Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 76

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Отгонжаргалд холбогдох эрүүгийн 1704000720015 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                   Б.Отгонжаргал нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Багануур ХК-д гүний ус соруулдаг насосчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар байрны 14 тоот орон сууцанд оршин суух, /Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол 33 дугаар байрны 17 тоот/ гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Дунга овгийн Бат-Өлзийгийн Отгонжаргал /РД:НП88031477/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Доун бааранд иргэн У.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж пивоны шилээр толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой Ганболд, Энхтайван нартай Энхтайваны гэрт 2 литрийн пиво 2-ыг уусан. Тэгээд орой 19 цагийн үед Энхтайваны гэрээс гарч “Хар хорин” бааранд орж хүн тус бүр 1 шил пиво уусан. Орой 20 цагийн үед “Хар хорин” баарнаас гарч Доун бааранд орж хүн тус бүр 3 шил пиво ууж нилээн согтоцгоосон. Энхтайван бид хоёр юунаас болж хэрэлдэж муудалцсанаа санахгүй байгаа. Доун баарны гадаа байхад цагдаагийн ажилтан нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Намайг эрүүлжүүлэх байранд байхад эхнэр ирж уулзахдаа чи Энхтайваны толгойг пивоны шилээр цохисон гэж хэлэхээр нь би Энхтайваны биед гэмтэл учруулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

           Шүүгдэгч Б.Отгонжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой хамт нэг байгууллагад ажилладаг Энхтайван, Ганболд нартай Энхтайваны гэрт 2 литрийн пиво 2-ыг уусан. Тэгээд орой 19 цагийн үед Энхтайваны гэрээс гараад бид 3 “Хар хорин” бааранд орж хүн тус бүр 1 шил пиво уусан. Орой 20 цагийн үед Хар хорин баарнаас гараад Доун бааранд орж хүн тус бүр 3 шил пиво уусан. Тэгээд бид 3 нилээд согтоцгоосон. Ганболд тооцооны мөнгөнд явах хооронд Энхтайван бид 2 юунаас болж хэрэлдэж маргалдсанаа санахгүй байгаа. Доун баарны гадаа зодолдож байхад цагдаагийн ажилтан ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч У.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой манай гэрт найз Ганболд, Отгонжаргал 2 ирж бид 3 литрийн пиво 2 ширхэгийг уусан. Тэгээд “Хар хорин” бааранд очиж хүн тус бүр 2 лааз пиво уусан. Тэндээс 23 цагийн үед гарч Доун бааранд очиж хүн тус бүр 1 лааз пиво уугаад баарнаас гарсан. Тухайн үед Отгонжаргал миний толгойг ууж байсан пивоныхоо шилээр цохиж гэмтэл учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

         Гэрч Н.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний шөнө машинт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг дэд ахлагч Даваанямын хамт гүйцэтгэж явахад Доун баарны эсрэг талд буюу 24 дүгээр байрны баруун талд модны дэргэд хүмүүс хэрэлдэж маргаад байхаар нь очоод шалгахад Энхтайван гэх залуугийн толгой нь хагарсан байдалтай нүүр гар нь цус болчихсон нилээн согтуу байдалтай байсан. Дэргэд нь Энхтайван гэх залуугийн толгойг хагалсан Отгонжаргал гэх залуу нилээн согтуу чамайг би ална гээд Энхтайван гэх залуу руу дайраад байсан. Тэгэхэд дэргэд нь байсан цагаан өнгийн фодволктой, бараан өнгийн өмдтэй залуу нь Отгонжаргал гэх залуугаа одоо болиоч явъя гээд авч явах гээд байсан. Тэгэхээр нь би Отгонжаргал гэх залууг саатуулах байр руу авч явах гэхэд би цагдаад дуудлага өгөөгүй, яахаараа та нар ирдэг юм бэ? хэн цагдаад дуудлага өгсөн юм, найзууд хоорондоо маргаж байхад та нарт ямар хамаатай юм бэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний орой Отгонжаргал, Энхтайван бид нар “Хар хорин” баарнаас гараад Доун бааранд орж хүн тус бүр 2 шил пиво уусан. Би түр гарч тооцоо хийх мөнгө олоод ирье гээд яваад Доун баарны гадаа ирэхэд Энхтайваны толгой нь хагарчихсан, цус гарсан байдалтай бие биенээ заамдчихсан байхаар нь түр салгасан. Би Доун баар руу орж зөөгч эмэгтэйгээс юу болсон талаар асуухад танай хоёр найзын чинь нэг нь нэгнийхээ толгойг пивоны шилээр цохисон гэж хэлсэн. Бид нарын сууж байсан ширээн дээр болон газар пивоны шилний хагархай байсан. Намайг буцаад гарахад Отгонжаргал, Энхтайван хоёр бие биенээ заамдчихсан цохилцож байхаар нь би салгасан, удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Б.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр шөнө манай бааранд болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэр орой 18 цаг өнгөрч байхад манай бааранд 3 залуу орж ирж үйлчлүүлж хүн тус бүр 3 шил пиво уусан. Тэгээд удаагүй нэг залуу нь гараад яваад 20-30 минутын дараа гарч явсан залуу нь эргэж орж ирээд ширээндээ суусан. Тэгээд тэр 3 залуугийн цагаан өнгийн фодволктой залуу нь улаан хүрэн өнгийн цамцтай, цэнхэр цагаан цоохор өнгийн шорттой залуугийн толгой руу нь ууж байсан пивоны шилээр цохисон. Намайг ширээнд нь очиход шалан дээр болон ширээн дээр пивоны шилний хагархай байсан. Толгойгоо пивоны шилээр цохиулсан залуугийн толгой нь хагарч цус гарсан байсан. Намайг цагдаа дуудна гэхэд нөгөө цохиулсан ах хэрэггүй гээд байсан. Тэгээд тэр 3 залуу гарч явахдаа баарны үүдэнд зодолдох гээд байхаар нь манай зочин угтагч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2017оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09шэ/212 дугаартай “...У.Энхтайваны биед зулайд язарсан шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учруулсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, Доун баарны гадаа 2 хүн зодолдсоныг таслан зогсоосон...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Отгонжаргалын ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх-ийн 22, 26 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: “…Б.Отгонжаргал нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…”  /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

      Б.Отгонжаргал нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний оройн 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Доун бааранд иргэн У.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж пивоны шилээр толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...Хохирогч У.Энхтайваны биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/212 дугаартай “...У.Энхтайваны биед баруун нүдний доод хэсэгт улаан ягаан өнгийн цус хуралт, зулайн дунд хэсэгт босоо чиглэлтэй 4х1см хуйхны язарсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгчийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн, пивоны шилээр толгойн тус газарт цохисон зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Б.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Б.Отгонжаргалыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, хохирогчийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 33 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, шүүгдэгч, хохирогч нар нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэх санал хүсэлт /хх-ийн 43, 44 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Отгонжаргалд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч У.Энхтайван нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Дунга овгийн Бат-Өлзийгийн Отгонжаргал Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дунга овгийн Бат-Өлзийгийн Отгонжаргалыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Отгонжаргалд тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Б.Отгонжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ