Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 75

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн 1704000890016 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Г.Анхбаяр

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                Д.Энхсаруул

 Шүүгдэгч                                                Б.Отгонбаяр нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр Д.Энхсаруул, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 18 тоотод түр оршин суух, /цахим үнэмлэхний хаягаар Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 1 дүгээр гудамжны 3 тоот /, урьд 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 9 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 сарын 23-ны өдөр 8 сар 6 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигин овгийн Болдбаатарын Отгонбаяр /РД:УЮ90022418/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Отгонбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед гэртээ хамтран амьдрагч Д.Энхсаруулын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:”...Би хажуу айлын хүнтэй маргалдсан чинь эхнэр Энхсаруул “архи уухаараа хэрүүл хийгээд байх юм гээд намайг зайл гэж хөөгөөд хашаанаас гаргах гээд араас түлхээд байхаар нь би эргэж хараад түүний нүд рүү нь зүүн гараараа нэг удаа алгадсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй, эхнэртэйгээ эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

 Хохирогч Д.Энхсаруулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед манай эгч Энхтүвшин манайд ирсэн байсан. Эгч манай нөхрийг архи уулаа гээд хамт ирсэн найзуудыг гэрээс хөөсөн. Би ч бас нөхрийгөө зайл гээд хэлчихсэн. Манай хашаанд байдаг айлын хүн Отгонбаярыг “хадмынхаа хашаанд амьдардаг, эхнэрээрээ тэжээлгэдэг” гээд байсан. Отгонбаяр хажуу айлын хүнтэй муудалцаж байснаа эргэж хараад гараараа миний баруун хацар луу алгадаж, хөл рүү өшиглөсөн. Бид эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 9 сарын 1-ний өдрийн №09шэ/232 дугаартай дүгнэлтэд: ”Д.Энхсаруулын биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруу нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 11/,

Хохирогч, шүүгдэгч нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-н 23,25/

Б.Отгонбаяр нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 17, 19-22/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/232 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

     Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 18 тоот өөрийн гэрийн хашаанд хамтран амьдрагч Д.Энхсаруулын “зайл” гэж хэлсэн үгэнд дургуйцэн түүнийг алгадах, өшиглөх зэргээр зодож, биед нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “эргэж хараад Энхсаруулыг нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхсаруулын “...Отгонбаяр эргэж хараад гараараа миний баруун хацар руу алгадаж, хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 09 шэ/232 тоот актын “Д.Энхсаруулын биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн шилбэнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 11/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нарын хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотойгоор гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч нь хохирогч Д.Энхсаруулын биед халдаж хүч хэрэглэсэн байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Отгонбаяр нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан нь тогтоогдов.

   Прокуророос Б.Отгонбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Б.Отгонбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Болдбаатарын Отгонбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Болдбаатарын Отгонбаярыг 450/ дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг Б.Отгонбаярт мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Отгонбаярт мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Д.Энхсаруул нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Б.Отгонбаяр холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАЙГАЛМАА