Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00883

 

“Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01930 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 909 дүгээр магадлалтай,

“Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т.Цэнгэлд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 103 688 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсаэн төлөөлөгч Б.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Цэнгэл нь манай ББСБ-тай 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээлж авсан ч 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөнгө шаардлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж өгөхийг хүсэж өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан. Зээлдэгчид зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан ч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл, зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73 160 000 төгрөгийг Т.Цэнгэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн ч хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргасныг шүүх хүлээн авсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30 528 000 төгрөг болж байна. Иймээс Т.Цэнгэлээс үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58 688 000 төгрөг, нийт 103 688 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээн авсан 45 000 000 төгрөгийг ямар үйл ажиллагаа явуулахаар авсан, хэн хэнтэй хамтран ажиллахаар авсан тухайд зээлдүүлэгч байгууллага сайн мэдэж байсан. Нэмэгдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй, харин үндсэн нэхэмжлэлд дурдагдсан 45 000 000 төгрөг зээлсэн тухайд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээл нь 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй бөгөөд үндсэн зээлийн 1 сарын хүү нь 1 800 000 төгрөг болно. Гэтэл нэхэмжлэгчээс зарим тохиолдолд 1 800 000 төгрөг заримдаа 2 060 000 төгрөгийг хүлээж авсан нь үндэслэлгүй. Мөн Т.Цэнгэл нь энэ нэхэмжлэлийг дангаараа хариуцах үндэслэлгүй, учир нь хэрэгт авагдсан “Мөнхийн эрхи” ББСБ-аас Т.Цэнгэлд хандсан тоот бичигт байгууллагыг хуурамч мэдээллээр ханган онц их хэмжээний мөнгө авснаар залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна гэсэн нь анхнаасаа хариуцагч бусад этгээдүүдтэй хамт очиж зээл авсан боловч байраа барьцаалсан гэдэг утгаараа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүний улмаас зээлдэгч байгууллага Х.Бүжмаа гэх этгээдийн үйлчилгээ явуулдаг газрыг шалгаж зээлээ төлөх боломжтой, хамтран ажиллаж байгааг мэдсэн, хариуцагч нь зээл аваад эрсдэлд орсон гэдгийг нотлох хангалттай баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд Т.Цэнгэл нь зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй, үндсэн зээл болох 45 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Үндсэн мөнгөнөөс 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний нөхцөл, нэхэмжлэлийн шаардлагаас авч үзэх юм бол зээлийн гэрээ дуусгавар болсон тухайгаа зээлдэгч тал илэрхийлсэн. Иймд нэмэгдүүлсэн хүүг бодох үндэслэл байхгүй тул үндсэн нэхэмжлэлээс 38 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01930 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Цэнгэлээс 95 480 000 төгрөг гаргуулан “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 208 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693 700 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 635 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 909 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн хүсэл зоригийн эсрэг нэхэмжлэгч талд үйлчилсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-аас зээл аваагүй, авч байхыг нь хараагүй. Гэтэл өмгөөлөгч нь мөнгө авсан, хүүг багасгаж өгөөч гэжээ. Давж заалдах шатны шүүх хариуцагч юу гэж хэлэх нь хамаагүй. Өмгөөлөгч нь зөвшөөрсөнд үндэслэл магадлалаа гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг сонсоход шүүх хариуцагчаар үг хэлүүлээгүй, хүсэл зоригийг нь асуугаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.3, 110, 112, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тус тус зөрчсөн. Г.Цэнгэл мөнгө тоолж аваагүй. н.Тулга гэдэг н.Дүгэрээгээс мөнгө тоолж авахыг хараагүй. Нэхэмжлэгчийн касснаас нэг ч төгрөг зээлэнд гаргаагүй, Дүгэрээ банкнаас өөрийн данснаас 20-иод сая төгрөг авч н.Тулгаад өгсөн байдаг. Дээрх үйл явдлыг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасны дагуу тайлбарлавал зээлийн эрх зүйн харилцаанд н.Дүгэрээ, н.Тулгаа нар оролцсон, тэдний хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцогдоно. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу Т.Цэнгэлд нэг ч төгрөг өгөөгүй, нэхэмжлэгчийн касснаас нь нэг ч төгрөг гараагүй буюу зээлийн гэрээ хэрэгжээгүй байна. Шүүх мөнгө өгөөгүй ББСБ-ын нэхэмжлэлээр мөнгө аваагүй Т.Цэнгэлийг хариуцагч болгосон мөртлөө мөнгө өгсөн н.Дүгэрээ, мөнгө авсан н.Тулгаа нарыг хэрэгт оролцуулахаас татгалзжээ. Уг шалтгаан нь хэрэгт хамааралгүй гэжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заагдсанаар тоо, хэмжээний мөнгийг зээлж. буцааж өгөх үүргийг заажээ. Гэтэл 45 000 000 төгрөг өгсөн гэдгийг хэн нотлоод байгаа нь тодорхойгүй н.Тулгыг банкнаас авч гарсан гэх банкны жижиг уутаар иь багцаалбал 20-иод сая төгрөгийг н.Тулгаа авсан байх боломжтой. 45 000 000 төгрөг байсан гэдгийг тогтооё гэвэл н.Дүгэрээгийн банкнаас авсан мөнгөний хэмжээгээр тодорхойлно. Иймд дээрх 4 үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь хариуцагч Т.Цэнгэлд холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үүрэгт 73 160 000 төгрөг гаргуулахыг шаардсан байх ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 103 688 000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Тэрээр нэхэмжлэлд зээлийн гэрээнээс гадна барьцааны гэрээг хавсаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс “зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээс хангуулах” шаардлага гаргаагүй байхад хоёр шатны шүүх шийдвэр гаргасан нь шүүх хөндлөнгийн байх зарчим алдагдсан гэж үзэв.

Хариуцагч Т.Цэнгэл зээл төлөхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байсан хэдий ч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргасан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн ач холбогдол бүхий үйл баримт тодорхой бус байх ба энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзвэл Т.Цэнгэл нь “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэсэн байжээ. Энэ захирамжинд хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гомдол гаргасныг шүүгч хянаад гаргасан захирамжаа илт үндэслэл муутай гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн байхад тухайн шатны шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хянаж, хүчингүй болгосноос шүүгч нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаа хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны талаар дүгнэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01930 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 909 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 350 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА