Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 110/2017/0044/з |
Дугаар | 220 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 220
Б.Н-н нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Бугат сумын
Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг даргын Б/37 дугаар захирамжийн А.Ж-г томилсон хэсгийг хүчингүй болгуулах, Б.Н-г Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай,
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0144 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т-г оролцуулж,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас Б.Н-г чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар А.Ж-г томилсон хэсгийг хүчингүй болгож, Б.Н-г Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0144 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-н гомдлын агуулгад: Нэхэмжлэгч Б.Н нь боловсролгүй бөгөөд үргэлж өөрийн ах дүүс хамаатан цугласан 3 дугаар багт будлиан хийж төрийн ажлыг самгардуулж ирсэн. Б.Н нь 1992 онд Ховд аймагт Хөдөө аж ахуйн техникум төгссөн, малын бага эмч гэж 572 тоот хуурамч диплом үзүүлж энэ дипломоор олон жил сумын Засаг даргатай гэрээ хийж хувийн мал эмнэлгийн нэгжийг 3 дугаар багт хуурамчаар ажиллуулж байсан нь илэрч аймгийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 5/36 дугаар тогтоолоор хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.
4. Энэ мэт өөрөө боловсролгүй мөртлөө 3 дугаар багийн иргэдийг хууран мэхэлж ирсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 1 дүгээр сарын 27-нд сонгуулиас 1 сарын өмнө 10 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолын утга нь “Боловсролтой, зохих мэргэжилтэй, ядахдаа Монгол хэл мэддэг, төр Засгийн шийдвэрийг багийн иргэдэд хүргэж чадах чадвартай, шударга иргэнийг сонгуулах” зорилготой байсан. Дээрх тогтоолд гомдол ирүүлээгүй, орон нутагт хэрэгжиж байгаа, одоо ч өөрчлөгдөөгүй эрхийн акт юм.
5. Гэтэл Б.Н нь өөрийн нөлөөлж байсан 3 дугаар багт нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд давуу санал авсан гэж 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад томилуулах хүсэлт ирүүлэхэд сумын Засаг дарга би уг саналыг дээрх шалтгаанаар эрхийнхээ дагуу буцаасан. Багийн иргэдийн Нийтийн Хурал хүсэлт буцаасны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар 15 хоногийн дотор Б.Н-г томилох тухай тогтоол гаргаж ирүүлэх байтал ирүүлээгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн тул Б.Н-г томилоогүй юм.
6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Aнхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болж, олонхийн санал авсан Б.Н-г багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байх бөгөөд сумын Засаг даргаас “багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх шаардлагатай, энэ шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.
9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заасны дотор “дээд боловсролтой байх” шаардлага байхгүй байхад нэхэмжлэгчийг хуульд заагаагүй үндэслэлээр томилохоос татгалзсан нь хуульд нийцэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
10. Хариуцагчийн “Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолын дагуу багийн Засаг даргад нэр дэвшигчид “дээд боловсролтой байх” гэсэн шаардлагыг журамласан, энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулиар нэгэнт тогтоосон асуудлыг өөрөөр зохицуулах, хуульд зааснаас өөр шаардлага нэхэмжлэгчээс шаардах эрх захиргааны байгууллагад олгогдоогүй, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна.
11. Хариуцагчийн “572 тоот хуурамч диплом үзүүлж, энэ дипломоор олон жил сумын Засаг даргатай гэрээ хийж хувийн мал эмнэлгийн нэгжийг 3 дугаар багт хуурамчаар ажиллуулж байсан нь илэрч аймгийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 5/36 дугаар тогтоолоор хэрэг үүсгэн шалгагдаж байгаа” тухай гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь Баян-Өлгийн аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/189 дүгээр тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5/36 дугаар тогтоолоор Б.Н-д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
12. Хариуцагч сумын Засаг дарга нь 3 дугаар багийн Засаг даргаар иргэдийн Нийтийн хуралдаанаас нэр дэвшүүлээгүй, тухайн багийн иргэдийн олонхийн санал аваагүй А.Ж-г томилсон нь хууль зөрчсөн тул сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний Б/37 дугаар захирамжийн А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, мөн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй учраас цалин гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
13. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0073 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0144 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ