Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 74

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Одхүүд холбогдох эрүүгийн 1704000000018 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Г.Анхбаяр

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                 З.Энхбаяр

 Шүүгдэгч                                                 Б.Одхүү нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр Отгондэлгэр, 11-16 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 4 дүгээр гудамжны 2 тоотод түр оршин суух, /цахим үнэмлэхний хаягаар:Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчингийн 6 дугаар гудамжны 7 тоот/ ял шийтгэлгүй, Бага тугтан овгийн Батмөнхийн Одхүү /РД:ОБ76011812/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Одхүү нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны Талын толгойн 4 дүгээр гудамжны 2 тоотод З.Энхбаяртай маргалдаж улмаар түүний толгой руу түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 4 дүгээр гудамжны 12 тоот өөрийн гэртээ унагаа тамгалаад архи, айраг ууцгаасан. Би согтоод Энхбаяртай маргалдаад түүний толгой руу нь модны тайрдасаар цохьсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч З.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Одхүүгийнд очиж, унага тамгалж архи, айраг уугаад их согтсон байсан. Одхүүд зодуулснаа маргааш нь мэдсэн. Одхүүд зодуулаад хүүгээ дуудаж, энэ тухай хэлсэн байсан. Мөн эхнэр нь энэ тухай надад хэлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Нямжавын мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 18 цаг 45 минутын үед манай аав Энхбаяр над руу залгаад Талын толгойн 5 дугаар гудамжны 6 тоотоос ирээд ав гэсэн. Тэгээд би аавыгаа гудамжаар хайгаад явж байтал Талын толгойн 4 дүгээр гудамжинд Одхүү гэх залуу гэр бүлийнхээ хүмүүстэй явж байхаар нь “аав хаана байна” гэсэн чинь юм хэлээгүй. Тэгээд би чигээрээ явтал гудамжны баруун өнцөгт аав явж байхаар нь шууд эмнэлэг рүү аваад явсан. Аавын толгой 3-4 см язарсан байсан бөгөөд аавыг Одхүү зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч Л.Отгондэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манайх унагаа тамгалсан. Манай гэрт Батаа, Энхбаяр нар ирж, манай нөхөр Одхүүтэй архи ууцгаасан. “...Тэгтэл Одхүү модны хагалсан тайрдас бариад зөрүүлээд Энхбаярын толгой руу нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн №09шэ/248 дугаартай дүгнэлтэд: ”З.Энхбаярын биед дагзны зүүн дээд хэсэгт язарсан оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 12/,

Шүүгдэгч, хохирогч нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаарх хүсэлтүүд /хх-н 31-32/

Б.Одхүү нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/248 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Б.Одхүү нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 4 дүгээр гудамжны 2 тоот хашаанд З.Энхбаяртай маргалдаж толгой руу нь түлээний хагалсан модны тайрдасаар цохисны улмаас биед нь дагзны зүүн дээд хэсэгт язарсан оёдолтой шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би согтуудаа Энхбаяртай маргалдаад толгой руу нь модны тайрдасаар цохьсон” гэсэн мэдүүлэг болон хохирогч З.Энхбаярын “...намайг Одхүү модоор цохисныг Одхүүгийн эхнэрээс мэдсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Э.Нямжавын “манай аавыг Одхүү зодсон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/, гэрч Л.Отгондэлгэрийн“...Одхүү модны тайрдасаар Энхбаярын толгой руу нэг удаа цохьсон...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 09 шэ/248 тоот актын “З.Энхбаярын биед дагзны зүүн дээд хэсэгт язарсан оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Б.Одхүү нь хохирогчид хүч хэрэглэж, түүний толгойг модны тайрдасаар цохьсон үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Одхүү нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

      Прокуророос Б.Одхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Б.Одхүүг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 26/

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бага Тугтан овгийн Батмөнхийг Одхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бага Тугтан овгийн Батмөнхийг Одхүүг 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор биелүүлэхийг Б.Одхүүд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Одхүүг мэдэгдсүгэй.
  5. Хохирогч З.Энхбаяр нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Б.Одхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА