжгүй” гэж, бусад төрийн байгууллагууд нь “шүүхэд ханд” гэсэн хариу өгсөн, мөн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/50 тоотоор Нийслэлийн Засаг даргад, 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/51 тоотоор Чингэлтэй дүүргийн Засаг даргад “гараашийн эзэмшигч иргэдийн газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон ... гараашийг буулгаж газар чөлөөлүүлэх”-ээр хандаж байжээ.

           Гурав. Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар.

         3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Гуравдагч этгээд Х*******,******* төсөв хөрөнгө босгох, сургуулийн орлого бүрдүүлэх шалтгаанаар эзэмшүүлсэн газрынхаа зарим хэсэгт тодорхой тооны гараашийг барьж худалдан борлуулснаас нэхэмжлэгч С.Д******* 21 тоотын гараашийг 2,800,000 төгрөгөөр худалдан авч, гараашийн доорх 18м.кв талбайтай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаартай захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтад “Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамжаар Х**************д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,78 га буюу 7764 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай сургалтын чиглэлээр ашиглуулахаар олгосныг, нэгж талбарын дугаараар газрын кадастрын мэдээллийн санд 2006 онд бүртгэсэн байна. Тус сургууль 2007 онд газрын хэмжээндээ багасгасан өөрчлөлтийг оруулж 4907 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэйгээр нэгж талбарын дугаараар газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэж дурджээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтаар Х************** нь 7764 м.кв талбайтай газрыг ашиглах эрхтэй байсныг, 2007 онд 4907 м.кв талбайтай болгон багасгаж эзэмшлээр өөрчилсөн, дахин тус сургуулийн эзэмшлийн газрын хэмжээг 5429 м.кв талбайтай болгон ихэсгэсэн өөрчлөлтийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ Газрын тухай хуульд заасан хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байна.

“Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн дугаар нэгж талбарын кадастрын зурагт газрын хэмжээг 5429 м.кв талбайтай болгож өөрчлөлт оруулсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамжаар Х*******,*******д эзэмшүүлсэн 5430 м.кв газраас, С.Д*******ийн гараашийн газартай давхацсан 18 м.кв хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Д******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 5138 дугаартай гэрчилгээг авсан. Мөн дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээг байгуулж, газрын төлбөрийг төлөөд хуулийн дагуу эзэмшиж байсан. 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн газар чөлөөлөх тухай гэсэн он сар ижил давхцалтай захирамж байгаа ч энэ захирамжаар нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нотлох баримтуудыг шүүж үзэхэд тухайн захирамжийг гаргасан этгээд нь төрийн захиргааны байгууллага байна. Дүүргийн газрын албанаас энэ бүх бичиг баримтуудыг өгчихөөд Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Нийслэлийн газрын алба, Кадастрын албанд хандахад дүгнэлт ирээгүй. Энэ захирамжийг төрийн захиргааны байгууллага олгодог учир давхцуулан олгох боломжгүй. Хариуцагч энэ талаар С.Д******* нь энэ баримтуудаа хуурамчаар олж авсан гэдгийг нотлоогүй. Тиймээс С.Д******* нь газар эзэмшиж байсан нь үнэн юм.

Хамтран хариуцагчаар бид Нийслэлийн газар зохион байгуулалтын хэлтсийг татсан. 1997 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар 8064 м.кв байсан. 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 433 дугаар захирамжаар 0,13 га газарт барилга бариулах, ашиглуулахаар газрын хэмжээнд өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ үүнтэй холбоотой баримт хувийн хэрэгт ирээгүй. Нийслэлийн засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаад 7764 м.кв газрыг сургалтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон байна. 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаад 7064 м.кв газрыг эзэмшүүлэх болгосон. 2007 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 129 дүгээр захирамжаар газрын хэмжээг 5430 м.кв болгон багасгаж 5 жилийн хугацаатайгаар олгосон байна. Ингэж газрын хэмжээг багасгахдаа Х************** 432 м.кв талбайд 25 гарааш эзэмших эрхийг өгсөн. Гэхдээ гараашны ямар хэмжээтэйг өөрсдөө сайн мэдэхгүй юм билээ. 5430 м.кв болгож багасгахдаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнийг 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 4907 м.кв болгож нэгж талбарын хэмжээнд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн байна. Үүнийгээ 5429 м.кв болгож газрын мэдээллийн санд бүртгүүлсэн байна. Газрын мэдээллийн сангийн бүртгэл цахимаар хийгддэг болсон. Газрын бүртгэл цахим болоод газрын алба цахим хэлбэрээр хянах боломжтой болсон. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь өөрөө хяналт тавихгүй байна. 2007 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр захирамжаар 5429 м.кв болгон хасахдаа гараашны газруудыг хассан. Үүнийг үндэслээд гэрчилгээ олгосон. Гэрчилгээ олгосон хугацаа нь 2004 он байгаа боловч шалгаж үзэхэд 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл газар нь ашиглах эрхтэй байсан. 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар эзэмших эрхтэй болсон байсан. Тиймээс 2007 онд хасуулсан гэж ойлгогдохоор байна. 5429 м.кв болгохдоо нэхэмжлэгчийн эзэмшлийн 18 м.кв газрыг давхцуулан бүртгээд Газрын тухай хуулиар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. С.Д******* өөрөө энэ бүртгэлийг хийх боломжгүй. Учир нь талбайн хэмжээ бүгд зөрүүтэй байна. Тиймээс С.Д*******ийн эрх ашиг хөндөгдсөн байна.

Гуравдагч этгээд иргэн С.Д******* газрын гэрчилгээгээ сунгуулаагүй учир газар эзэмших эрхгүй гэж байна. Тухайн газар маргаантай байгаа тул сунгаж өгөхгүй гэсэн. Энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гарааш хамгийн баруун талын эхнийх гэдэг байршилтай талууд маргаагүй, дугаарлалтын хувьд тодорхойгүй. Гарааш барьж зараад доорх газрыг нь гуравдагч этгээдийн эзэмшлээс хасаж захирамж гарсан ч кадастрт оруулж бүртгээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

           3.2. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай сургалтын зориулалтаар ашиглуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 233 дугаар захирамжаар 7064 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 129 дугаар захирамжаар 5430 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1140 дүгээр захирамжаар 5430 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 дугаар захирамжаар 5430 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус гаргаж байсан. Мөн нэхэмжлэгч С.Д*******ийн нэхэмжлэлдээ дурдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамжаар тус дүүргийн 5 хороонд гараашийн зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан гэх боловч уг дугаар бүхий захирамж нь "Газар албадан чөлөөлөх тухай” захирамж болох нь архивын баримтаар нотлогдох бөгөөд захирамжийг үндэслэн гэрээ гэрчилгээгээ бичих ёстой байдаг. Энэ нь өөр захирамж байх тул үндэслэлгүй болох нь тогтоогдоод байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т заасан “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу иргэн С.Д*******ийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 129 дүгээр захирамж нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцэн гарсан, зорилгодоо нийцсэн захирамж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

           3.3 Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч С.Д*******ийн маргаж байгаа маргаан бүхий газартай холбоотой Газрын мэдээллийн санд ямар нэг хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээгээ байхгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй. 2019 онд хугацаа нь дууссан гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг албан ёсоор өгөөгүй.  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол дуусгавар болно гэж заасан байгаа. Тушаалын дагуу мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа бүртгэлийг хүчингүй болгож манай газрыг бүртгэж өгнө үү гэсэн шаардлага үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй.

Манай зүгээс С.Д*******ид олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, төлбөр төлсөн эдгээр баримтуудыг хуурамч гэж үзэхгүй. Гэхдээ уг гэрчилгээгээр олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2019 онд дууссан. Хугацаа дуусахад сунгуулах талаар ямар нэг хүсэлтийг манайд өгөөгүй байна. Гэхдээ газар эзэмшүүлсэн захирамж байхгүй. Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 123 дугаар захирамж нь дүүргийнх, газар чөлөөлөх агуулгатай захирамж байна. Нийслэлийн Засаг даргаас тийм захирамж гараагүй байна. Гарааш дээр эзэмшүүлэх захирамж шийдвэр гардаггүй, гэрчилгээ олгож гэрээ байгуулах замаар газрын төлбөр төлүүлдэг. Энэ газар анхнаасаа Нийслэлийн Засаг даргын захирамжтай байсан учир сунгуулах, шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий 18 м.кв газрыг гарааш худалдан авснаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэж яриад байгаа. Х************** нь “манай газраас хасаж баталгаажуулж өгнө үү”, С.Д******* “манайх шилжүүлж авч байгаа учир энэ газрыг баталгаажуулж өгнө үү” гэсэн хоёр талын хүсэлт байх ёстой. Гэтэл нэг талын хүсэлт байгаа. Газар эзэмших эрх шилжүүлж авч байгаа этгээд мөн хүсэлт гаргах ёстой байсан. Одоо маргаад байгаа газар нь Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн нэр дээр мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Иргэн С.Д*******ид ямар нэг байдлаар газар эзэмшүүлсэн гэх кадастрын бүртгэл байхгүй.” гэв.

            3.4 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Гуравдагч этгээд Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн 5430 м.кв газарт тухайн 28 гарааш багтаж түүнийг эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч ямар нэг байдлаар газрын хугацааг сунгуулах талаар Газрын тухай хуульд зааснаар хүсэлт гаргаагүй байна. Энэ утгаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг аль ч шатны захиргааны байгууллагад гаргаагүй, газар эзэмшүүлэх тухай яригдаагүй байдаг. Тиймээс энэ газар нь хууль ёсоор Х******* нийгмийн харилцааны дээд сургуулийн газар гэж үзнэ. Мөн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан газрын эрх дуусгавар болоход газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн гараашийн байршлын хувьд болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хуурамч гэж маргаагүй. Газрыг түр ашиглуулахаар гарааш барьсан гэдэг дээр маргахгүй. Энэ гараашнууд баригдсан гэхдээ тухайн үеийн сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар ******* шийдвэрлэгдэхгүйгээр хэн нэгэн албан тушаалтан газрыг хасаж шилжүүлэх ийм асуудал гаргасан. Гэхдээ 5430 м.кв газраас хасахгүйгээр түр эзэмших эрх олгосон байна. С.Д*******ийн эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан. Энэ гараашийг эзэмшиж байсан этгээдүүд өөрсдөө ашиг орлогоо олсон. Тиймээс бид газраа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Гарааш эзэмшигч нартай хуралдсан байсан. С.Д******* байсан эсэхийг мэдэхгүй байна. Зарим хүмүүстэй тохирсон байсан. 10 хэдэн гарааш буулгасан. Энэ 10 гаруй хүний 7 нь манай байгууллагад ажилладаг тул үнэ төлбөргүйгээр гараашаа буулгахыг зөвшөөрсөн. Заримтай нь тохирсон гэхдээ яаж тохирсныг мэдэхгүй. Зарим хүнтэй тохироогүй тул шүүхэд хандсан байгаа.

Манай газар барилга баригдаж урд хэсгээсээ хасагдсан. Захирамжийн хавсралтаар харагдахгүй байна. Газрын өөрчлөлт орсон хэсэгт гараашийн хэсэг хамаарахгүй, урд хэсгээрээ орон сууц барьсан хэсгээс хасагдсан. Баруун урд болон зүүн урдаасаа хасагдаад 5430 м.кв болсон” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд С.Д*******ийн нэхэмжлэлийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн дугаар нэгж талбарын кадастрын зурагт газрын хэмжээг 5429 м.кв талбайтай болгож өөрчлөлт оруулсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамжаар Х**************д эзэмшүүлсэн 5430 м.кв газраас С.Д*******ийн гараашийн газартай 18 м.кв давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн дугаар нэгж талбарын кадастрын зурагт газрын хэмжээг 5429 м.кв талбайтай болгож өөрчлөлт оруулсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэл, агуулгаар хангаж шийдвэрлэлээ.

        1. Нэхэмжлэгч С.Д******* нь худалдан авч, бодитоор эзэмшиж буй гараашийн доорх эзэмших эрхтэй байсан газрыг Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн кадастрын зурагт давхцуулан бүртгэсэн захиргааны үйл ажиллагаатай маргах эрхтэй байна. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гараашийн доорх 18 м.кв газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээгээр  эзэмших эрхтэй байсан гэж үзнэ.

Тодруулбал нэхэмжлэгч С.Д******* нь Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн эзэмшил газар дээрээ барьж худалдсан гараашнаас 2004 онд хамгийн баруун талын 1 гараашийг худалдан авч, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5138 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[1], гэрээгээр 15 жилээр эзэмшсэн, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байжээ. Түүнд олгосон газар эзэмших эрхийн 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 5138 дугаар гэрчилгээнд газар эзэмшүүлэх үндэслэл болсон шийдвэрийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамж” гэж бичигдсэн ч энэ огноо, дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж нь газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн агуулгагүй, газар албадан чөлөөлөх агуулгатай, мөн Нийслэлийн Засаг даргаас энэ огноо, дугаараар ийм захирамж гараагүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн 5138 дугаартай гэрчилгээ, гэрээг талууд хуурамч гэж маргаагүй, хариуцагчаас “гараашийн газарт захирамж гаргадаггүй, гэрчилгээ олгож, гэрээ байгуулах замаар газрын төлбөр төлүүлдэг” хэмээн тайлбарласан тул нэхэмжлэгчийг худалдан авсан гараашийн доорх газрыг эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр хугацаанд эзэмших эрхтэй байсан гэж үзсэн.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 35 дугаар зүйлийн 35.1.1-д газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй.” хэмээн эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг, түүгээр баталгаажуулсан эрхийг хуульчилсан.

2. Харин гуравдагч этгээд Х*******,******* 1997 оноос сургалтын зориулалтаар эзэмшсэн газрын хувьд хэд хэдэн удаа газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулсан, тухайлбал сургуулийн хашаанд урд хэсэгт барилга, хойд талдаа гараашууд барьсан талбайг эзэмшлээс хасуулах хүсэлтээ[2] гарган 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжаар[3] 5430 м.кв хэмжээгээр эзэмшиж, үүнээс хойших захирамжууд 5430 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгаснаас бус газрын хэмжээ, байршилд өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал тус сургуулийн эзэмшил 7764 м.кв газраас 2004 онд 432 м.кв талбайд 25 гарааш барьж худалдсан, худалдаж авсан иргэдэд гараашийн доорх газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн, мөн 1900 м.кв газарт орон сууц барьсан тул ашиглах эрхтэй газраас хасаж газрын хэмжээг 5430 м.кв хэмжээгээр баталгаажуулах 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлтээр нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжаар 5430 м.кв хэмжээгээр эзэмших эрхийг баталгаажуулснаас хойш тус сургуулийн газрын хэмжээг нэмэгдүүлээгүй, газрын хойд хэсэгт байршил өөрчлөөгүй байна, өөрөөр хэлбэл газрын хэмжээг нэмэгдүүлсэн, байршил өөрчилсөн ямарваа шийдвэр гараагүй байна. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар кадастрт оруулсан өөрчлөлт нь газрын хойд хэсэгт буюу гараашийн газарт хамааралгүй, баруун хэсэгт эргэлтийн цэг хашаанаас дотуур тэмдэглэсэн, спорт заалны барилга кадастраас хэтэрч баригдсан шалтгаанаар талбайн хэмжээг өөрчлөхгүйгээр эргэлтийн цэгийг өөрчлүүлэх хүсэлтээр оруулсан байна. 

3. Гэтэл Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн 2007 онд хасаж 5430 м.кв хэмжээгээр эзэмшсэн газрыг кадастрын мэдээллийн санд 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эзэмших газрын хэмжээ болон байршил өөрчилсөн шийдвэргүйгээр гараашуудыг оруулан өөрчилж бүртгэсэн нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ирүүлсэн нотлох баримт, лавлагаагаар[4] тогтоогдож байна.

Тодруулбал, кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээллээр 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нэгж талбарын дугаартай 7957 м.кв газарт тус сургуулийн хойд талд байршуулан барьсан гараашууд багтаагүй буюу давхцалгүй, мөн орон сууц, гараашууд барьсан талбайг хасуулах хүсэлтийнх нь дагуу 2007 оны 2 дугаар сард газрыг 5430 м.кв-аар баталгаажуулснаас хойш  2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тус сургуулийн хашааны зүүн урд, баруун урд талд барилга баригдсанаас хасагдаж газрын хэмжээ 4907.4 м.кв-аар нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн, мөн л гараашууд багтаагүй, давхцалгүй, харин газрын хэмжээг нэмэгдүүлсэн, байршлыг өөрчилсөн ямарваа шийдвэр гараагүй атал 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэгж талбарын 1 дугаараар 5430 м.кв-аар буюу 2007 оны захирамжид заасан хэмжээгээр бүртгэхдээ гараашуудыг эзэмшил газарт оруулан давхцуулж бүртгэсэн, энэ бүртгэлээр мөн сургуулийн урд хэсэгт баригдсан барилга бүхий хэсэгт догол үүсгэн нэмэгдүүлж эргэлтийн цэгүүдэд өөрчлөлт оруулсан байна.

4. Ийнхүү нэхэмжлэгчийн гараашийг оруулан сургуулийн нэр дээр 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэх үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчин төгөлдөр байсан тул газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулсан шийдвэргүйгээр бусдын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээгээр эзэмшиж буй газартай давхцуулан бүртгэсэн уг бүртгэл хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.  

5. Кадастрын бүртгэлийг хүчингүй болгох шүүхийн шийдвэрийн хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойш газрын кадастр эрхлэх захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн үр дагавар үүсгэх тул кадастрын мэдээллийн сан дахь  гуравдагч этгээд Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн одоогийн эзэмшил газрын бүртгэлд буюу нэгж талбарын дугаартай бүртгэлд өөрчлөлт хийгдэнэ.

6. Гэхдээ нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон гэрчилгээ, гэрээгээр түүний эзэмшиж байсан 18 м.кв газар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, түүнчлэн эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа 2019 онд дуусгавар болсноор мэдээллийн санд уг газрын нөхөж бүртгэх үүрэг үүсэхгүй, уг газар Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн өмч бөгөөд хот, суурины иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулаагүй газарт хамаарна.

Иймд мэдээллийн санд Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулсан шийдвэргүйгээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч С.Д*******ийн эзэмшиж буй 18 м.кв гараашийн газрыг оруулан давхцуулж бүртгэсэн 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн нэгж талбарын дугаартай газрын кадастрын бүртгэлд нэхэмжлэгчийн 2019 он хүртэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан 18 м.кв газрыг хассан өөрчлөлт хийхийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах агуулгаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. С.Д*******ийн нэхэмжлэлийн энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрээр хүчингүй болж буй бүртгэл нь Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн нэгж талбарын дугаартай газраас нэхэмжлэгчийн гараашийн доорх газарт л хамаарах бөгөөд бусад гараашийн доорх буюу Х*******,*******д эзэмшүүлсэн газарт хамаарахгүй Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн өмчийн газрыг 23 дугаар зүйлийн 23.3.3-т заасан “газрын кадастр эрхлэх” чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба кадастрын мэдээллийн санд зөвтгөж бүртгэхэд, нөгөө талаас Х*******,******* эзэмшил газрынхаа хэмжээ, хил заагт өөрчлөлт оруулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргах, шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамжаар Х*******,*******д эзэмшүүлсэн 5430 м.кв газраас С.Д*******ийн гараашийн 18 м.кв газартай  давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамж нь Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн эзэмшил газраас гараашийн газрыг хасаж баталгаажуулсан шийдвэр байх бөгөөд энэ шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл тус сургуулийн “432 м.кв талбайд 25 гарааш барьж худалдсан, худалдаж авсан иргэдэд гараашийн доорх газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн тул хасуулах” хүсэлтээр гараашийн 432 м.кв газрыг хасаж газрын хэмжээг багасгасан шийдвэр бөгөөд гараашийн газартэй давхцуулж эзэмшүүлсэн шийдвэр биш, 5430 м.кв газарт гараашийн газар багтаагүй, давхцаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Х*******,*******д хүчин төгөлдөр захирамж, гэрээ, гэрчилгээгээр эзэмшүүлсэн 5430 м.кв газарт гараашийн газар нэгэнт багтаагүй, давхцаагүй тул “давхцсан хэсгийг хасах” өөрчлөлт оруулж зөвтгөсөн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 23 дугаар зүйлийн 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Д*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, мэдээллийн санд Х*******, нийгмийн харилцааны дээд сургуулийн нэгж талбарын 1 дугаартай кадастрын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, шинэчилсэн нэгж талбарын дугаартай газрын кадастрын бүртгэлд нэхэмжлэгчийн гараашийн доорх 18 м.кв газрыг хасаж бүртгэхийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаар захирамжаар Х**************д эзэмшүүлсэн 5430 м.кв газраас, С.Д*******ийн гараашны газартай давхацсан 18 м.кв талбайг хассан өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 8-10, 13 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 134, 139 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 49, 52 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 186-203 дугаар хуудас