Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 493

 

Х.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Х.Д, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 330 дугаар магадлалтай, Х.Д-д холбогдох 1705002820238 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Абсолют” төвд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 дүгээр гудамж, 07 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Х-н Д.

Х.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Тосгоны 1 дүгээр гудамжны 14 тоот хашааны хажуу талд барьж буй барилга дотор иргэн Л.Н-ыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Д-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х.Д-аас 1,043,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Н-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Д- гаргасан гомдолдоо “... Хэрэгт бүрдсэн материалын дагуу бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч 2 зүйл хавтас хэрэгт тусгагдаагүйн улмаас хохирч ял эдлэх болоод байна. Үүнд:

1. Хохирогч Н-г хэрэг болохоос өмнө хүнд зодуулаад шанаа нь хавдсан байдалтайгаар ачаа зөөж явсныг, жолоочтой таарч энэ тухайгаа ярьж байсан талаар, тэр 2 гэрч хэргийн материал бүрдүүлж байхад 1 нь олдохгүй 1-нд нь энэ тухай ярьсныг миний бие мэдээгүй байсан болно.

Аливаа яс хугарах юм уу аль эсвэл цууралт үүсэхээрээ 10-30 минутын дотор хавдаж 24 цагийн дотор хурдандаа хавдар буудаг гэх мэргэжлийн эмчийн дүгнэлт яриа шаардлагатай бол магадлал байна. Гэтэл хохирогч хэрэг болсны маргааш мөрдөн байцаагч дээр очсон байдаг. Мөрдөн байцаагч дээр очиход хавдар байхгүй байсан мөн маргааш өглөө нь надтай таарахад мөн тийм зүйл байхгүй байсан.

2. Шүүх эмнэлгийн тухайн цаг үед үүсэж болзошгүй гэх дүгнэлт.

Н бид 2-ын маргаан хоорондын зодоон ... зодооныг харсан гэх гэрч Б-н яриа, Б тухайн зодоон болж байх үед байхгүй байсан ... түүнээс миний бие энэ тухай асуухад би чиний юу болсон яриан  дээр үндэслэж ярьсан шүү дээ гэх гэдэг. Б-с гэрчийн асуултыг ахиж үнэн зөвөөр асуулгамаар байна. /Зодоон гэж тодотгосныг ойлгомжтой болгохын тулд бичлээ. Н-г болиулах гэсэн миний оролдлого./ Прокуророос Н-ыг согтуу явдаг байдлыг ашиглаж байна гэх дүгнэлтийг хийсэн. Хохирогчийн согтуу байдалтай урьд өмнө нь гаргадаг авир янз бүрийн үйлдлийг шүүх хурал дээр ямар нэг байдлаар ашиглаж яриагүй. Хохирогч ... агсам тавиад манай хүмүүсийг 2-3 удаа ийм байдалд оруулаад мөнгө нэхэж байсан үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Өнөөдрийн байдлаар хөрш Н-тай уулзахад ялаа эдэлж байна уу, миний мөнгийг өг, цааш нь явуулаагүйд баярлаж яв гэх мэтээр агсам тавиулж байна. Миний бие Н-ын мөнгийг төлөөд хуулийн өмнө буруутай зүйл хийсэн мэтээр ялаа эдлээд явбал цаг хугацааны хувьд амар боловч хийгээгүй хэргийн төлөө, мөрдөн байцаалтын шатанд дээрх зүйлийг бүрдүүлж өгөөгүйн улмаас хуулийн хариуцлага хүлээхэд хүрээд байна. Иймд өргөдлийг харгалзан үзэж хуралдааныг хийж, анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Х.Д-д холбогдох хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эрүүний хугарал гэмтэл нь Х.Д-д цохиулсны улмаас үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Д-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Тосгоны 1 дүгээр гудамжны 14 тоот хашааны хажуу талд барьж буй барилга дотор иргэн Л.Н-ыг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Х.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 330 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Х.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН