Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01923

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/01923

Улаанбаатар хот

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Гэрээний үлдэгдэл төлбөрт 8 135 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С

хариуцагч С.Ө

нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* констракшн ХХК хариуцагч******* холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 8 135 300 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* констракшн ХХК нь хариуцагч болох*******тэй 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******** гэдэг орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо*******-р байр******* тоотод байрлах 48.68 м.квадрат талбайтай орон сууцыг нийтдээ 98 741 200 төгрөгөөр худалдан борлуулахаар талууд тохиролцсон. Хариуцагч нь нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд 90 605 900 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 8 135 300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. ******* констракшн ХХК нь хариуцагч*******ийн гэрийн хаягаар болон, хувийн утасны дугаарт залгаж , төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж байсан боловч, гэртээ байдаггүй байсан, мөн анхны захиалагч учраас шууд шүүхэд өгөөд яахав дээ гэдэг үүднээс удаа дараа хойшлуулдаг байсан. Иймээс шүүхэд төлбөрөө барагдуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* констракшн ХХК-аас байр захиалан төлөлтүүдийг төлөөд явж байсан. Сүүлийн жилүүдэд байрны хана цуурч дулаан алдалтын асуудлууд гарч ирсэн. Энэ байдлыг тус компанийн хуулийн зөвлөхөд учирлаж хэлсэн. Гэтэл хариу өгөхдөө бид шүүхээр шийдүүлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Үлдэгдэл төлбөр болох 8 135 300 төгрөгийг төлөөгүй асуудал нь барилгын чанарын ноцтой доголдол байгаа юм. Иймээс төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь манай байр Туул голын цэвдэг хэсэгт байрладаг. Барилгын суурь бетон зуурмаг чанартай эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд Барилгын тухай хуулиар 60 жил байх байтал 10 жил болоогүй байхад ийм асуудал үүсч байгаа нь эрсдэл үүсгэж байна. иймд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, асуудлыг тогтоосны дараагаар төлөх бодолтой байна. Манайхаас гадна 108 айл өрхийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Үнийн дүн дээр бол маргахгүй, орон сууцандаа 2015 оны 3-р улиралд орсон, түүнээс хойш амьдарч байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014.05.30-ны өдрийн ******* дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, ******* констракшн ХХК-ийн 2022.12.06-ны өдрийн******* дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн тооцооны баримт, мессеж чатны зураг, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.16-ны өдрийн******* дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.28-ны өдрийн дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.30-ны өдрийндугаар захирамж зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 4-14/

 

4. Хариуцагчаас хариу тайлбар, цууралт үүссэн гэх өнгөтөөр хэвлэсэн 3 хуудас баримтыг ирүүлсэн байна./хх-ийн 61-64/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* констракшн ХХК нь хариуцагч болох*******тэй 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр **** гэдэг орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо*******-р байр******* тоотод байрлах 48.68 м.квадрат талбайтай орон сууцыг нийтдээ 98 741 200 төгрөгөөр худалдан борлуулахаар талууд тохиролцсон. Хариуцагч нь нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд 90 605 900 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 8 135 300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул төлбөрөө барагдуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Миний бие ******* констракшн ХХК-аас байр захиалан төлөлтүүдийг төлөөд явж байсан. Үлдэгдэл төлбөр болох 8 135 300 төгрөгийг төлөөгүй асуудал нь барилгын чанарын ноцтой доголдол илэрч, ашиглалтад орсноос хойш 3 жилийн дотор цууралт өгч эхэлсэн. Иймээс төлөх боломжгүй гэж үзэж байна. Үнийн дүн дээр бол маргахгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* констракшн ХХК,******* нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр**** дугаар Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 9 давхар,******* тоотод байрлах, 2 өрөө, 48.68 м.кв орон сууцыг нийт 98 741 200 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээ байгуулах үед төлбөрийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгийг, орон сууцны гүйцэтгэл 100 хувьтай болоход 6 305 900 төгрөгийг, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үед 22 435 300 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч******* нь 2014.05.30-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 2014.08.08-ны өдөр 6 305 900 төгрөг, 2014.11.18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014.12.16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.03.23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015.08.30-ны өдөр 5 300 000 төгрөг, нийт 90 605 900 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч******* нь орон сууц худалдаж авсан үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул дээрх төлбөрийг шаардах эрхтэй.

 

6. Хариуцагч татгалзлын үндэслэлээ маргаан бүхий барилга нь стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд барилгын суурь бетон зуурмаг чанартай эсэхэд эргэлзэж байгаа. Барилгын чанарын дүгнэлт гарсны дараагаар төлөх бодолтой байна. Барилга чанарын доголдолтой талаар бичгээр болон аман байдлаар гомдлоо олон удаа өгч байсан гэж тайлбарласан энэ талаар баримтаар нотолж чадаагүй байх ба дээрх үндэслэлээр маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

6.1 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 -д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд мөн зүйлийн 251.2-т гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ.

 

6.2 Хариуцагч******* нь орон сууцны чанарын талаар маргаж байх ба энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэлд хамаарахаар байх ба уг заалтад эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй хэдий ч энэ талаараа мөн зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргах ёстой ба ийнхүү энэ хугацаанд гомдол гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. гэж заасан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч дээрх хугацаанд гомдлоо гаргаж байсан талаараа нотлоогүй, энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

 

6.3 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж зааснаар талууд гэрээгээр эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд 2015 оны 3 дугаар улиралд хүлээн авснаас хойш дээрх эрхээ хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг шаардаж байсныг хариуцагч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан гэж үзсэн болно.

7. Иймд хариуцагч*******өөс гэрээний үлдэгдэл төлбөр 8 135 300 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******өөс гэрээний төлбөрт 8 135 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* констракшн ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 145 115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* констракшн ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ