Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0677

 

 

 

 

 

  2023           09           11                                        128/ШШ2023/0677

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У ХХК  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагч: *******, ******* яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж

*******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч У ХХК нь *******, ******* яаманд холбогдуулан “*******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          2. Хэргийн үйл баримт

          2.1.Анх Ашигт малтмал, газрын тосны газраас *** аймгийн *** сум, ****-1 нэртэй газарт орших 1500.51 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “***” ХХК-д 2030 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгожээ.

          2.2.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 179 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг   ХХК-д, 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 484 дугаартай шийдвэрээр У ХХК-д шилжүүлсэн.

          2.3. У ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д  заасан зөрчил гаргасан гэж үзэж *******, ******* яамны *** оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***/10 дугаар *******д хортой нөлөө үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан.

          2.4. У ХХК-иас *******, ******* яаманд холбогдуулан “тус яамны *** оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***/10 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны  5 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар магадлалаар ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр тогтоолоор ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 457 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ***дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          2.5. Мөн У ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “У ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

          2.6. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дээрх Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээж, гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байна.

          2.7. *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар *** аймгийн *** сумын *** багийн нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, *** голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, уг ажлын хэсэг илтгэх хуудас гаргасан.

          2.8. *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот албан бичгийг тус тус үндэслэн У ХХК-ийн ***дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргажээ.

          2.9. Нэхэмжлэгчид *******, ******* яамны *** оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар албан бичгээр маргаан бүхий дүгнэлтийг хүргүүлж, *** оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          3. Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

          3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          "УХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон ***** хэмээх газарт орших ****  тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эзэмшиж байна. Гэтэл *******, ******* яам 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дугаар ***Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны *** тоот албан бичгийг тус тус үндэслэн "У” ХХК-ийн MV-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн байна.

          Дүгнэлтийг манай компанид хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдээгүй байсан тул бидний зүгээс танилцах хүсэлт гаргасны дагуу *******, ******* яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Б******* 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, сая танилцах боломжтой болсон болно.

          Энэхүү Дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Үүнд:

          1. "***" ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг чанд мөрдөж, орон нутгийн хөгжилд багагүй хөрөнгө оруулалт хийсэн байна.

          Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон МѴ-*** тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр *** аймгийн *** сум, ****1 хэмээх газарт олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй боловч 2017 оноос эхлэн тухайн жилийн батлагдсан Уулын ажлын төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

          Манай компани нь тус тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн үйл ажиллагааг эхлүүлээгүй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, тогтоосон хугацаанд тухайн жилийн холбогдох тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, баталгаажуулсан.

          Үүнд: 1. 2006-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын нөөцийн тооцооны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн баталсан. ЭБМЗ-ийн 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ****тоот дүгнэлт.

          2. *******д нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг "****" ХХК 2016 онд *******, ******* яаманд хэлэлцүүлэн 5 жилийн хугацаатайгаар батлуулсан.

          3. *** оны 07 дугаар сарын 22-нд Уулын ажлын төлөвлөгөө, *** оны 08 дугаар сарын 19-нд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан.

          4. 2017-2018 онд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба улирлын чанартай, өртөг өндөртэй, хүнд салбар бөгөөд 191 ажилтантай манай компанийн хувьд төлөвлөгөөт хуваарь алдагдаж, ажилтны цалин, техникийн сул зогсолт, банкны зээл болон техник, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн хүү төлөхөд санхүүгийн хүндрэл үүсэж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Улмаар их хэмжээний шууд болон шууд бус хохирол, алдагдал хүлээн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна.

          2. MV-*** тоот тусгай зөвшөөрлийг *** онд цуцалсныг шүүх сэргээсэн.

          "***" ХХК-ийн MV-*** тоот тусгай зөвшөөрлийг *** онд *******, ******* яамны *** оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***/10 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрээр цуцалсан.

          "***" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******, ******* яамны *** оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***/10 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус захиргааны хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд ***дугаар шийдвэр гаргасан Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт:

          1. 10-р хуудасны сүүлийн мөрөнд “...Маргаан бүхий дүгнэлт нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн байна..."

          2. 11-р хуудасны сүүлийн мөрөнд " "Ашиглалтын үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа" гэсэн агуулгатай байх бөгөөд ямар байдлаар байгаль орчинд ийнхүү хортой нөлөө үзүүлж байгаа гэж үзсэнийг нотлох баримт, материал хавсаргаж ирүүлээгүй байдаг..."

           3. 12-р хуудасны 2 дахь мөрөнд “Төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргахдаа баримталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,15-д заасан үндэслэлийг баримтаар тогтоосон байх үүргээ биелүүлээгүй нь хуульд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдах үр дагавар үүсгэжээ.

          4. 12-р хуудасны сүүлийн мөрөнд "байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй"-г шүүхэд тус тус тодорхойлсон байдаг."

          5. 14-р хуудасны 2 дахь моренд "2017, 2018 онд хайгуулын төлөвлөгөө батлуулан хайгуул хийсэн, 2016 онд ******* ******* яамаар байгаль орчинд байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлуулсан"-ыг нөлөөлөх тодорхойлжээ..."

          6. 15-р хуудасны эхний мөрөнд "байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үл 66 ажиллагаа явуулсан" гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.." хэмээн

          Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******, ******* яамны *** оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***/10 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Хариуцагчийн гомдлоор энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Дугаар 457 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Дугаар 381 тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн Дугаар ***шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон.

          Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “***" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох "***" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11 өдөр хянан хэлэлцээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийн шууд үндэслэл болсон *******, ******* яамны ажлын хэсгийн ***/10 дугаар дүгнэлт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр хүчингүй болсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *** оны *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн дугаар ******* шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

          3. Тусгай зөвшөөрөл сэргээснээс хойших үйл ажиллагаа:

           Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 381-р тогтоолын дагуу MV-*** тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хавсралтад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэл хийгдсэн. Ийнхүү

          1. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тусгай зөвшөөрлийн ТЭЗҮ- ийн 5 жилийн хугацаа дууссан тул манай компани ТЭЗҮ-ийн тодотголыг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн батлуулсан.

          ЭБМЗ-ийн дүгнэлт 2022 оны 01 дүгээр сарын 26-ны ***

          АМГТГ-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ТЭЗҮ хүлээн авсан тухай т/57 тоот тушаал

          2. 2021 онд тусгай зөвшөөрлийн талбайг шүүхийн шийдвэрээр дахин сэргээх, ордыг ашиглах ТЭЗҮ-ийн тодотголыг шинэчлэн боловсруулж, ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажил хийгдсэн тул 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайланг 2022 оны 02 дугаар сарын 11 өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн.

          3. 2022 оны 04 сарын 04-ний **** тоот төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан.

          4. *** аймгийн *** сумын *** багийн иргэдийн нийтийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 4 тогтоолоор санал авсан.

          5. *** аймаг *** сумын нутагт орших "***” ХХК-ийн MV-*** тоот тусгай зөвшөөрөл бүхий "Өлийн гол-1" нэртэй алтны шороон ордыг ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайланг 2022 оны 07 дугаар сарын 28-нд батлуулсан.

          6. 2022 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 09-дүгээр сарын 05-нд батлуулсан.

          7. Мөн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан.

          8. Усны барилга байгууламжийн зураг төсөл. Усны газрын даргын 2022 оны 07 сарын 28-ны *** тоот дүгнэлт гарсан.

          9. MV-*** тоот тусгай зөвшөөрлийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн. "****" ХХК 2022 он.

          10. Ордыг ашиглах ТЭЗҮ болон БОННҮ тайлангийн 5 жилийн хугацаа дууссан тул 2022 онд тэдгээрийг шинэчлэн батлуулах, төслийг багийн иргэд нийтийн хурлаар танилцуулан санал авах, бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж дуусахад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах хугацаа хүрэлцэхгүй болсон тул 2022 онд тус талбайд уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй тухай 2022 оны Х тайланг илгээсэн.

          11. 2023 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд илгээсэн боловч өнөөдрийг хүртэл төрийн байгууллага учир нь ул олдох шалтгаанаар өнөөг хүртэл баталгаажуулаагүй байна.

          Манай компани нь төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас сүүлийн 4 жил буюу *** оноос хойш өнөөдрийг хүртэл MV-*** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй.

          4. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн:

          *******, ******* яам дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6. "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах," мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно" гэж заасны дагуу *******, ******* яам нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

          Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар дүгнэлт гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж зааснаар хариуцагч *******, ******* яам нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй тул дүгнэлтийг манай компанийн зүгээс танилцах хүсэлт гарган байж *******, ******* яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Б*******ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр ***дугаар дүгнэлтийг хүргүүлж, агуулгыг мэдэгдсэн.

          Өөрөөр хэлбэл *******, ******* яам Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж заасныг зорчиж оролцогч этгээд болох манай компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн бол түүнийгээ шүүхийн өмнө нотлох ёстой.

          5. *******, ******* яам дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй:

          Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолтын MNS 5140-1:2011 стандартад "дүгнэлт" гэж "Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг"-ийг хэлнэ гэжээ. Хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийн 1 дэх заалтад " *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот албан бичгийг тус тус үндэслэн "***" ХХК-ийн МУ-*** тоот тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзэв." гэсэн байна

          Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Яамны Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн., 3.3. Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах. хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал м 4.2. Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биеийнхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана гэж тус тус заасан байна.

          *******, ******* яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын цор ганц Төрийн захиргааны төв байгууллага гэж Монголын ард түмэн ойлгож хүлээн авч байгаа.

          Гэтэл энэ мэргэшсэн яам нь өөрийн баталсан буюу *******, ******* сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/402 тушаалын 1 дүгээр хавсралт "Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас Ашигт малтмалын тухай хуульд заасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг *******, ******* яаманд ирүүлэхэд мөрдөх журам, 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журмыг огт баримтлалгүй, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй.

          Дээрх дурдсан "дүгнэлт" гэдгийн Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлох гэсэн шаардлагад маргаантай дүгнэлт огт нийцэхгүй байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;"

          Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж тус тус заажээ.

          Нэхэмжлэгч "***" ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээх болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд огт тусаагүй байна.

          Маргаан бүхий актад *******, ******* сайд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг дурдсан байна.

          Уг Ажлын хэсэг манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл *** оны сараас 2021 оны 09 сар хүртэл шүүхийн маргаантай байсан тул үйл ажиллагаа явуулаагүй, 2022 онд баримт бичгүүдээ шинэчлэн батлуулахын тулд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгийг *** аймгийн *** сумын Засаг дарга, *** аймгийн *******, ******* газар нотлоод байхад "***" ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан. түүнийг нөхөн сэргээж болох эсэх нь тодорхойгүй илтэд гүтгэж, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл боллоо.

          Монгол Улсын Дээд шүүхийн "Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 14-т "Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан "нутгийн захиргааны байгууллага" гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнчлэн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ." заажээ. Гэтэл *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт" нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-т заасан бодит нөхцөл байдлыг тодруулж, эрх бүхий этгээдийн үндэслэл бүхий саналд үндэслээгүй байна.

          Иймд *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчимд нийцсэн шийдвэр болоогүй тул хүчингүй болгож өгнө үү.”гэжээ.

 3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан. Манай тохиолдолд аль аль нь хангагдаад байгаа. Нэгдүгээрт зөрчигдсөн, хоёрдугаарт зөрчигдөж болзошгүй. Яагаад зөрчигдсөн гэж нэхэмжлэгч хуулийн этгээд тухайлан яриад байгаа вэ гэвэл нэхэмжлэгчийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6-аар байгаль орчинд хортой нөлөө үзүүлэгч этгээд гээд цоллосон байгаа. Хортой нөлөө үзүүлэгч этгээд гээд дүгнэлт гаргасантай холбоотойгоор ямар эрх зүйн үр дагавар үүсгэх ноцтой эрсдэлтэй вэ гэвэл сум, дүүргийн Засаг дарга нар хортой үйл ажиллагаа явуулсан этгээдээс гэм хороо нэхэмжлэх эрхтэй байгаа. Энэ тухай сая Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тайлбар гаргахдаа сум, дүүргийн Засаг дарга нь нийтийн эрх, ашгийн төлөө нэхэмжлэл гаргах хуулийн этгээд гээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн яг энэхүү зохицуулалтыг иш татаад тайлбарласан байгаа. Одоо хэн нэгэн дуртай этгээд нийтийн эрх, ашгийн төлөө гэм хороо нэхэмжлээд манай хуулийн этгээдэд нэхэмжлэл гаргаад явах үндсэн нотлох баримт нь энэ дүгнэлт болчхоод байгаа. Хоёрдугаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсчхээд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар маш хурдан арга хэмжээ авсан. Энэ захиргааны актыг хариуцагч мэдэгдэхгүй, дарах зорилготой байсныг бид нар өөрсдөө та нар мэдээлээгүй байна, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна гэсний үндсэн дээр гомдол гаргаж, хүсэлт гаргасны үндсэн дээр энэ захиргааны актыг мэдэж аваад Захиргааны хэргийн шүүхийн хэрэг үүсгэсэн захирамжийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Ийм арга хэмжээ авсны үндсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Энэ тухай сүүлийн албан бичиг дээрээ дурдсан байна. Нэгэнт захиргааны хэргийн шүүхээс тухайн дүгнэлтийг түдгэлзүүлсэн учраас цуцлах ажиллагаа хийгдээгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдөхөөс бид нар нэхэмжлэл гаргаж байгаагаараа урьдчилан хамгаалагдаж байгаа. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нэхэмжлэгчид хамаарч байгаа. Энэ тухай яагаад урьд урьдны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч дурдаад байна вэ гэвэл яг урьдны дүгнэлт хууль зүйн үндэслэл мөн адил, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг иш татсан байсан, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийг байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулагч гэж цоллосон байсан учраас шүүх зөрчигдсөн эрхийг сэргээж шийдсэн агуулгатай шийдвэр гаргасныг дурдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          " Тус шүүхэд "***" ХХК нь *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          Үүнд: *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг тус тус үндэслэн "***" ХХК-ийн эзэмшдэг MV-*** тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот албан бичгийг үндэслэн цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот албан бичгээр MV-*** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг "***" ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй, 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн байна.

          Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлтийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “*******, ******* яамнаас гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар дүгнэлтийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлийг хэлсэн. Тухайн газар нутаг дээр очиж бодитоор ажилласан *******, ******* сайдын тушаалаар байгуулагдсан 5 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот албан бичгийг тус тус үндэслэж УХХК-ийн *** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж тус дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгэхээр дүгнэлт гаргах эрх нь ямар хуулиар олгогдоод байна вэ гэвэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1 дэх хэсэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж; Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь хэсэгт *******, ******* яам цуцлуулах тухай дүгнэлт гаргах эрхийг хуулиар олгож өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллагын саналыг нэхэмжлэгчийн зүгээс аваагүй гэдэг талаар маргаж байна. *******, ******* яамнаас нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй гэдэг дээр маргахгүй. Яагаад аваагүй вэ гэвэл дүгнэлт гаргах эрхийг хуулиар олгосон. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллагын саналыг авах, саналыг харгалзах гэдэг нөхцөл нь юугаар үүсээд байна вэ гэвэл тухайн лиценз ашиглагч нутаг дэвсгэртээ төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны байгууллага хажууд нь ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдлыг очиж шалгаад саналаа яаманд ирүүлснээр яам түүнийг нь харгалзаад энэ үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг нөхцөл байдлыг харсны үндсэн дээр дүгнэлт гаргаж байгаа. Эс бөгөөс төрийн захиргааны төв байгууллага буюу *******, ******* яам өөрсдөө ажлын хэсэг гаргаад тухайн нутаг дэвсгэр дээр очиж өөрсдөө ажиллаад нөхцөл байдлыг тогтоогоод дүгнэлт гаргахад энэ нь хуулиар хориглогдохгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж маргаж байна. Тэгэхээр энэ дүгнэлт гаргахад зайлшгүй нутгийн захиргааны байгууллагын саналыг аваад байх шаардлагагүй. Зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн бол хуульд нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн гэж бичигдсэн байх ёстой. Харгалзан гэдэг нь зөрөөтэй ойлголт. Харгалзан гэдэг нь зайлшгүй гэдэг утгыг илэрхийлэхгүй гэж хариуцагчийн зүгээс маргаж байна. *******, ******* сайдын байгуулсан ажлыг хэсэг нөхцөл байдал дээр очиж танилцаад тухайн зөвшөөрлийг олгож байгаа эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичиг ирүүлж байгаа нь тухайн лиценз эзэмшигч дээр дүгнэлт гаргуулах санаа зорилготойгоор ирүүлсэн гэж үзсэний үндсэн дээр тухайн дүгнэлтүүдийг гаргасан. Хоёрдугаарт *******, ******* яамнаас хэд хэдэн дүгнэлтүүдийг хүргүүлсэн. Үүнээс хоёр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Үүний нэг нь УХХК. Хариуцагч маргаж байгаа нэг үндэслэл нь дүгнэлт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байгаа. Нэхэмжлэгчийн лиценз буюу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эрх нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, үйл ажиллагаа явуулах, бичиг баримтын бүрдэл хангуулах зэрэг дээр ямар нэгэн байдлаар хориг, саад учраагүй, хохирол, мөнгө бодогдоогүй нөхцөл байдалтай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт нь шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан акт байхыг ойлгоно гэж тайлбарласан. Тэгэхээр энэ дүгнэлт нь нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол өнөөдрийн байдлаар хөндөгдөөгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдвал шүүх юуг анхаарах ёстой вэ гэвэл нэхэмжлэгчид сэргэх эрх байгаа эсэх дээр дүгнэлт хийх ёстой. Тэгэхээр энэ дүгнэлт хүчингүй болсноор нэхэмжлэгчид сэргэх эрх байна уу, үгүй юу гэдэг дээр хариуцагч зөрүүтэй байна. Өнөөдрийн байдлаар лиценз нь цуцлагдаагүй, дүгнэлтийг захиргааны акт биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл *******, ******* яаманд захиргааны акт гаргах эрхтэй хоёр субъект байдаг. Нэгдүгээрт *******, ******* сайд, хоёрдугаарт Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, яамны тамга дарагдсанаар тухайн акт хүчин төгөлдөр болдог. Гэтэл энэ дүгнэлт дээр ажлын хэсэгт байсан бүрэлдэхүүн гарын үсэг зураад тухайн байгууллагын Хүрээлэн буй орчны нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга н.Энхбат гарын үсэг зураад байгууллагын тэмдэг дарагдаж байгаа. Тэгэхээр үүнийг акт гэж үзэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчид сэргэх эрх, ашиг байхгүй. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч УХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг тус тус үндэслэн *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч УХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэжээ.

2. Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан, ...хариуцагч дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар *******, ******* яам ажлын хэсэг байгуулж тухайн нутаг дэвсгэр дээр очиж өөрсдөө ажиллаад нөхцөл байдлыг тогтоогоод дүгнэлт гаргах нь хуулиар хориглогдохгүй” гэж тус тус маргажээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-т “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.”, 15 дугаар зүйлийн 15.1.1-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж заасан.

4. *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /дүгнэлт/-д нэхэмжлэгчийн зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай талбайг 3.6 га гэжээ.

4.1.Гэтэл дээрх ажлын хэсгийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудаст нэхэмжлэгчийг “*** оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, ...хууль бус олборлогчид ажиллаж байсан” талаар дурдсан байна.

4.2. *** аймгийн *******, ******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 354 дүгээр албан бичигт “УХХК нь MV-*** дугаар тусгай зөвшөөрөл сэргэснээс хойших хугацаанд тус талбайд үйл ажиллагаа явуулаагүй”, *** аймагийн *** сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичигт “...2022 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болно” гэж тодорхойлжээ.

4.3. Үүнээс дүгнэхэд УХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэснээс хойш маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль бус олборлогч нар байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй байна.

4.4. Түүнчлэн тухайн талбайг өөр эзэмшигчид шилжүүлэхдээ байгаль орчинд хортой нөлөөлсөн эсэхийг тогтоох үүргээ төрийн захиргааны байгууллага биелүүлээгүй, өмнөх эзэмшигчийн үйл ажиллагаанаас эсвэл хууль бус олборлогч нар хортой нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байхад үйл ажиллагаа явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын хэсэг гарган дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

5. Хариуцагч нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахаас өмнө энэ талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж оролцоог нь хангах шаардлагыг биелүүлээгүй байна. Хэдийгээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах боломж бүхий зохицуулалт байдаг ч энэ тохиолдол нь тодорхой хуульчлагдсан, энэ нөхцөл байдлаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл яагаад сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцлөө тайлбарлаагүй, нотлоогүй тул энэ үүргээс чөлөөлөгдөхгүй, хариуцагчийн энэ ажиллагаа зөвтгөгдөхгүй.

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан У****-иас *******, ******* яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ***дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ө.БОЛОРЧИМЭГ