Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/97

 

Г.М-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Г.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны  2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/2424 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Г.М-ад холбогдох эрүүгийн 2108 01673 0300 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Г.М, 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, эгчийн хамт оршин суух,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жил 3 сарын хорих ялаар тогтоосон ба 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

            Г.М- нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 23:50 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 18 дугаар гудамжны замд “Транскапитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 22 настай, эрэгтэй И.М-ийг  мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хохирогч И.М, гэрч Д.М,  Ц.Б,  А.Л,  Б.Г, яллагдагч Г.М нарын мэдүүлгээс дүгнэхэд заамдалцаад зогсож байсан хоёр хүнийг буюу О.А, И.М нарыг салгахдаа И.М-ийг  “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслээр мөргөж унагаан “баруун шаант, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Гэтэл дээрх нөхцөл байдлыг буруугаар дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болжээ. Иймд хэргийг зөв зүйлчлэх, улмаар яллагдагчаар татах, ял сонсгох, яллагдагчаас мэдүүлэг авах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийх шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Г.М-ын хувьд тээврийн хэрэгсэл жолоодоод бусдын зогсож байсан газар ойрхон очиж зогссон боловч явган зорчигчийг тээврийн хэрэгслээр мөргөнө гэдгээ урьдаас мэдээгүй, бусдыг мөргөж гэмтэл учруулахыг хүсээгүй. Хохирогч И.М-ийн “... “хөл дайрчихлаа, машинаа холдуулаач ээ” гэхэд ерөөсөө итгэхгүй “яахаараа би чиний хөлийг дайрдаг юм” гээд дахиад 2-3 удаа цохисон. ... тэр жолооч миний хөл рүү хараад “Нээрээ дайрсан байна шүү дээ” гээд машинаа холдуулсан...” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Г.М-ын үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна. Прокурорын зүгээс яллагдагч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогчийг санаатайгаар мөргөөгүй. Хоорондоо заамдалцаад түлхэлцээд байж байхад нь би хөлийг нь мөргөж таарсан юм шиг байна лээ. Би тэрийгээ эхэндээ мэдээгүй, автомашинаасаа буугаад мэдсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.М-ыг “2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 23:50 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 18 дугаар гудамжны замд “Транскапитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 22 настай, эрэгтэй И.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний үр дүнд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоох шаардлагатай.  Өөрөөр хэлбэл, хохирогч И.М, гэрч Д.М, Ц.Б, А.Л, Б.Г, яллагдагч Г.М нарын мэдүүлгээс дүгнэхэд заамдалцаад зогсож байсан хоёр хүнийг буюу О.А, И.М нарыг салгахдаа И.М-ийг  “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслээр мөргөж унагаан “баруун шаант, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд хэргийг зөв зүйлчлэх, улмаар яллагдагчаар татах, ял сонсгох, яллагдагчаас мэдүүлэг авах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийх шаардлагатай. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, хохирогч И.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 7206 дугаартай “...И.М-ийн биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдсон нь тээврийн хэрэгсэл баруун талаас баруун шилбэний хэсэгт мөргөгдөх үед үүсэх боломжтой. ...” /хх 63-64/ гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч И.М-ийн “...“Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг шууд хурдтай ирээд намайг мөргөж унагаачихаад шилбэ хэсгээр урд талын дугуйгаараа дайраад тоормос гишгэх үедээ газар чирсэн. ...” /хх 10-15/, гэрч Д.М “...хажуугаар “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл нилээд хурдтай явж очоод М-ийг баруун талаараа мөргөөд унагаасан. ...” /хх 20-22/, Ц.Б-ийн “...М ах “Хөл дайрчихлаа” гээд орилох чимээ гарсан. ...” /хх 32-33/, А.Л-ийн “...М- ахын автомашин баруун талаараа М-ийг мөргөөд унагаасан. ...” /хх 41-42/, Б.Г-ын “...А “М- ах хүрч ирээд мөргөсөн” гэж байсан. ...” /хх 45-47/, яллагдагч Г.М-ын “...би М-ийн баруун талд ойрхон очиж зогссон. Тэр үед М-ийн баруун хөл рүү мөргөсөн байх. ...” /хх 155/ гэсэн мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

             Иймээс Г.М-ын тухайн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгыг тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх асуудлыг дурдсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Харин хэргийн материалыг судлахад анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй дараах асуудлууд байна. Үүнд:

            1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 110/-т  Г.М-ыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан талаар тэмдэглэсэн байх боловч энэхүү шийдвэр хэрэгт авагдаагүй,

            2. Тус хэрэгт “Транскапитал ББСБ” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоох зорилгоор холбогдох албан тушаалтныг томилж ирүүлэхийг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 14-3а/2591 дугаартай албан бичиг /хх 161/-ээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй шалтгаан тодорхой бус,

            3. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг /хх 175/-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлыг тодорхойлоход чиглэгдсэн зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудын агуулгыг тусгахдаа хохирогч И.М-ийн мэдүүлгээс зарим хэсгийг нь авч, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох бусад хэсгийг огт дурдаагүй,

            4. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шийдвэр /хх 184/-т шүүгдэгчийн нэрийг “ Б.Г ” гэж буруу бичсэн байгааг буруутган тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/2424 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН