Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0525

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ангар нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Ангар, А.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, С.Вандандорж, Б.Алтансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ангар, А.Оюун, С.Санжжав, С.Наран нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3-ын в, 19 дүгээр зүйлийн 19.1, Хот байгуулалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “....Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан хувийн хэргийн материал, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл журмын 3.4-т “Журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан авто зогсоол барихаар санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас баталсан загварын дагуу мэдээллийн самбарыг байршуулах байршлыг тогтоож өгнө”, 3.5-д мэдээллийн самбар нь 3*2 метрийн хэмжээтэй байх бөгөөд самбарыг барилгажих талбайд оршин суугчдад тод харагдахуйцаар 14 хоног байрлуулна” гэж заасны дагуу самбар байршуулаагүй байна” гэжээ. Иргэн Х.Эрдэнэцэцэг тухайн байршилд самбар байршуулан иргэдээс тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж санал авсан байдаг бөгөөд тухайн самбар байршуулсан тайлбараа шүүх хуралд гаргах боломж олгоогүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийвдэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн зарчмыг зөрчиж хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Х.Эрдэнэцэцэг нь тухайн төсөл хэрэгжүүлэх байршилд самбар байршуулсаныг хариуцагчийн зүгээс тайлбарлаж байсан бөгөөд  тус хуулийн 7.1, 7.2-т заасан шүүх нотлох зарчмаа хэрэгжүүлээгүй, 32 дугаар зүйлийн 32.1-т хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллага нь газар барилгажилтын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу тус байршилд баригдах газар доор гараашийн танилцуулгыг оршин суугчдын төлөөлөлд танилцуулах сонсголыг зохион байгуулсан бөгөөд сонсгол зохион байгуулагдах өдөр, цаг, байршлыг санал өгвөл зохих иргэдэд мэдэгдсэн, ирсэн 29 иргэнд төслийн танилцуулгыг хийсэн. Ирсэн 29 иргэн 100 хувь дэмжсэн. Нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирээдүйд болох нөхцөл байдалд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн. Маргаан бүхий газар доорх гарааш нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто зогсоолын тоог нэмэгдүүлэн түгжрэлийг бууруулах гэсэн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил болох, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөх ТЭЗҮ-д маргаан бүхий барилгуудыг түүхэн барилгууд, буулган дахин шинээр барих тохиолдолд фасад, өнгө зэргийг хуучнаар төлөвлөхөөр тусгасан болохыг хариуцагчийн зүгээс тайлбарлаж, нотлох баримтаар тогтоогдож байхад үндэслэлгүй мэтээр тайлбарлаж байна. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй бөгөөд, уг саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.10-т “Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно” гэж заасны дагуу саналаа өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон. Мөн журмын 4.11-т санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэж заасанчлан эсэргүүцсэн санал 70 хувьд хүрээгүй болно.  Газар барилгажилтын зөвлөлийн хурал нь хууль, дүрэм журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэлтэй, хуулийн дагуу гарсан болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “..:Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. ...Тус байрууд нь 2030 оныг хүртэл барилгыг буулгах боломжгүй түүхийн дурсгалт барилгын өнгө үзэмж буюу фасадыг сайжруулах зэргээр арга хэмжээ авч ажиллаж байгааг ТЭЗҮ-д тусгасан, мөн хурлын хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргээр нотлогдсоор байхад шүүх тус барилгыг буулгаж түүний доор авто зогсоолын асуудлыг цогцоор шийдвэрлэх мэтээр буруу дүгнэлт хийсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/933 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн бөгөөд тус захиргааны актаар газар эзэмшүүлсэн эрх хадгалагдсаар буюу хуулийн хүчин төгөлдөр үйлчилсэн захирамжийг хүчингүй болгоогүй мөртлөө Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/700 дугаар захирамжаар маргаан бүхий газрын байршлыг зөвтгөж өөрчлөлт оруулсан захирамжийг хүчингүй болгосон шийдвэртээ Газрын тухай хуулийн ямар хэсэг, заалтыг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт өгөөгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт энэ тухай огт дурьдаагүй зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй, нарийвчлан зохицуулсан Газрын тухай хууль байсаар байхад A/700 дугаар захирамж хэрхэн зөрчсөн талаар шүүх харгалзан үзсэнгүй. Шүүх нэхэмжлэгч нарын ямар эрх зөрчигдсөн болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нараас тодруулаагүй. Хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч 4 иргэний аль хуулиар хамгаалагдсан ямар эрх зөрчигдсөн эсэхийг асуухад хариулаагүй, 4 иргэний эрх ашгийг төлөөлж байна уу, оршин суугчдын эрх ашгийг төлөөлж байна уу гэж асуухад оршин суугчдын эрх ашгийг гэж хариулснаас үзэхэд тухайн байрны нийт оршин суугчдын төлөөлөл бүхий төрийн бус байгууллага байх ёстой талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуульд хуульчилсан байхад шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг хүлээн авсан талаар нэхэмжлэгчид тайлбарласан. Шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Шүүх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэдийн саналыг адилхан бичиг, нэг хүний гараар 9 саналын хуудас гэх мэтээр дүгнэлт өгч байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргасаар байхад шүүх үндэслэж байгаа нь \шинжээч томилох\ хууль зөрчсөн байна. Мөн шүүхийн зүгээс оршин суугчдын 80 хувь дэмжээгүй тул захиргааны актыг хүчингүй болгосон тухай дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан тухайн байруудын нийт 200 гаруй оршин суугч хуралдаад түүний 80 хувь хүлээн зөвшөөрөөгүй талаарх нотлох баримт байхгүй байхад шүүх шийдвэрлэж байна. Тус саналын талаар нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан иргэдийн санал нь хуульд заасан журмаар гараагүй гэж өөрөө дүгнэсэн мөртлөө зөрчилтэй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг удаа дараа зөрчсөөр байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж, захиргааны актад хууль зүйн талаас дүгнэлт өгч чадаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үүгэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

          Нэхэмжлэгч  Д.Ангар, А.Оюун, С.Санжжав, С.Наран нар нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг зөрчиж оршин суугчдаас санал аваагүй, авто зогсоол барих нь орон сууцны барилгын чанарт сөргөөр нөлөөлж нурах аюултай, Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба энэ нь дээрх хуулиар олгосон Засаг даргын эрх хэмжээнд нийцсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг тус тус баримтлан 23 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг  дүүргийн Засаг даргын Тамгын газруудад олгосон,  уг захирамжийн хавсралтын 20-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 40, 41, 42 дугаар байрны хойд талд 2160 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжаар А/933 дугаар захирамжийн хавсралтын 20-д “40, 41, 42 дугаар байр” гэснийг “40, 42, 44 дүгээр байр” гэж, “хойд талд” гэснийг “дунд талбайд” гэж тус тус өөрчилсөн нь нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шүүх тодорхойлж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч нарын санал өгөх эрхийг зөрчсөн нь тогтоогдсон гэх үндэслэлээр, “Бага тойруу”-гийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлтэй /цаашид ТЭЗҮ гэх/ уялдаагүй, оршин суугчдын 80 хувь нь дэмжээгүй гэж дүгнэн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгохдоо Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгосон А/933 дугаар захирамж хүчин төгөлдөр байх төдийгүй Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр байрны оршин суугч Д.Ангар, А.Оюун, 42 дугаар байрны оршин суугч С.Наран, 44 дүгээр байрны оршин суугч С.Санжжав нарын Иргэний хуульд заасан өмчлөлийн орон сууцаа үзэмжээрээ захиран зарцуулах эрх болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан  эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөөгүй болохыг анхаараагүй нь буруу болжээ. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь сүбьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэр гаргадаг.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгаснаар дээрээ тохижилт бүхий газар доорхи авто зогсоол нь газрын хөрстэй 0,00 төвшинтэй тэнцүү байх, дээр нь иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай, хайс хашлага, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн байх бөгөөд нийтийн эрх ашгийн төлөө буюу нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар доорх авто зогсоолын зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч нэр бүхий дөрвөн иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Түүнчлэн, Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 40, 50 мянгат дахин төлөвлөлтөд орохтой холбогдуулан  ТЭЗҮ батлагдсан гэх үндэслэлээр байршлыг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн ч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар дээрх ТЭЗҮ-д уялдуулж болох талаар ярилцаж байршлын хувьд дэмжсэн байх ба шүүх захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж дүгнээд шийдвэрлэсэн асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй төдийгүй энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад “Бага тойруу”-гийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлтэй уялдаагүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Мөн  нэхэмжлэгч нараас Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэртэй маргаж, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.9-д “Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж Газар барилгажилтын зөвлөлийн баримталвал зохих заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг буруутган хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгосон А/933 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан Нийслэлийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ангар, А.Оюун, С.Санжжав, С.Наран нарын “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                            

                                

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Д.БАТБААТАР  

                                     ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ      

                                     ШҮҮГЧ                                                     О.НОМУУЛИН