Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/98

А.Г-т холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогч Б.Б, Л.С, Б.М,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009000001404 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          А.Г, 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            А.Г нь үргэлжилсэн үйлдлээр:

            1. 2018 оны 2 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Австрали улс руу виз гаргаж өгнө, хамтарч бизнес хийнэ” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Б.Батбаяраас 27.900.000 төгрөгийг авч залилсан,

             2. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр20.000.000 төгрөг өгчихвөл банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Алтай хотхонд байрлах 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж чамд худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Д-ээс 16.200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь *** дугаарын дансаар авч залилсан,

            3. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Шүүхийн шийдвэрээр хураагдсан байр болон автомашин хямд үнээр худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж Б.М-с нийт 36.800.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилсан,

            4. 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн талбайн урд талын автомашины зогсоол дээр “Алтай хотхоны *** дүгээр байрны *** тоот орон сууцыг хямд үнээр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж Л.С-с бэлнээр 10.000.000 төгрөгийг авч залилсан,

            5. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Япон Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Н.Г-с 6.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            6. 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, City Tower”-т “Найз нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ хотхонд байртай бөгөөд уг байраа барьцаанд тавьчихсан байгаа, одоо барьцаанд тавьсан банк бус санхүүгийн байгууллагаас миний байрыг хурааж авах гээд байна, барьцаанаас чөлөөлж худалдан борлуулаад ашиг олох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж Ө.Б-с 2.800.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь  ***  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  А.Г-с 91.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д 34.300.000 төгрөгийг,  Л.С-т 9.800.000 төгрөгийг, Ө.Б-д 2.800.000 төгрөгийг, Б.Б-т 22.900.000 төгрөгийг, Н.Г-т 6.150.000 төгрөгийг, Б.Д-д 16.200.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч Б.М-с 16.800.000 төгрөгийг л авсан бөгөөд түүний мэдүүлж буй илүү 20.000.000 төгрөгийг аваагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар уг асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан. Гэвч энэхүү шийдвэр биелэгдээгүй, хохирлын хэмжээ зөрүүтэй байхад прокуророос намайг яллаж миний эрх зүйн байдлын дордуулсанд гомдолтой байна. Иймээс уг асуудлыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А.Г-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А.Г нь надаас бэлнээр болон дансаар нийт 36.800.000 төгрөгийг авч залилсан. Шийтгэх тогтоолд “38.600.000 төгрөг” гэж бичсэн байсан. Тэрээр надаас мөнгө авахдаа “...хураагдсан байр, автомашиныг хямд үнээр худалдаж авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 14-нөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 14.100.000 төгрөгийг дансаар, 22.700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан. Энэ нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Надаас мөнгө авсан болохыг нотлох баримтуудыг тус шүүхэд гаргаж өгсөн байгаа. ...” гэв.

            Хохирогч Б.Б-с тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Хохирогч Л.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр энэ хэргийг хэлэлцэж байсан. Үүнээс хойш маш олон хүнээс мөнгө авч залилсан. Шүүгдэгч А.Г нь хууль, шүүхийн байгууллагаар тоглоод байна. ...” гэв.

            Прокурор М.С тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Г-н үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.Г нь “...Гадаад улсын виз гаргаж өгнө, хамтарч бизнес эрхэлнэ, шүүхийн шийдвэрээр хураагдсан болон барьцаанд байгаа орон сууц, автомашин зэргийг хямд худалдана...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 2 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 6 иргэнээс нийт 99.850.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч буюу 6 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б, Б.Д, Б.М, Л.С, Н.Г, Ө.Б нар нь шүүгдэгч А.Г-т мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

1. Хохирогч Б.Б-ын “...Австрали Улсын виз гаргаж өгнө” гэж хэлээд 2018 оны 2 дугаар сараас хойш надаас мөнгө авсан. 2018 оны 2 дугаар сард “Визний материал бүрдүүлэх хэрэгтэй” гэж хэлээд 500.000 төгрөг авсан. 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкны Бөхийн өргөө дэх салбараас Г-ийн  эзэмшлийн 340601369009 дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эхнэр Э-ийн эзэмшлийн *** дугаартай данснаас 1.800.000 төгрөгийг гарган авч Г-ийн гэрт нь аваачиж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төрийн банкны Бөхийн өргөө дэх салбараас Г-ийн эзэмшлийн *** дугаартай данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн, мөн өдрөө бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхнэр Э-ийн эзэмшлийн данснаас 1.500.000 төгрөгийг авч Г-ийн гэрт нь аваачиж өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Байр өгнө, урьдчилгаа нэр шилжүүлэх мөнгө өгчих” гэхээр нь Төрийн банкны Бөхийн өргөө дэх салбараас Г-ийн эзэмшлийн *** дугаартай данс руу 2.200.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр тус салбараас Г-ийн эзэмшлийн ***  дугаартай данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Э-ийн эзэмшлийн Хаан банкны данснаас 2.000.000 төгрөгийг авч Чингисийн талбайн ойролцоо Г-т бэлнээр өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данснаас  *** дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г-ийн өгсөн *** дугаартай данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн, мөн өдрөө 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүрэг дэх Хууль зүйн яамны хойд талд байрлах Голомт банкны салбарын гадна бэлнээр өгсөн. Г-т нийт 27.900.000 төгрөг өгсөн. ...” /1хх 222-223/ гэх мэдүүлэг нь:

- түүний эзэмшлийн Хаан банкны  ***  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 232-233/, Ц.Э-ийн эзэмшлийн Хаан банкны *** болон Төрийн банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 234, 239/, Төрийн банкны мөнгө шилжүүлгийн баримтууд /1хх 235-238/,

- шүүгдэгч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /2хх 80-81, 189/ мэдүүлэг зэргээр,

            2. Хохирогч Б.Д-ийн “...Г  2019 оны 11 дүгээр сард надтай уулзаад “Алтай хотхонд 2 өрөө 40 мкв орон сууц байна, уг байраа би банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байгаа, чи 20.000.000 төгрөг өгчихвөл байраа барьцаанаас суллаад чамд зарна” гэж хэлсэн. Гэтэл уг байр нь өөрийнх нь эзэмшлийн байр биш хамт ажилладаг хүнийх нь байр болж таарсан. Одоо яг хэддүгээр байр, хэдэн тоот гэдгийг нь санахгүй байна. Алтай хотхоны нэг байранд Г-тэй хамт очиж байсан. Намайг ороход эвдэрхий тавилгатай 2 өрөө байр байсан. Эхнэр М-ын эзэмшлийн ***  дугаартай данснаас Сүхбаатар дүүргийн төв тооцооны төвөөс Г-ийн эзэмшлийн *** дугаартай данс руу 16.200.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шилжүүлсэн. Байрны гэрчилгээ бичиг баримт үзүүлээгүй. Ямар банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан талаараа хэлээгүй. “Компаниас урамшуулж байр бэлэглэсэн” гэж хэлж байсан. ...” /2хх 64-65/ гэх мэдүүлэг нь:

            - Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “О.М-ын эзэмшлийн ***  дугаартай данснаас А.Г-ийн эзэмшлийн *** дугаартай данс руу 16.200.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн утга бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /2хх 66/,

            3. Хохирогч Б.М-ын “...2020 оны 5 дугаар сарын 14-нөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 36.800.000 төгрөгийг удаа, дараа өгч залилуулсан. “Шүүхийн шийдвэрээр хураагдсан *** хотхонд байрлах 2 өрөө байр байна, 30.000.000 төгрөгтэй байхад авах боломжтой” гэж Г надад хэлсэн. Боломжийн үнэтэй юм байна гэж бодоод би шунасан. Миний шунал дээр тоглолт хийсэн. ... Мөн “6.000.000 төгрөгийн үнэтэй автомашин байна” гэж хэлсэн. Би 36.000.000 төгрөгтэй байхад автомашин, байртай болчих юм байна гэж бодоод тэмүүлсэн. ... 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5033484511 дугаартай данснаас Г-ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данс руу 9.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын сүүлээр өөрийн ажил дээрээ уулзаж бэлнээр 15.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 600.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Байрны гэрчилгээ шилжүүлж өгнө” гэж 1.700.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Би Ганзоригт дансаар 14.100.000 төгрөг, бэлнээр 22.700.000 төгрөг, нийт 36.800.000 төгрөг өгч залилуулсан. Үүнээс 3.000.000 төгрөгийг нь “Банк бусаар хураагдсан автомашин байна, чамд авч өгье” гэж хэлээд бэлнээр авсан. Г-т өгсөн мөнгийг би найз Э, С, Л нараас зээлж авч өгсөн. ...” /1хх 18, 2хх 199-201/ гэх мэдүүлэг нь:

            - түүний эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-13/,

            - гэрч О.Э-ийн “...манай найз М надаас мөнгө зээлж авсан нь үнэн. Надтай утсаар ярихдаа “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байр худалдан авах гэж байгаа, мөнгө зээлээч” гэж хэлсэн. ...” /1хх 23/,

            - гэрч Ч.Х-ийн “...Г-ийг танина. Тэрээр манай компанитай хамтран ажилладаг *** ХХК-ийн жолоочоор ажиллаж байгаад 2019 онд ажлаасаа халагдсан. Манай хүүхдийн “Транс трейд” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан шүүхийн шийдвэрээр хураагдсан байр бусдад заруулахаар Г-той тохиролцсон зүйл байхгүй. ...” /1хх 26/,

            - шүүгдэгч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...М-с нийт 16.800.000 төгрөгийг авсан. ...”  /2хх 80-81, 189/ гэх мэдүүлэг зэргээр,

            4. Хохирогч Л.С-ын “...2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрийн үед Г над руу утсаар залгаад “Алтай хотхонд хямдхан 2 өрөө байна, та авах уу, маш хямдхан өгчихнө, урьдчилгаа 10.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж ярьсан. Би итгээд 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Чингисийн талбайн урд талын автомашины зогсоол дээр уулзаж түүнд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш холбоо барихгүй байж байгаад 7 хоногийн дараа байраа авахаар хөөцөлдөж эхэлтэл тухайн байр нь өөр хүний эзэмшлийн байр байсныг мэдсэн. Мөнгө өгөхөөсөө өмнө тухайн байранд очиж үзээгүй. Анх байрны нийт үнийг 40.000.000-50.000.000 төгрөг гэж байсан ба урьдчилгаа мөнгөө өгчихвөл үлдэгдэл төлбөрийг нь маш бага хэмжээгээр төлөхөөр гэрээ хийхээр тохиролцсон. ... тэтгэврийн зээл авч 14.500.000 төгрөгөөс ч илүү мөнгө өгсөн. Гэхдээ надад 10.000.000 төгрөгийн баримт байсан. ... Өнөөдрийг хүртэл 200.000 төгрөг өгсөн. Өмнө надад 700.000 төгрөг өгч байсан, уг мөнгийг 10.000.000 төгрөгөөс хасна гэж бодоогүй байхдаа прокурорт тайлбараа буруу өгөөд, 9.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж хэлсэн. ...” /1хх 45, 2хх 200/ гэх мэдүүлэг нь:

            - түүний эзэмшлийн Хаан банкны ***  дугаартай дансны зарлагын баримт /1хх 41/,

5. Хохирогч Н.Г-ийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г гэх залууд Япон Улсын виз гаргуулахаар өөрийн охин О-ийн гадаад паспорт болон 3.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  ***  дэлгүүрийн урд бэлнээр өгсөн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг *** ХХК-ийн ойролцоо бэлнээр өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш худлаа ярьж виз гаргаж өгөөгүй. Мөнгөө авах гэхээр “Виз нь гарсан байгаа удахгүй явуулна” гэж худлаа ярьж намайг залилсан. 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Корона вирусийн шинжилгээ авна, 150.000 төгрөг явуул” гэхээр нь дансаар шилжүүлсэн. ...” /2хх 30-31/ гэх мэдүүлэг нь:

- түүний эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 34/,

6. Хохирогч Ө.Б-ийн “...Г 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн орчим надтай холбоо бариад “Найз нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, *** хотхонд байртай бөгөөд уг байраа барьцаанд тавьчихсан байгаа, одоо барьцаанд тавьсан банк бус санхүүгийн байгууллагаас миний байрыг хураах гээд байна, хоёулаа нийлээд энэ байрыг 35.000.000 төгрөгөөр барьцаанаас нь чөлөөлөөд дараа нь зараад ашгаа хувааж авъя” гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ***  ажлын байрнаасаа 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн данснаас Г-ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай данс руу эхний 2.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед *** хотхоны гадаа очиж үзэхэд “Байрны түлхүүрийг нь банк бус санхүүгийн байгууллагаас хурааж авсан байгаа” гэж хэлсэн. Байрны гэрчилгээ, бичиг баримт үзүүлээгүй. “2 өрөө 67.1 мкв байр” гэж хэлсэн. ...” /1хх 198-199/ гэх мэдүүлэг нь:

- түүний эзэмшлийн Хаан банкны ***  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 195/, 

- шүүгдэгч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...М-с нийт 16.800.000 төгрөгийг авсан. ...”  /2хх 80-81, 189/ гэх мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогджээ.

Шүүгдэгч А.Г  гаргасан давж заалдсан гомдолдоо “...миний бие хохирогч Б.М-с 16.800.000 төгрөгийг л авсан бөгөөд түүний мэдүүлж буй илүү 20.000.000 төгрөгийг аваагүй. ...” хэмээн хохирлын хэмжээний талаар маргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.М-с удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрд нь хууль сануулсан байх ба тэрээр “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 9.000.000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.700.000 төгрөг болон 3.000.000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Дээрх мөнгийг би найз Э, С, Л нараас зээлж авч өгсөн. ...” /1хх 18, 2хх 199-201/ гэж А.Г-т өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан, энэ нь түүний эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансны хуулга, гэрч О.Э-ийн “...манай найз М надаас мөнгө зээлж авсан нь үнэн. ...” /1хх 23/ гэх,  шүүгдэгч А.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын дундаас хойш цувуулж нийт 36.800.000 төгрөг авсан...” /1хх 50-53, 203-204/ гэх мэдүүлгүүд зэргээр давхар баталгаажсанаас гадна, хохирогчийн тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн бусдаас авсан зээлээ эргэн төлж буй мөнгөн орлого, зарлагын гүйлгээний баримтуудаар нотлогдсон болно.

Шүүгдэгч А.Г нь хохирогч нараас дээрх мөнгийг авахдаа “Гадаад улсын виз гаргаж өгнө, хамтарч бизнес эрхэлнэ, шүүхийн шийдвэрээр хураагдсан болон барьцаанд байгаа орон сууц, автомашин зэргийг хямд худалдана” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй бөгөөд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Г-ийг хохирогч нарт 99.850.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэм буруугаа хүлээсэн, урьд залилах гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч А.Г өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн боловч тэрээр урьд нь энэ төрлийн аргаар залилах гэмт хэрэг үйлдэн 1 удаа хорих ял шийтгүүлж байсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин энэ гэмт хэргийг үйлдсэн, эдгээр хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна.

Иймээс хохирлын хэмжээний талаар маргасан шүүгдэгч А.Г-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.Г-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-наас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 56 хоног, 2021 оны 10 дугаар сарын 28-наас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 84 хоног, нийтдээ 140 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч А.Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-наас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 56 хоног, 2021 оны 10 дугаар сарын 28-наас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 84 хоног, нийтдээ 140 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

   2022            1             20                                            2022/ДШМ/98                                            