2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1092

 

 

    

 

 

 

 

 

 

   2026       04         20                                     2026/ШЦТ/1092

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

            улсын яллагч Х.Билгүүн,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э,

            гэрч Ө.Д, 

            шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, Б.Агар-Эрдэнэ,

            шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч М.Жавхлан,

            шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт П-ийн О, ******* овогт Л-ийн А,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А-ийн О нарт холбогдох эрүүгийн 2511 02088 1276  дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

********* овогт П-ийн О /регистрийн дугаар: *********/,

 

Монгол Улсын иргэн, *********** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

*******овогт Л-ийн А /регистрийн дугаар: ********/,

 

Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1065 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

******* овогт А-ийн О /регистрийн дугаар: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А, П.О нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацаандаа “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд 102 хоног байрлаж, тухайн хуулийн этгээдэд зочид буудлын төлбөр болох нэг хүний 15,300,000 төгрөгийг буюу нийт 30,600,000 төгрөгийг өөрсдөөс гарган бэлэн мөнгө хэлбэрээр урьдчилан төлсөн гэх баримт болох “ЦОУГ” ХХК-иас хуурамчаар гаргаж өгсөн санхүүгийн баримтыг ашиглаж “ЭТТ” ХК-иас уг мөнгийг томилолтын зардлаар тооцуулан 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн гаргуулах хэлбэрээр өөрсдийн нэр дээрх арилжааны банкны дансаар дамжуулан авсан,

Шүүгдэгч А.О нь “ЦОУГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, *************тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компанийн байранд бодит байдал дээр зочид буудлын үйл ажиллагаа явуулдаггүй уг компанийн нэрээр “ЭТТ” ХК-ийн ажилтнууд болох П.О, Л.А нарыг “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд 102 хоног байрласан гэх 15,300,000 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үйлдэж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр татварын нэгдсэн цахим системд шивэлт хийн бүртгэж, улмаар П.О, Л.А нараас зочид буудлын төлбөрийг бэлнээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан гэх бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/1243 дугаартай гомдол /1хх-ийн 3-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/1242 дугаартай албан бичиг /1хх-ийн 4-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ЭҮ25/04 дугаартай дүгнэлт /1хх-ийн 5-11-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/106 дугаартай тушаал /1хх-ийн 20-21-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХЗ-01-0425 дугаартай төлбөрийн даалгавар /1хх-ийн 22-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХЗ-33-0256 дугаартай төлбөрийн даалгавар /1хх-ийн 22-р хуудас/,

“ЦОУ” группийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтууд болон и-баримтууд /1хх-ийн 23-26-р хуудас/,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/1506 дугаартай албан бичиг, хавсралтууд /1хх-ийн 131-170-р хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/8080 дугаартай албан бичгээр ирүүлсэн “ЦОУГ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээ, шийдвэр, дүрмийн хуулбар /1хх-ийн 172-183-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 191-193-р хуудас, 2хх-ийн 110-112-р хуудас/,

            Гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 196-198-р хуудас/,

            Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 201-203-р хуудас/,

Гэрч Ш.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 206-208-р хуудас/,

Гэрч Ө.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 218-220-р хуудас/,  

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 223-225-р хуудас/, 

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 123-124-р хуудас/, 

Татварын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2678 тоот албан бичгээр ирүүлсэн “ЦОУГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын мэдээлэл /2хх-ийн 171-183-р хуудас/,

Шүүгдэгч А.Оы хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 209, 218-219-р хуудас/, шүүгдэгч П.О, Л.А нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шалгах хуудас /1хх-ийн 92, 95, 100, 112-127, 185-186-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Х.Билгүүн: “... Шүүгдэгч Л.А, П.О нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацаандаа “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд 102 хоног байрлаж, тухайн хуулийн этгээдэд зочид буудлын төлбөр болох нэг хүний 15,300,000 төгрөгийг буюу нийт 30,600,000 төгрөгийг өөрсдөөс гарган бэлэн мөнгө хэлбэрээр урьдчилан төлсөн гэх баримт болох “ЦОУГ” ХХК-иас хуурамчаар гаргаж өгсөн санхүүгийн баримтыг ашиглаж “ЭТТ” ХК-иас уг мөнгийг томилолтын зардлаар тооцуулан 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн гаргуулах хэлбэрээр өөрсдийн нэр дээрх арилжааны банкны дансаар дамжуулан авсан,

Шүүгдэгч А.О нь “ЦОУГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, *************тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компанийн байранд бодит байдал дээр зочид буудлын үйл ажиллагаа явуулдаггүй уг компанийн нэрээр “ЭТТ” ХК-ийн ажилтнууд болох П.О, Л.А нарыг “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд 102 хоног байрласан гэх 15,300,000 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үйлдэж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр татварын нэгдсэн цахим системд шивэлт хийн бүртгэж, улмаар П.О, Л.А нараас зочид буудлын төлбөрийг бэлнээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан гэх бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.А, П.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Д.О: “...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 103 өдөр Улаанбаатар хотод байрлаж ажилласан. Компаниас удаа дараа томилолтын зардлыг олгож өгөөч гэсэн бичгийг үйлдвэрчний эвлэлээс явуулахад захиргааны удирдлагын хэлтсээс томилолтын зардлыг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. А319 А369 А410 А445 гэсэн хамтын гэрээ дүгнэх ажил хойшилж тушаалууд гарч байсан. Эхний 1-2 сар томилолтын зардлыг идэвхтэй нэхэж байсан. Компаниас ажлын тайлан болон тодорхой нөхцөл байхгүйгээр шууд томилолтын зардал нэхэж байна гэсэн. Компаниас томилолтын зардал олгох журам дээр эхлээд томилолтын зардлаа олгоод тухайн тушаал дуусгавар болсны дараа санхүү дээр томилолтоо хаалгаад ажлын тайлангаа өгдөг. Миний хувьд томилолтын зардлыг хуурамч бичиг баримт гэдгийг мэдсээр байж ашиглаж хийсэн гэдэг дээр санал нийлэхгүй байна. Удаа дараа томилолтын зардлыг өгөхгүй байгаа гэдэг дээр санал нийлэхгүй байна. Тухайн үеийн газрын дарга байсан Г, А, Ц нар удаа дараа томилолтын зардлыг өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөнтэй санал нийлэхгүй байна. Би захиргаа удирдлагын газрын дарга нарт удаа дараа өөрийн зардлаар 2,3 сар болж байгаа, зочид буудал НӨАТ-ын баримт гаргах боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд газрын дарга Г ямар нэгэн НӨАТ-ын баримт хэрэгтэй, тэгж байж асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Тиймээс би О гэх хүнтэй холбогдож буудлын НӨАТ-ын баримт авсан...” гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Л.А: “...ЭТТн Эв санаа нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга. Томилолтын зардал авна гэдгийг сонсоод энэ асуудлыг мэдсэн. Үүнээс өмнө энэ зүйлийг мэдээгүй байсан. Нарийн бичгийн явуулсан томилолтын зардал явуул гэсэн албан бичгийг бол мэдэж байгаа. Компаниас олгох боломжгүй гэсэн байсан. Өмнөх хамтын гэрээнүүдээс харахад томилолтын мөнгө олгодоггүй юм. Тийм учраас би тэр асуудалтай орооцолдолгүй хаячихсан. Хамтын гэрээний журмаараа томилолтын мөнгө олгох заалттай. НӨАТ-ын баримтыг хэн гаргасан, хэн ашигласан зэргийг прокурорын дүгнэлтээс харсан. Би ОЦкомпанийн захиралтай холбогдоогүй. Отой цуг холбогдоогүй. О ч энэ талаар надад хэлээгүй. Юу ч мэдээгүй байж байгаад томилолтын мөнгө авсны дараа Эрүүгийн цагдаагийн алба дээр очиж мэдсэн. Баримт хөөцөлдөж авсан хүмүүс гэрчлэх байх. Би өөр юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлгийг,

 

Шүүгдэгч А.О: “...Миний бие ЦОУ компанийн захирал, үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байна. 2024 оны 12 дугаар сарын 10-ны үед манай ээж, эгч хавдраар өвдөөд эмнэлэг явах гэж байхад манай найз Д ирээд баримт гаргаад өгөөч гэж хэлсэн. Би эхлээд ойлгохдоо эхлээд томилолтын зардлаа авчихсан юм байна гэж бодсон. Д надад их санаа тавьж тусалдаг байсан учраас нэг удаа тусалъя гэж бодож байсан. Ээж, эгч маань хавдартай байсан учраас нэг удаа хүнд тусалъя гэж бодсон. Ийм том зүйлд холбогдсондоо харамсаж байна. Энэ хоёр хүнийг анх удаа л харж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйлийг үнэнээр мэдүүлж байсан. Намайг үнэхээр уучлаарай. Миний баримтыг ингэж ашиглан гэж бодсонгүй. Хайхрамжгүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлгийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...ЭТТ компани гурван үйлдвэрчний эвлэлтэй. Үйлдвэрчний эвлэл ажилтан болон ажил олгогчийн хоорондын харилцаа, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байдаг. Энэнтэй холбоотойгоор компанийн дүрэм журам болон хамтын гэрээ, үндсэндээ хөдөлмөрийн эрх зүйн харилцааны гол баримт бичиг буюу хууль тогтоомжуудын эрэмбийн хувьд дээгүүр үйлчилдэг. Хуулиар зохицуулаагүй, журмаар зохицуулаагүй ажилтанд ээлтэй харилцааг зохицуулдаг ийм хамтын гэрээ байгаа. ЭТТкомпани дээр байгаа 3 үйлдвэрчний эвлэлүүд жил бүр энэ хамтын гэрээгээ дүгнэж шинэчлэх, өшөө сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж, өмнөх зүйл заалтуудын хэрэгжилтийг бас дүгнээд аль нь болж байна, аль нь болохгүй байна гэдэг асуудал дээр дүгнэлт хийгээд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудаа хэлэлцээд батлаад явдаг. Энэ хүрээнд 2024 оны 9 сарын 4-ний өдөр гүйцэтгэх захирлын 319 дүгээр тушаалаар өмнөх 2022 оны хамтын гэрээг үнэлж дүгнэх, шинэчлэн байгуулах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нь өөрөө ажилтан буюу ажил олгогчийн төлөөлөл байдлаар оролцож, ажил олгогчид ашигтай ямар байдлаар тусгуулах вэ гэдэг санал дүгнэлтээ хэлж оролцдог байгаа. Энэ хүрээндээ 9 сарын 4-нд ажлын хэсэг байгуулагдаад 2024 оны 12 сарын 20-нд хамгийн эцсийн байдлаар хамтын гэрээгээ талууд шинэчлэн баталсан байгаа.  О болон А нарын хувьд ажлын хэсэгт Орхон аймгаас ирж оролцдог. Зочид буудалд байрлаад байна, олон хоног айл, найз нөхдийнхөөрөө байгаад байх хэцүү байгаа энэ томилолтын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг байдлаар ажлын хэсгийн дарга болон Захиргаа удирдлагын газрын дарга, хууль эрх зүйн газрын дарга У, эдгээр хүмүүст удаа дараа энэ санал хүсэлтээ илэрхийлж байсан байдаг. Ингээд Үйлдвэрчний эвлэлийн албан бичигтэй энэ Эв санааны үйлдвэрчний эвлэлийн 2024 оны 9 сарын 10-ны өдрийн Б23 дугаартай мэдэгдэл маягаар албан бичиг ажил олгогчид ирсэн. Орхон аймгаас ирж оролцож байгаа учраас энэ томилолтын зардлыг олго гэдэг албан шаардлага маягийн мэдэгдлийг Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Г гэж хүн гарын үсэг зурж ирүүлсэн байдаг. Энэ хамтын гэрээний 3.2.17-д заасан заалтыг хэрэгжүүлээч гэдэг байдлаар мэдэгдэл ирсэн. Энэ дагуу ЭТТ компанийн зүгээс ажлын хэсэг өдөр болгон хуралдахгүй байгаа 7 хоногт тодорхой өдрүүдэд хуралдаж байна. Заавал Орхон аймгаас ирж оролцох шаардлага бол байхгүй, цахимаар ч хамаагүй оролцох эрх нь нээлттэй байна гэдэг агуулгаар, нөгөөтэйгүүр үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга, ажил олгогчид мэдэгдэл шаардлага өгөх ийм эрхгүй, үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу А албан ёсоор шаардлага мэдэгдэл ирүүлэх гэж байгаа бол эрэмбийн хувьд харьцаач ээ гэдэг байдлаар ЭТТ компаниас 2024 оны 10 сарын 28-ны өдөр албан бичгээр хариу өгсөн. 2024 оны 11 сарын 12-ны өдөр бас Б32 дугаартай албан бичгээр яг мөн өмнөх агуулгатай адил хамтын гэрээний энэ 3.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж Орхон аймгаас ирж оролцож байгаа О, А нарын томилолтын зардлыг олгож өгнө үү гэдэг албан бичиг ирсэн ирсэн. Энэний дагуу ЭТТкомпанийн Хууль эрх зүйн газрын зүгээс өмнө өгсөн хариутай утга агуулга ижил байгаа учраас бол дахин хариу өгөх шаардлагагүй юм байна гэдэг агуулгаар хандсан байсан боловч дахиад хариу өгөх шаардлагатай юм байна гэж төлөвлөж байсан боловч О болон А нарын зүгээс 103 хоног зочид буудалд байрласан гэх ЦОУГ гэдэг компанийн бэлэн мөнгөний орлогын баримт бүхий 2024 оны 12 сарын 12-ны өдрийн огноотой тамга тэмдэгтэй санхүүгийн баримтуудыг хууль эрх зүйн газрын дарга Уд өгсөн байгаа. О болон Агийн зүгээс удирдлагууд буюу компанийн удирдах албан тушаалтнуудад утсаар, тиймс чатаар харилцах, уулзах, ажлын хуралдаан дээр зэргээр энэ томилолтын мөнгийг олгооч, бид нар бүүр хэцүүдлээ, ингээд олон хоног айл амьтанд байх боломжгүй байна гэдэг шаардлагуудыг тавиад байсан учраас хууль эрх зүйн газрын даргын хувьд зочид буудалд үнэхээр байрлаад байгаа бол энэ анхан шатны баримтуудаа та нар ирүүлэх ёстой, томилолтын тайлан ирүүлэх ёстой гэдэг шаардлагуудыг тавьсан. Энэний дагуу бэлэн мөнгөний орлогын баримт болон тэр НӨАТ-ын шивэлт бүхий ЦОУГ компанийн энэ НӨАТ-н шивэлт бүхий анхан шатны баримтыг компанид ирүүлсэн. Энэ бэлэн мөнгөний зарлагын баримтыг ерөнхий нягтланд тиймс чатаар хүргүүлсэн байдаг. ЭТТкомпанийн зүгээс ялт ч үгүй эдгээр хүмүүс нь зочид буудалд байрлаад хамтын гэрээний ажлын хэсгийн хүрээнд ажиллаад байрлаад, цалин мөнгөнөөсөө энэ төлбөрийг төлөөд байх нь бас боломжгүй байна. Энэ баримтууд нь буудалд байрласан, төлбөр төлсөн гэдэг анхан шатны баримтуудаар тогтоогдож байгаа учраас гэдэг байдлаар олгохоос өөр аргагүй нөхцөл байдалд компани хүрсэн. Ингээд ерөнхий нягтлантай О тиймс чатаар харилцаад томилолтын мөнгийг олгооч, яагаад олгохгүй ингээд удаашруулаад сунжруулаад байгаа юм бэ? Бид нарын асуудал одоо хэцүүдлээ, айл амьтнаар байгаад бас хэцүү байна гэдэг байдлаар шахалтуудыг үзүүлж эхэлсэн. Анхан шатны баримтууд нь ирчихсэн учраас  компанийн зүгээс бүрдүүлээд гүйцэтгэх захирлын тушаалаар зочид буудал болон зам хоногийн зардал бүхий ийм баримтуудыг олгосон байгаа. Тэр зам хоногийн баримтуудын хувьд энэ хэргийн хувьд хохирлоор яваагүй. Тэр буудлын баримтуудтай холбоотой буюу тус бүрдээ 15 сая 300 мянган төгрөгийн, нийт одоо 30 сая 600 мянган төгрөгийн анхан шатны баримтуудыг үндэслэж олгосон. Гэтэл санхүүгээс гүйлгээ хийгдсэний дараа эдгээр баримтуудыг цэгцлэх явцад энэ компанийн үйл ажиллагааны чиглэл өөр, буудлын үйл ажиллагаа эрхэлдэггүй гэдэг нөхцөл байдал илэрсэн учраас ерөнхий нягтлангийн зүгээс сэжигтэй баримт байна, энийг дотоод хяналтад өгч шалгуулъя гэдэг байдлаар дотоод хяналтын газарт мэдээлэл хүргүүлээд, дотоод хяналтаас шалгалт хийгээд дүгнэлт гарсан байдаг юм. Ингээд дүгнэлт дээр энэ компанийн үйл ажиллагааны чиглэл өөр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах буюу зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй компани буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэх анхан шатын баримтууд өгсөн байна гэдэг дүгнэлт гараад энэний дагуу хууль бусаар баримт бүрдүүлж компаниас 30 сая 600 мянган төгрөг гаргуулж авсан байж болзошгүй асуудал үүссэн байна гэж үзээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар мэдээлэл өгсөн байгаа. Компаниас 30 сая 600 мянган төгрөгийг 2025 оны 4 сарын 7-ны өдөр гаргасан байгаа. Энэ асуудлыг О хөөцөлдөөд яваад байгаа гэж байгаа боловч Агийн хувьд Эв санааны үйлдвэрчний эвлэлийн дарга буюу үйлдвэрчний эвлэлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд энэ бүхнийг мэдэж байсан. Дээр нь тэр Г гэж нарийн бичгийн даргын бичиг хүргүүлснийг өөрөө мэдэж байсан гэж байх шиг байна. Мэдэж байсан. Томилолтын зардал орсны дараа мэдсэн гэж байгаа боловч хүний нөөцийн Ч гэж хүнтэй харилцсан чат дээр энэ томилолтын зардал олгогдох гэж байгаа, ямар дансаар авах вэ гэдэг мэдээллийг хүргүүлсэн байдаг юм. Энэний дараа 4 сарын 7-ны өдөр өөрсдийнх нь өгсөн мэдээллийг үндэслээд дансанд нь тэр тушаалаар гаргасан гүйлгээ хийгдчихсэн байгаа. Тийм учраас хууль бус гэдэг нь тогтоогдоод хуурамч баримтыг ашиглаад компаниас мөнгө гаргуулсан нь тогтоогдох юм 30 сая 600 мянган төгрөгийг компанид эргүүлж гаргуулах, хохиролгүй болгуулах асуудлыг л ЭТТ компанийн зүгээс тавьж байгаа...” гэв.

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийнхээ шинжийн хувьд санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлдэх, тэгээд ашиглах гэдэг зүйл ангийг яригддаг. Улсын яллагч яллах дүгнэлтдээ ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан бүлэглэн гүйцэтгэх гэмт хэрэг байна үзсэн байдаг. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс бүлэглэн гүйцэтгэх гэдэг дээр дараах няцаалтыг хийж байна. Бүлэглэн гүйцэтгэх гэдэг үйлдэл маань өөрөө хамтран оролцож байгаа гэмт этгээдүүд бие даасан, аль аль нь өөрсдийн гэсэн тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэл, санаа зорилгыг агуулсан байхыг шаарддаг. Нэгт объектив үйлдлийн шинж, 2 дугаарт 2 буюу түүнээс дээш хүн оролцоно гэж заасан, 3 дугаарт хүн бүрийн оролцоо, эцсийн хор уршиг, хохирол, гэмт хэрэг үйлдэхэд чиглэгдэх ёстой гэдэг объектив үйлдлийн шаардлагыг хангасан байвал энэ өөрөө бүлэглэн гүйцэтгэх болдог. Объектив үйлдлийн шаардлага бол хангагдаагүй байна гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хамгийн гол гэрч Д болон М нарын хувиас Атай холбоотой үйл баримтыг дурддаггүй. Харин О болон О нарын холбоотой үйл ажиллагааг бол ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүх хуралдаан дээр ч тэр. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгээд явж байхад бол 2 удаагийн гэрчийн мэдүүлэг хөтөлбөргүйгээр өгдөг. Миний хувьд баримтыг гаргаад өгчихсөн, уучлаарай, буруугаа хүлээж байна гэдгээ бол ярьдаг. Тэгээд энэ үйл баримтаас нь харах юм бол 3 гэрч миний үйлчлүүлэгч Аг үйлдлээрээ нэгдсэн болохыг тогтоож чаддаггүй. Харин ажил олгогчийг төлөөлсөн Ц, Г, хууль ёсны төлөөлөгч Э нарын зүгээс Аг хамтран үйлдэгч гэж мэдүүлдэг. Гэвч мэдүүлгийнх нь агуулгыг харах юм бол зөвхөн урьдаас урьдчилан таамаглаж, дэвшүүлсэн санаа зорилгоороо өгсөн мэдүүлгүүд байдаг. Тухайн мэдүүлэг дээр А энэ НӨАТ-н баримтыг, энэ мөнгөн дүнг 15 сая 300 мянган төгрөгийг надад өгнө, манай компанид өгнө, дээрээс нь гаргаад ир гэдэг ийм үйл баримтыг бол огт яриагүй. Энэ эргэлзээтэй. Шүүх хуралдаан дээр хууль ёсны төлөөлөгчийн зүгээс бол хэлж байна л даа. Юу гэж хэлдэг вэ гэхээр үгүй ээ, наад А чинь бол үнэхээр орж ирж мөнгө нэхээгүй, тэр Г, эд нар орж ирж нэхсэн гээд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр нотолбол зохих байдал, нотолгооны хэрэгслийн талаар тодорхой заасан. Манай Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан, эрүүгийн салбар эрх зүй бол өөрийн гэсэн онцлогтой тодорхой, мэдүүлгүүд хоорондоо зөрөхгүй байхыг шаарддаг. Гэвч Эын мэдүүлэг удаа дараа өөрчлөгддөг. А, О 2 хамтдаа байсан л гээд байдаг. Тэгээд хамгийн гол нотлох баримт буюу Лхагваа мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасны дагуу бэхжүүлээд авсан үзлэг хийсэн чат дээр “таны мөнгийг чинь одоо өгье, дансаа өгөөч” гэж ярьдаг анхны харилцаа ийнхүү үүссэн. Тэгэхээр хүн бол томилолтын зардлаа авна гээд ойлгоо ч үгүй явж байхад нь томилолтын зардлыг чинь өгье гэдэг харилцааг ажил олгогчийнх нь зүгээс хийж байгаа тохиолдолд ямар ч этгээд дансаа өгнө. Үүнтэй холбоотой бодит зардал ч гарсан. Ингээд үндсэн том яриа руугаа ороход объектив үйлдлийн шинж нь хэд хэдэн гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрөлдөөд байна шүү дээ. Тэгээд зөрөлдөөд байгаа нөхцөл байдал дээр шууд Аг тухайн нотлох баримтыг, тухайн гэмт хэргийн шинжийн үндсэн ойлголт болох хууль бус санхүүгийн баримтыг ашигласан гэдэг үйлдэл нь хаанаа холбогдоод байгаа юм. Хэрхэн энэ хоёрын үйлдэл шалтгаант холбоотойгоор нэг үр дүнг авчраад байгаа юм. Энэ 2 чинь яг ямар оролцогч нар юм, хэнийх нь үйлдэл нөгөөгийнхөө үйлдлийг дэмжээд байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг бол дэлгэрэнгүй задалж яллах дүгнэлт дээрээ тодорхойлоогүй. Тодорхой бус нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж хүнд ял оноодог хууль манай улсад бол байхгүй. Үүнийг бол процессын хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хангалттай тогтоож, хангалттай зохицуулсан. Эргэлзээтэй нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. 2 дугаарт субьектив шаардлага гэж байгаа юм. Санаатай гэмт хэрэг байх ёстой. Оролцогчид өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, бусадтай нэгдэж байгаагаа мэдэх ёстой гэж байгаа. О бол анхны мэдүүлэг дээрээ хэлдэг. А даргын хувьд бол юу ч мэдэхгүй байсан нь үнэн. А өөрөө хэлдэг, “би наад НӨАТ-н баримттай чинь холбоотой юу ч мэдэхгүй” гэж. Тэгээд мэдэж байгаа юм уу, мэдэхгүй юм уу гэдэг асуудлыг хэн нотлоод байгаа юм. Ц нотлох юм уу? үгүй шүү дээ. Ц өөрөө утсаар ярихдаа Отой л ярьдаг. Атай нүүр тулаад ярьсан нэг ч хүн байхгүй, нэг ч нотолгооны хэрэгсэл байхгүй, нэг ч нотлох баримт байхгүй. Нөгөө хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нь ч байхгүй, хэн үйлдсэн юм, хэзээ үйлдсэн юм, яаж үйлдсэн юм, санаа сэдэл, зорилго нь юу юм. Субьектив шаардлагын 3 дугаарт гэмт хэргийн үр дагаврыг бүгд хүссэн байх ёстой. Тийм зүйл огтоосоо энэ хэрэг дээр алга. Яагаад вэ гэхээр хамтын гэрээний биелэлтэд үр дүнг хянах, дахин хамтын гэрээний төслийг боловсруулах ажиллагаанд энэ хүмүүс орсон юм уу? Орсон үнэн. 2500 гаруй ЭТТн ажилтны эрхийг хамгаалах гээд ажилтнуудаа төлөөлөөд уурхай, Орхон аймгаас ирсэн нь үнэн. Үүнтэй холбоотой зардал гарсан байна. Тэгээд байгууллага өөрсдөө гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал, хясан боогдуулалтад оруулаад байна шүү дээ. Санхүүгийн баримтаа НӨАТ-н баримттай байдлаар аваад ир гэдэг зүйл  хэд хэдэн хүн дээр гарч ирж байна. Ц, У хүртэл хэлдэг. И баримт, НӨАТ-н баримттай бол өгнө, бусдаар бол өгөхгүй гэдгийг өөрөө мэдүүлэг дээрээ дурддаг. Тэгээд яах юм. Хэдэн хүмүүсийн хясан боогдуулсан нөхцөл байдалд нь НӨАТ-н баримт авчирсных нь төлөө ял шийтгэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод байх нь өөрөө зохимжгүй байна гэж харагдаж байна. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр шударга ёсны зарчим байгаа шүү дээ. Дээрээс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид онцгой зохицуулалт байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэлд эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Тэгэхээр 1 ёсондоо аргаа барсан хэдэн ажилтнууд уурхайгаас ажлаасаа чөлөө аваад ирчихсэн байх үедээ л төлбөрийн баримт гаргаж өгөөд байгаа шүү дээ. Тэр гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөө хууль бусаар ашиглах гээд байдаг. Тэгэхээр А яг тэр баримтыг хууль бусаар яаж ашигласан юм, ядаж и-мэйл хаягт үзлэг хийсэн нөхцөл байдал байдаг юм уу гэхээр байхгүй, тодруулаагүй. Энэ хэргийн 5 гэрчийн 3 нь А мэдэхгүй гэдэг, 2 гэрчийнх нь нэг нь А байгаагүй гэдэг. Нөгөө нэг нь болохоороо Атай холбогдсон гэдэг мэдүүлгээ өгдөггүй...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч С.Ичинхорлоо: “...Эрүүгийн хэрэг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр өмгөөллийн үгээ тайлбарлаж байна. Улсын яллагчийн зүгээс бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулаад миний үйлчлүүлэгчид яллах дүгнэлт үйлдээд тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнд мэдсээр байж түүнийг ашигласан гэх гэм буруугийн шууд санаатай хэлбэр зайлшгүй байх ёстой. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А тухайн НӨАТ-н баримтыг хуурамч гэдгийг нь мэдэж байсантай холбоотой баримт нэг ч алга. Тухайн баримтыг мэдсээр байж ашиглаад өөртөө ашиг хонжоо олоод байгаатай холбоотой бас баримт ерөөсөө тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдлын дараах хэд хэдэн зүйлс нотлогдсонгүй гэж үзэж байна. Нэгт гэмт хэргийг хэзээ үйлдсэн юм бэ? А энэ НӨАТ-н баримтыг хуурамч гэдгийг нь яг хэзээ мэдэж ашиглаад, хэзээ мэдээд  байна. Ямар ч огноо байхгүй. Улсын яллагч болон шүүхийн зүгээс яг хэзээ энэ гэмт хэрэг үйлдэгдээд байгааг нотлох ёстой. Гэтэл энэ хавтаст хэрэгт огноо алга. Мөн хаана үйлдсэн юм? А тухайн энэ НӨАТ-н баримтыг хаана, хэнд аваачиж өгөөд байгаа юм, энэ процесс нь хаана болоод байгаа юм, үүнтэй холбоотой баримт байхгүй. Албан хөтлөлтийн журмын дагуу бол ЭТТ гэдэг маш том байгууллага. Ямар ч баримт бичиг өгсөн, авсан, гарсан болгон гарын үсэгтэйгээ явдаг. Гэтэл энэ НӨАТ-н баримтыг хэн нь гаргаж өгөөд байгаа юм, хэн хүлээлгэж өгөөд байгаа, баримт ерөөсөө үйлддэггүй юм уу? Эдгээртэй холбоотой яг энэ баримтыг нь хуурамч гэдгийг нь мэдсээр байж гаргаж өгөөд байгаа, ашиглуулаад байгаа, ашиглаад байгаатай холбоотой үйлдэл нь хаана, яаж үйлдэгдээд байгаа юм бэ? Энэ ерөөсөө тодорхой бус байгаад байна. А, О нар энэ баримтыг гаргаж өгсөн, чатаар харилцсан л гэдэг нэг тийм л юм ярьдаг. Гэтэл яг тэр гэрчийн мэдүүлгүүд болон чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр бол А яг үүнийг санаатайгаар мэдээд ашиглаад байгаа үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэм буруугийн хэлбэр байгаа. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл яг энэ Агийн үйлдэлд энэ баримтыг Оаас гаргуулъя гэдэг санаатай, шунахайн сэдэлтэй үйлдэл байгаад байгаа юм уу, тэр нь яг ямар нотлох баримтаар тогтоод байгаа юм, тэр баримт бол байхгүй байна гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд, хэрвээ үнэхээр энэ баримтыг хуурамчаар үйлдсэн, мэдсээр байж ашигласан гээд байгаа бол энэ нөхцөл байдал юунаас болж үүсээд байгаа юм. Хөдөлмөрийн албан томилолтын журам нь болохоороо ямар ч баримт шаарддаггүй. Тухайн журмыг өнөөдөр шинжлэн судаллаа. Хохирогч тал, прокурор, өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судаллаа. Үүнд эхлээд тухайн томилолтын зардлыг томилолтын хуудасны дагуу шаардсаных нь дагуу олгоно, дараа нь баримтаа бүрдүүлнэ, тайлагнана гэж заасан. Гэтэл энэ НӨАТ-н баримт заавал зайлшгүй байх шаардлага байгаа, тухайн НӨАТ-н баримтыг үндэслээд тухайн зардлыг олгоно гэсэн зохицуулалт нь байхгүй байна. Гүйцэтгэх захирлын 106 дугаар тушаалд үндэслэсэн хуулийн зүйл заалт нь юу юм гэхээр хамтын гэрээ болон дотоод томилолтын зардал олгох журмын 4.3. Уг 4.3-д нь ч тийм НӨАТ баримттай холбоотой зүйл байдаггүй. Хамтын гэрээний 3.2.17-той холбоотой баримт байдаггүй. Ийм баримт байхгүй атлаа өөрсдөө баримт өг гэж НӨАТ-н баримт шаардаж гаргуулсан. Энэ нь өөрөө бас энэ хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл гэж үзэхээр байна. Мөн тухайн НӨАТ-н баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэдэг зүйл нь юугаар үгүйсгэгдэж байна вэ гэхээр гүйцэтгэх захирлын тушаал өөрөө хөдөлмөрийн дотоод томилолт олгох журмын дагуу зам хоногийг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан чиглэлд өдрийн 200 мянган төгрөг байхаар заасан байдаг юм байна. Мөн тухайн гүйцэтгэх захирлын тушаалаараа  тухайн журмыгаа үндэслээд хавсралтаар нь батлаад 102 хоногоор тооцож олгоод байна. Тухайн гүйцэтгэх захирлын тушаалд ямар ч хуурамч гээд байгаа НӨАТ-н баримтыг нь хавсаргасан,  тухайн НӨАТ-н баримтад үндэслэсэн томилолтын зардал олгосон нөхцөл байдал байхгүй байна. Баримтыг үндэслээгүй зөвхөн дотоод журмаа үндэслэж ийнхүү зардал гарсан байгаа учраас үүнийг хуурамч нотлох баримтыг мэдсээр байж ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний асуудлыг шүүх тогтоох, мөн прокурор тогтоох ёстой. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдсан зүйлээр томилолтын хуудас эхлээд олгодог юм байна. Үнэхээр томилолтоор ирж ажилласан бол тэр төлбөрийг нь олгодог юм байна. Тэгэхээр чинь өнөөдрийн шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч А болон О нар 103 хоног, 106 хоног, 3 сар гэрээсээ хол ирээд ажиллачихсан л юм байна шүү дээ. хамтын гэрээний ажил үүрэг дүгнэгдээд одоо хүртэл батлагдаад хэрэгжээд явж байгаа юм байна шүү дээ. Бодитой үр дүнтэй ажил хийчихсэн байна. Гэтэл яагаад энэ томилолтын зардлыг нь олгохгүй гээд худлаа баримт шаардаж араас нь ийм эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татуулж гомдол гаргасан юм хийгээд байгаа нь ямар учиртай гэдгийг өмгөөлөгч нь бас ойлгохгүй байгаа юм. Одоо болохоороо томилолтын зардлаа зүгээр олгоод л явж байдаг. Ямар ч баримт шаардахгүйгээр. Тэгэхээр энийг тухайн 2024 оны нөхцөл байдлыг одоо гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх нь зөв юм уу? Агийн хувьд бол яг өөрөөс нь бодит зардал гарсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бол нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Хүү нь М нь садан төрлийн тодорхойлолтоор нь харагдаж байна. Мөн хүү нь яг энэ цаг хугацаанд 8 сарын 1-нд гэрээ хийгээд, тухайн түрээсийн гэрээ хийгээд хамтын гэрээ дуусгавар болохтой зэрэгцээд цуцлагдаад төлбөр тооцоо нь дууссан учраас хохирол байхгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Оы өмгөөлөгч М.Жавхлан: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шат дуусаад талууд бие биеэсээ асуулт асууж, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой дараах дүгнэлтийг хийж байна. Өмгөөлөгчийн зүгээс 3 хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байх гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа шалтгаан бол үндсэндээ өөрийн танил найзын гуйлтын дагуу түүнд тусалъя гэсэн чин сэтгэл, гуйлтын дагуу хийж өгсөн баримт байдаг. Тэгээд энэ баримтыг үйлдсэнээрээ эрүүгийн хариуцлагад татагдана гэдэг үр дагаврыг тухайн үед хүсэж, мэдээж үйлдээгүй. Энэ талаараа бас өөрөө шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим зайлшгүй дурдагдана. Яагаад гэвэл Оы холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийн асуудал зайлшгүй яригдана. Түрүүн дурдсанчлан манай үйлчлүүлэгч шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл үр дагаврыг манай үйлчлүүлэгч хүсээгүй, харин тухайн баримтыг үйлдсэнээр найздаа туслах юм байна гэсэн тухайн үйлдэлдээ санаатайгаар оролцсон илэрхий баримт байгаад байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих байдал дээр хэд хэдэн зүйлийг дурдах нь зүйтэй байх. Энэ хэрэгт яг хохирлын асуудал тодорхойгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл О гэдэг хүн санхүүгийн баримтыг үйлдэж өгснөөрөө хэн нэгэнд шууд хохирол бий болгосон уу гэвэл, үгүй. Өөрөөр хэлбэл энэ баримтыг өнөөдөр ашигласан, ашиглаагүй асуудлаар бусад шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч нар маргаж байгаа. Гэхдээ энэ маргаж байгаа асуудал нь манай үйлчлүүлэгчтэй ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл үйлдэл нь улсын яллагчийн тайлбарласнаар санхүүгийн баримтыг үйлдсэнээр О гэмт хэрэг үйлдсэн гэж байдлаар тайлбарлагдаад байна. Тэгэхээр энэ санхүүгийн баримтыг үйлдээд ямар нэгэн байдлаар нийгмийн хор аюулд хөтөлсөн, шууд хэн нэгэнд хохирол учруулсан зүйл байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүхийн зүгээс харгалзаж үзэх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байна. Түүнчлэн яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа 30 сая 600 мянган төгрөгөөс Оаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн зүгээс ийм байдлаар мэдүүлэг гаргадаггүй. 2 дахь асуудал нь гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд манай энэ тохиолдолд бас хамаарч болох юм биш үү? Яагаад гэвэл манай хүн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Үйлдэл нь мэдээж гэмт хэрэг болохын тулд хэн нэгэнд хохирол учруулсан байх ёстой. Хувийн байдлын хувьд ч гэсэн тухайн гэм буруугийн хувьд ч гэсэн шууд хэн нэгэнд одоо хохирол учруулахыг чиглүүлсэн үйлдэл байх ёстой гэж би үзэж байгаа юм. Гэтэл манай үйлчлүүлэгчийн хувьд шууд хэн нэгнийг хохирооё гэсэн санаа  сэдэл зорилго байгаагүй, санхүүгийн баримт үйлдсэнээр хэн нэгнээс шууд мөнгө авчихсан зүйл байхгүй. Тэгэхээр энэ хүрээнд бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж тооцохгүй нөхцөл байдал бас бий болсон байна гэж тайлбарлагдаж болохоор байгаа юм. 3 дугаарт Оы хувийн байдлыг яах ч аргагүй ярихгүй бол болохгүй. О нь өрх толгойлсон эмэгтэй, хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Түүнчлэн энэ хүүхдийг асран тэтгэх, тэжээн тэтгэхтэй холбоотой ажил төрөл хийж байгаа ганцхан хүн. Мөн Оы хувьд эрүүл мэндийн хувьд төрөлхийн бас шалтгаантай. Эмчилгээ сувилгаанд байнгын явдаг нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж үзэх ёстой. Эмчийн хяналтад байдаг шалтгаанууд байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг шүүхийн зүгээс харгалзан үзэх нь зүйтэй. Ийм учраас Оы хувийн байдал болоод энэ гэмт хэрэгт оролцсон байдал, түүний үйлдэл, хохирлын хэмжээ харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлж байсан. НӨАТ-н баримтын падааныг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Зочид буудлын үйл ажиллагаа явуулдаггүй гэдгээ ч хэлдэг. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн нь тодорхой болж байна. Гэмт хэрэгт тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэмт хэрэгт тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн: “...Миний хувьд Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хувийн амьдрал, одоо хувийн байдал, сонгуульт ажил, хэргийн үйл процесс болоод гэм буруугийн асуудлаар нийтдээ 5 дүгнэлт хийнэ. Огийн хувьд ЭТТ компанид 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 203 дугаартай тушаалаар анх оператораар томилогдоод одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Ингээд ажиллаж байсан хугацаанаасаа эхлээд Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэж, улмаар тэргүүлэгч гишүүн болтлоо сонгуульт ажилд дэвшин ажиллаж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0381 дугаартай шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтойгоо байгуулж, тухайн гэрээний удиртгал хэсэгт хөдөлмөрийн харилцаагаа ямар дүрэм журмаар зохицуулах нь Хөдөлмөрийн тухай хууль болоод байгууллагын дотоод дүрэм журам, бусад гэрээнүүдийг тодорхойлно гэдгийг заасан байгаа. Мөн тус гэрээний 2.1-д ажил олгогчийн үүргийг бас тодорхойлж өгсөн. Ажил олгогчийн үүргийн 2.1.15-д хууль тогтоомж болон компанийн дотоод үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм журамд заасан эрх үүргийг хүлээхээр тусгасан байдаг. Иймээс өнөөдрийн бид нарын хуралдаан дээр ярьсан хөдөлмөрийн хамтын гэрээ болоод дотоод томилолтын журам бол ажил олгогчийн зүгээс ч мөн адил дагаж мөрдөх ёстой үүрэг нь болохыг  үүгээр тайлбарлая. Шүүгдэгч Огийн хувьд бол ам бүл 5, эхнэр 3 хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* тоотод амьдардаг. Улаанбаатар хотод оршин суух газар байхгүй. Хүү  Б 19 настай, Г 13 настай, охин М 10 настай гэсэн бага насны 2 хүүхэдтэй, насанд хүрсэн нэг хүүхэдтэй, ам бүлээгээ тавуулаа амьдардаг. Амьдрал ахуйгаа өөрөө авч явдаг ийм нэг жирийн нэгэн залуу байна аа. Болсон хэргийн тухайд ЭТТ компанийн гүйцэтгэх захирлын 319 дугаартай 2004 оны тушаалаар хамтын гэрээ дүгнэх, шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт миний үйлчлүүлэгч ажилтнуудыг төлөөлж үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчийн чиг үүргийг хэрэгжүүлж оролцсон байна. Тухайн үүргээ биелүүлсэн гэдэгтэй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргахгүй байгаа учраас энэ үйл баримт нотлогдож байна. ЭТТ компанийн ажилтан томилолтоор хэрхэн ажиллах, томилолтын зардлыг хэрхэн олгохыг, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан албан томилолтын журам, мөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02301 дугаарт бүртгэгдсэн ЭТТ компани үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээгээр өнөөдрийн байдлаар зохицуулагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Албан томилолтын журмын 3.11 бүтцийн нэгжийн гүйцэтгэх албан тушаалтнууд дангаар болон багаар томилолтоор явах тохиолдолд томилогдсон мэргэжилтэн бэлтгэх ажлыг зохион байгуулж, журмын 2 дугаар хавсралт заасны дагуу удирдамжийг боловсруулж, нэгжийн удирдлага, удирдах албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, гүйцэтгэх удирдлагаар батлуулан дотоод томилолтыг захиргааны хэлтэст хүргүүлнэ гэсэн зохицуулалт хэрэгждэг юм байна. Энэ үйл процесс хэрэгжээгүйгээс болоод өнөөдрийн энэ маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж бол өмгөөлөгчийн зүгээс бол харж байна. Томилолтын унааны зардлыг бас хот хоорондын тээврийн хэрэгслийн тарифаар, эсвэл томилолтын төсөвт зааснаар нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч олгох ёстой байсан. Энэ үйл ажиллагаа мөн эхний үйл процесс явагдаагүйн улмаас хойшилсон. Үүнээс болоод томилолтоо авч чадахгүйн улмаас миний үйлчлүүлэгчийн болоод шүүгдэгч Агийн эрх ашиг хөндөгдөж, энэ эрх ашгаа хангах үүднээс зарлагын падаан өгснөөс энэ гэмт хэргийн үйл процесс бол эхэлсэн байна. Ингэхээр хохирогч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдээд энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ. ЭТТ компанийн үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээнд орон нутгийн ажилтнууд Улаанбаатар хот руу компаниас зохион байгуулсан сургалт, гэрээ хэлэлцээр хийх,  эмчийн үзлэгт ирэх зэрэг тохиолдолд компаниас томилолтын мөнгийг олгоно гэж заасан байна. Тэгэхээр энэ бол томилолтын зардлуудыг зайлшгүй шаардаж авах ёстой зардал мөн байна. Томилолтын төсөвт зааснаар 103 хоног, томилолтын хугацаагаар тооцоход 106 хоног, падаан дээр бичигдсэнээр 102 хоногийн хугацаанд О, А нар Улаанбаатар хотод 3 сарын хугацаанд байрласан. Энэ хугацаанд мэдээж гадаа гудамжинд бол амьдрахгүй. Тэгэхээр ямар нэгэн хаа нэгтээ газар очиж амьдарсан байж таарна. Тэгэхээр Огийн тухайд бол Ч төв гэсэн газрын тодорхойлолтоор 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд байрласан болох нь өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр 100 мянган төгрөгөө өдөр болгон төлсөн баримт нь дансны хуулгаараа бүрэн нотлогдохгүй байгаа боловчиг түүний байрласан хоногоор нь энэ мөнгийг дүйцүүлээд бодох  бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1 сарын хугацаанд буудлынхаа мөнгийг дийлэхээ байнгуут хүнээс мөнгө зээлээд айлын байр түрээсэлж амьдарсан. Тухайн түрээсэлж байсан айлынхаа мэдээллийг Лхагваа мөрдөгчид анх гэрчээр мэдүүлэг өгөх үедээ хэлдэг. О 1 л удаа гэрчийн мэдүүлэг өгдөг. Бусад мэдүүлэг дээрээ өмнөх мэдүүлэг маань үнэн зөв учраас нэмж ярих шаардлагагүй гээд мэдүүлэг өгөхөөс татгалзаад явсан. Анхны гэрчийн мэдүүлгийг  хууль сануулж авсан учраас тухайн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэх бүрэн боломжтой. Тэгэхээр түүний мэдүүлгийг бас шүүх харгалзан үзэхийг бас хүсэж байна. Тухайн анхны гэрчийн мэдүүлэг дээр түрээсэлсэн айлын утасны дугаар, нэр нь бичээтэй байхад мөрдөгчийн зүгээс мэдүүлгийг шалгах бүрэн боломж, эрх хэмжээ байсан. Прокурорын зүгээс ч гэсэн даалгавар бичүүлээд шалгуулах бүрэн боломжтой байхад огт шалгаагүй, энэ мэдээллийг тэр чигт нь орхисон. Үнэхээр энэ хүн эрх ашиг нь хөндөгдөөд явсан байна уу, үнэхээр завшаад байгаа юм уу, эсвэл хулхидаад залилаад байгаа юм уу, үнэхээр санхүүгийн баримтыг хуурамчаар ашиглах санаа зорилго, сэдэл байгаа юм уу? Ичинхорлоо өмгөөлөгчийн хэлсэн 6.15-д заасан гэмт хэргийн нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн гүйцэт нотлохын ач холбогдол гараагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ЭТТ компанийн зүгээс хохирсон зүйл байхгүй. Тэртээ тэргүй гарах ёстой байсан зардал нь гараад л явсан, хийх ёстой ажлаа хүмүүс нь хийсэн. Энэ дээр ямар хохирол ярих юм бэ? Байхгүй шүү дээ. Санхүүгийн баримтууд нь дутуу бол аудит нь шалгаад л акт бичээд баримтаа авч ир, ингээд л болоо шүү дээ. Ерөөсөө бүх шатны төрийн байгууллагууд ч гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ, санхүүгийн баримтууд дутуу акт тавиад, зөрчлийн материал үүсээд, актаараа шийдвэрлэгдэж болдог. Энэ дээр заавал эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад байх үндэслэл нөхцөл байхгүй л гэж үзэж байна. Мөн санхүүгийн хэлтсийн дарга Гтай “надаа НӨАТ-н падаан байхгүй” гэдэг өөрийнхөө үндсэн нөхцөл байдлуудыг бол хэлдэг. “Зарлагын падаан өгнө гэсэн, энийгээ аваад очих уу” гэхэд нь “НӨАТ-н падаанаа л авчир” гээд хууль бус шаардлага гаргаж хясан боогдуулсан ийм нөхцөл байдал бас харагдаж байгаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Агар-Эрдэнэ өмгөөлөгчийн бас дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа бол гэмт хэрэгт тооцохгүй байх бүрэн боломжтой. Ийм хуулийн зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгагдсан байдаг. Энийг бас шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ харгалзаж үзээсэй. Миний хувьд миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж үйлдсэн байна. Тийм учраас Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/1243 дугаартай “...Л.А, П.О нарын үйлдэл нь ... Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах тухай...” Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирүүлсэн гомдол,

“ЭТТ” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ЭҮ25/04 дугаартай дүгнэлт,

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/106 дугаартай “Томилолтын зардал нөхөж олгох тухай” тушаал, хавсралт /41,200,000 төгрөг-2 хүний,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХЗ-01-0425 дугаартай төлбөрийн даалгавар “...Л.Агийн Голомт банкны 32****************** тоот данс руу 20,450,000 төгрөгийг шилжүүлсэн”,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ХЗ-33-0256 дугаартай “... П.Огийн Худалдаа хөгжлийн банкны 40******* тоот данс руу 20,450,000 төгрөгийг шилжүүлсэн” төлбөрийн даалгавар,

“ЦОУ” группийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтууд болон и-баримтууд,

“ЭТТ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/1506 дугаартай албан бичиг, хавсралтууд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 9/8080 дугаартай албан бичгээр ирүүлсэн “ЦОУГ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээ, шийдвэр, дүрмийн хуулбар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... “ЦОУГ” ХХК-ийн буудалд Л.А, П.О нар тус бүр 102 хоног байрлаж, буудлын төлбөр болох 15,300,000 төгрөг, нийт 30,600,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр төлсөн талаарх “Бэлэн мөнгөний орлогын баримт” № 88, 89 дугаар бүхий... анхан шатны баримтуудыг үндэслэн Хамтын гэрээний 3.2.17-д зааснаар томилолтыг олгохоос өөр аргагүй болсон... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримтын иж бүрдэлгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгахыг хориглох заалттай ... анхан шатны баримт буюу буудалд 102 хоног байрласан гэх баримтад заасан хоногоор тооцож, томилолтыг Л.А болон П.О нарын цалингийн дансаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон... Гэтэл компанийн ерөнхий нягтлан бодогч Ш.Цгаас Л.А болон П.О нарын томилолтын зардал авахаар гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд нь эргэлзээтэй байгаа талаар 2025 оны 05 дугаар сард Дотоод, эрсдэлийн удирдлагын газарт чигээр мэдэгдэж үүний дагуу тус газраас уг нөхцөл байдалд шалгалтын ажиллагаа явуулахад Л.А, П.О нарын гаргаж өгсөн “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд байрласан гэх төлбөрийн баримт болон зочид буудлын төлбөрийн мөнгийг нь тухайн компанид өөрсдөө урьдчилж бэлнээр төлсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг хуурамч, бодитой биш байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан... Л.А, П.О нараас компанид учирсан хохирол болох нийт 30,600,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

            Гэрч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Компанийн ерөнхий нягтлан бодогч Ш.Цгаас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотоод албан бичгээр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ажиллах хугацааны зам хоногийн зардал болон зочид буудлын зардлыг тооцуулж авахдаа тэдгээрээс гаргаж өгсөн баримт нь эргэлзээтэй байгаа тул шалгаж өгөх талаар хүсэлт ирүүлсэн... Уг хүсэлтийн дагуу миний бие тухайн асуудалд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалт хийж ажилласан... Миний хийсэн хяналт шалгалтаар Л.А, П.О нар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны А/319 дугаартай тушаалын дагуу компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан ЭТТ-2022/1023 хамтын гэрээг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт Улаанбаатар хотод ЭТТ ХК-ийн төв оффист ажилласан байдаг... Л.А, П.О нар нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа “ЦОУГ” нэртэй компанид зочид буудлын төлбөрийг бэлнээр төлсөн гэх нийт 30,600,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, мөн татварын цахим системийн НӨАТ-ын баримт ирүүлж буудалд байрласны төлбөрт тус бүр 15,300,000 төгрөгийг зардалд тооцож нэмж авсан байдаг. Гэтэл хяналт шалгалтын явцад “ЦОУГ” ХХК нь зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэггүй, зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг байр обьект байхгүй компани болох нь тогтоогдсон. Тэгэхээр Л.А, П.О нар нь хуурамч баримт бүрдүүлэн компанид өгч, зочид буудалд байрлаж байсан гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгож тус бүр үндэслэлгүйгээр 15,300,000 төгрөгийг зардлын төлбөрийг компаниас гаргуулан авч, компанид хохирол учруулсан байж болзошгүй байна...” гэх мэдүүлэг,

            Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний тухайд бол тухайн алба хаагчдын томилолтын зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримт, материалыг хянаагүй, анхан шатны баримтыг хянах үүрэг манай нэгжид байхгүй, зөвхөн журмын дагуу үнэ, тариф нь зөв бодогдсон эсэхэд хяналт тавьж байгаа юм, тэр ч утгаараа төсөв дээр гарын үсэг зурдаг юм... Зочид буудлын зардал бол мэдээж зочид буудалд байрлаж хоноглосны төлбөр. Харин зам хоногийн өдрийн хоолны төлбөр байгаа юм. Улаанбаатар хотод бол зам хоногийн зардлын тариф нь өдрийн 50,000 төгрөг байдаг, зочид буудлын зардал нь хоногийн 150,000 төгрөг байхаар журамласан байдаг... Компанийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний 3.2.7-д зааснаар орон нутгаас Улаанбаатар хотод ирж ажилласан ажилтнуудад томилолтын зардал олгох заалттай байдаг учраас томилолт олгогддог...” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... П.О, Л.А нар нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд байрлах ЭТТн уурхайд ажилладаг операторууд байгаа юм... 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Хамтын гэрээг шинэчлэн боловсруулж батлуулах, өмнөх хамтын гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ажлаар Улаанбаатар хотод төв оффист ирж ажилласан бөгөөд энэ хоёр ажилтан нь хоёулаа Орхон аймагт оршин суудаг ажилтангууд байгаа юм... “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаартай албан бичгээр Л.А, П.О нар нь ажлын хэсэгт ажиллах хугацаанд Орхон аймгаас оролцож байгаа тул томилолтын зардал олгуулах тухай албан бичгийг компанийн захиргаанд ирүүлсэн байсан. Үүний дагуу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Л.А, П.О нарт “Томилолтын зардал нөхөж олгох тухай” гүйцэтгэх захирлын тушаал гарсан, тушаал гарахаас өмнө нь тушаалын төсөл хийгдээд явж байх үед 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр П.О нь над руу дотоод ажлын сүлжээгээр холбогдоод “томилолтын зардал яагаад өгөхгүй байгаа юм бэ, зочид буудлын төлбөрт мөнгө өгсөн. Тэрийгээ авмаар байна” гэсэн зүйлийг над руу бичсэн, тэгэхээр нь би П.О руу утсаар яриад зочид буудлын төлбөрийг хэрхэн төлсөн юм бэ, хэдэн төгрөгийн төлбөр өгсөн болох талаар асууж лавласан тэгтэл П.О нь “Л.А бид хоёр мөнгийг бэлнээр төлчихсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгөний орлогын баримт гэж байх ёстой, тэрийг над руу явуулах шаардлагатай гэж хэлсэн. Тэгсэн удалгүй над руу дотоод сүлжээ болох Teams чатаар над руу “ЦОУГ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн огноотой “бэлэн мөнгөний орлогын баримт” гэх 2 ширхэг эх хувь баримтын зургийг над руу явуулсан бөгөөд мөн Л.А, П.О нарын зочид буудлын төлбөр гэсэн гүйлгээний утгатай тус тусдаа 15,300,000 төгрөгийн буюу нийт 2 хүний 30,600,000 төгрөгийн баримт байсан... Тэгээд би П.Отой эргэж утсаар яриад энэ буудал чинь хаана байдаг зочид буудал юм бэ гэж асуусан. Тэгсэн П.О нь эхлээд надад “зүүн 4 замын тэнд байдаг зочид буудал” гэж хэлсэн тэгэхээр нь би ямар нэртэй зочид буудал вэ гэж асуусан. Тэгсэн П.О утсаа салгачихсан. Тэгээд удалгүй П.О эргэж залгаад “Дрийм” нэртэй зочид буудал гэж хэлсэн... Ингээд түүний дараа Л.А, П.О нарт томилолтын зардал олгох тухай бичиг баримтууд бүрдэж, “ЦОУГ” ХХК-иас манай “ЭТТ” ХК-руу зочид буудлын төлбөрийн баримт гэж 15,300,000 төгрөгийн дүнтэй 2 ширхэг НӨАТ төлбөрийн баримтыг шивсэн байсан учраас томилолтын зардлыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Л.Ад түүний эзэмшлийн “Голомт” банкны харилцах дансанд 20,450,000 төгрөгийг, П.Од түүний эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны харилцах дансанд 20,450,000 төгрөгийг тус тус олгосон... Тус 20,450,000 төгрөгийн задаргаа нь гэвэл зам хоногийн зардалд 5,150,000 төгрөгийг, зочид буудалд байрласны төлбөрт 15,300,000 төгрөгийг олгосон. Дотоод томилолтын зардлын төсөв болон тушаалаар 41,200,000 төгрөгийг олгохоор заасан боловч Л.А, П.О нарын зочид буудлын төлбөрийн баримт нь өөрөө тус бүр 15,300,000 төгрөгийн үнийн дүнтэй байсан учраас баримтыг зочид буудлын зардлын төлбөрийг гүйцэтгэлээр нь олгосон хэрэг байгаа юм, учир нь томилолтын зардлыг тэдгээрт нөхөж олгож байгаа учир санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж олгох ёстой байдаг... миний тухайд  бол энэ хоёр ажилтны цалин дээр бол асуудал үүссэн гэж бодохгүй байна. Харин томилолтын зардал болох зочид буудлын төлбөрийн баримт маш эргэлзээтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. М эгч над руу утсаар яриад манай нэг ажлын хүн томилолтоор Улаанбаатар хотод ажиллаад зочид буудлын томилолтын төлбөрөө авч чадахгүй байгаа юм, чи нэг зочид буудалд байрласан гэсэн баримт гаргаж өгч туслаач гэсэн. Тэгэхээр нь би эхэндээ үгүй ээ боломжгүй гэж хэлсэн боловч М эгч 2-3 удаа дахин дахин холбогдоод компанийн нэрээр зочид буудлын төлбөр гэсэн баримт гаргуулах хэрэгтэй байна, туслаач гээд байсан. Тэгээд би 2024 оны 12 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, өөрийн их сургуулийн найз А.О руу залгаж М эгчийн надад хэлсэн зүйлийг Од хэлж, зочид буудлын баримт гаргаж өгөөч гэж гуйсан, тэгээд А.О надад туслахыг зөвшөөрсөн ба би Оы утасны дугаарыг М эгчид өгсөн. М эгч цааш нь хэнтэй холбосныг мэдэхгүй байна, одоо бодвол энэ яригдаад байгаа Л.А, П.О гэсэн хүмүүс юм шиг байна, би яг хэдэн төгрөгийн баримт гаргаж өгсөн, хэд хоногийн зочид буудлын төлбөр гаргуулах гэж байгаа талаар нь сайн мэдээгүй... Манай найз О нь “ЦОУ” гэдэг компанийн захирал байсан болохоор найз руугаа хандсан хэрэг байгаа юм. Тэрнээс хойш М эгч болон тухайн Л.А, П.О гэж хүмүүс нь манай найз Отай холбогдоод явсан байх, тэрнээс цаашаа тэр асуудал юу болсон талаар би мэдээгүй, М эгч ч надтай эргэж энэ асуудлаар холбогдоогүй юм...” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Ө.Д нь манай нөхрийн үеэл дүү нь байгаа юм... Би тэр А.О гэх эмэгтэйг танихгүй, ямар нэгэн холбоо хамаарал гэх зүйл байхгүй, 2024 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, тухайн үед манай үйлдвэрчний эвлэлийн П.О, Л.А нар нь Улаанбаатар хотод томилолтоор хамтын гэрээ дүгнэх ажлын хэсэгт ажиллаж байсан юм, тэгэхэд яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 12 дугаар сарын эхэн үед байх П.О нь “зочид буудлын и-баримт гаргаж өгөх компани байна уу, миний байрласан зочид буудал и-баримт гаргаж өгөхгүй, зөвхөн зарлагын баримт гаргаж өгнө гээд байгаа болохоор компанийн санхүү болохгүй гээд байгаа юм, тэгэхээр зочид буудлын томилолтын зардлын мөнгө авч чадахгүй байна, та таньдаг мэддэг хүн байвал асуугаад баримт гаргаад өгөх компани байна уу асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн маань үеэл дүү болох Ө.Дыг нягтлан бодогч хийдгийг санаад түүнтэй холбогдож “зочид буудлын төлбөрийн баримт гаргаад өгөх компани байна уу”, манай ажлын хүн Улаанбаатарт ажиллаж байгаа томилолтын мөнгө авах гэсэн чинь тийм баримт хэрэг болоод байна гэж хэлсэн юм. Тэгээд Ө.Д миний таньдаг компанитай хүний утасны дугаар шүү гээд нэг амархан ижилхэн тоотой утасны дугаар өгсөн, би одоо яг тэр утасны дугаарыг нь санахгүй байна, тэгээд Ө.Д нь надад хандан наад хүнтэйгээ холбогдоод асуугаад үз гэсэн тэгээд би Дын өгсөн дугаар руу залгаад Дын хэлсэн нэртэй, одоо энэ яригдаж асуугаад байгаа О гэх эмэгтэй мөн байхаар нь тэр эмэгтэйгийн дугаарыг Од өгсөн. Тэгээд О өөрөө тэр хүнтэй баримт гаргуулж авах талаараа ярьсан байх. Тэрнээс цаашаа юу болсныг нь бол мэдэхгүй байна... Сая хэд хоногийн өмнө нь О над руу утсаар залгаад нөгөө зочид буудлын баримттай холбоотойгоор цагдаад мэдүүлэг өгөх гэж байна гэж хэлсэн бөгөөд тэр үед л би Ог нөгөө баримтыг ашиглаад зочид буудалд байрласны мөнгөө авсан юм байна гэдгийг мэдсэн... зочид буудлын төлбөрийн баримт олж өгвөл шан харамж өгөх талаар хэлсэн зүйл огт байхгүй. Би П.О, А нарыг зочид буудалд байрласны томилолтын зардал авсан гэдгийг ч мэдээгүй, сүүлд саяхан мэдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оноос хойш одоог хүртэл ЭТТ ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд нарийн бичгийн ажил хийж байна... Тухайн гүйлгээг би хийсэн. П.О нь тухайн үед томилолтын зардал авах гэсэн чинь зардлын баримтаар өгөхгүй гэнэ ээ... заавал НӨАТ төлөгчийн НӨАТ-ын падаан баримтаар олгоно гээд байх юм. Тэгээд НӨАТ-ын падаан баримт өгдөг нэг компани байна, энэ компани руу мөнгө шилжүүлж баримт авах хэрэгтэй байна гэж хэлээд надад нэг данс өгөхөөр нь би тухайн данс руу дээрх 2 удаагийн 1,530,000 төгрөгийн дүнтэй гүйлгээг үйлдвэрчний эвлэлийн данснаас хийж шилжүүлсэн... Миний ойлгосноор зочид буудалд байрласны төлбөрийн баримтыг гаргаж өгч болно гэж О хэлсэн учраас болох юм байна л гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,

Татварын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2678 тоот албан бичгээр ирүүлсэн “ЦОУГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Л.А, П.О нарын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацаандаа “ЦОУГ” ХХК-ийн зочид буудалд 102 хоног байрлаж, тухайн зочид буудлын төлбөр болох нэг хүний 15,300,000 төгрөгийг буюу нийт 30,600,000 төгрөгийг өөрсдөөс гарган бэлэн мөнгө хэлбэрээр урьдчилан төлсөн гэх баримт болох 15,300,000 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын нэгдсэн цахим системийн шивэлт зэрэг нь хуурамч болох нь нотлогдон, тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба шүүгдэгч Л.А, П.О, А.О нарын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлтүүдийг дараах байдлаар няцаан үгүйсгэж, хууль зүйн дүгнэлт хийв.

 

Тодруулах нь, Монгол Улсын Зөвшөөрлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 1.4 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.1 “зөвшөөрөл” гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх,… эрхийг; 1.3 “зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан этгээдийг.” гэж хуульчилснаар Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ЦОУГ” ХХК нь “компьютерын үйлчилгээ, түргэн хоолны үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, санхүүгийн тайлан баланс гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, катеринг үйлчилгээ” явуулах хуулийн этгээд байх ба “ЦОУГ” ХХК нь зочид буудлын үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөлгүй байна.

 

Гэтэл “ЦОУГ” ХХК-ийн захирал А.О нь гэрч Ө.Дын гуйлтын дагуу Л.А, П.О нарт зочид буудлын төлбөр гэж Бэлэн мөнгөний орлогын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 88, 89 дугаартай тус бүр өдрийн 150,000 нийт 102 хоног 15,300,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх баримтуудыг /1-р хх-ийн 161-р хуудас/ болон Төлбөрийн баримт “ebarimt” /1-р хх-ийн 162, 163-р хуудас/ хуурамчаар үйлдэж өгсөн.

 

Эдгээр хуурамч баримтуудыг Л.А, П.О нар томилолтын зардлын баримт гэж ажил олгогч байгууллага болох “ЭТТ” ХК-нд гарган өгч,  2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр 15,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндэс, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг тодорхойлж, зохицуулсан Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.” гэж, 14.3.1 “анхан шатны баримт бүрдүүлэх” гэж; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж, 13.7 “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэж тус тус заасан.

 

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага нь санхүүгийн баримт, тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргахыг үүрэгжүүлжээ.

 

“ЭТТ” ХК нь шүүгдэгч Л.А, П.О нарын зочид буудлын төлбөр гэж Бэлэн мөнгөний орлогын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 88, 89 дугаартай тус бүр өдрийн 150,000 нийт 102 хоног 15,300,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх баримтуудыг болон Төлбөрийн баримт “ebarimt”-ыг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар хянан шалгаж, №ЭҮ25/04 дугаартай дүгнэлт гаргасан нь хууль ёсны ба уг дүгнэлтийг няцаан үгүйсгэх баримт тогтоогдсонгүй.

 

Учир нь, №ЭҮ25/04 дугаартай дүгнэлтэд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn нээлттэй мэдээллийн сангаас 5918308 тоот регистрийн дугаартай “ЦОУГ” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн мэдээллийг шалгахад тухайн аж ахуйн нэгж нь зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэггүй. Мөн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7.2.1-т зочид буудлын үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахаар заасан байдаг бөгөөд мөн хуулийн 11.12-т нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг төлбөрийн баримтад тусгана гэж заасан боловч тус төлбөрийн баримтад нийслэл хотын албан татварын хувь хэмжээ нь 0 буюу тухайн татвар тооцоологдоогүй байгаа нь ЦОУГ ХХК нь зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэггүй нь дахин баримтаар нотлогдож байна.” гэсэн нь дээрх байдлаар давхар нотлогдсон.

 

Нөгөөтэйгүүр, хуурамч гэдэг үгийг Монгол хэлний тайлбар бичигт “үнэн бодьтой биш, оргүй юмыг зохиож хэлэлцэх” гэх утгаар тайлбарласан бол эрх зүйн хэм хэмжээнд хуурамч гэдгийг “үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулах, баримт нотолгоог зохиомлоор бий болгох агуулгыг нь гуйвуулан гажуудуулж өөрчлөх, хуурамчаар хийх, зохиомлоор хасах юмуу нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо, тэмдэглэгээ, дүрс хэлбэр өнгө зүсийг нь өөрчлөх зэргийг ойлгоно.

 

“ЦОУГ” ХХК-ийн захирал А.Оы Л.А, П.О нарт үйлдэж өгсөн зочид буудлын төлбөр төлсөн болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын нэгдсэн цахим системийн шивэлт зэрэг нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 18-ны 171/111 тоот тушаал, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын  хавсралтад заагдсан санхүүгийн баримтууд байна.

 

Уг баримтыг үйлдсэн шалтгаан нөхцлийн хувьд, А.О “...Ө.Дыг холбогдсоны дараа 88******* дугаартай утаснаас өөрийгөө Дын найз О гэж хэлж танилцуулсан эрэгтэй хүн залгаж яриад Л-ийн А, П-ийн О нарын зочид буудлын төлбөр гэж манай компани руу тус бүр 15,300,000 төгрөгийн дүнтэй төлбөрийн баримт 2 ширхэг шивээд өгөөч гэж гуйсан, тэгээд надад компанийнхаа регистрийн дугаарыг явуулсан, тэгээд компанийн регистрийн дугаарыг нь е-баримт системд оруулаад хэлсэнээр нь баримтыг шивтэл ЭТТ ХК гарч ирж байсан...” гэж, П.О “...Зочид буудлын НӨАТ-ын баримт шаардлагатай юм байна гэж хэлсэн... Тэгээд би хамтын гэрээг дүгнэх ажлын хэсэгт хамт ажиллаж байсан М гэдэг эмэгтэйд “найз нь зочид буудлын томилолтын зардал авах гэсэн чинь санхүүгээс НӨАТ-ын баримт шаардаад байна, НӨАТ-ын баримт гаргадаг газар байна уу гэж асуусан... тэгээд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энэ хүн рүү яриад үз гээд надад нэг скайтелийн 91-тэй дугаар өгсөн тэгээд би Мийн надад өгсөн дугаар руу залгаад О гэдэг эмэгтэйтэй холбогдож ярьсан... боломжтой гэж хэлсэн бөгөөд та хоёр овог нэр регистрийн дугаараа надад хэлээд өг гээд надаас тухайн мэдээллийг авсан... О баримтыг нь компани руу чинь явуулчихлаа хувийг нь и-мэйл хаяг руу чинь явуулчихсан шүү гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд, шүүгдэгч Л.А, П.О нарын 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацаанд зочид буудалд байрласан мэт санхүүгийн баримтын үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулах, баримт нотолгоог зохиомлоор бий болгож баримтыг бүрдүүлжээ.

 

Энэхүү үйлдэлд шүүгдэгч Л.А оролцоогүй, мэдээгүй гэх боловч “ЭТТ Үйлдвэрчний эвлэлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай мэдэгдэл, мөн Үйлдвэрчний эвлэлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаартай Томилилтын зардал олгох тухай албан бичгүүдэд “Л.А, П.О” нар ажил олгогч байгууллагаас томилолтын зардал нэхэмжилсэн, “ЭТТ Үйлдвэрчний эвлэлийн даргаар Лхамсүрэн овогтой А нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилогдож ажиллаж байсан ба гэрч Д.Гын “...НӨАТ-ынн падаан баримт өгдөг нэг компани байна, энэ компани руу мөнгө шилжүүлж баримт авах хэрэгтэй байна гэж хэлээд надад нэг данс өгөхөөр нь би тухайн данс руу дээрх 2 удаагийн 1,530,000 төгрөгийн дүнтэй гүйлгээг үйлдвэрчний эвлэлийн данснаас хийж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн, шүүгдэгч Л.А, П.О нар бүлэглэн санхүүгийн хуурамч баримтыг ашиглан томилолтын зардал авсан гэж үзлээ.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Л.А, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч А.Оыг “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А, П.О нарыг “бүлэглэн хуурамч санхүүгийн баримтыг ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

            Харин шүүгдэгч Л.А, П.О нарын 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн “Хамтын гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах” ажлын хэсэгт Улаанбаатар хотод байрлан ажиллах хугацааны буюу томилолтын зардалаа холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу ажил олгогч байгууллагаас нэхэмжлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна.” гэж хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “ЭТТ” ХК-д 30,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.А, П.О нар нь хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “... Шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Л.А, П.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах тухай...” дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч А.О: “...Мэргэжлийн алдаа гаргасандаа уучлалт хүсэж байна...” гэх,

 

            Шүүгдэгч Л.А: “...Өмгөөлөгч  нартайгаа санал нэг байна...” гэх,

           

            Шүүгдэгч П.О: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэх,

 

            Шүүгдэгч А.Оы өмгөөлөгч М.Жавхлан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5,  6.5 дугаар зүйлийн 1, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг илрүүлэхэд хангалттай нөлөөлсөн. Төрөлхийн төвөнхий мултралтай, хиймэл хөлтэй байгаа. Хамгийн бага нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жилийн хугацаанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч С.Ичинхорлоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нөхцөл байдлын харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол хор уршгийг нөхөн төлсөн байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. 5400 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.Огийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн: Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зорилго, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Бага насны олон хүүхэдтэй, хөдөө орон нутагт ажилладаг, баримтыг өөрөө бүрлүүлж өгсөн гэдгээ мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ял оногдуулах уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: “...Улсын яллагчийн санал хуулийн зарим зүйл хэсгийг зөрчиж байна. Л.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг нь торгуулийн ял оногдуулах боломжтой. Гэхдээ 10,000 нэгжээр торгох ял өндөр байна. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэргийн гарсан байдал нийгмийн аюулын шинжид хамаарч байх ёстой. Томилолтын зардалтай холбоотой асуудал нийгмийн аюулын шинж чанар хэр байх вэ, Олгох ёстой байсан баримтыг буруу баримтаар олгосон гэж үзэж байгаа. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд зааснаар хамгийн багаар торгох боломжтой байна. А О гэж харгалзан үзэхээс гадна ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 5400 нэгжээр торгох боломжтой гэж харж байна. Тиймээс уг нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргав.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгуулийн ялыг сонгон оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт П-ийн О, ****** овогт Л-ийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******** овогт А-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Л.А, П.О нарыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Л.А, П.О нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ОТГОНБААТАР